Skip to content

Гарчиг руу орох

Бурханд таалагддаг гэр бүлийн амьдрал

Бурханд таалагддаг гэр бүлийн амьдрал

Хичээл 8

Бурханд таалагддаг гэр бүлийн амьдрал

Гэр бүлд нөхөр ямар байр суурь эзэлдэг вэ? (1)

Нөхөр нь эхнэртээ яаж хандах ёстой вэ? (2)

Эцгийн үүрэг юу вэ? (3)

Эхнэр хүн ямар үүрэгтэй вэ? (4)

Бурхан эцэг эх, хүүхдүүдээс юу шаарддаг вэ? (5)

Тусдаа амьдрах болон гэрлэлтээ цуцлуулах талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? (6, 7)

1. Нөхрийг гэр бүлийн тэргүүн гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 11:3). Хүн ганцхан эхнэртэй байх ёстой бөгөөд тухайн улсад мөрдөж буй хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн байх учиртай (1 Тимот 3:2; Тит 3:1).

2. Нөхөр нь эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Есүс дагалдагчдадаа яаж хандаж байсан шиг эхнэртээ тэгж хандах хэрэгтэй (Ефес 5:25, 28, 29). Эхнэрээ зодох юм уу зүй бусаар харьцаж огт болохгүй. Харин ч, хүндэтгэх ёстой (Колоссай 3:19; 1 Петр 3:7).

3. Эцэг хүн гэрийнхнийгээ мөр бүтэн, гэдэс цатгалан, орох оронтой явуулахын тулд ажиллаж хөдөлмөрлөх үүрэгтэй. Үүний зэрэгцээ, эхнэр хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангах ёстой (1 Тимот 5:8). Өөрөөр хэлбэл, тэдэндээ Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай сурч мэдэхэд нь тусалж, залж чиглүүлнэ гэсэн үг (Дэд хууль 6:4—9; Ефес 6:4).

4. Эхнэр хүн нөхрийнхөө сайн туслагч байх ёстой (Эхлэл 2:18). Үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлэхэд нь нөхөртөө туслах үүрэгтэй (Сургаалт үгс 1:8). Эхнэр хүн гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг бол Ехова Бурхны шаардлагыг хангаж байгаа хэрэг (Сургаалт үгс 31:10, 15, 26, 27; Тит 2:4, 5). «Эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (Ефес 5:22, 23, 33, ШГ).

5. Бурхан хүүхдүүдээс эцэг эхдээ дуулгавартай байхыг шаарддаг (Ефес 6:1—3). Харин эцэг эхчүүдээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, засаж залруулахыг хүсдэг. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ цаг гаргаж, хамт Библи судлан, сүнслэг болон сэтгэл санааных нь хэрэгцээг анхаарах үүрэгтэй (Дэд хууль 11:18, 19; Сургаалт үгс 22:6, 15). Хүүхдийг шийтгэхдээ бүдүүлэг, харгис зан гаргаж огт болохгүй (Колоссай 3:21).

6. Нөхөр эхнэр хоёр бие биетэйгээ таарамжгүй үед Библийн зөвлөгөөг мөрдөхийг хичээх нь чухал. Библид нэг нэгнээ хайрлаж, уучлахыг зөвлөсөн байдаг (Колоссай 3:12—14). Ялихгүй асуудлыг шийдэхийн тулд тусдаа амьдар гэсэн зөвлөгөө Библид байдаггүй. Гэхдээ, нөхөр нь: 1) гэр бүлээ тэжээхээс эрс татгалзвал, 2) эхнэрийнхээ эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар харгис хандвал, 3) Еховаг шүтэхэд нь харгисаар эсэргүүцэн саад хийвэл эхнэр нь нөхрөөсөө тусдаа амьдрах шийд гаргаж болно (1 Коринт 7:12, 13).

7. Нөхөр эхнэр хоёр бие биедээ үнэнч байх ёстой. Гэр бүлийн итгэл эвдэж завхайрах нь ханийнхаа сэтгэлийг гүн шархлуулж, Бурхны өмнө нүгэл үйлдэж буй хэрэг (Еврей 13:4). Библид зөвшөөрснөөр, гэрлэлтээ цуцлуулж, дахин гэрлэж болох цорын ганц шалтгаан бол гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа юм (Матай 19:6—9; Ром 7:2, 3). Библийн үндэслэлгүйгээр гэр бүлээсээ салж, өөр хүнтэй гэрлэхийг Ехова жигшдэг (Малахи 2:14—16).

[16, 17-р хуудасны зураг]

Эцэг эхчүүд үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, засаж залруулах үүрэгтэй

[17-р хуудасны зураг]

Гэр бүлийнхээ материаллаг ба сүнслэг хэрэгцээг хангах нь эцэг хүний үүрэг юм