Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 77

Тэд сөгдөн мөргөөгүй

Тэд сөгдөн мөргөөгүй

ЧИ ЭНЭ гурван хүнийг санаж байна уу? Тийм ээ, тэд өөрсдөдөө тохирохгүй хоол идэхээс татгалзсан Даниелын найзууд. Вавилончууд тэднийг Шадрах, Мешах, Абед-него гэж дууддаг. Хараач. Тэд яагаад энэ аварга хиймэл шүтээнд бусад хүмүүсийн адил сөгдөн мөргөхгүй байгаа юм бол? Мэдэж авцгаая.

Еховагийн өөрийнх нь бичсэн «Арван тушаал» гэдэг нэртэй хуулийг чи санаж байна уу? Эхнийх нь: «Чи надаас өөр бурхдыг шүтэх ёсгүй» гэж байдаг. Энэ залуучууд биелүүлэхэд хэцүү ч тэр хуулийг дагадаг байжээ.

Вавилоны хаан Небухаднезар өөрийнхөө барьсан энэ шүтээнд мөргүүлэхээр нөлөө бүхий олон хүнийг дуудав. Небухаднезар цугласан олонд: «Та нар эвэр бүрээ, босоо ятга болон өөр хөгжмийн зэмсгийн дууг сонсмогцоо энэ алтан шүтээнд сөгдөн мөргөцгөө. Сөгдөн мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр дор нь хаяна» гэж тушаалаа.

Шадрах Мешах Абед-него гурвын сөгдөөгүйг сонссон Небухаднезар маш их уурлав. Тэгээд тэднийг өөр дээрээ авчруулжээ. Тэр тэдэнд сөгдөн мөргөх дахин нэг боломж олгов. Гэвч залуус Еховад найдаж байлаа. Тэд Небухаднезарт: «Шүтдэг Бурхан маань биднийг аварч чадна. Гэхдээ тэр аврахгүй байлаа ч бид танай алтан шүтээнд мөргөхгүй» гэлээ.

Небухаднезар үүнийг сонсоод, улам уурлав. Тэнд зуух ойрхон байсан бөгөөд тэр: «Зуухыг урьдынхаас долоо дахин их галла!» гэж тушаалаа. Дараа нь хамгийн хүчтэй цэргүүдээрээ Шадрах Мешах Абед-него гурвыг хүлүүлж, зууханд хаяулав. Зуух дэндүү халуун байсан болохоор тэр хүчит цэргүүд галын дөлөнд үхжээ. Харин зууханд хаягдсан гурван залуу яасан бол?

Хаан зуух уруу хараад, маш их айжээ. «Бид энэ гурвыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаясан биш бил үү?» гэж тэр асуулаа.

— Тэгсэн, хаантан минь гэж зарц нар нь хариулав.

«Гэтэл би гал дунд алхаж яваа дөрвөн хүнийг харлаа. Тэд хүлээсгүй, галд түлэгдээгүй байна. Дөрөв дэх нь бурхан шиг харагдаж байна» гэж хаан хэллээ. Тэгээд зуухны аманд очоод: «Шадрах! Мешах! Абед-него! Хамгийн дээд Бурхны үйлчлэгч та нар гараад ир!» гэж хашгирлаа.

Тэднийг гарч ирэхэд ямар ч гэмтэлгүй байгааг нь бүгд харав. Дараа нь хаан: «Шадрах Мешах Абед-него гурвын Бурхан алдаршиг! Тэд өөрийнхөө Бурхнаас өөр ямар ч бурхан шүтэж, сөгдөн мөргөөгүй учраас Бурхан нь тэнгэр элчээ илгээн, тэднийг аварсан байна» гэж хэлэв.

Энэ нь бидний хувьд Еховад үнэнч байхын сайхан жишээ биш гэж үү?