Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 100

Есүс цэцэрлэгт

Есүс цэцэрлэгт

БАЙШИНГААС гараад Есүс элч нарынхаа хамт Гетсемани гэдэг цэцэрлэгийн зүг явав. Тэд энд олон удаа ирж байжээ. Энэ удаа Есүс тэдэнд сэргэг байж, залбир гэж хэлэв. Дараа нь тэндээс жаахан цааш яваад, сөхрөн сууж, толгой гудайлган залбирлаа.

Дараа нь элч нар дээрээ ирэв. Чиний бодлоор, тэд юу хийж байсан бэ? Унтаж байлаа! Есүс тэдэнд сэргэг бай гэж гурван удаа хэлсэн боловч ирэх бүрд нь унтаж байлаа. Есүс сүүлийн удаа ирэхдээ: «Та нар ийм үед яаж унтаж чадаж байна аа? Дайснуудынхаа гарт орох цаг минь ирлээ» гэж хэлэв.

Яг энэ үед олон хүний шуугилдах сонсдов. Хараач! Илд, шийдэм агссан хүмүүс ирчихэж! Бас тэд гэрэл гаргахаар бамбар барьсан байна. Бөөн хүн ойртож ирэхэд тэдний дундаас нэг нь гарч ирээд, шууд Есүс уруу очив. Тэгснээ, Есүсийг үнсэж байгааг чи харж байна. Тэр хүн бол Искариотын Иудас! Тэр юунд Есүсийг үнссэн бэ?

Есүс: «Иудас аа, чи намайг үнсэлтээр барьж өгч байна уу?» гэж асуув. Тийм ээ, энэ нь цаанаа учиртай байжээ Хамт ирсэн хүмүүс нь, Иудаст үнсүүлсэн хүнийг өөрсдийнх нь барихыг хүсээд байгаа Есүс мөн гэж таних байв. Ингээд дайснууд нь Есүсийг барихаар урагш алхав. Гэтэл Петр тэдэнтэй тэмцэхгүйгээр Есүсийг зүгээр өгөөд явуулахыг хүссэнгүй. Тэр илдээ сугалаад, ойрхон зогсож байсан хүн уруу далайв. Илд тэр хүний толгойг шүргэн алдаад, баруун чихийг нь тас цавчлаа. Гэвч Есүс тэр хүний чихэнд хүрээд эдгээв.

Есүс Петрт: «Илдээ хуйнд нь хий. Би өөрийгөө хамгаалуулахаар олон мянган тэнгэр элч илгээхийг Эцгээсээ гуйж чадахгүй гэж бодоо юу?» гэлээ. Тийм ээ, тэр чадна! Гэвч Есүс дайснууддаа баригдах цагаа болсныг мэдэж байсан тул тэнгэр элч илгээгээч гэж Эцгээсээ гуйгаагүй юм. Тийм учраас тэдэнд өөрийг нь авч явахыг зөвшөөрчээ. Одоо түүнд юу тохиолдохыг мэдэцгээе.