Skip to content

Гарчиг руу орох

Бурхан санаа зорилгоо илчилдэг

Бурхан санаа зорилгоо илчилдэг

4-р хэсэг

Бурхан санаа зорилгоо илчилдэг

1, 2. Бурхан хүмүүсийн чин сэтгэлийн асуултад хариулдгийг хаанаас мэдэж болох вэ?

 ХАЙРЫН сэтгэлтэй Бурхан өөрийг нь хайдаг чин сэтгэлтэй хүмүүст санаа зорилгоо илчилдэг. Тиймээс аливааг эргэцүүлэн боддог хүмүүс «Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэх мэтийн асуултын хариуг олж чаддаг.

2 Библид ингэж бичсэн байдаг. «Хэрэв чи [Бурхныг] хайвал, Түүнийг олно». «Нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг». «Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй» (Шастирын дээд 28:9; Даниел 2:28; Амос 3:7).

Хариуг нь хаанаас олох вэ?

3. Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг хаанаас мэдэж болох вэ?

3 Бурхан хүн төрөлхтний тусын тулд бичүүлсэн номдоо зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрснөө, хэрхэн арилгахаа тэмдэглэсэн байдаг. Тэр ном нь Бурхны Үг буюу ариун Библи юм. «Тэр номын бүх үг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг бөгөөд хүмүүжүүлэхэд, бурууг засахад, Бурханд таалагдах амьдралыг заахад тустай. Бурханд үйлчлэгчид бүх сайн зүйлийг хийхэд бэлэн болно» (2 Тимот 3:16, 17, ШГ).

4, 5. Библи юугаараа хосгүй ном бэ?

4 Библи бол хосгүй ном. Библид хүн төрөлхтний түүхийг хамгийн үнэн зөв бичсэнээс гадна бүр хүнийг хэрхэн бүтээснийг ч тэмдэглэжээ. Нөгөө талаас, Библийг орчин үеийн ном гэж үзэж болно. Учир нь Библид бичсэн зөгнөлүүд өнөө үед биелж байгаа, ойрын ирээдүйд ч биелнэ.

5 Түүхийн хувьд Библи шиг үнэн магадтай ном өөр байдаггүй. Тухайлбал, эртний сонгодог зохиолчдын бүтээлийн гар бичмэл тун цөөн байдаг бол Библийг бүтнээр нь юм уу хэсэгчлэн бичсэн гар бичмэл олон байдаг. Еврей Судрын («Хуучин гэрээний» 39 ном) 6 000 орчим гар бичмэл, Христиан Грек Судрын («Шинэ гэрээний» 27 ном) 13 000 орчим гар бичмэл бий.

6. Библийг үндсэндээ Бурхны анх бичүүлсэн тэр янзаар байгаа гэж болохын учир юу вэ?

6 Түүнчлэн, төгс хүчит Бурхан бичүүлсэн номынхоо утга санааг алдуулахгүйгээр, үнэн зөв хуулан бичүүлсэн. Тэгэхлээр, Библийг үндсэндээ анх бичигдсэн тэр янзаараа байгаа гэж үзэж болно. Ингэж дүгнэх нэг үндэс нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Христиан Грек Судрын зарим хуулбар эхээсээ зуу орчим жилийн дараа бичигдсэн байдаг бол эртний алдартай зарим зохиолчийн бүтээлийн хуулбар эхээсээ бүр хэдэн зууны хойно бичигдсэн байдаг.

Бурхны бэлэг

7. Библи хэр зэрэг өргөн тархсан ном бэ?

7 Библи бол хамгийн өргөн тархсан ном юм. Одоогийн байдлаар, зургаан тэрбум хувь хэвлэгдсэн бөгөөд ийм олон хувь хэвлэгдсэн ном өөр байхгүй. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2 500 орчим хэлээр орчуулсан. Тэгэхлээр, дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Библийг унших боломжтой гэсэн үг.

8–10. Яагаад Библийг анхаарч үзэх хэрэгтэй вэ?

8 Бурхны бичүүлсэн ном гэж тооцогддог, үнэн зөв болох нь дотоод зохицол болон хөндлөнгийн бусад баримтаар батлагддаг номыг анхаарч үзэх нь зүйд нийцнэ. * Амьдралын утга учир, өдгөө дэлхий дахинд болж буй үйл явдлын учир холбогдол, ирээдүйд юу болохыг Библи тайлбарладаг. Энэ тухай өөр ямар ч номоос мэдэх аргагүй.

9 Тийм ээ, Бурхан хүн төрөлхтөнд зориулж Библийг өгсөн. Бурхан 40 орчим хүнийг ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ удирдан, Библийг бичүүлсэн бөгөөд эдүгээ бидэнтэй өөрийн Үг буюу Библиэр харьцдаг. Есүсийн дагалдагч нарын нэг Паул: «Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу ... Бурханы үг хэмээн хүлээн авсан» гэж бичсэн байдаг (1 Тесалоник 2:13).

10 АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн Библийг «Бурхнаас хүнд өгсөн хамгийн сайхан бэлэг юм. ... Библи байгаагүйсэн бол бид сайн мууг ялгаж мэдэхгүй байх байсан» хэмээжээ. Тэгвэл хосгүй бэлэг болсон энэ номд хүн яагаад зовдог, Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрсөн, яаж арилгах талаар юу гэж бичсэн байдаг бол?

[Зүүлт]

^ Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Бүх хүнд зориулсан ном» товхимлоос үзнэ үү.

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны зураг]

Бурхан хүн төрөлхтөнтэй харьцах гэж Библийг бичүүлсэн