Skip to content

Гарчиг руу орох

Шинэ ертөнцийн суурь тавигдаж байна

Шинэ ертөнцийн суурь тавигдаж байна

11-р хэсэг

Шинэ ертөнцийн суурь тавигдаж байна

1, 2. Библид зөгнөсөн ёсоор ямар үйл явдал болж байна вэ?

 САТАНЫ ёс бус тогтолцоо улам бүр уруудан доройтож байхад Бурхны байгуулах шинэ ертөнцийн суурь тавигдаж байгаа нь үнэхээр гайхалтай. Эв түнжингүй өнөөгийн нийгмийн халаанд бий болох шинэ нийгмийн цөмийг бүрдүүлэх янз бүрийн үндэстний хүмүүсийг Бурхан эдүгээ цуглуулж байна. Энэхүү шинэ нийгмийг Библийн «2-р Петр» номын 3:13-т «шинэ газар» гэсэн байдаг.

2 Библийн өөр нэгэн зөгнөлд «Эцсийн өдрүүдэд [бидний амьдарч байгаа үе] ... олон ард түмнүүд ирээд „Ирцгээ, ЭЗЭНий уул [жинхэнэ шүтлэг] уруу ... явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм“ гэцгээнэ» хэмээжээ (Исаиа 2:2, 3).

3. а) Исаиагийн зөгнөл ямар хүмүүсийн тухайд биелж байна вэ? б) Библийн сүүлийн номд энэ талаар юу гэж бичсэн бэ?

3 Энэ зөгнөл Бурханд захирагдаж, жимээр нь алхдаг хүмүүсийн тухайд биелж байна. Библийн сүүлийн номд энхийг эрхэмлэдэг энэ бүлэг хүнийг Бурханд эв нэгдэлтэй үйлчилдэг, «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» бүрддэг, олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгдсэн «үй олон хүн» гэж бичжээ. Бас тэднийг «үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд» гэсэн байдаг учир тэд өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давна гэсэн үг (Илчлэлт 7:9, 14; Матай 24:3).

Олон улсын ахан дүүгийн жинхэнэ барилдлага

4, 5. Еховагийн Гэрчүүд хэний ачаар дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгддэг вэ?

4 Еховагийн Гэрчүүд Бурхныхаа таалалд нийцүүлж, сургаал зааврынх нь дагуу амьдрахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Бурхны байгуулах шинэ ертөнцөд мөнх амьдарна гэж найддаг. Өдөр тутмын амьдралдаа Бурхны хуулийг сахидаг нь Бурханд одоо ч, шинэ ертөнцөд ч дуртайяа захирагдахыг хүсдэгийнх юм. Яс үндэс, угсаа гарал нь өөр өөр боловч Бурхны Үгэндээ бичүүлсэн тэр л хэм хэмжээг сахиж амьдардаг. Тиймээс олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгдсэн Еховагийн Гэрчүүд бол Бурхны байгуулах шинэ нийгмийн цөм юм (Исаиа 54:13; Матай 22:37, 38; Иохан 15:9, 14).

5 Еховагийн Гэрчүүд дэлхий даяар ахан дүүгийн хосгүй барилдлагад багтдагаа өөрсдийнхөө гавъяа гэж үздэггүй. Харин Бурхны хуулийг сахидаг хүмүүст Бурхны хүчирхэг сүнс үйлчилдгийн үр дүн гэж ойлгодог (Үйлс 5:29, 32; Галат 5:22, 23). Тэд Бурхны ачаар ахан дүүгийн барилдлагад нэгддэг. «Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой» гэж Есүс хэлсэн байдаг (Лук 18:27). Тэгэхлээр, мөнхөд орших орчлонт ертөнцийг бүтээсэн Бурхан бол мөнхөд орших шинэ нийгмийг бий болгож буй Нэгэн юм.

6. Еховагийн Гэрчүүдийн ахан дүүгийн барилдлагыг орчин үеийн гайхамшиг гэж хэлж болохын учир юу вэ?

6 Одоо бүрэлдэж буй шинэ ертөнцийн суурийг хэрхэн тавьж байгаагаас нь шинэ ертөнцөд Бурхан хэрхэн захирахыг мэдэж болно. Гэрчүүдийнхээ төлөө юу хийдгийг нь орчин үеийн гайхамшиг гэж хэлж болно. Ехова Гэрчүүдээ үндсэрхэх болон арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах үзэл, шашны сургаал номлолоор хэзээ ч хуваагдахгүй, дэлхий дахины ахан дүүгийн жинхэнэ барилдлагад нэгтгэдэг. Олон сая Гэрч дэлхийн 230 гаруй оронд амьдардаг ч итгэл үнэмшлээрээ бат нэгдсэн хүмүүс юм. Түүхэнд хосгүй энэхүү ахан дүүгийн барилдлага бол үнэхээр орчин үеийн нэгэн гайхамшиг билээ (Исаиа 43:10, 11, 21; Үйлс 10:34, 35; Галат 3:28).

Бурхны ард түмнийг таних нь

7. Есүсийн хэлснээр жинхэнэ дагалдагчдыг нь юугаар нь таних вэ?

7 Бурхны тавьж буй шинэ ертөнцийн суурийг бүрдүүлдэг хүмүүсийг өөр юугаар таних вэ? Иохан 13:34, 35-д бичсэн Есүсийн үгийг биелүүлдэг эсэхээр нь. Тэрбээр: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн. Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэг, үгийг нь хэрэгжүүлдэг. Бурхны Үгэнд бичсэнээр «бие биеэ халуунаар хайрла[даг]» (1 Петр 4:8). Бас «эв нэгдлийн төгс холбоос» болсон «хайрыг өмс[дөг]» (Колоссай 3:14). Тиймээс, ахан дүүгээ гэсэн хайр нь тэднийг нэгтгэдэг «цавуу» адил юм.

8. 1 Иохан 3:10–12-оос Бурхны ард түмний өөр ямар шинжийг мэдэж болох вэ?

8 Түүнээс гадна, 1 Иохан 3:10–12-т «Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш. Бид бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм» гэж бичсэн байдаг. Тэгэхлээр, Бурхны ард түмэн бол хүчирхийллийг үзэн яддаг, дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад нэгдсэн хүмүүс юм.

Бусад онцлог шинж

9, 10. а) Эцсийн өдрүүдэд Бурхны үйлчлэгчдийг ямар ажлаар нь таних вэ? б) Еховагийн Гэрчүүд Матай 24:14-ийг хэрхэн биелүүлж байна вэ?

9 Бурхны үйлчлэгчдийг ялгах өөр нэг онцлог шинж бий. Есүс ертөнцийн төгсгөлийн талаар зөгнөхдөө өнөө үеийг эцсийн өдрүүд мөн гэж батлах олон үйл явдал болохыг хэлсэн (9-р хэсгийг үзнэ үү). Энэ зөгнөлийн нэг чухал онцлог шинжийг Есүс Матай 24:14-т «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн.

10 Энэ зөгнөл биелж байна уу? Тийм ээ, бидний нүдэн дээр биелж байна. Эцсийн өдрүүд 1914 онд эхэлснээс хойш дэлхий даяар Еховагийн Гэрчүүд Есүсийн тушаасан тэр л ёсоор, айлаар явж Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглаж ирсэн (Матай 10:7, 12; Үйлс 20:20). Тэд бүх үндэстний хүмүүст шинэ ертөнцийн тухай мэдээ дуулгадаг. Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны нэг хүрээ нь Бурхны Хаанчлалын тухай мэдээ түгээдэг хэвлэлийг олон тэрбум хувиар хэвлэж, тараах ажил юм. Үүний ачаар энэ товхимол таны гарт хүрсэн нь лавтай. Айлаар явж Бурхны Хаанчлалын тухай тунхагладаг өөр хүмүүсийг та мэдэх үү? Марк 13:10-ыг үзвэл, сайн мэдээ тунхаглах болон заах ажлыг «эхлээд» буюу төгсгөл ирэхээс урьтаж амжуулах учиртай.

Хоёр дахь маргаантай асуудалд хариу өгөх нь

11. Еховагийн Гэрчүүд Бурханд захирагдан өөр юуг баталдаг вэ?

11 Еховагийн Гэрчүүд Бурхны хууль зарчмыг сахин өөр нэг зүйлийг баталдаг. Хүн сорилтод орохлоороо Бурханд үнэнч байж чадахгүй гэж мэтгэсэн Сатаны худалчийг нотолдог. Ийнхүү хүн Бурханд үнэнч байж чаддагийг харуулан хоёр дахь маргаантай асуудалд хариу өгдөг (Иов 2:1–5). Гэрчүүд бүх үндэстний олон сая хүнээс бүрддэг ч нийтээрээ Бурханд үнэнч захирагддаг. Еховагийн Гэрчүүд төгс бус ч гэлээ, Сатаны учруулдаг сорилт бэрхшээлийг үл хайхран орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлаар Бурхны талд бат зогсдог.

12. Гэрчүүд итгэлээрээ хэнийг дууриадаг вэ?

12 Орчин үед олон сая Еховагийн Гэрч эрт цагт Бурханд үнэнч байсан өөр олон гэрчийн цуваанд нэгдэн нийлдэг. Үүнд Абел Ноа Иов Абрахам Исаак Иаков Дебора Рут Давид Даниел нарын хүмүүс ордог (Еврей 11-р бүлэг). Тэднийг Библид үнэнч «гэрчүүдийн агуу үүл» гэсэн байдаг (Еврей 12:1, ШЕ). Эдгээр болон бусад хүн, бас Есүсийн шавь нар Бурханд үнэнч байсан. Есүс өөрөө ч Бурханд үнэнч байхын хамгийн сайн жишээ үзүүлсэн.

13. Есүс Сатаны тухай юу гэж хэлсэн нь батлагддаг вэ?

13 Энэ бүхэн Есүсийн үг үнэн болохыг баталдаг. Тэрбээр Сатаны талаар шашны удирдагчдад «Бурхнаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. ... Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худлаа хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм» гэж хэлсэн (Иохан 8:40, 44).

Та яахаар шийдэж байна вэ?

14. Шинэ ертөнцийн суурь яаж байна вэ?

14 Бурхан Гэрчүүдээ олон улсын ахан дүүгийн барилдлагад нэгтгэн шинэ ертөнцийн суурийг тавьж байгаа бөгөөд энэ суурь улам бүр бэхжиж байна. Жил бүр олон зуун мянган хүн үнэний мэдлэгтэй болж, мэдлэгийнхээ үндсэн дээр Бурханд сайн дураараа захирагдахаар шийддэг. Тэд шинэ нийгмийг бүрдүүлж буй хүмүүсийн эгнээнд нэгдэж, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлаар Бурхны талд бат зогсон, Сатаны худалчийг баталдаг.

15. Удахгүй юуг юунаас тусгаарлах вэ?

15 Бурханд захирагдахаар шийдсэн хүмүүс Христийг «хонио ямаанаас» тусгаарлах тэр үед «баруун талд» нь байх шаардлага хангах юм. Есүс эцсийн өдрүүдийн талаар зөгнөхдөө «Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана» гэж хэлсэн. Бурханд захирагдаж, Христийн ах дүүстэй нэгдэн тэднийг дэмжсэн даруу хүмүүсийг Есүс «хонь» гэж үзнэ. Харин Христийн ах дүүсийг үл тоомсорлож, Бурхны эрх мэдлийг огт дэмжээгүй, зөрүүд хүмүүсийг «ямаа» гэж тооцно. Эцэст нь «тэд [ямаа] мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс [хонь] нь мөнх аминд орох юм» гэж Есүс хэлсэн (Матай 25:31–46).

16. Диваажинд амьдрахыг хүсэж байвал яах хэрэгтэй вэ?

16 Бурхан бидэнд үнэхээр их санаа тавьдаг! Биднийг тун удахгүй үзэсгэлэнтэй сайхан диваажин дэлхийд амьдруулна. Та тэр Диваажинд амьдрахыг хүсэж байна уу? Хүсэж байвал, Ехова Бурхны тухай сурч мэдээд сурснаа ажил хэрэг болгоорой. Энэ нь таны төлөө хийсэн бүхэнд нь талархаж байгаа хэрэг болно. «Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун. Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө» (Исаиа 55:6, 7).

17. Хэнд үйлчлэхээ шийдэх гэж цаг алдах хэрэггүйн учир юу вэ?

17 Энэ тогтолцооны төгсгөл тун ойрхон байгаа учир цаг бүү алдаарай. Бурхан: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. ... Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» гэж зөвлөдөг (1 Иохан 2:15–17).

18. Ямар алхам хийвэл Бурхны гайхамшигт шинэ ертөнцөд амьдарна гэдэгтээ итгэлтэй байх вэ?

18 Өнөөдөр Бурхны ард түмэн шинэ ертөнцөд мөнх амьдрах бэлтгэлээ хангаж байна. Дэлхийг диваажин болгон хувиргахад хэрэг болох сүнслэг болон өөр олон чадварыг эзэмшдэг. Бид таныг Бурханд захирагдах шийдвэр гаргаж, дэлхий дахинд удирдан явуулж буй амь аврах ажлыг нь дэмжихийг уриалж байна. Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаарай. Танд чин сэтгэлээсээ санаа тавьдаг, зовлон зүдүүрийг удахгүй арилгах Бурхны тухай мэдэж аваарай. Ингэвэл та ч бас шинэ ертөнцийн суурийг бүрдүүлж буй хүмүүсийн эгнээнд багтана. Тэгсэн цагт Бурхны сайшаалыг хүртэж, гайхалтай шинэ ертөнцөд мөнх амьдарна гэдэгтээ итгэлтэй байж болно.

[Догол мөрийн асуулт]

[31-р хуудасны зураг]

Еховагийн Гэрчүүд олон улсын ахан дүүгийн жинхэнэ барилдлагад нэгддэг

[32-р хуудасны зураг]

Бурхны байгуулах шинэ ертөнцөийн суурь тавигдаж байна