Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 96

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээсэн нь

Есүс өвчтэй хүмүүсийг эдгээсэн нь

ЕСҮС явсан газар болгондоо өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа. Энэ гайхамшгийн тухай мэдээ тэр хавийн бүх хот, тосгоноор таржээ. Хүмүүс тахир дутуу, сохор, дүлий, өвчтэй олон хүнийг түүн дээр авчирж байв. Есүс бүгдийг нь эдгээжээ.

Есүс Иоханаас баптисм хүртээд, гурван жил гаруй болжээ. Тэрбээр удахгүй Иерусалим явж, тэндээ алуулаад, дараа нь дахин амилах тухайгаа элч нартаа хэлж байлаа. Энэ хооронд өвчтэй хүмүүсийг эдгээсээр байв.

Нэгэн удаа Есүс Амралтын өдөр сургаал зааж байв. Амралтын өдрөөр иудейчүүд бүгдээрээ амрах ёстой байжээ. Чиний харж байгаа энэ эмэгтэйд хүнд өвчин туссан аж. 18 жилийн өмнө бөгтөр болсон учир цэх зогсож чаддаггүй байв. Есүс түүн дээр гараа тавьтал тэр цэх зогсдог болов. Эмэгтэй эдгэсэн байлаа!

Үүнээс болоод шашны удирдагчдын уур хүрчээ. Тэдний нэг нь: «Ажиллах ёстой зургаан өдөр байдаг. Амралтын өдөр биш, тэр өдрүүдэд л эдгээлгэхээр ир!» гэж олон түмэн уруу хашгичив.

Гэтэл Есүс үүнд нь: «Муу хүмүүс ээ. Та нар бүгд л Амралтын өдөр илжгээ уяанаас нь тайлж, услахаар авч явдаг биз дээ. Тийм байхад 18 жилийн турш өвдсөн энэ хөөрхий эмэгтэй Амралтын өдөр эдгэрэх ёсгүй болж байна уу?» гэж хариулав. Есүсийн хариулт энэ муу хүмүүсийг ичгэвтэр байдалд оруулжээ.

Дараа нь Есүс элч нарынхаа хамт Иерусалим уруу явлаа. Тэднийг Иерихо хотоос дөнгөж гартал гуйлга гуйдаг хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүрээ явж өнгөрөхийг сонсжээ. Тэгээд: «Есүс ээ, бидэнд туслаач!» гэж хашгиралдав.

Есүс тэднийг дуудаад: «Надаар юу хийлгэмээр байна?» гэж асуулаа. Тэд: «Эзэн минь, бидэнд хараа оруулж өгөөч» гэв. Есүс тэдний нүдэнд хүрмэгц тэр дороо хараа оров! Есүс яагаад ийм ер бусын гайхамшиг үйлдэж байсныг чи мэдэх үү? Яагаад гэвэл, хүмүүст хайртай, бас тэднийг өөртөө итгүүлэхийг хүсэж байсан. Тийм болохоор, түүнийг хаанчлах үед нэг ч хүн дахин өвдөхгүй гэдэгт итгэлтэй байж болно.