Skip to content

Гарчиг руу орох

Зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учир

Зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учир

6-р хэсэг

Зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учир

1, 2. Бурхан өвөг дээдсийн маань амьдралыг төгс эхлүүлсэн ч тэд яасан бэ?

 ТЭГВЭЛ юу буруу эргэсэн юм бол? Уг нь, Бурхан Еден дэх Диваажинд анхны хосын амьдралыг төгс эхлүүлсэн билээ. Тэгвэл юунаас болж тэр бүхэн алдагдав? Амар тайван, энх амгалан биш, харин зовлон зүдүүр, ёс бус явдал олон мянган жил ноёлж байгаагийн учир юу вэ?

2 Адам Ева хоёр сонгох эрх чөлөөгөө буруу эдэлснээс болжээ. Тэд Бурханд захирагдаж, хууль тушаалыг нь дагахгүй бол сайн сайхан амьдрахгүй гэдгээ умартаж, Бурхнаас хараат бус байхаар шийдсэн нь илүү сайхан амьдарна гэж бодсоных байв. Ийнхүү Бурхны өгсөн сонгох эрх чөлөөний хязгаарыг давжээ (Эхлэл 3-р бүлэг).

Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал

3–5. Бурхан Адам Ева хоёрыг устгачихаад шинэ хос бүтээгээгүй нь ямар учиртай вэ?

3 Бурхан яагаад Адам Ева хоёрыг тэр дор нь устгачихаад шинэ хос бүтээж болоогүй юм бэ? Учир нь орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэл буюу Бурхны захирах эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал хөндөгдсөн юм.

4 Тодруулбал, «Хэн захирах эрхтэй вэ? Хэн шударга захирдаг вэ?» гэсэн асуулт урган гарсан. Уг нь, Бурхан төгс хүчтэй бөгөөд бүхнийг бүтээсэн учир бүх бүтээлээ захирах эрхтэй. Бас хосгүй мэргэн ухаантай учир бүтээсэн бүхнээ хамгийн сайн захирч чадна. Гэтэл ийм асуулт хөндөгдсөн нь Бурхны захирах эрх мэдэлд халдсан хэрэг байв. Бас «Бурхны бүтээл болох хүнд ямар нэг буруу байв уу?» гэсэн асуулт гарсан. Хүн үнэнч байх эсэх асуудал Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрсөнтэй ямар холбоотойг дараа авч үзье.

5 Хүн Бурхнаас хараат бус байхаар шийдсэний улмаас «Хүн Бурханд захирагдахгүй бол илүү сайхан амьдрах юм биш үү?» гэсэн өөр нэг асуулт хөндөгджээ. Бүтээгч Бурхан энэ асуултын хариуг баттай мэдэж байсан ч хариуг нь тодорхой болгох сайн арга бол хүнд хязгааргүй эрх чөлөө олгох явдал гэж үзсэн. Тиймээс хүмүүсийг өөрсдийнхөөрөө амьдрахаар шийдэхэд нь зөвшөөрсөн.

6, 7. Бурхан яагаад хүмүүст хүссэнээ хийхийг нь ийм удаан хугацаагаар зөвшөөрсөн бэ?

6 Бурхан хүн төрөлхтөнд өөрөөс нь хараат бус, хязгааргүй эрх чөлөөтэй амьдрах хангалттай урт хугацаа олговол Бурханд захирагдах, өөрсдийгөө захирахын аль нь дээр болох нь бүрмөсөн батлагдах байв. Энэ хугацаанд хүмүүс улс төр, аж үйлдвэр, шинжлэх ухаан болон анагаах ухааны салбарт, өөрсдийнхөө бодлоор, оргилд хүрэх байлаа.

7 Тиймээс Бурхан хүмүүст өөрсдийгөө захираад амжилтад хүрэх эсэхийг тов тодорхой харуулахын тулд хүссэнээ хийх эрх чөлөө эдлэхийг өнөөг хүртэл зөвшөөрсөн. Ингээд хүмүүс өөрсдөө өрөвч болон хатуу сэтгэл, хайр хийгээд үзэн ядалт, зөв ба буруугийн нэгийг сонгох болов. Улмаар алийг нь сонгосноосоо шалтгаалан, сайн сайхан, амар тайван амьдрах эсвэл ёс бус явдал, зовлон зүдүүр үзэх байв.

Сүнсэн бүтээлүүд самуун дэгдээсэн нь

8, 9. а) Самуун явдал тэнгэрт хэрхэн дэгдсэн бэ? б) Сатан Адам Ева хоёроос гадна өөр хэнийг самуун явдалд уруу татсан бэ?

8 Бодож үзэх хэрэгтэй бас нэг зүйл бий. Анхны хүмүүс л Бурхны захирах эрх мэдлийг эсэргүүцэн боссон юм биш ээ. Сүнсэн бүтээлүүд бас Бурхныг эсэргүүцсэн аж. Бурхан хүнийг бүтээхээсээ өмнө хүнээс хамаагүй давуу, олон тэнгэр элчийг бүтээсэн байв. Тэнгэр элчүүд ч сонгох эрх чөлөөтэй, Бурханд захирагдах учиртай бүтээл юм (Иов 38:7; Дуулал 104:4; Илчлэлт 5:11).

9 Самуун явдал анх тэнгэрт дэгдсэнийг Библид бичсэн байдаг. Нэг сүнсэн бүтээл хязгааргүй эрх чөлөө эдэлж, бүр хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийг хүсжээ (Матай 4:8, 9). Энэ сүнсэн бүтээл Бурхныг Адам Ева хоёроос ямар нэг сайн юм нууж байна гэж гүтгэн, тэднийг Бурхны эсрэг босоход хүргэжээ (Эхлэл 3:1–5). Тиймээс түүнийг Диавол (Гүтгэгч), Сатан (Дайсан) гэх болсон. Хожим нь тэрбээр бусад сүнсэн бүтээлийг уруу татжээ. Тэднийг чөтгөр гэх болжээ (Дэд хууль 32:17; Илчлэлт 12:9; 16:14).

10. Хүмүүс болон сүнсэн бүтээлүүд Бурхны эсрэг боссон нь ямар үр дагаварт хүргэсэн бэ?

10 Хүмүүс Бурхны эсрэг босон өөрсдийгөө Сатан болон чөтгөрүүдийн эрхшээлд оруулсан. Библид бичсэнээр, Сатан бол «үл итгэгчдийн бодол санааг сохолсон», «энэ үеийн бурхан» юм. Тийм учраас «бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» хэмээн Бурхны Үгэнд тэмдэглэжээ. Есүс ч Сатаныг «энэ ертөнцийн захирагч» гэж хэлсэн (2 Коринт 4:4; 1 Иохан 5:19; Иохан 12:31).

Маргаантай хоёр асуудал

11. Сатан Бурхны эсрэг самуун дэгдээхдээ өөр ямар асуулт хөндсөн бэ?

11 Сатан Бурхны эсрэг самуун дэгдээхдээ бас нэг асуулт хөндсөн. Юу гэвэл, Бурхан хүнийг буруу бүтээсэн бөгөөд саад бэрхшээл тулгарахад зөвийг үйлдэхийг хүсэх хүн нэг ч гарахгүй гэсэн. Нарийн яривал, хүн сорилтод ороод Бурхныг хараана гэж мэтгэсэн (Иов 2:1–5). Ийнхүү хүнийг Бурханд үнэнч байх эсэх талаар маргаантай асуудал босгосон.

12–14. Сатаны хөндсөн хоёр асуудалд цаг хугацаа хэрхэн хариу өгөх байсан бэ?

12 Тиймээс Бурхан энэ асуудал болон хэмжээгүй эрх мэдэлд нь хамаатай асуудал хэрхэн шийдэгдэхийг оюун ухаант бүх бүтээлдээ ойлгуулахын тулд хангалттай урт хугацаа олгожээ (Египетээс гарсан нь 9:16-тай харьцуулна уу.) Энэ хоёр асуудал хэрхэн шийдэгдэхийг хүн төрөлхтний түүх хожим харуулах байв.

13 Юуны түрүүнд, орчлонт ертөнц дэх хэмжээгүй эрх мэдэлд хамаатай асуудал буюу «Бурхан захирах нь зөв үү?» гэдэг асуултад цаг хугацаа ямар хариу өгөх бол? Хүмүүс өөрсдийгөө Бурхнаас илүү сайн захирч чадах уу? Бурхнаас хамааралгүй хүний засаглал дайн, гэмт хэрэг, шударга бус явдал гардаггүй нийгэм байгуулж, хүмүүсийг жаргалтай сайхан, дутах юмгүй амьдруулж чадах болов уу? Өвчин эмгэг, хөгшрөл, үхлийг арилгах болов уу? Бурханд захирагдсан бол ийм зовлон зүдүүр үзэхгүй байх байсан (Эхлэл 1:26–31).

14 Хоёр дахь асуудал буюу хүн гэдэг бүтээлийн үнэ цэнийн талаарх «Бурхан хүнийг буруу бүтээсэн үү?» гэдэг асуултад цаг хугацаа ямар хариу өгөх бол? Саад бэрхшээл тулгарахад зөв юм хийх хүн байх болов уу? Бурхнаас хараат бус байж, өөрийгөө захирахын оронд Бурханд захирагдахыг хүсэх хүн гарах болов уу?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Бурхан хүмүүст амжилтын оргилд хүрэх цаг хугацаа олгосон

[Зураг эзэмшигч]

Shuttle: Based on NASA photo