Бурхан санаа зорилгоо удахгүй биелүүлнэ
8-р хэсэг
Бурхан санаа зорилгоо удахгүй биелүүлнэ
1, 2. Бурхан зовлон зүдүүрийг арилгахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?
БУРХАНД тэрсэлсэн хүмүүс болон чөтгөрүүдийн захиргаа хүн төрөлхтнийг олон зуун жилээр туйлдуулж байна. Гэхдээ Бурхан хүн төрөлхтнийг зөнд нь орхилгүй, ёс бус явдал, зовлон зүдүүрээс ангижруулахын тулд арга хэмжээ авсаар ирсэн.
2 Еденд самуун явдал гарахад Бурхан дэлхийг диваажин болгох нэгэн засгийн газар байгуулах санаа зорилгоо илчилж эхэлсэн (Эхлэл 3:15). Хожим нь, Бурхны гол төлөөлөгч Есүс тэр хаанчлалын талаар голлон сургаж байв. Бурхны байгуулах хаанчлал нь хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдэх цорын ганц хэрэгсэл хэмээжээ (Даниел 2:44; Матай 6:9, 10; 12:21).
3. Есүс ирээдүйд бий болох засгийн газрын талаар юу гэж хэлсэн бэ? Тайлбарлана уу.
3 Бурхны ирээдүйд байгуулах засгийн газрыг Есүс «тэнгэрийн хаанчлал» гэж хэлсэн. Учир нь тэр засгийн газар тэнгэрээс удирдах байв (Матай 4:17). Бас «Бурхны хаанчлал» хэмээсэн нь энэ засгийн газрыг Бурхан байгуулахыг хэлсэн хэрэг аж (Лук 17:20). Олон зууны турш Бурхан үйлчлэгчдээ удирдаж, тэр засгийн газрын бүрэлдэхүүнд ямар хүмүүс орох, юу хийхийг нь зөгнөн бичүүлсэн.
Дэлхийн шинэ Хаан
4, 5. Есүс бол сонгогдсон Хаан мөн гэдгийг Бурхан хэрхэн баталсан бэ?
4 Бурхны Хаанчлалын Хаанд хамаатай олон зөгнөл 2 000 орчим жилийн тэртээ чухамдаа Есүс дээр биелсэн. Тэрбээр хүн төрөлхтнийг захирах тэнгэрийн засгийн газрын Тэргүүнээр Бурхны сонгосон Нэгэн мөн гэдгээ баталсан. Нас барсных нь дараа Бурхан Есүсийг хүчирхэг, үхэшгүй мөнхийн сүнсэн бүтээл болгон тэнгэрт амилуулжээ. Амилсан Есүсийг олон хүн нүдээрээ үзсэн (Үйлс 4:10; 9:1–9; Ром 1:1–4; 1 Коринт 15:3–8).
5 Дараа нь Есүс «Бурханы баруун гарт заларсан» (Еврей 10:12). Тэгээд Бурхны тэнгэрийн Хаанчлалын Хааны эрх мэдэлтэй болох цагаа хүлээсэн аж. Ийнхүү Дуулал 110:1-д бичсэн зөгнөл биелжээ. Бурхан: «Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу» гэж хэлснийг тэнд тэмдэглэсэн байдаг.
6. Есүс Бурхны Хаанчлалын Хаан байж чадахаа хэрхэн харуулсан бэ?
6 Есүс ийм үүрэг хүлээх чадвартайгаа дэлхийд байхдаа батлан харуулсан. Хавчигдаж явахдаа ч Бурханд үнэнч байж, сорилт тулгарахад Бурханд үнэнч үлдэх хүн нэг ч байхгүй хэмээсэн Сатаны үг худал болохыг нотолсон юм. Ийнхүү «хоёр дахь Адам» буюу төгс хүн Есүс, Бурхан төгс хүнийг бүтээхдээ алдаа гаргаагүй гэдгийг баталжээ (1 Коринт 15:22, 45; Матай 4:1–11).
7, 8. Есүс дэлхийд байхдаа ямар сайн үйл хийсэн бэ? Үүгээрээ юу харуулсан бэ?
7 Есүс Бурханд хэдхэн жил үйлчлэхдээ олон сайн үйл хийсэн билээ. Өөр ямар захирагч ийм үйлс бүтээсэн бэ? Есүс доголон, сохор, дүлий, хэлгүй болон өөр янз бүрийн өвчтэй хүмүүсийг Бурхны ариун сүнсний дэмжлэгтэйгээр эдгээж, бүр нас барсан хүмүүсийг амилуулсан! Ийнхүү хаан ширээнд суугаад нийт хүн төрөлхтний төлөө юу хийхээ үлгэрлэн харуулсан (Матай 15:30, 31; Лук 7:11–16).
8 Есүс дэлхийд байхдаа олон сайн үйл хийсэн талаар шавь Иохан нь: «Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог» хэмээжээ (Иохан 21:25). *
9. Чин сэтгэлтэй хүмүүс яагаад Есүст татагддаг байсан бэ?
9 Есүс хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг, өрөвч, сайхан сэтгэлтэй хүн байв. Зовж шаналсан, ядуу зүдүү хүмүүст тусалдаг ч, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүсийг алаг үздэггүй байсан. Есүсийг «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» хэмээн уриалахад нь чин сэтгэлтэй хүмүүс талархан хүлээж авсан юм (Матай 11:28–30). Бурхныг гүнээ хүндэтгэдэг хүмүүс Есүст татагдаж, захирах цагийг нь тэсэн ядан хүлээж байсан (Иохан 12:19).
Хамтран захирагчид
10, 11. Хэн Есүстэй хамт дэлхийг захирах вэ?
10 Аливаа засгийн газар тодорхой тооны гишүүнээс бүрддэг шиг Бурхны тэнгэрийн Хаанчлалд Есүстэй хамтран, дэлхийг захирах хүмүүс бий. Есүс дотны шавь нараа өөртэй нь хамт хүн төрөлхтнийг захирна гэж хэлсэн (Иохан 14:2, 3; Илчлэлт 5:10, МБОХ, 1996; 20:6).
11 Тэгэхлээр, цөөн тооны хүн Есүсийн адилаар тэнгэрт амилна гэсэн үг. Тэд хүн төрөлхтөнд үүрдийн ивээл хүртээх Бурхны Хаанчлалын бүрэлдэхүүнд орох юм (2 Коринт 4:14; Илчлэлт 14:1–3). Ийнхүү Ехова хүн төрөлхтнийг үүрд сайн сайхан амьдруулах засгийн газрын суурийг олон зууны турш тавьжээ.
Бурхнаас хараат бус хүний засаглал эцэс болно
12, 13. Бурхны Хаанчлал юу хийх гэж байгаа вэ?
12 Өнгөрсөн зуунаас Бурхан хүн төрөлхтний үйл хэрэгт шууд оролцох болсон. Христ тэргүүтэй Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдсан бөгөөд Сатаны тогтолцоог бүрмөсөн устгахад бэлэн байгааг Библийн олон зөгнөл харуулдгийг энэ товхимлын 9-р хэсгээс үзнэ. Хаанчлал «[Христийн] дайснуудын дунд захирахад» бэлэн байна (Дуулал 110:2).
13 Энэ талаар Даниел 2:44-т ингэж зөгнөжээ. «Тэдгээр [одоо байгаа] хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан [тэнгэрт] байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй [хүний засаглал дахин хэзээ ч ноёлохгүй]. Тэр [Бурхны Хаанчлал] нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм».
14. Хүний засаглал эцэс болоход хүмүүс ямар ач тус хүртэх вэ?
14 Бурхнаас хамааралгүй бүх засаглалыг халах тэр цагт Бурхны Хаанчлал дэлхийг бүхэлд нь захирна. Хаанчлал тэнгэрээс захирах учир хэзээ ч хүний нөлөөнд орж завхран гажуудахгүй юм. Ийнхүү хүн төрөлхтнийг анхнаас нь захирах ёстой байсан Нэгэн буюу Бурхан Хаанчлалаар дамжуулан захирна. Тиймээс хүн төрөлхтөн хуурамч шашин, гүн ухааны сургаал, улс төрийн онол гэх мэтийн зүйлд дахин хэзээ ч төөрөлдөхгүй. Бурхан энэ бүхнийг үндсээр нь арилгана (Матай 7:15–23; Илчлэлт 17–19-р бүлэг).
[Зүүлт]
^ Есүсийн амьдралын тухай Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн тухай өгүүлдэг миний ном»-ын 6-р хэсгээс үзнэ үү.
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны зураг]
Есүс дэлхийд байхдаа өвчтэй хүмүүсийг эдгээж, нас барсан хүмүүсийг амилуулан шинэ ертөнцөд юу хийхээ харуулсан
[19-р хуудасны зураг]
Бурхнаас хамааралгүй засаглалын бүх хэлбэрийг Бурхны тэнгэрийн Хаанчлал хална