Самуун явдлын үр дагавар
7-р хэсэг
Самуун явдлын үр дагавар
1–3. Еховагийн зөв байсныг цаг хугацаа хэрхэн харуулсан бэ?
БУРХНЫ захирах эрхийн талаарх маргаантай асуудлын тухайд юу хэлж болох вэ? Хүмүүс олон мянган жилийн хугацаанд Бурхнаас хамааралгүй, өөрсдийгөө захирсны үр дагавар юу байв? Бурхнаас сайн захирсан уу? Түүхэнд гарсан харгис хэрцгий явдлыг бодож үзвэл үгүй гэдэг нь тодорхой.
2 Анхны хүмүүс Бурханд захирагдахаа больсон тэр цагаас зовлонд унасан. Тэд өөрсдөдөө төдийгүй үр удам нь болсон хүн төрөлхтөнд гай тарьсан. Үүндээ хэнийг ч буруутгах аргагүй. Бурхны Үгэнд «Тэд өөрсдөө хөнөөлт хэрэг үйлдсэн учраас түүний хүүхдүүд байхаа больсон. Энэ согог нь тэдний өөрсдийнх» гэж бичжээ (Дэд хууль 32:5, ШЕ).
3 Адам Ева хоёр удирдлага зааврыг нь зөрчвөл уруудан доройтсоор эцэстээ үхнэ хэмээн Бурхны анхааруулж хэлсэн нь үнэн байсныг түүх батлан харуулдаг (Эхлэл 2:17; 3:19). Тэд Бурханд захирагдахаа больсны улмаас төгс байхаа больж, эцэстээ үхсэн юм.
4. Ямар учраас хүн төгс бус буюу өвдөж, үхдэг болсон бэ?
4 Үүнээс улбаалан бүх үр удамд нь юу тохиолдсоныг Ром 5:12-т «Нэг хүнээр [хүн төрөлхтөн хэмээх гэр бүлийн тэргүүн Адам] ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж тайлбарладаг. Тэгэхлээр, анхны хүмүүс Бурхны захиргааг эсэргүүцсэнээр «согогтой», нүгэлтэй болсон байна. Удамшил зүйн хуулиар тэдний үр удам төгс бус байдлыг өвлөн төрсөн. Тиймээс бид бүгд «согогтой» буюу өвдөж, үхдэг болжээ.
5, 6. Амар тайвныг тогтоож, хөгжиж дэвших гэсэн хүний хүчин зүтгэл амжилтад хүрсэн үү?
5 Олон зуун өнгөрч хүчирхэг гүрнүүд мандан бадарч, задран унаж байсан. Хүмүүс засаглалын байж болох бүх хэлбэрийг туршиж үзсэн. Гэвч хүн төрөлхтөнд аймшигтай явдал дахин дахин тохиолдож байсан. Уг нь, 6 000 жилийн хугацаанд хүмүүс дэлхий дахинд энх тайван, шударга ёсыг тогтоож, нийт олноороо хөгжин дэвшиж, өрөвч, сайхан сэтгэл, эвсэг найрсаг занг өөрийн болгож чадна гэж санагдахаар.
6 Гэвч бодит байдал эсрэгээр байна. Хүний бий болгосон нэг ч засаглал бүх хүнийг амар тайван, элбэг хангалуун амьдруулж чадаагүй. 20-р зуунд л гэхэд нацистууд еврей хүмүүсийг олноор устгах бодлого явуулсныг, дайны хөлд 100 сая гаруй хүн амиа алдсаныг бид мэднэ. Өнөөдөр ч улс төрийн үзэл баримтлалын ялгаа, үзэл бодлын зөрчил зэргээс болж олон сая хүн хавчлагад өртөж, амиа алдаж, шоронд хоригдож байна.
Өнөөгийн байдал
7. Өнөөдөр хүн төрөлхтөн ямар байдалтай байна вэ?
7 Бас өнөөгийн байдлыг бодож үзье. Гэмт хэрэг, хүчирхийлэл, мансууруулах бодист донтох явдал газар авч, бэлгийн замаар халддаг өвчин олныг хамарч, ДОХ гэдэг аймшигт өвчин сая сая хүнийг нэрвэж байна. Цөөн тооны хүн баян цатгалан байхад жил бүр олон арван сая хүн өлсгөлөн, өвчнөөр үхдэг. Хүмүүс дэлхийгээ бохирдуулж, үгүйрүүлэн хоосруулж байна. Гэр бүлийг эрхэмлэхээ больж, ёс суртахуунгүй явдал хаа сайгүй гарах болсон. Өнөөдөр хүний амьдрал «энэ үеийн бурхан» Сатаны харгис засаглалыг тусган харуулдаг. Сатаны захирдаг хүйтэн хөндий ертөнцөд хүмүүс өрөвч энэрэнгүй сэтгэлийг умартаж, бүрмөсөн завхран гажуудсан (2 Коринт 4:4).
8. Хүн төрөлхтний гаргасан амжилтыг жинхэнэ хөгжил гэж үзэх аргагүйн учир юу вэ?
8 Бурхан хангалттай урт хугацаа олгож, хүн төрөлхтөн шинжлэх ухааны салбарт амжилтын оргилд хүрч, материаллаг баялгийг ихээр хуримтлуулж чадсан. Гэхдээ нум сумыг пулемёт, танк, бөмбөгдөгч онгоц, цөмийн пуужингаар сольсныг хөгжил гэх үү? Хүмүүс сансарт нисдэг хэр нь дэлхий дээрээ эвтэй сайхан амьдарч чадахгүй байгаа нь хөгжил гэж үү? Шөнө орой, зарим газар бүр өдрийн цагаар гадагшаа гарахаас айдгийг хөгжил гэх үү?
Цаг хугацаа юу харуулав
9, 10. а) Цаг хугацаа юу харуулсан бэ? б) Бурхан хүнээс сонгох эрх чөлөө гэдэг бэлгийг яагаад буцааж аваагүй вэ?
9 Хүн төрөлхтөн Бурханд захирагдахгүйгээр алхаагаа чиглүүлэх чадваргүй нь цаг хугацааны шалгуураар батлагдлаа. Хүн идэж ууж, амьсгалахгүй бол амьд явахгүй. Үүний адилаар Бурхнаар удирдуулахгүйгээр амьдрах аргагүй. Үүнээс нэг зүйл тодорхой болж байна. Хүн хоол хүнс, ус, агаараас хамааралтай байдаг шигээ Бүтээгчээсээ бас хамааралтай.
10 Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөр сонгох эрх чөлөөг буруу эдлэхийн хор уршгийг бүх нийтэд тов тодорхой харуулсан. Бурхан хүн төрөлхтөнд өгсөн сонгох эрх чөлөө гэдэг эрхэм бэлгээ буцаан аваагүй юм. Харин ч буруу эдэлбэл ямар уршигт хүрдгийг ухааруулахыг хүссэн. Бурхны Үгэнд «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» гэж бичсэн нь үнэн юм. Бас «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» гэсэн нь ч үнэн (Иеремиа 10:23, ШЕ; Номлогчийн үгс 8:9, ШЕ).
11. Хүний засаглал зовлон зүдүүрийг арилгаж чадсан уу?
11 Хүн зовлон зүдүүрийг арилгах чадалгүй нь Бурхны олгосон 6 000 жилийн хугацаанд няцаахын аргагүйгээр батлагдсан. Хүний түүхэнд зовлонгүй үе гэж байгаагүй. Жишээлбэл, Израилийн хаан Соломон ч мэргэн ухаан, эд баялаг, эрх мэдлээрээ хүний засаглалаас үүдэлтэй зовлон шаналлыг арилгаж чадаагүй (Номлогчийн үгс 4:1–3). Орчин үед ч улс төрийн удирдагчид сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүнийг зовлонгоос ангижруулж чадахгүй байна. Харин ч Бурхнаас хараат бус хүн төрөлхтөн өөртөө зовлон нэмдгийг түүх баталдаг.
Бурхан алсын хараатай
12–14. Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрсөн нь эцэстээ ямар сайн үр дүнд хүрэх вэ?
12 Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрсөн нь хүмүүст амаргүй хэрэг болсон. Гэхдээ энэ нь эцэстээ ямар сайн үр дүнд хүрэхийг алсын хараатай Бурхан мэдэж байсан. Бурхны энэ шийдвэр бүтээлүүдэд нь хэдэн арав, хэдэн мянган жилийн бус, харин хэдэн сая жилийн, бүр үүрдийн ач тус хүргэх байв.
13 Хожмын цагт хэн нэгэн сонгох эрх чөлөөгөө урвуулан ашиглаж, Бурхан захирах эрхтэй эсэхэд эргэлзэн, маргаан дэгдээлээ гэхэд уг асуудалд хариу өгөх гэж цаг алдах хэрэг гарахгүй. Бурхан самуун дэгдээгчдэд олон мянган жилийн хугацаа олгон асуудлыг шийдэхдээ, нэг ёсны, жишиг тогтоосон бөгөөд дахин ийм асуудал хөндвөл тэр жишигт үндэслэн шийдэх юм.
14 Ехова Бурхан ёс бус явдал, зовлон зүдүүрийг өнөөг хүртэл хүлцэн зөвшөөрсөн. Үүний дүнд Бурхны санаа зорилгоос ангид аливаа бүхэн амжилтад хүрэхгүй нь бүрмөсөн батлагдана. Бас хүн ч бай, сүнсэн бүтээл ч бай, Бурхнаас хараат бус байхаар ямар ч санаа сэдсэн, сайн юманд хүрэхгүй нь эргэлзээгүйгээр батлагдана. Тиймээс Бурхан хожим самуун дэгдээсэн аливаа этгээдийг тэр дор нь устгалаа гэхэд шударга ёсыг гажуудуулсан болохгүй. «Хорон муу хүнийг Тэр устгана» (Дуулал 145:20; Ром 3:4).
[Догол мөрийн асуулт]
[15-р хуудасны зураг]
Анхны хос Бурхнаас хараат бус байхаар шийдсэний балгаар өтөлж хөгширсөөр үхсэн
[16-р хуудасны зураг]
Бурхнаас хамааралгүй хүний засаглал хөнөөл учруулдаг
[Зураг эзэмшигч]
U.S. Coast Guard photo