Skip to content

Гарчиг руу орох

Мушгин гуйвуулсан ном

Мушгин гуйвуулсан ном

Мушгин гуйвуулсан ном

«Дэлхий тэнхлэгээ эргэхийн хамт Нарыг тойрдог тухай хослох хөдөлгөөний онол худал бөгөөд Библитэй эрс зөрчилддөг». 1616 онд Ромын католик шашны Ном хэвлэл хянах хорооноос гаргасан тогтоолд ийн тэмдэглэжээ.1 Библи шинжлэх ухааны баримттай үнэхээр зөрчилддөг үү? Эсвэл мушгин гуйвуулав уу?

ТЭРТЭЭ 1609—1610 оны өвөл Галилео Галилей шинэхэн бүтээсэн дуран авайгаа тэнгэр өөд чиглүүлж, Бархасбадь гаригийг тойрон эргэх дөрвөн сарыг илрүүлжээ. Энэ нь тэнгэрийн бүх эрхэс Дэлхийг тойрон эргэдэг гэсэн нийтлэг ойлголтыг эвдсэн аж. Үүнээс урьд, 1543 онд Польшийн астрономич Николай Коперник гаригууд Нарыг тойрон эргэдэг гэсэн онол гаргасан байв. Галилео үүнийг шинжлэх ухааны хувьд үнэн байсныг баталсан юм.

Гэсэн ч, энэ нь католик шашны теологчдын хувьд тэрс үзэл байв. Орчлонт ертөнцийн төвд Дэлхий оршдог гэсэн үзлийг католик сүм хийд он удаан жил баримталсаар иржээ.2 Энэ нь Дэлхий «үүрд мөнхөд гуйвж дайвахгүйн тулд... суурин дээрээ» байдаг гэх зэрэг Библийн үг хэллэгийг үгчлэн тайлбарладагтай холбоотой байсан аж (Дуулал 104:5). Галилеог Ромд байдаг инквизиц буюу шашны шүүхэд дууджээ. Тэрбээр харгис хатуу мөрдөн байцаалтад орж, хийсэн нээлтүүдээсээ арга буюу татгалзан, үлдсэн амьдралаа гэрийн хорионд өнгөрөөжээ.

Галилеогийн зөв байсныг нас барснаас нь хойш бараг 350 жилийн дараа буюу 1992 онд католик сүм хийд хүлээн зөвшөөрсөн билээ.3 Тэгээд, Галилеогийн зөв байсан юм бол, Библи буруу болж таарах уу?

Библийн үг хэллэгийн жинхэнэ утгыг олох нь

Галилео Библийг үнэн гэж үздэг байв. Тэрбээр өөрийнх нь хийсэн шинжлэх ухааны нээлтүүд тухайн үед нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Библийн зарим үг хэллэгийн тайлбартай зөрчилдөхөд теологчид жинхэнэ утгыг нь ойлгодоггүй болохыг мэджээ. Түүгээр ч барахгүй, «хоёр үнэн өөр хоорондоо зөрчилдөх нь огт үгүй» гэж бичиж байв.4 Мөн шинжлэх ухааны нарийн нэр томьёо Библийн энгийн үг хэллэгтэй зөрчилдөөд байдаггүй тухай хэлсэн байдаг. Гэвч теологчид үүнийг хүлээж аваагүй. Тэд, Дэлхийн тухай Библид бичсэн бүхнийг үг үсэгчлэн ойлгох ёстой хэмээн зүтгэдэг байжээ. Ингэсэн нь эцсийн дүндээ ганц Галилеогийн нээлтүүдээс татгалзсан төдийгүй Библийн тиймэрхүү үг хэллэгийн жинхэнэ утгыг эс хайхарсан хэрэг байв.

Библи бичигчид «дэлхийн дөрвөн өнцөг» гэж бичихдээ Дэлхийг дөрвөлжин гэж ойлгоогүй нь хар ухаанаар бодоход тодорхой (Илчлэлт 7:1). Библийг уран тод зүйрлэл ашиглан, энгийн хэлээр бичсэн байдаг. Тиймээс Библид Дэлхийг «дөрвөн өнцөг», бат бөх «суурь», «сууриуд», «булангийн чулуу» бүхий гэж бичсэн нь шинжлэх ухааны үүднээс тодорхойлсон хэрэг биш, харин бид өдөр тутмынхаа ярианд зүйрлэл ашигладагтай адилхан юм * (Исаиа 51:13; Иов 38:6).

Намтарч Л. Геймонат «Галилео Галилей» номдоо: «Библийг өөрийнхөөрөө тайлбарлаж, түүндээ дулдуйдан шинжлэх ухааныг хязгаарлахыг хүссэн явцуу үзэлтэй теологчид, хэрэг дээрээ, Библид итгэх итгэлийг алдруулсан» гэж бичжээ («Galileo Galilei»).5 Үнэхээр ч тийм ажээ. Шинжлэх ухаанд тавьсан утгагүй хязгаарлалт нь, мөн чанартаа, Библид бичсэн зүйл биш, Библийн талаарх теологчдын тайлбар байсан юм.

Өнөөдөр ч гэсэн, хуучинсаг үзэлтэй теологчид Дэлхийг зургаан өдрийн дотор бүтээсэн хэмээн зүтгэж, Библийг гажуудуулдаг (Эхлэл 1:3—31). Тийм санаа шинжлэх ухаантай ч, Библитэй ч тохирдоггүй. Библид байдаг «өдөр» гэдэг үг, энгийн ярианд хэрэглэгддэг шиг, үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй цаг хугацааны нэгжийг илэрхийлдэг өргөн хүрээтэй ойлголт юм. Жишээ нь, Эхлэл 2:4-т (ШЕ) хэрэглэсэн «өдөр» гэдэг үгэнд Бурхны бүтээх ажлын бүх зургаан өдөр багтдаг. Библид «өдөр» гэж орчуулагдсан еврей үг «удаан хугацаа» гэсэн утгатай байх нь ч бий.6 Тиймд Бурхны бүтээх ажлын өдөр тус бүр 24 цагтай тэнцүү байсан гэж зүтгэх нь Библийн үндэслэлгүй юм. Гэтэл теологчид ийн зааж, Библийг мушгин гуйвуулдаг. (Мөн 2 Петр 3:8-ыг үзнэ үү.)

Теологчид бүхий л түүхийн явцад Библийг гажуудуулж байсан билээ. «Христ шашны» урсгалууд Библид өгүүлснийг хэрхэн мушгин гуйвуулдгийг үзье.

Шашнаар мушгин гуйвуулдаг

Библийг баримталдаг гэх хүмүүс бишрэн хүндэтгэдэг гэж хэлдэг номынхоо нэр хүндийг үйлсээрээ гутаах нь олонтаа. «Христ шашинтнууд» Бурхны нэрийг барьж нэг нэгнийхээ цусыг урсгасаар ирсэн. Гэтэл Библид Христийн дагалдагчдыг «бие биеэ хайрлахыг» уриалсан байдаг (Иохан 13:34, 35; Матай 26:52).

Зарим лам хувраг сүсэгтэн олны хүч хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгийг мэхлэн авч, тэднийг шулдаг бөгөөд үүгээрээ, «үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» хэмээсэн Библийн зөвлөгөөг үл тоомсорлодгоо харуулдаг (Матай 10:8; 1 Петр 5:2, 3).

Библиэс иш татах төдий эсвэл тэр дагуу амьдардаг гэж хэлдэг хүмүүсийн үг яриа, үйл хэргээр энэ номыг дүгнэж болохгүй нь ойлгомжтой. Тийм учраас аливаад ул суурьтай ханддаг хүн Библи юу өгүүлдэг, юугаараа тийм гайхамшигтай ном болохыг өөрөө мэдэж авахыг хүсэх буй заа.

[Зүүлт]

^ д/м 8 Жишээлбэл, Нар, од, одны ордууд хөдөлж буй мэт харагддаг нь, үнэн хэрэгтээ, Дэлхий эргэдгийн улмаас боловч үгийн хойноос хэт хөөцөлддөг астрономичид хүртэл орчин цагт тэдгээрийг «мандах», «жаргах» гэж ярьдаг.

[4-р хуудасны зураг]

Галилеогийн хоёр дуран авай

[5-р хуудасны зураг]

Галилео инквизицийн шүүгчдийн өмнө