Skip to content

Гарчиг руу орох

Дэлхийд хамгийн өргөн тархсан ном

Дэлхийд хамгийн өргөн тархсан ном

Дэлхийд хамгийн өргөн тархсан ном

«Библи бол түүхэнд хамгийн олон уншигчтай ном юм. [...] Библи өөр ямар ч номоос илүү олон хувиар тархсан. Мөн өөр ямар ч номоос илүү олон удаа, илүү олон хэлээр орчуулагджээ» («The World Book Encyclopedia»).1

ИХЭНХ ном зарим талаараа хүнтэй адилхан байдаг. Хорвоод мэндэлж, алдар хүндийн оргилд ч хүрч болох юм. Тэгээд цөөн хэдэн сонгодгоос бусад нь хөгширч, үхдэг. Номын сангууд хуучирсан, уншихаа больсон, үнэн чанартаа үхмэл, тоо томшгүй олон номын «оршуулгын газар» болдог.

Харин Библи сонгодог зохиолуудын дотор ч ер бусын ном юм. Библийг 3 500 жилийн өмнө бичиж эхэлсэн ч, үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Энэ ном өөр ямар ч номтой зүйрлэмгүй өргөн тархсан билээ. * Жил бүр Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 60 орчим сая хувь хэвлэн тараадаг. Библийг анх 1455 оны үед Германы зохион бүтээгч Иоханн Гутенбергийн хэвлэх машин дээр үсэг өрөх аргаар хэвлэжээ. Түүнээс хойш бүтнээр нь болон хэсэгчлэн дөрвөн тэрбум орчим хувь хэвлэсэн байна. Үүгээрээ, шашны болон өөр ямар ч номыг дагуулахгүй ажээ.

Мөн түүнчлэн, түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном юм. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2 100 гаруй хэл, аялгуунд хөрвүүлжээ. * Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Библийн нэг хэсгийг ч атугай төрөлх хэлээрээ унших боломжтой.2 Энэ ном улс үндэстнүүдийн хил хязгаарыг тийнхүү давж, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах саадыг гэтэлж чадсан байна.

Та ганц статистикийн мэдээ үзээд л Библийг сайн судалъя гэж бодохгүй байх л даа. Гэхдээ нийтэд тархсан хүрээ, орчуулагдсан тоо нь гайхалтай бөгөөд энэ нь дэлхий нийтээрээ Библи сонирхдогийн баталгаа юм. Хамгийн эрэлт ихтэй, хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдсан ном таны анхаарлыг зүй ёсоор татах буй заа.

[Зүүлт]

^ д/м 4 «Мао Зэ-Дуны бүтээлийн ишлэл» хэмээх улаан хавтастай товхимлыг тархалтаараа хоёрт орох хэвлэлд тооцдог. Уг товхимлоос 800 орчим сая хувийг борлуулах буюу тараасан байна.

^ д/м 5 Энэ тоог Библийн Нэгдсэн Нийгэмлэгээс эрхлэн гаргасан статистикийн мэдээнд үндэслэв.

[6-р хуудасны хавсралт]

Латин хэлээр гаргасан Библи. Үсэг өрөх аргаар Гутенбергийн хэвлэсэн анхны ном