Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 78

Ханан дээрх бичээс

Ханан дээрх бичээс

ЭНД юу болж байна вэ? Хүмүүс их найр хийж байна. Вавилоны хаан нэр хүндтэй мянган зочныг урьжээ. Тэд Иерусалим дахь Еховагийн сүмээс авчирсан алт, мөнгөн аяга, хулнуудыг хэрэглэж байна. Гэтэл гэнэт агаарт хүний гар гарч ирээд, ханан дээр бичиж эхлэв. Бүгд айн сандарлаа.

Тэр үед Небухаднезарын ач хүү Белшазар хаан болсон байлаа. Тэр, мэргэдийг авчир гэж хашгирав. «Энэ бичээсийг уншаад, утгыг нь тайлж чадсан хэнд ч болов их шан өгч, хаант улсынхаа алдар хүндтэй гурав дахь хүн болгоно» гэж хаан хэлжээ. Гэвч мэргэдээс ханан дээрх бичээсийг уншаад, утгыг нь хэлж чадах хүн ганц ч байсангүй.

Хааны ээж чимээ шуугианыг сонсоод, найрын танхимд орж ирэв. «Тэгтлээ бүү ай. Ариун бурхдыг мэддэг нэг хүн хаант улсад чинь байдаг юм. Чиний өвөө Небухаднезар хаан байхдаа тэр хүнийг мэргэдийнхээ тэргүүнээр томилсон билээ. Түүнийг Даниел гэдэг. Түүн уруу хүн явуул. Тэр чамд энэ бүхний учрыг хэлж өгнө» гэлээ.

Ингээд Даниелыг тэр даруй авчруулав. Даниел бэлэг авахгүй гэж хэлээд, Ехова Белшазарын өвөө Небухаднезарыг нэгэн удаа хаан ширээнээс нь яагаад авч хаясныг ярив. «Тэр их бардам хүн байсан болохоор Ехова түүнийг шийтгэсэн юм.

Харин та өвөөдөө тохиолдсон бүхнийг мэддэг байсан мөртлөө Небухаднезар шиг бардам зан гаргасан. Та Еховагийн сүмээс аяга, хулнуудыг авчирж хэрэглэсэн. Та мод, чулуун бурхдыг магтаж, бид бүгдийн Агуу Бүтээгчийг хүндэтгэдэггүй. Ийм учраас л Бурхан гар илгээж, эдгээр үгийг бичсэн юм.

Тэнд: „МЕНЕ, МЕНЕ, ТЕКЕЛ, УФАРСИН“ гэж бичжээ.

„МЕНЕ“ гэдэг нь Бурхан таны хаанчлах өдрийг тоолж, дуусгасан. „ТЕКЕЛ“ гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээндээ хүрсэнгүй. „УФАРСИН“ гэдэг нь таны хаанчлал меде, персүүдэд шилжиж очно гэсэн утгатай» гэж Даниел хэлэв.

Даниелыг ярьж байх үед меде, персүүд Вавилон уруу довтлоод эхэлчихсэн байлаа. Тэд хотыг эзэлж, Белшазарыг алав. Ханан дээрх бичээс яг тэр шөнөдөө биелжээ! Тэгвэл одоо израильчууд яах бол? Бид үүнийг удахгүй мэднэ. Харин эхлээд Даниел яасныг мэдэцгээе.

Даниел 5:1–31.