Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 81

Бурхны тусламжид найдсан нь

Бурхны тусламжид найдсан нь

ТАВИН мянга шахам хүн Вавилоноос Иерусалим хүртэлх урт замыг туулжээ. Гэтэл тэднийг хүрч ирэхэд Иерусалим том балгас л болсон байлаа. Тэнд хэн ч байсангүй. Бүгдийг эхнээс нь барьж босгохоос өөр аргагүй болжээ.

Хамгийн эхлээд тахилын ширээ босгов. Энэ бол Еховад бэлэг өгдөг буюу амьтдаар тахил өргөдөг газар юм. Түүнээс хойш хэдхэн сарын дараа израильчууд сүм барьж эхэллээ. Тэгтэл хөрш зэргэлдээ аж төрдөг дайснууд нь сүм бариулахыг хүссэнгүй. Тийм учраас ажлыг нь зогсоохын тулд израильчуудыг айлгахыг оролдов. Эцэстээ тэр дайснууд Персийн шинэ хаанаар, барилгын ажлыг зогсоох тухай хууль гаргуулжээ.

Цаг хугацаа улиран өнгөрөв. Израильчууд Вавилоноос ирээд 17 жил болжээ. Ехова өөрийн зөнч Хаггаи Зехариа хоёрыг явуулж, барилгын ажлыг дахин эхэл гэж ард олонд хэлүүлэв. Ард олон Бурхныг тусална гэж найдан, зөнчдийн үгэнд оров. Болохгүй гэсэн хуультай байсан ч тэд дахин барьж эхэллээ.

Тэгэхэд нь Персийн түшмэл Таттенаи гэдэг хүн ирээд, сүм барих ямар эрхтэйг нь израильчуудаас асуужээ. Вавилонд байхад нь Кореш хаан: «Одоо Иерусалим уруу явж, Ехова Бурхныхаа сүмийг барь» гэж тушаасныг израильчууд түүнд хэлэв.

Таттенаи Вавилон уруу захиа илгээж, хэдийнээ нас барсан Кореш тэр үед үнэхээр тэгж тушаасан эсэхийг асуужээ. Удалгүй Персийн шинэ хаанаас захианы хариу ирэв. Кореш үнэхээр тэгж тушаасан гэж тэнд бичсэн байлаа. Хаан цааш нь: «Бурхандаа зориулж сүм барихыг нь израильчуудад зөвшөөр. Чамайг тэдэнд туслахыг би тушааж байна» гэж бичжээ. Дөрөв орчим жилийн дараа сүмийг барьж дуусгасан бөгөөд израильчууд их баяртай байлаа.

Сүмийг барьж дуусгаснаас хойш бараг 48 жил өнгөрөв. Иерусалимын оршин суугчид ядуурч, хот болон Бурхны сүм ч өнгө зүсээ алдав. Вавилонд байсан Езра гэдэг израиль хүн, Бурхны сүмийг засах хэрэгтэйг мэджээ. Түүний юу хийснийг мэдэх үү?

Езра Персийн хаан Артаксеркстэй уулзахаар очиход энэ сайн хаан түүнд Иерусалим уруу явахад нь зориулж маш их бэлэг өгөв. Езра энэ бэлгийг Иерусалим уруу хамт авч явахыг Вавилонд байсан израильчуудаас гуйсанд 6 000 орчим хүн явахаар болжээ. Тэд маш их алт, мөнгө болон бусад үнэт зүйл авч явлаа.

Замд дайралдах муу хүн олон байсан тул Езрагийн сэтгэл түгшиж байв. Тэр хүмүүс өөрсдийг нь алаад алт, мөнгийг нь авч мэдэхээр байсан учир Езра, зураг дээр дүрсэлсний адил, хүмүүсээ дуудан цуглууллаа. Тэгээд тэд Иерусалим хүрэх урт аяллыг нь хамгаалахыг Еховагаас гуйн залбирав.

Ехова тэднийг хамгаалсан юм. Тэд дөрвөн сар аялсны эцэст Иерусалимд эсэн мэнд хүрч иржээ. Ехова өөрт нь найддаг хүмүүсийг хамгаалдаг гэдгийг энэ явдал харуулж байгаа биз дээ?

Езра 2—8-р бүлэг.