Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 64

Соломон сүм барьсан нь

Соломон сүм барьсан нь

ДАВИД Еховагийн сүм барих зураг төслийг үхэхийнхээ өмнө Соломонд өгчээ. Түүнийг Бурхан өгсөн байв. Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилд сүмийн барилгын ажлыг эхлүүлж, долоон жил хагасын дотор дуусгажээ. Олон мянган хүн тэр барилга дээр ажиллаж, асар их хөрөнгө мөнгө зарцуулсан аж. Яагаад гэвэл, тэр сүмийг барихад маш их алт, мөнгө хэрэглэжээ.

Сүм мөргөлийн асартай адил хоёр гол тасалгаатай. Гэхдээ асрынхаас хоёр дахин том юм. Соломон сүмийн дотоод тасалгаанд гэрээний авдрыг тавиад, асарт байсан бусад зүйлийг нөгөө тасалгаанд тавив.

Сүмээ барьж дуусгаад, маш том баяр хийжээ. Чи энэ зургийг хар даа. Соломон сүмийн өмнө өвдөг сөгдөн суугаад Еховад залбирч байна. Тэр: «Тэнгэр хүртэл бүхэлдээ таныг багтааж чадахгүй байхад энэ сүм хэчнээн ч өчүүхэн юм бэ. Гэсэн ч, Бурхан минь, та ард түмнээ энэ газрын зүг залбирахад нь сонсоно уу» гэлээ.

Соломоныг залбирч дуусмагц тэнгэрээс гал буун ирж, тахил болгохоор өргөсөн амьтдыг шатаав. Сүм Еховагийн хурц гэрлээр дүүрлээ. Энэ нь Ехова Соломоны залбирлыг сонсож, сүмийг болон залбирлыг таалан соёрхсон хэрэг байлаа. Одоо хүмүүс Еховад мөргөл үйлдэхээр асарт биш, сүмд очдог болжээ.

Соломон олон жил ухаалгаар хаанчилж, израильчууд ч сайхан амьдарч байлаа. Гэвч Соломон Еховаг шүтдэггүй үндэстнүүдээс олон эхнэр авчээ. Тэдний нэг нь хиймэл шүтээнд мөргөж байгааг чи харж байна уу? Эцэс сүүлдээ эхнэрүүд нь Соломоныг ч бас өөр олон бурхан шүтдэг болгожээ. Гэтэл Соломон ямар болсныг чи мэдэх үү? Харгис догшин зантай, муу хаан болжээ. Тиймээс израильчууд дахин жаргасангүй.

Үүнээс болоод Ехова Соломонд уурлан хилэгнэж: «Би чамаас хаанчлалыг эргүүлэн авч, өөр хүнд өгнө. Гэхдээ чамайг амьд байхад үүнийг хийхгүй, чиний хүүг хаан болж захирах үед хийнэ. Гэсэн ч хаант улсын бүх хүнийг хүүгээс чинь авахгүй» гэлээ. Энэ үйл явдал хэрхэн өрнөснийг үзэцгээе.

Шастирын дээд 28:9–21; 29:1–9; Хаадын дээд 5:1–18; Шастирын дэд 6:12–42; 7:1–5; Хаадын дээд 11:9–13.