Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 95

Есүс хэрхэн заадаг байсан нь

Есүс хэрхэн заадаг байсан нь

НЭГЭН удаа Есүс нэг хүнд «хөршөө» буюу бусдыг хайрлах ёстой гэж хэлжээ. Тэр хүн Есүсээс: «Миний хөрш хэн юм бэ?» гэж асуув. Үнэндээ, Есүс энэ хүний юу бодож байгааг мэдэж байлаа. Нэг үндэстний, адилхан шашинтай хүмүүсийг л хайрлах хэрэгтэй гэж тэр хүн бодож байсан юм. Тэгвэл Есүс түүнд юу гэж хэлснийг үзье.

Есүс хүмүүст заахдаа заримдаа ямар нэгэн түүх ярьж өгдөг байв. Энэ удаад ч бас ингэв. Иудей самари хоёр хүний түүхийг ярьжээ. Бид өмнө нь ихэнх иудей хүн самаричуудад дургүй байсан тухай үзсэн билээ. Ингээд Есүсийн ярьсан түүхийг сонсоцгооё.

Нэгэн өдөр нэг иудей хүн Иерихо хот орохоор уулын замаар уруудан явж байжээ. Гэтэл дээрэмчид түүн уруу дайрч, мөнгийг нь аваад, үхтэл нь зодчихоод яваад өгчээ.

Тэгтэл нэлээд хожуу нэг иудей тахилч замаар явж байгаад, өнөөх зодуулсан хүний хэвтэж байхыг харжээ. Тэр тахилч яасан гэж чи бодож байна? Замын нөгөө талд гараад л, цааш яваад өгчээ. Дараа нь сүсэг бишрэл ихтэй өөр нэг хүн явж байв. Тэр нь леви хүн байлаа. Тэр яасан бол? Зодуулсан хүнд туслахын оронд мөн л дэргэдүүр нь өнгөрөв. Тахилч леви хоёр замаар уруудан одсоныг зураг дээр дүрсэлжээ.

Гэхдээ энэ зодуулсан хүнтэй хамт хэн байгааг хар даа. Энэ бол самари хүн. Тэгсэн мөртлөө иудей хүнд тусалж байна. Шархан дээр нь эм түрхээд боож байна. Тэгээд дараа нь амрааж, сувилуулахаар нэг газар уруу авч явдаг.

Есүс энэ түүхийг ярьсныхаа дараа асуулт асуусан хүнээс: «Энэ гурвын аль нь зодуулсан хүний жинхэнэ „хөрш“ гэж чи бодож байна вэ? Тахилч уу, леви юү, аль эсвэл самари хүн үү?» гэж асуухад,

— Самари хүн. Зодуулсан хүнийг тэр асарсан гэж хариуллаа.

Есүс: «Чиний зөв. Чи ч гэсэн явж, бусдад мөн тийм сайхан сэтгэл гаргаж бай» гэжээ.

Есүс ийм аргаар заадаг байсан нь чамд таалагдаж байна уу? Хэрэв бид Библид бичсэн Есүсийн үгэнд дуулгавартай байвал олон чухал зүйлийг сурна. Тийм биз дээ?