Skip to content

Гарчиг руу орох

Олон хэлээр «ярьдаг» ном

Олон хэлээр «ярьдаг» ном

Олон хэлээр «ярьдаг» ном

Хэрэв аливаа номыг бичсэн хэл мөхвөл тэр ном ч мөхөж байгаа хэрэг. Өнөөдөр Библийг эртний хэлээр нь уншиж чаддаг хүн ховорхон. Гэсэн ч Библи «амьд» хэвээрээ байгаа. Хүн төрөлхтний олон хэлээр «ярьж сурсан» учраас хадгалагдан үлдсэн юм. Библийг гадаад хэлээр «ярьж сургасан» орчуулагчид заримдаа давж дийлшгүй мэт санагдах саад тотгортой учирч байжээ.

МЯНГА нэг зуу гаруй бүлэг, 31 000 гаруй зүйл бүхий Библийг орчуулна гэдэг санаснаар болчих ажил биш ээ. Гэвч ажилдаа үнэнч орчуулагчид энэ амаргүй ажлыг олон зууны турш дуртайяа амжуулсаар иржээ. Тэдний ихэнх нь энэ ажлынхаа төлөө гачигдал зовлонг тэвчих нь битгий хэл, үхэхэд ч бэлэн байв. Библийг хүн төрөлхтний олон хэлнээ хөрвүүлсэн явдал бол цөхрөлтгүй оролдлого, бүтээлч хөдөлмөрийн гайхамшигтай түүх юм. Тун сонирхолтой тэрхүү түүхээс сөхөж үзье.

Орчуулагчдад тулгарсан янз бүрийн бэрхшээл

Та ямар нэг номыг огт бичиг үсэггүй хэл уруу яаж орчуулах вэ? Библийн олон орчуулагч яг ийм бэрхшээлтэй тулгарч байжээ. Тухайлбал, МЭ IV зуунд амьдарч байсан Улфил гэдэг хүн Библийг тухайн үедээ шинэ боловч бичиг үсэггүй гот хэлээр орчуулахаар шийджээ. Тэрбээр грек, латин цагаан толгойд үндэслэж, 27 үсэг бүхий гот хэлний цагаан толгой зохиосноор уг асуудлыг шийдвэрлэсэн юм. МЭ 381 он гэхэд Библийг бараг бүгдийг нь гот хэлээр орчуулж дуусгажээ.

IX зуунд амьдарч байсан алдарт эрдэмтэн, хэл шинжлэлч, грек хэлт ах дүү Кирилл (унаган нэр нь Константин) Мефодий нар слав хэлтнүүдэд зориулж Библи орчуулахыг хүсжээ. Гэтэл өнөөгийн слав хэлнүүдийн өвөг болсон тэр үеийн слав хэлэнд бичиг үсэг гэж байсангүй. Ийм учраас ах дүү хоёр Библи орчуулахын тулд цагаан толгой зохиожээ. Тийнхүү Библи слав хэлтэй орнуудын өчнөөн олон хүнтэй «ярьж» чаддаг болсон билээ.

XVI зууны үед Уильям Тиндал Библийг эх хэлнээс нь англи хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж байгаад сүм хийд, төр засгийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Оксфордын их сургуульд боловсрол олж авсан тэрбээр «тариачин хүү» ч ойлгохоор орчуулга хийхийг хүсэж байв.1 Гэвч зорьсондоо хүрэхийн тулд Германд дүрвэж очжээ. Англи хэлнээ хөрвүүлсэн «Шинэ Гэрээ» нь 1526 онд тэнд хэвлэгдсэн байна. Англид нууцаар оруулж ирсэн уг хэвлэлийг эрх баригчид олны өмнө заналтайгаар шатаажээ. Хожим нь Тиндалыг ч барьсан бөгөөд боомилон алж, шатаасан юм. Тэрбээр үхэхийнхээ өмнө чанга дуугаар: «Бурхан минь, Английн хааны нүдийг нээж өгөөч!» хэмээн хашгирсан гэдэг.2

Орчуулагчид ажлаа зогсоосонгүй. Библи орчуулах ажил үргэлжилсээр байлаа. 1800 он гэхэд Библийн зарим хэсэг 68 хэлээр «яриад сурчихсан» байв. Хожим нь Библийн нийгэмлэгүүд, тэр дундаа, 1804 онд байгуулагдсан Британи болон Гадаадын Библийн Нийгэмлэг бий болсноор Библи маш хурдан хугацаанд улам олон хэлийг шинээр «сурчээ». Олон зуун залуус гадаад орнуудад сайн дураараа шашин номлогчоор очсоны дотор Библи орчуулах ажлыг гол зорилгоо болгосон нь цөөнгүй байв.

Африкийн хэл «сурсан» нь

1800 онд Африкт дөнгөж арав орчим хэл бичиг үсэгтэй байжээ. Бичиг үсэггүй хэдэн зуун хэл хэн нэгний бичиг үсэг зохиохыг хүлээх хэрэгтэй байв. Номлогчид ямар ч толь, сурах бичиггүйгээр, очсон нутгийнхаа хэлийг сураад, бичиг үсэг зохион, түүнийгээ яаж уншихыг хүмүүст зааж өгдөг байжээ. Хүмүүс хэзээ нэгэн цагт Библийг төрөлх хэлээрээ уншаасай гэсэндээ тэд ийн хөдөлмөрлөдөг байсан аж.3

Роберт Моффат гэдэг шотланд хүн тийм номлогчдын нэг байлаа. Моффат 1821 онд 25 настайдаа тсвана хэлээр ярьдаг хүмүүсийн нутагладаг Африкийн өмнөд хэсэгт шашин номлогчдын байгууллагыг үндэслэжээ. Тэрбээр бичиг үсэггүй хэлийг нь сурахын тулд уугуул иргэдтэй харьцаж, заримдаа нутгийн гүн уруу явж тэдний дунд амьдардаг байв. Хожим нь тэрбээр: «Хүмүүс нь их цайлган сэтгэлтэй. Намайг буруу хэлчихвэл тэд инээдээ барьж чаддаггүйсэн. Хэн нэг нь бусдыгаа ихэд хөгжөөн, миний хэлснийг яг дуурайдаг байж билээ. Тэгэхээс нааш алдааг минь засахгүй шүү дээ» хэмээн дурсан бичжээ.4 Моффат цөхрөлтгүй оролдсоор, эцэстээ тэр хэлийг гаргууд эзэмшиж, улмаар бичиг үсгийг нь зохиожээ.

Моффат найман жил тсвана хэлтнүүдийн дунд ажилласны эцэст, 1829 онд Библийн «Лук» номыг орчуулж дуусгасан байна. Түүнийгээ хэвлүүлэхийн тулд үхэр тэргээр 960 км зам туулж далайн эрэг хүрээд, дараа нь усан онгоцоор Кейптаунд очжээ. Тэндхийн амбан захирагч засгийн газрын хэвлэх машин ашиглахыг зөвшөөрсөн хэдий ч үсэг өрөх, хэвлэх ажлыг Моффат өөрөө гардан хийх болжээ. Эцэст нь, 1830 онд «Лук» ном хэвлэгдэв. Ийнхүү тсвана хэлтнүүд анх удаа төрөлх хэлээрээ Библийн нэг хэсгийг унших болсон түүхтэй. Моффат 1857 онд бүтэн Библийг тсвана хэлээр орчуулж дуусгажээ.

Тсвана хэлтнүүд анх удаа Библийн «Лук» номтой болохдоо ямар сэтгэгдэлтэй байсныг Моффат хожим нь дурссан байдаг. Тэрбээр: «Хүмүүс энэ номыг авах гэж олон зуун бээрийн газраас ирдэг байж билээ. [...] Тэд номоо авмагцаа элгэндээ наагаад л уйлж гарна даа. Тэгээд: „Та номоо нулимсаараа норгоод, муухай болгох нь“ гэж хэлэхгүй л бол баярласандаа уйлаад л байдагсан» гэж бичжээ.5

Хэдийгээр африкчуудын зарим нь анхандаа бичиг үсгийн ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй байсан ч ажилдаа үнэнч Моффат мэтийн орчуулагчид тэдэнд бичгээр харьцах анхны боломжийг нээсэн билээ. Гэхдээ үүнээс хавьгүй үнэтэй Библи гэдэг бэлгийг төрөлх хэлээр нь өгсөн гэдэгтээ орчуулагчид итгэлтэй байжээ. Өнөөдөр Библи бүтнээрээ болон хэсгээрээ Африкийн 600 гаруй хэлээр «ярьдаг».

Азийн хэлийг «сурсан» нь

Орчуулагчид Африкт бичиг үсэггүй хэлэнд бичиг үсэг зохиохыг оролдож байсан бол дэлхийн нөгөө бөөрөнд аль эртний, нарийн төвөгтэй бичиг үсэгтэй хэлнээ хөрвүүлэх тэс өөр бэрхшээлтэй тулгарчээ. Библийг Азийн хэлээр орчуулсан хүмүүс энэ амаргүй давааг давах хэрэгтэй байлаа.

XIX зууны эхээр Уильям Кэри, Жошуа Маршман нар Энэтхэгт очиж, бичиг үсэг бүхий олон хэлийг нь эзэмшжээ. Тэд хэвлэгч Уильям Уордын туслалцаатайгаар Библийн зарим хэсгийг 40 шахам хэлээр орчуулан гаргажээ.6 Уильям Кэрийн талаар зохиолч Ж. Хербэрт Кейн: «Тэрбээр [бенгали хэлний] хуучны уламжлалт хэлбэрийг халсан, ярианы их сайхан, намуухан хэв маягийг бий болгосон. Ингэснээр бенгали хэл орчин үеийн уншигчдад илүү ойлгомжтой, сонсголонтой болсон» хэмээн бичжээ.7

АНУ-д төрж өссөн Адонайрам Жадсон Бирм улсад очоод, 1817 онд Библийг бирм хэлээр орчуулж эхэлжээ. Тэрбээр дорнын хэлийг Библи орчуулах хэмжээнд эзэмшихэд хэчнээн хэцүү байдгийг тайлбарлан: «Дэлхийн нөгөө захад амьдардаг, биднээс тэс өөр сэтгэлгээтэй хүмүүсийн хэлний зохион байгуулалт бидний хувьд цоо шинэ ертөнц байсан бөгөөд үсэг нь ч, үг нь ч урьд үзсэн хэлнүүдийнхтэй огт төсгүй. Тэгээд гартаа тольгүй, дэргэдээ хэлмэрчгүй мөртлөө тэр хэлийг суръя гэхэд нутгийн багшаар туслуулахаасаа өмнө бага ч болов гадарладаг болсон байх ёстой. Энэ ч ёстой хөдөлмөр дөө!» гэж бичжээ.8

Жадсонд энэ нь 18 орчим жилийн нөр хөдөлмөр байв. Бирм хэлээр орчуулсан Библийн сүүлийн хэсэг 1835 онд хэвлэгджээ. Гэвч Жадсон Бирмд амьдарсан он жилүүддээ нөхөж баршгүй гарз хохирол амссан билээ. Орчуулгын ажлаа хийж байхдаа, тагнуул хийсэн хэмээн буруутгагдаж, шумуул язганасан гянданд бараг хоёр жил хоригджээ. Суллагдаад төдий л удаагүй байхад нь эхнэр, бяцхан охин хоёр нь хумхаа өвчнөөр нас баржээ.

25 настай Роберт Моррисон 1807 онд Хятадад очоод, Библийг хамгийн нарийн төвөгтэй бичиг үсэг бүхий хэлний нэг болох хятад хэлээр орчуулах туйлын бэрх ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр хятад хэл үзээд дөнгөж хоёр жил болж байсан учраас мэдлэг нь тун нимгэн байв. Түүнчлэн, Хятадыг гадаад ертөнцөөс тусгаарлах зорилготой орон нутгийн хууль Моррисонд саад болж байв. Хятадууд гадаадынханд эх хэлээ заах нь хуулиар хориотой байсан бөгөөд ингэвэл үхлийн ял сонсдог байжээ. Гадаадын иргэн Библийг хятад хэлээр орчуулбал цаазаар авах ял хүлээдэг байв.

Аймшиггүй зоригтой ч, хашир болгоомжтой Моррисон хятад хэлийг үзэж судалсаар, хурдан эзэмшжээ. Хоёр жилийн дотор «Ист Индиа» компанид орчуулагчийн ажилд оров. Өдрийн цагаар ажиллахын зэрэгцээ, хэзээ л бол хэзээ баригдаж болох байсан ч, нууцаар Библи орчуулж байв. Тэрбээр Хятадад ирснээсээ хойш долоон жилийн дараа буюу 1814 онд Грек Судрыг хэвлэхэд бэлэн болгожээ.9 Таван жилийн дараа Уильям Милний тусламжтайгаар Еврей Судрыг орчуулж дуусгажээ.

Ийнхүү, Библи дэлхийн бусад хэлийг бодвол илүү олон хүний ярьдаг хэлээр «ярьж» чаддаг болсон нь том ололт байв. Чадварлаг орчуулагчдын ачаар Азийн бусад хэлний орчуулгууд ч төрөн гарчээ. Өнөөдөр Библийн хэсгүүдийг Азийн 500 гаруй хэлээр уншиж болно.

Тиндал Моффат Жадсон Моррисон зэрэг хүмүүс ямар учраас таньж мэдэхгүй, бүр бичиг үсэг ч үгүй хэлээр ярьдаг хүмүүсийн төлөө, зарим нь амь өрсөн байж, ганц ном орчуулах гэж олон жил зүтгэв ээ? Алдар нэр, олз ашгийн төлөө байгаагүй нь лавтай. Тэд Библийг Бурхны Үг гэдэгт итгэдэг учраас бүх хүнтэй төрөлх хэлээр нь «яриулах» ёстой гэж үздэг байсан юм.

Та Библийг Бурхны Үг гэж боддог ч бай, үгүй ч бай, ажилдаа үнэнч тэдгээр орчуулагчийн амь биеэ үл хайрлах чанар өнөө үед тун ховор болсныг хүлээн зөвшөөрөх биз ээ. Тийм сайхан чанарыг бий болгодог номыг судлах хэрэггүй гэж үү?

[12-р хуудасны хүснэгт]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү)

1800 оноос хойш Библийн хэсгүүдийг хэвлэсэн хэлний тоон үзүүлэлт

68 107 171 269 367 522 729 971 1 199 1 762 2 123

1800 1900 1995

[10-р хуудасны зураг]

Тиндал Библи орчуулж байгаа нь

[11-р хуудасны зураг]

Роберт Моффат

[12-р хуудасны зураг]

Адонайрам Жадсон

[13-р хуудасны зураг]

Роберт Моррисон