Хүмүүс зовлонгоос ангижирна
2-р хэсэг
Хүмүүс зовлонгоос ангижирна
1, 2. Өөр олон сая хүн ямар бодолтой явдаг вэ?
ГЭВЧ өөр үзэл бодолтой олон сая хүн бий. Тэд хүн төрөлхтнийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг бөгөөд удахгүй дэлхий дээрх бүх зовлон зүдүүр, ёс бус явдал үгүй болно гэж ярьдаг. Муу муухай бүхэн ул мөргүй арилж, цоо шинэ нийгэм бий болно гэдэгт огт эргэлздэггүй. Бүр шинэ ертөнцийн суурь тавигдаж байна гэж үздэг!
2 Шинэ ертөнцөд хүмүүс дайн дажин, гэмт хэрэг, шударга бус явдал, ядуурал, өвчин эмгэгээс ангижран төгс болж, уй гашуу, уйтгар гуниг, үхэл хагацал үзэхгүй, мөнхөд жаргалтай амьдарна гэж тэд итгэдэг. Бүр нас барагсад амилж, мөнх амьдрах боломжтой болно гэж найддаг.
3, 4. Тэд бат итгэлтэй явдаг нь ямар учиртай вэ?
3 Ирээдүйг ингэж хардаг нь гэнэн мөрөөдөл үү? Үгүй ээ, харин ч дэлхий Диваажин болно гэж бат итгэдгийнх аж (Еврей 11:1). Ингэж итгэх ямар үндэс байдаг юм бол? Орчлонт ертөнцийг бүтээсэн, төгс хүчит Бүтээгч амлалт өгсөн юм.
4 Бурхны амлалтыг Библид ингэж бичсэн байдаг. «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн». «Бурхан бол худал хэлдэг хүн биш. ... Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?». «Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, „Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ“ [гэсэн]» (Иошуа 23:14; Тооллого 23:19; Исаиа 14:24).
5. Ямар ямар асуулт гарч байна вэ?
5 Гэхдээ Бурхан хүмүүсийг диваажин дэлхийд жаргалтай амьдруулах зорилготой юм бол зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрсөн нь ямар учиртай юм бэ? Болж бүтэхгүйг нь засалгүй, өнөөг хүртэл зургаан мянган жил хүлээсэн нь юуных вэ? Хүмүүс ийм олон мянган жил зовж байгаа нь Бурхан хүнд санаа тавьдаггүй эсвэл Бурхан байдаггүй гэсэн үг юм болов уу?
[Догол мөрийн асуулт]