Бурхны байгуулах гайхамшигт шинэ ертөнц
10-р хэсэг
Бурхны байгуулах гайхамшигт шинэ ертөнц
1, 2. Хармагедоноор ёс бус бүхнийг арилгасны дараа юу болох вэ?
БУРХАН Хармагедоноор ёс бус бүхнийг арилгасны дараа юу болох вэ? Гайхалтай шинэ эрин эхэлнэ. Бурханд чин үнэнчээ батлан Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүс шинэ ертөнцөд хөл тавьж, Бурхан хүн төрөлхтнийг арвин ихээр ивээх түүхийн нэг шинэ үе эхэлнэ.
2 Хүмүүс Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхийг диваажин болгоно. Бие биеийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд харамгүй сэтгэлээр хүч хөдөлмөрөө зориулна. Аажмаар дэлхий маань амар тайван ноёлсон, үзэсгэлэнтэй сайхан диваажин болно.
Зөв шударга байдал ёс бус бүхнийг хална
3. Хармагедоны дараа хүмүүс юунаас ангижрах вэ?
3 Сатаны тогтолцоог устгахад их том өөрчлөлт гарна. Хүмүүсийг хагалан бутаргадаг хуурамч шашин, нийгмийн тогтолцоо, төр засаг үгүй болно. Хууран мэхлэх зорилготой Сатаны суртал ухуулга, түүнийг нь түгээн тараадаг аливаа бүхэн өнөөгийн тогтолцоог устахад бас ул мөргүй арилна. Сатаны ертөнцийн хорт нөлөөнөөс бүрмөсөн ангижирна гээд бод доо! Ямар сайхан байх бол оо!
4. Хүмүүс юунд суралцах вэ?
4 Тэр үед хүний засаглалын үзэл баримтлалын улмаас хүмүүс хохирохоо больж, Бурхнаар заалгахын ач тусыг арвин ихээр хүртэнэ. «Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдах ... болно» (Исаиа 54:13). Бурхнаар заалгахын хэрээр «далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» (Исаиа 11:9). «Ертөнцийн суугчид» мууд бус, «харин зөв явдалд суралцана» (Исаиа 26:9). Хүмүүс өдөр бүр зөвхөн сайхан юм бодож, сайн үйл хийнэ (Үйлс 17:31; Филиппой 4:8).
5. Ёс бус явдал яах вэ? Ёс бус хүмүүст юу тохиолдох вэ?
5 Тиймээс аллага, хүчирхийлэл, хулгай дээрэм, хүчин гэх зэргийн гэмт хэрэг дахин хэзээ ч гарахгүй. Хэн ч шударга бус явдлын золиос болохгүй. «Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй» гэж Сургаалт үгс 10:30-д бичсэн байдаг.
Хүмүүс төгс эрүүл болно
6, 7. а) Хаанчлал захирах үед юу үгүй болох вэ? б) Ийм өөрчлөлт гарахыг Есүс хэрхэн харуулсан бэ?
6 Самуун явдлын үр дагавар шинэ ертөнцөд аажмаар арилна. Тухайлбал, Хаанчлалын захиргаан дор хүмүүс өвддөггүй, үхдэггүй болно. Өнөө үед хүн хэчнээн эрүүл байлаа ч, нас ахихын хэрээр хараа, сонсгол, шүд нь муудаж, арьс нь үрчийж, эд эрхтнийх нь үйл ажиллагаа алдагдсаар эцэстээ нас бардаг нь гашуун үнэн.
7 Гэхдээ анхны хосын үр удамдаа өвлүүлсэн энэ таагүй бүхнээс бид удахгүй ангижирна. Есүс дэлхийд байхдаа өвчтэй хүмүүсийг яасныг та санаж байна уу? Библид «Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв. Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхан, Израилийн Бурханыг алдаршуулав» гэж бичсэн байдаг (Матай 15:30, 31).
8, 9. Шинэ ертөнцөд хүмүүс төгс эрүүл болоод ямар жаргал эдлэх вэ?
8 Шинэ ертөнцөд хүмүүс цоо эрүүл болоод аз жаргалтай амьдрах нь лавтай. Өвчин эмгэгээс бүрмөсөн ангижирна гэдэг хэчнээн сайхан бэ! «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй». «Сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойно. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна» (Исаиа 33:24; 35:5, 6).
9 Өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл саруул угтана гэдэг сайхан биш гэж үү? Өндөр настнууд тамир тэнхээ нэмж залуужсаар Адам Ева хоёр анх төгс байсан шиг төгс болсноо мэдээд баярлахгүй гэж үү? «Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг бол[но]. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж оч[но]» гэж Бурхан амласан (Иов 33:25). Нүдний шил, сонсголын аппарат, таяг, тэргэнцэр, эм тариа, бүр эмч, эмнэлэг хэрэггүй болно гээд төсөөл дөө!
10. Үхэл яах вэ?
10 Төгс эрүүл хүн үхэхийг хүсэхгүй. Үхэх ч учиргүй юм. Учир нь хүн төрөлхтөн удамшин дамжсан төгс бус байдал, үхлээс чөлөөлөгдөнө. Христ «бүх дайснуудаа Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн». «Бурханы бэлэг бол ... мөнх амь мөн» (1 Коринт 15:25, 26; Ром 6:23; бас Исаиа 25:8-ыг үзнэ үү).
11. Хүн төрөлхтөн ямар ивээл хүртэхийг «Илчлэлт» номд бичсэн бэ?
11 Халамжит Бурхан Диваажинд хүн төрөлхтнийг хэрхэн ивээхийг Библийн сүүлийн номд ийн бичжээ. «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:3, 4).
Нас барагсад амилна
12. Есүс нас барсан хүнийг Бурхны хүчээр амилуулах чадалтайгаа хэрхэн харуулсан бэ?
12 Есүс өвчтэй хүмүүсийг эдгээхээс гадна бүр нас барсан хүмүүсийг амилуулж байсан. Үүгээрээ нас барсан хүнийг Бурхны хүчээр амилуулж чадахаа харуулсан. Нэгэн удаа Есүс охин нь нас барсан хүний гэрт очдог. Тэрбээр охинд «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!» гэж хэлэхэд «тэр даруй охин босоод явж эхлэв». Үүнийг үзсэн хүмүүс «бүр гайхаж орхив». Тэд хэчнээн их баярласан бол оо! (Марк 5:41, 42; Лук 7:11–16; Иохан 11:1–45).
13. Ямар ямар хүмүүс амилах вэ?
13 Шинэ ертөнцөд «зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15, МБОХ, 1996). Есүс: «Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна» гэж хэлсэн учир нас барагсдыг Бурхны өгсөн хүчээр амилуулна (Иохан 11:25). Бас «Булшинд [Бурхны ой санаа] байгчид бүгдээрээ Түүний [Есүс] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж хэлсэн (Иохан 5:28, 29).
14. Хүн үхдэггүй болох учир юу байхгүй болох вэ?
14 Нас барсан хүнийг амилахад хэчнээн их баяр баясал болох бол! Одоогийнх шиг гашуудлын мэдээ бус, харин хэн хэн амилсныг дуулгах сайхан мэдээ түгэж, дотны хүмүүсийг нь баярлуулна. Дахин хэзээ ч оршуулгын цуваа явахгүй, оршуулгын газар гэж байхгүй болно.
Жинхэнэ амар амгалан тогтоно
15. Микагийн зөгнөл хэрхэн биелэх вэ?
15 Хүний амьдралд жинхэнэ ёсоор амар амгалан ноёлно. Дайн гарахгүй, дайныг дэмжигчид, зэвсэг үйлдвэрлэгчид байхгүй болно. Яагаад гэвэл хүн төрөлхтөн үндсэрхэх болон арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах үзлээр талцан хуваагдахгүй юм. Тэр үед «Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» хэмээсэн зөгнөл бүрэн дүүрэн биелнэ (Мика 4:3).
16. Дахин хэзээ ч дайн гаргуулахгүйн тулд Бурхан ямар арга хэмжээ авах вэ?
16 Хүн төрөлхтөн түүхэндээ байнга дайн тулаан хийж, цус урсгаж байсныг бодохлоор ийм өөрчлөлт гарна гэхэд итгэхийн аргагүй мэт санагдаж болох юм. Учир нь дайн дажин гэдэг хүний болон чөтгөрүүдийн засаглалд жирийн явдал болжээ. Харин Бурхны Хаанчлал захирах шинэ ертөнцөд байдал бүрмөсөн өөрчлөгдөнө. «Ирж, Бурханы үйлсийг харагтун. ... Тэрбээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрбээр [дайны] тэрэгнүүдийг галдан шатаадаг» (Дуулал 46:8, 9).
17, 18. Шинэ ертөнцөд хүн болон амьтдын харьцаа ямар байх вэ?
17 Еден цэцэрлэгт хүмүүс болон араатан амьтад бие биедээ аюул учруулдаггүй байсан. Ирээдүйд ч бас тийм болно (Эхлэл 1:28; 2:19). Бурхан: «Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. ... Тэднийг аюулгүй хэвтүүлнэ» хэмээсэн (Хосеа 2:18).
18 Тийм ээ, хаа сайгүй амар амгалан ноёлно. «Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана». Араатан амьтан ч хүн болон бусад амьтанд хор хөнөөл учруулахгүй. Бүр «арслан үхэр мэт сүрэл идэх ... болно!» (Исаиа 11:6–9; 65:25).
Дэлхий Диваажин болно
19. Дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ?
19 Дэлхий тэр аяараа хүн төрөлхтний диваажин гэр болно. Тийм учраас Есүс өөрт нь итгэсэн нэгэн хүнд «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж амласан юм. Библид «Зэлүүд газар, цөл баярлан, ... замар цэцэг мэт дэлгэрнэ. ... Учир нь цөлөөс ус гар[на]» гэжээ (Лук 23:43; Исаиа 35:1, 6).
20. Хүн төрөлхтөн өлсөхийн зовлон үзэхгүй гэхийн учир юу вэ?
20 Бурхны Хаанчлал захирахад хүмүүс өлсөхийн зовлон дахин хэзээ ч үзэхгүй. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх бол[но]». «Хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно» (Дуулал 72:16; Езекиел 34:27).
21. Орон гэргүй хүмүүс, ядуусын хороолол, гэмт хэрэг их гардаг дүүрэг гэж байх уу? Тайлбарлана уу.
21 Орон гэргүй хүмүүс, ядуусын хороолол, гэмт хэрэг их гардаг дүүрэг гэж байхгүй болно. «Тэд гэр барьж, түүн дотор суун, тэд усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Харин тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ». «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» (Исаиа 65:21, 22; МБОХ, 1998; Мика 4:4).
22. Библид бичсэнээр, Бурхныг захирахад хүн төрөлхтөн ямар ивээл хүртэх вэ?
22 Хүн төрөлхтөн Диваажинд өөр олон ивээл хүртэнэ. Дуулал 145:16-д «Та [Бурхан] мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» гэдэг. Библийн нэгэн зөгнөлд «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана. ... Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж байдагт гайхах хэрэггүй (Дуулал 37:11, 29).
Өнгөрсөн үеийн таагүй дурсамж мартагдана
23. Бурхны Хаанчлал захирахад хүн төрөлхтөн үзсэн зовлонгоо хэрхэн мартах вэ?
23 Өнгөрсөн 6 000 жилийн хугацаанд хүн төрөлхтөнд учирсан хор хохирлыг Бурхны Хаанчлал арилгана. Тэр үед хүмүүс жинхэнэ баяр баясгалан эдэлж, үзэж туулсан зовлонгоо мартаж, урьд тохиолдсон таагүй явдлаас болж шаналахгүй. Хүмүүс өдөр бүр зөвхөн сайхан юм бодож, сайныг хийх учир таагүй дурсамж нь аажмаар мартагдана.
24, 25. а) Исаиа юу гэж зөгнөсөн бэ? б) Таагүй дурсамж бүдгэрнэ гэдэгт итгэж болохын учир юу вэ?
24 Халамжит Бурхан маань: «Би шинэ тэнгэр [хүн төрөлхтнийг захирах тэнгэрийн шинэ засгийн газар], шинэ газрыг [зөв шударга хүний нийгэм] бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун» гэж мэдэгдсэн. «Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана» (Исаиа 14:7; 65:17, 18).
25 Өнөөг хүртэл оршин байгаа муу муухай бүхнийг Бурхны Хаанчлал устгана. Бурхан бидэнд учирсан ямар ч хохиролтой харьцуулшгүй их ивээлийг хүртээн мөнхөд хайрлан халамжилна. Үзсэн зовлон маань ор тас мартагдахгүй юм аа гэхэд ой санаанд бүүр түүрхэн л үлдэнэ.
26. Бурхан ямар учраас бидэнд нигүүлслээ үзүүлэх вэ?
26 Ийнхүү Бурхан, энэ ертөнцөд байхдаа бидний амссан хохирлыг нөхөн төлнө. Хүмүүс өөрсдийнхөө буруугаас биш, харин анхны хосын тарьсан балгаар төгс бус болсныг Бурхан ойлгодог. Сатаны ертөнцөд төрсөн маань ч бидний буруу биш бөгөөд Адам Ева хоёр үнэнч байсан бол бид диваажинд төрөх байсныг Бурхан мэддэг. Тиймээс буруугүй байтлаа муу муухайг үзэж хохирсон бидэнд Бурхан агуу нигүүлслээ үзүүлнэ.
27. Шинэ ертөнцөд ямар зөгнөл биелэх вэ?
27 Шинэ ертөнцөд хүмүүс жинхэнэ эрх чөлөө эдлэхийг Ром 8:21, 22-т «Бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно. ... Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ» гэж зөгнөсөн байдаг. Тэр үед хүмүүс «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэсэн залбирлын үг баттай биелэхийг үзнэ (Матай 6:10). Тэнгэрт Бурхны санаа зорилго биелж, амар тайван, аз жаргал ноёлсны адилаар Диваажин дэлхийд ч тийм нөхцөл бүрдэнэ.
[Догол мөрийн асуулт]
[23-р хуудасны зураг]
Шинэ ертөнцөд хөгшчүүл тамир тэнхээ нэмж залуужна
[24-р хуудасны зураг]
Шинэ ертөнцөд хүмүүс бүх өвчин эмгэгээс ангижирна
[25-р хуудасны зураг]
Нас барагсад ирээдүйд амилна
[26-р хуудасны зураг]
Хүмүүс дахин хэзээ ч дайтахад суралцахгүй
[27-р хуудасны зураг]
Диваажинд хүмүүс, араатан амьтад бие биедээ аюул учруулахгүй
[27-р хуудасны зураг]
Бурхан мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана
[28-р хуудасны зураг]
Бурхны Хаанчлал бидэнд учирсан бүх хохиролтой харьцуулшгүй их ивээл хүртээнэ