Бурхан байдгийн баталгаа
3-р хэсэг
Бурхан байдгийн баталгаа
1, 2. Ямар зарчимд үндэслэн Бурхан байдаг эсэхийг мэдэж болох вэ?
БУРХАН байдаг эсэхийг мэдэхийн тулд бүтээл бүхэн бүтээгчтэй гэдэг зарчмыг авч үзье. Бүтээлийн хийц хэдийчинээ нарийн байна, бүтээгч нь төдийчинээ чадварлаг байдаг.
2 Жишээ нь, танай гэрийн аяга таваг, ширээ сандал, ор, цаашлаад хана, шал, тааз гээд бүх юм хүний гараар бүтсэн байж таарна. Гэхдээ эдгээр нь харьцангуй энгийн эд зүйл шүү дээ. Энгийн зүйл ч бүтээгчтэй байдаг юм бол нарийн хийц бүтэцтэй зүйлийг илүү ухаантай бүтээгч хийнэ гэж үзэх нь зүйд нийцнэ биз дээ?
Гайхамшигт орчлонт ертөнц
3, 4. Бурхан байдгийг орчлонт ертөнц хэрхэн баталдаг вэ?
3 Цагчин л хийхгүй бол цаг хар аяндаа бий болохгүй. Нарны аймаг бол цагтай харьцуулшгүй нүсэр тогтолцоо юм. Нар болон түүнийг тойрон эргэх гариг эрхэс дор бүрнээ хэдэн зуун жилээр өндөр нарийвчлалтай орчиж байдгийг юу гэж үзэх вэ? Манай Дэлхийг багтаадгийн зэрэгцээ 100 тэрбум гаруй одтой Тэнгэрийн заадас гэдэг галактикийн талаар юу хэлж болох вэ? Та цэлмэг шөнө Тэнгэрийн заадсыг хараад гайхан биширч байсан уу? Тэнгэрийн заадас бол сансар огторгуй дахь тоо томшгүй олон галактикийн ганц нь л гээд бод доо! Од гаригс тогтсон цагт хөдөлж байдаг учир тэдгээрийг хамгийн зөв явдаг цагтай зүйрлэх нь ч бий.
4 Цаг харьцангуй энгийн бүтээл ч гэлээ цагчин байдгийг баталдаг юм бол түүнээс илүү нарийн механизмтай, гайхал төрүүлэм орчлонт ертөнцийг бас хэн нэгэн санаж сэдэж, урлаж бүтээсэн байх учиртай. Тийм учраас Библи: «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун» хэмээн уриалаад «Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн [Бурхан] тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй» гэж тайлбарлажээ (Исаиа 40:26). Тэгэхлээр, орчлонт ертөнц оршин байгаа нь үл үзэгдэгч, оюун ухаант хүч буюу Бурхан байдгийг баталж байна.
Дэлхий бол хосгүй бүтээл
5–7. Дэлхийг хэн нэгэн бүтээсэн гэж үзэх ямар баталгаа байна вэ?
5 Эрдэмтэд дэлхийг судлахын хэрээр хүн амьдрахад зориулж зохион бүтээгдсэн болохыг нь улам бүр ухаардаг. Дэлхий болон Нар хоорондын зай яв цав таарсан байдгийн ачаар гэрэл, дулаан хамгийн зохимжтой хэмжээгээр Дэлхийд ирдэг. Дэлхийн тэнхлэг яг тохирсон хэмийн өнцөгт хазгай байдаг бөгөөд Дэлхий Нарыг жилд нэг удаа тойроход дөрвөн улирал солигддог. Мөн 24 цагт тэнхлэгээ эргэхэд нь өдөр шөнө ээлжилдэг. Хэмжээ, найрлага нь зохилдсон холимог хийнээс тогтдог дэлхийн агаар мандал сансраас ирэх хортой туяанаас хамгаалж, хүчилтөрөгчөөр хангадаг. Түүнээс гадна, манай дэлхий үр тариа, ургамал ногоо ургахад зайлшгүй хэрэгтэй ус, хөрсний арвин их баялагтай.
6 Хоорондоо нарийн уялдаа бүхий эдгээр болон бусад үйл явцын ачаар амьдрах таатай орчин бүрэлддэг. Энэ бүхэн санамсаргүй бий болсон уу? «Шинжлэх ухааны мэдээ» гэдэг сэтгүүлд «Ийм онцгой, таатай нөхцөл тохиолдлоор бүрдэх аргагүй мэт санагдана» гэж бичжээ («Science News»). Тийм ээ, тохиолдлоор бүрдэх аргагүй. Харин хэн нэг агуу Зохион бүтээгч тодорхой зорилгоор бүтээсэн байж таарна.
7 Нэг сайхан байшинд ороод үзтэл хоол хүнс нөөцөлж, халаалтын болон агааржуулалтын систем, усны хоолой тавьсан байна гэж бодъё. Та энэ байшинг хар аяндаа бий болсон гэж бодох уу? Мэдээж үгүй! Хэн нэг хүн ухаан зарж, сэтгэл гаргаж барьсан байж таарна. Тэгвэл ямар ч байшингаас илүү нарийн бүтэцтэй Дэлхийг ч бас хэн нэгэн бүтээж, оршин суугчдыг нь хэрэгтэй бүхнээр хангах гэж сэтгэл гаргасан байх учиртай.
8. Бурхан хүнд санаа тавьдгийг батлах өөр ямар баримт байна вэ?
8 Түүнээс гадна, хүний амьдралд баяр баясгалан нэмдэг зүйл олон бий. Анхилуун үнэртэй, өнгө алаглах цэцэгс хараа булааж, ой шугуй, гол мөрөн, уул толгод нүд баясгадаг. Тэнгэрийн хаяа улааран, нар жаргахыг, амьтны үр төл эрхлэн наадахыг харахад таатай сайхан санагддаг. Олон янзын амт мэдрүүлэх төрөл бүрийн хоол хүнс байдаг. Энэ бүхэн амьд явахад зайлшгүй шаардлагатай биш боловч сэтгэлийн таашаал өгдөг. Тэгэхлээр, хүнийг зүгээр л амьд байлгах гэж бус, жаргалтай сайхан амьдруулах гэсэн зорилгоор дэлхийг бүтээсэн байна.
9. Дэлхийг хэн, ямар зорилгоор бүтээсэн бэ?
9 Тиймээс энэ бүхнийг өгсөн хэн нэгэн байдгийг хүлээн зөвшөөрөх нь ухаалаг хэрэг юм. Библийн нэгэн бичигч Ехова Бурхны тухай «Та тэнгэр, газрыг бүтээсэн» гэж бичжээ. Ямар зорилгоор бүтээсэн бэ? Тэрбээр энэ асуултад хариулан «Газрыг бий болгосон Бурхан ... газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» гэж бичсэн байдаг (Исаиа 37:16; 45:18).
Эсийн гайхамшиг
10, 11. Эс юугаараа гайхамшигтай вэ?
10 Тэгвэл амьд биеийг бас бүтээсэн болов уу? Эсийн гайхамшигтай чадварын талаар товч авч үзье. Молекулын биологич Майкл Дентон: «Дэлхий дээрх хамгийн энгийн эс болох бактерийн эс бол гайхалтай нарийн зүйл юм. Бактерийн эс туйлын өчүүхэн боловч ... нэг бүр нь уран хийцтэй молекулын олон мянган механизмаас бүрддэг нь бичил үйлдвэр л гэсэн үг. ... Энэ нь хүний бүтээсэн ямар ч механизмыг дагуулахгүй бөгөөд амьгүй юмтай бүр харьцуулахын ч аргагүй» хэмээн нэгэн номдоо бичжээ («Evolution: A Theory in Crisis»).
11 Тэрбээр эсийн генийн кодын талаар «ДНХ нь мэдээлэл хадгалах чадвараараа одоогоор хүн төрөлхтний мэдэх ямар ч системээс хавьгүй давуу юм. Бас жингийн хувьд граммыг хэдэн саяд хуваасантай тэнцэхээр хөнгөн ч хүн гэх мэтийн нарийн бүтэцтэй организмыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг хадгалдаг. ... Молекулын механизмын нарийн бүтэц, уран хийцтэй харьцуулахад хүний бүтээсэн хамгийн шилдэг [бүтээл] хаана нь ч хүрэхээргүй болхи юм даа. Бид хэр чадлаа ухаарсан» гэж бичжээ.
12. Эсийн үүслийн талаар нэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ?
12 Дентон: «Хамгийн энгийн эс ч тун нарийн бүтэцтэй байдаг. Ийм юм хачирхалтай гэмээр бөгөөд тун санамсаргүй тохиолдлоор гэнэт бий болсон гэдэгтэй санал нийлэх аргагүй» хэмээн тэмдэглэжээ. Тийм ээ, бүтээсэн л байх учиртай.
Тархины гайхамшиг
13, 14. Тархийг эсээс илүү гайхамшигтай гэж үзэхийн учир юу вэ?
13 Эрдэмтэн Дентон мөн ингэж хэлжээ. «Эс хэдийгээр нарийн бүтэцтэй боловч сүүн тэжээлтний тархины бүтэцтэй харьцуулахад юу ч биш л дээ. Хүний тархи арван тэрбум орчим мэдрэлийн эсээс тогтдог. Мэдрэлийн ганц эс л гэхэд арван мянгаас зуун мянга орчим холбогчоор өөр нэг эстэй холбогдоно. Хүний тархи ... нийтдээ мянган триллион орчим холбогч эстэй» гэж бичжээ.
14 Тэрбээр цааш нь «Тархины эсийн зууны нэг нь л зохион байгуулалттай байлаа гэж бодоход энэ нь дэлхий дээрх харилцаа холбооны бүх сүлжээнээс ч илүү олон холбогчтой байна» гээд «Ийм систем санамсаргүй тохиолдлоор бүрэлдэн тогтоно гэж үү?» хэмээн асуужээ. Үгүй гэж хариулахаас өөр аргагүй. Хүний тархийг халамжтай Бүтээгч л бүтээсэн байх учиртай.
15. Тархины талаар бусад эрдэмтэн юу гэж хэлсэн бэ?
15 Хамгийн сүүлийн үеийн компьютер ч хүний тархины хаана нь ч хүрэхгүй. Шинжлэх ухааны сэдвээр бичдэг зохиолч Мортон Хант: «Хүний богино хугацааны ой нь орчин үеийн судалгааны компьютерийн ойноос хэдэн тэрбум дахин их мэдээлэл хадгалах чадалтай. Тархины мэс засалч, доктор Роберт Ж. Уайт: «Бидний ойлгох чадвараас давж гарсан, тархи болон оюун ухааны харилцан холбоог зохион бүтээсэн Дээд оюун ухаан байдаг гэдэгт итгэхээс өөр арга алга. ... Үүнийг бий болгосон оюун ухаант эхлэл буюу хэн нэгэн байдаг гэдэгт би итгэдэг» гэж дүгнэжээ. Тэр нэгэн бас хүнд санаа тавьдаг байж таарна.
Цусны гайхамшигтай тогтолцоо
16–18. а) Цусны систем юугаараа гайхалтай вэ? б) Ямар дүгнэлт хийж болох вэ?
16 Цусны эргэлтийн гайхалтай системийг авч үзье. Цус хүчилтөрөгч, тэжээлийн бодисыг эд эс рүү зөөж, халдвараас хамгаалдаг. Цусны найрлагад багтдаг нэг чухал хэсэг болох улаан эсийн талаар «Хүний биеийн цагаан толгой» гэдэг номд «Ганц дусал цус 250 сая гаруй улаан эс агуулдаг. ... Хүний биед нийтдээ 25 триллион орчим улаан эс байдаг. Бүгдийг нь газар эгнүүлээд тавивал теннисний 4 талбайтай тэнцэнэ. ... Секунд тутамд 3 сая улаан эс шинээр бий болдог» гэж тэмдэглэжээ.
17 Цусны өөр нэг чухал хэсэг болох цагаан эсийн талаар дээрх номд «Улаан эс ганц төрлийнх байдаг бол цагаан эс олон төрлийнх байдаг бөгөөд тус бүр нь хүний биеийг хамгаалах өвөрмөц үүрэгтэй. Тухайлбал, нэг төрлийн цагаан эс үхсэн эсийг устгадаг бол бусад төрлийнх нь вирустэй тэмцэх үүрэгтэй эсрэг биеийг бий болгож, гадны биеийг хоргүйжүүлэх буюу бактерийг идэж боловсруулдаг» гэж тайлбарлажээ.
18 Дээд зэргийн нарийн зохион байгуулалттай байгаа биз! Ийм нарийн зохицолтой, ийм сайн хамгаалалттай тогтолцоог туйлын ухаантай, халамжтай зохион байгуулагч буюу Бурхан бүтээсэн нь эргэлзээгүй.
Бусад гайхамшиг
19. Нүд нь хүний бүтээсэн техникээс ямар ялгаатай вэ?
19 Хүний биед өөр олон гайхамшигтай эрхтэн бий. Нэг жишээ нь нүд юм. Нүдийг гүйцэх зургийн аппарат байхгүй. Одон оронч Роберт Ястров: «Нүд гэдэг эрхтнийг бүтээсэн л байж таарна. Хүний нүд ямар ч сайн зохион бүтээгчийн бүтээсэн дуран авайнаас илүү» гэж хэлсэн байдаг. «Алдартай гэрэл зургууд» гэдэг бүтээлд «Зургийн хальсанд буудаггүй нарийн ширийн зүйлийг хүний нүд л хардаг. Нүд гурван хэмжээсээр, хавьгүй өргөн талбайг хамруулж, фокусыг нь тааруулж, хөдөлгөөн алдахгүй хардаг. ... Нүд зургийн аппарат хоёрыг харьцуулах нь үнэндээ шударга бус л даа. Нүдийг хиймэл уураг тархитай, мэдээлэл боловсруулах чадалтай, өндөр хурдтай, үйлдлийн системтэй хамгийн сайн чанарын супер компьютер гэж үзвэл энэ нь хүний гараар бүтээж болох компьютер, аппарат гэх мэтийн хэрэгслээс асар давуу юм» гэж бичжээ («Popular Photography»).
20. Хүний бие өөр юугаараа гайхамшигтай вэ?
20 Хүний биеийн олон эрхтний нарийн үйл ажиллагааг бид тэр бүр анзаардаггүй. Тухайлбал, ходоод бидний идэж уудаг олон төрлийн хоол хүнсийг задалж боловсруулаад биеийг энергиэр хангадаг. Ийм олон төрлийн зүйлийг машины түлшний саванд хийвэл яах бол? Тэр машин хэр хол явах бол? Түүнээс гадна, хүн болж төрнө гэдэг бас нэг гайхамшиг билээ. Эцэг эхээ дууриасан, бүхэл бүтэн нэг хүн есхөн сарын дотор бүрэлдэн бий болдог! Хүүхэд хэдийгээр нас бага боловч хэлд орж, ярьж сурдаг гээд бод доо!
21. Хүн гэгч ямар гайхамшигтай бүтээл болохыг ойлгодог хүмүүс юуг хүлээн зөвшөөрдөг вэ?
21 Хүний бие ийм гайхамшигтайг бодохлоор өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрдөг. Үүнийг ямар ч инженер дууриалган хийж чадахгүй. Энэ бүх гайхамшиг санамсаргүй тохиолдлоор бий болсон байх боломжтой гэж үү? Огт боломжгүй. Хүн гэгч ямар гайхамшигтай бүтээл болохыг ойлгоод, учир мэддэг хүмүүс «Би ... гайхамшигтай бүтээгдсэн тул Танд [Бурхан] талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай» хэмээн Библид бичсэнийг хүлээн зөвшөөрдөг (Дуулал 139:14).
Агуу Барилгачин
22, 23. а) Бүтээгч байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйн учир юу вэ? б) Библид Бурхны талаар юу гэж бичсэн байдаг вэ?
22 Библид «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» гэж бичсэн байдаг (Еврей 3:4). Энгийн байшинг ч барилгачин барьдаг бол олон төрлийн амьд оршигчтой Дэлхий гэдэг гаригийг багтаадаг, туйлын нарийн бүтэцтэй орчлонт ертөнцийг ч бас хэн нэг «барилгачин» барьсан байж таарна. Бид онгоц, зурагт, компьютер зэргийг хүн зохион бүтээдэг гэж хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгвэл зохион бүтээх чадвартай тархийг хүнд өгсөн хэн нэгэн байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай биш үү?
23 Библид бичсэнээр, тэр нэгэн бол «тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч ... Бурхан ЭЗЭН» Ехова юм (Исаиа 42:5). «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж Библид тун оновчтой бичжээ (Илчлэлт 4:11).
24. Бурхан байдгийг юунаас мэдэж болох вэ?
24 Тийм ээ, хийж бүтээснээс нь Бурхан байдгийг мэдэж болно. Учир нь «ертөнц бүтээгдсэнээс хойш [Бурхны] үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» (Ром 1:20).
25, 26. Аливаа зүйлийг буруу ашиглах явдал гардаг нь тухайн зүйлийг бүтээгчгүй гэж үзэх үндэс биш гэхийн учрыг тайлбарлана уу.
25 Аливаа зүйлийг буруу ашиглах явдал гардаг нь үнэн. Гэхдээ ингэлээ гээд бүтээгчгүй гэж үзэх үндэсгүй юм. Жишээ нь, зорчигч тээврийн онгоц гэж байхад бөмбөгдөгч онгоц гэж бас байдаг. Онгоц устгаж сөнөөх зорилгод ашиглагддаг нь зохион бүтээгчгүй гэсэн үг биш шүү дээ.
26 Үүнтэй адилаар, хүмүүс ёс суртахууны хувьд уруудан доройтдогийг үндэс болгон, хүнийг Бүтээгчгүй гэх юм уу Бурхан байдаггүй гэж тайлбарлах аргагүй. Тиймээс Библид «Хүмүүс та нар гажууджээ! Ваарчныг шавартай адилтгаж болно гэж үү? Бүтээл нь бүтээгчийнхээ талаар „Тэр намайг хийгээгүй“ гэж, ваар нь ваарчны талаар „Түүнд ухаан дутаж байна“ гэж хэлнэ гэж үү?» хэмээсэн нь үнэхээр оносон үг юм (Исаиа 29:16, ШЕ).
27. Хүн яагаад зовдгийн учрыг мэдэхэд Бурхан тусална гэж үзэж болохын учир юу вэ?
27 Бүтээгч гайхалтай нарийн бүтээлээрээ мэргэн ухаантайгаа илчилдэг. Дэлхийг хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар болгон бүтээгээд хүнд гайхалтай бие махбод, оюун ухаан хайрлан, сэтгэлийн таашаал өгөх олон зүйлийг бүтээсэн нь хүнд чин сэтгэлээсээ санаа тавьдгийг нь харуулдаг. Тиймээс, «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?», «Зовлонг арилгах болов уу?» гэх зэргийн асуултын хариуг олоход маань тусалж, мэргэн ухаан, хайр халамжаа үзүүлэх нь эргэлзээгүй.
[Догол мөрийн асуулт]
[5-р хуудасны зураг]
Агаар мандал гэдэг хамгаалах бүрхэвчтэй дэлхийг Бурхан хүнд зориулж бүтээсэн
[6-р хуудасны зураг]
Бурхан хүнд сэтгэлийн таашаал эдлүүлэх гэж дэлхийг сэтгэл гарган бүтээсэн
[7-р хуудасны зураг]
«Нэг хүний тархинд гэхэд л дэлхий дээрх харилцаа холбооны бүх сүлжээнээс ч олон холбогч байдаг» (Молекулын биологич)
[8-р хуудасны зураг]
«Нүд гэдэг эрхтнийг бүтээсэн л байж таарна. Хүний нүд ямар ч сайн зохион бүтээгчийн бүтээсэн дуран авайнаас илүү» (Одон оронч)