Skip to content

Гарчиг руу орох

Орчин үеийн амьдралд тустай ном

Орчин үеийн амьдралд тустай ном

Орчин үеийн амьдралд тустай ном

Хүнд зөвлөгөө өгөх зорилгоор бичсэн ном өнөө үед тун олон болжээ. Гэвч тийм ном хуучирч үеэ өнгөрөөх нь элбэг бөгөөд тун удалгүй хянан засварлах юм уу эсвэл шинээр гаргахад хүрдэг. Тэгвэл Библийн тухайд юу хэлж болох вэ? Библийг 2 000-аад жилийн өмнө бичиж дуусгасан ч эхийг нь сайжруулах буюу орчин үед нийцүүлэн шинэчилж байсан удаагүй. Ийм номд өнөө үед тустай заавар байх юм гэж үү?

ЗАРИМ хүн үгүй гэдэг. Доктор Ийлай С. Чесен Библийг ямар учраас үеэ өнгөрөөсөн гэж үздэгээ тайлбарлахдаа: «Орчин үеийн химийн хичээлд 1924 оны сурах бичиг ашиглахыг хэн ч дэмжихгүй шүү дээ» гэж бичжээ.1 Энэ тайлбар зөв юм шиг санагдаж болох. Библи бичигдсэн цагаас хойш хүн төрөлхтөн сэтгэцийн эрүүл мэнд, хүний араншингийн талаар ихийг мэддэг болсон шүү дээ. Тэгэхлээр ийм эртний ном өнөөгийн амьдралд тохирно гэж үү?

Мөнхийн зарчмууд

Цаг цагаараа байдаггүй нь үнэн хэдий ч хүний үндсэн хэрэгцээ өөрчлөгдөлгүй үлджээ. Хайр, энхрийллийг хүсдэггүй хүн гэж хэзээ ч байгаагүй. Хүмүүс аз жаргалтай, утга учиртай амьдрахыг хүссээр ирсэн. Тэдэнд санхүүгийн бэрхшээлээ яаж давах, гэр бүлийн амьдралаа анхнаас нь яаж амжилттай зохиох, хүүхдүүддээ ёс суртахууны үнэ цэнг хэрхэн ойлгуулах тухай зөвлөгөө үргэлж хэрэгтэй байсан. Библид энэ мэт үндсэн хэрэгцээг хэрхэн хангах тухай зөвлөгөө бий (Номлогчийн үгс 3:12, 13; Ром 12:10; Колоссай 3:18—21; 1 Тимот 6:6—10).

Библид хүний зан төрх, үндсэн хэрэгцээнд сайтар тохирсон зөвлөгөө байдаг. Тэгвэл одоо, орчин үеийн амьдралд практик ач холбогдолтой тодорхой бөгөөд мөнхийн зарчмуудынх нь хэдэн жишээг авч үзье.

Эхнэр нөхөрт тустай заавар

НҮБ-аас гаргадаг нэгэн сэтгүүлд өгүүлснээр, гэр бүл бол «хүний нийгмийн хамгийн эртний, үндсэн нэгж бөгөөд үе удмын хоорондох гол холбогч» ажээ («UN Chronicle»). Гэвч энэхүү «гол холбогч» салах болсон нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Уг сэтгүүлд: «Өнөөдөр олон гэр бүл үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, чухамдаа бол, оршин тогтнож чадах уу, үгүй юу гэсэн хүндхэн асуудалтай тулгараад байна» хэмээн тэмдэглэжээ.2 Библи гэр бүлийг оршин тогтноход туслах ямар зөвлөгөө өгдөг вэ?

Юуны өмнө, нөхөр эхнэрүүд бие биедээ хэрхэн хандах талаар ихийг хэлдэг. Жишээ нь, нөхрүүдийн тухай: «Нөхрүүд... эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг» гэж өгүүлдэг (Ефес 5:28, 29). Эхнэрүүдэд «нөхрөө хүндэтгэ» гэж зөвлөдөг (Ефес 5:33, ШГ).

Библийн эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэх гэж чухам юу гэсэн үг болохыг авч үзье. Эхнэрээ «өөрийн бие адил» хайрладаг нөхөр бол түүнийг үзэн ядаж, харгис хэрцгий ханддаггүй. Тийм хүн эхнэрээ зодох, хэл амаар доромжлох юм уу сэтгэлийг нь сэвтээдэггүй. Харин ч өөртэйгөө адил үзэн хүндэтгэж, санаа тавьдаг (1 Петр 3:7). Ийм нөхцөлд эхнэр нь нөхрийнхөө хайр халамж, нөмөр нөөлөгт байгаагаа мэдэрдэг. Мөн хүүхдүүд нь эмэгтэй хүнд яаж хандах ёстойн сайхан жишээ авдаг. Нөгөөтэйгүүр, нөхрөө «хүндэтгэдэг» эхнэр хүн түүнийг байнга шүүмжлэх юм уу басаж, сайн талыг нь үгүйсгэдэггүй. Ийм болохоор нөхөр нь эхнэрээ өөрт нь итгэдэг, өөрийг нь дэмждэг, үнэлдэг юм байна гэж ойлгодог.

Иймэрхүү зөвлөгөө өнөөгийн нийгэмд тустай биз дээ? Гэр бүлийн асуудлаар судалгаа явуулдаг хүмүүс ч үүнтэй адилхан дүгнэлтэд хүрсэн нь сонирхолтой. «Эцэг эх нь бие биеэ үнэн сэтгэлээсээ хайрладаг тийм гэр бүл бол миний мэдэхээс хамгийн тогтвортой нь... Гэр бүлийн үндэс болсон энэ дотно нандин холбоонд хүүхдүүд нь аюулгүй өсөж торнидог юм шиг санагддаг» гэж гэр бүлд зөвлөгөө өгөх хөтөлбөрийн нэгэн удирдагч бичжээ.3

Гэр бүлийн асуудлаар сайн санааны үүднээс зөвлөгөө өгөгч тоймгүй олон хүнийхийг бодвол Библийн зөвлөгөө хавьгүй илүү найдвартай болох нь олон жилийн явцад батлагдсан. Таарч тохирохгүй бол салах нь асуудлыг хурдан, төвөг багатай шийдэх арга мөн гэж мэргэжилтнүүд саяхан болтол үздэг байв. Тэгвэл өнөөдөр тэдний ихэнх нь, болж өгвөл, салахгүй байхыг хосуудад уриалж байна. Гэвч асар их хор хохирол амссаны эцэст л ийм дүгнэлтэд хүрсэн билээ.

Харин Библи гэр бүлийн талаар найдвартай бөгөөд ухаалаг зөвлөгөө өгдөг. Энэ ном зарим онцгой нөхцөлд салахыг зөвшөөрдөг (Матай 19:9). Нөгөөтэйгүүр, аахар шаахар зүйлээр шалтаглан салахыг сайшаадаггүй (Малахи 2:14—16). Мөн ханийн итгэл эвдэхийг буруушаадаг (Еврей 13:4). Нөхөр эхнэр хоёрын аль аль нь тодорхой үүрэг хүлээдгийг: «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн бичжээ * (Эхлэл 2:24; Матай 19:5, 6).

Эхнэр нөхрүүдэд өгсөн Библийн зөвлөгөө эл ном бичигдэж байх үед тустай байсан шиг өнөөдөр ч бас тустай. Нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлан, хүндэлж, гэр бүлийн холбоог туйлын онцгой холбоо гэж үздэг бол айл гэр оршин тогтносоор байна.

Эцэг эхчүүдэд тустай заавар

Хэдэн арван жилийн өмнө хүүхэд хүмүүжүүлэх «шинэ санааг» уухайн тас хүлээж авсан олон эцэг эх «хориглохыг хориглоно» гэж үздэг байв.8 Хүүхдэд хориг хязгаар тогтоовол сэтгэлийг нь шархлуулж, урмыг нь мохоож мэднэ гэж айж байлаа. Хүүхдүүдээ зөөлөн аргаар засаж залруулахаас өөр аливаа аргаас түдгэлзэхийг сурган хүмүүжүүлэгчид сайн санасандаа эцэг эхчүүдээс шаарддаг байсан. Харин одоо энэ талын олон мэргэжилтэн сахилга батын арга хэмжээг эргэн харах болж, сэтгэл нь зовнисон эцэг эхчүүд ч учрыг нь олох гэж оролдож байна.

Гэтэл Библи бүр анхнаасаа, хүүхэд хүмүүжүүлэх талаар тодорхой бөгөөд ухаалаг зөвлөгөө өгч байсан. Библид 2 000-аад жилийн өмнө: «Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Ехова [Бурхны] сахилга батын арга хэмжээ болон сургаалаар хүмүүжүүл» гэж бичжээ (Ефес 6:4, ШЕ). «Сахилга батын арга хэмжээ» гэж орчуулсан грек нэр үг «хүмүүжил, сургалт, заавар» гэсэн утгатай.9 Ийнхүү сахилгажуулах буюу «хүмүүжүүлэх» нь эцэг эхийн хайрын баталгаа гэж Библид өгүүлдэг (Сургаалт үгс 13:24). Хүүхдэд ёс суртахууны сайн хүмүүжил олгож, зөв буруугийн хэм хэмжээг ойлгуулбал өсөх насандаа жаргалтай байдаг. Эцэг эх нь өөрсдийнх нь төлөө, сайн хүн болгохын төлөө санаа тавьж байдгийг хүүхдүүд сахилга батын арга хэмжээнээс ойлгодог.

Гэхдээ эцэг эхчүүд «сахилгын саваа мод» буюу эрх мэдлээ хэзээ ч хэтрүүлж болохгүй * (Сургаалт үгс 22:15, 29:15). Библи эцэг эхчүүдэд: «Хүүхдээ засаж залруулахдаа бүү хэтрүүл. Эс бөгөөс та нар тэдний зүрхийг үхүүлнэ шүү» гэж анхааруулдаг (Колоссай 3:21, «Phillips»). Мөн хүүхдээ зодох нь хүмүүжүүлэх хамгийн үр дүнтэй арга болдоггүйг хүлээн зөвшөөрдөг. Сургаалт үгс 17:10-т: «Ухаантай хүнд хандсан зэмлэлийн нөлөө нь мулгуу хүнийг зуун удаа цохисноос ч илүү юм» гэдэг. Түүнээс гадна, Библи урьдчилан сэргийлэх зорилгоор сахилгажуулахыг зөвлөдөг. Дэд хууль 11:19-д хүүхдүүддээ ёс суртахууны үнэ цэнг ойлгуулахын тулд тохиромжтой үе бүрийг ашигладаг байхыг эцэг эхчүүдэд уриалдаг. (Мөн Дэд хууль 6:6, 7-г үзнэ үү.)

Хүүхдэдээ сахилга батын арга хэмжээ авахдаа хайрын сэтгэл гарган, тууштай байхыг Библи эцэг эхчүүдэд зөвлөсөн нь хэнд ч тодорхой, хэзээ ч хуучиршгүй ажээ. Ийм зөвлөгөө үнэхээр үр нөлөөтэй болох нь амьдралын туршлагаас харагддаг. *

Хүмүүсийг заагладаг саадыг давах нь

Өнөөдөр хүмүүс арьс өнгө, иргэн харьяалал, яс үндсээр нэг нэгнээ тусгаарладаг. Ийм зохиомол саад дэлхийн өнцөг булан бүрд дайны галыг асааж, хүмүүсийг үй олноор нь хөнөөхөд хүргэсэн. Түүхээс харахад хүмүүс арьсны өнгө, үндэс гарвалыг үл харгалзан, бие биеэ эрх тэгш үзэж, адил тэгш хандах хэтийн төлөв, үнэндээ, байдаггүй. Африкийн төрийн зүтгэлтэн хүний хэлснээр, «үүний шийдвэр бидний зүрх сэтгэлд байгаа» аж.11 Гэтэл хүний зүрх сэтгэлийг өөрчлөх амаргүй. Харин Библид бичсэн зүйл зүрх сэтгэлд хэрхэн хүрч, хүмүүст адил тэгш хандах үзлийг яаж төлөвшүүлдгийг авч үзье.

Бурхан «нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээсэн» гэдэг Библийн сургаал аль нэг үндэс угсааг илүүд үзэх алив санааг арчин хаядаг (Үйлс 17:26). Энэ нь хүний төрөл цорын ганц байдгийг харуулж байна. Түүнчлэн, Библи Бурхны талаар: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гээд, биднийг тийм «Бурхныг дуурайгчид болохыг» уриалдаг (Үйлс 10:34, 35; Ефес 5:1). Библийг нухацтай авч үздэг, сургаалынх нь дагуу амьдрахыг чин сэтгэлээсээ хичээдэг хүмүүсийг энэ мэдлэг нэгтгэх чадалтай. Яаж? Хүмүүсийг заагладаг зохиомол саадыг арилган, сэтгэлийн угт хүрдэг. Нэг жишээ авъя.

Гитлерийн өдөөсөн дайны гал Европ даяар дүрэлзэж байх үед гэмгүй хүмүүсийг үй олноор нь хөнөөх үйл ажиллагаанд нэгдэхээс тууштай татгалзсан христ шашны ганцхан бүлэг байсан нь Еховагийн Гэрчүүд юм. Тэд бусдын эсрэг «илд далайгаагүй». Учир нь Бурханд таалагдах гэсэндээ ийм байр суурь баримталж байсан (Исаиа 2:3, 4; Мика 4:3, 5). Тэд аливаа арьс өнгө, үндэс угсаа нөгөөгөөсөө илүү биш гэсэн Библийн сургаалд чин сэтгэлээсээ итгэдэг байв (Галат 3:28). Еховагийн Гэрчүүд энх тайвныг эрхэмлэдгийнхээ улмаас бөөнөөр хорих лагерийн анхны хоригдлын тоонд орох болсон (Ром 12:18).

Гэтэл Библийг баримталдаг гэдэг хүмүүс бүгдээрээ тийм байр суурьтай байсангүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Германы протестант шашны санваартан Мартин Ниймөллер: «[Дайнаас] болж Бурхныг буруутгахыг хүссэн хэн боловч Бурхны Үгийг мэддэггүй эсвэл мэдэхийг хүсдэггүй хүн байна. [...] Христ шашныхан хэзээ ямагт дайн дажин, цэрэг дайчид, зэр зэвсэг адислаж... дайснууд нь сөнөөсэй гэж ямар ч христ шашинтан хүний шинжгүй залбирсаар ирсэн. Энэ бүхэнд бид болон бидний өвөг дээдэс буруутай болохоос Бурхан ямар ч буруугүй. Цэргийн алба хааж, хүний өөдөөс буу шагайхаас татгалзсаныхаа төлөө бөөнөөр хорих лагерьт зуу зуу, мянга мянгаараа хоригдож, [түүгээр ч барахгүй] амиа алдсан „Библи Нямбай Судлаачид“ [буюу Еховагийн Гэрчүүд] гэгддэг бүлэглэлийн өмнө өнөөгийн христ шашинтнууд бид шившиг болон зогсож байна» хэмээн бичжээ.12

Өнөөдөр ч гэсэн Еховагийн Гэрчүүд арабыг еврейтэй, хорватыг сербтэй, хутуг тутситай нэгтгэсэн ахан дүүсийн барилдлагаараа алдартай. Гэхдээ Гэрчүүд бусдаас илүүдээ бус, Библид бичигдсэн мэдээний хүчээр ийнхүү нэгдэж чадсанаа дуртайяа хүлээн зөвшөөрдөг (1 Тесалоник 2:13).

Сэтгэцийн эрүүл мэндэд тустай заавар

Хүний биеийн эрүүл мэндэд сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн байдал нөлөөлөх нь элбэг байдаг. Жишээ нь, уур эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг нь судалгаагаар батлагджээ. «Түргэн ууртай хүмүүс зүрх судасны (болон бусад) өвчинд нэрвэгдэх нь их байдаг. Энэ нь, зожиг зангаас болохоос гадна уурласан үед биологийн урвал идэвхжих, эрүүл мэндэд хортой зуршилд хэт автах зэрэг янз бүрийн шалтгаантай болохыг өнөөдрийг хүртэл цугларсан баримтуудын ихэнх нь харуулдаг» гэж Дюкийн их сургуулийн Анагаах ухааны төвийн дэргэдэх зан авир судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Редфорд Уильямс, түүний эхнэр Виржиниа Уильямс нар «Уур биеийг хөнөөнө» хэмээх номдоо бичжээ («Anger Kills»).13

Шинжлэх ухааны иймэрхүү судалгаа хийхээс олон мянган жилийн өмнө Библид бидний сэтгэл санааны байдал, биеийн эрүүл мэнд хоорондоо холбоотой болохыг: «Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм» хэмээн энгийн хэр нь тодорхой хэлсэн буй (Сургаалт үгс 14:30; 17:22). Мөн: «Уурлахаа больж, хилэнгээ март»; «Уурлах сэтгэлийг бүү урьтал болго» гэж ухаалгаар зөвлөсөн байдаг (Дуулал 37:8; Номлогчийн үгс 7:9).

Түүнчлэн, уураа хэрхэн барих талаар мэргэн зөвлөгөө өгдөг. Жишээлбэл, Сургаалт үгс 19:11-д: «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» гэжээ. «Хэрсүү байдал» гэж орчуулсан еврей үг аливаа зүйлийн «учир шалтгааныг мэдэх» гэсэн утгатай үйл үгнээс үүсдэг.14 «Хийхээсээ өмнө бод» гэсэн мэргэн зөвлөгөө байдаг. Бусдын хэлсэн үг, хийсэн үйлдлийн цаад шалтгааныг ойлгохыг хичээвэл хүн илүү тэвчээртэй, уураа барьдаг болно (Сургаалт үгс 14:29).

Өөр нэг ашигтай зөвлөгөө Колоссай 3:13-т бий. Тэнд: «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучил» гэж бичжээ. Уур хүрмээр юм амьдралд бишгүй тохиолддог. «Нэг нэгнээ хүлцэх» гэдэг нь бидний дургүйг хүргэдэг бусдын сул талыг тэвчих гэсэн санаа бөгөөд «уучлах» гэдэг нь гомдсон сэтгэлээ улам лавшруулахгүй байна гэсэн үг юм. Сэтгэлдээ гомдол тээж явснаас мартах нь ухаалаг хэрэг мөн. Уур хорсол сэтгэлийн зовлонг улам л нэмнэ шүү дээ. («Хүнтэй харьцахад тустай заавар» гэсэн хүснэгтийг үзнэ үү.)

Өнөөдөр заавар, зөвлөгөө өгөх олон эх сурвалж байна. Гэтэл Библи үнэнхүү хосгүй нь билээ. Зөвлөгөө нь зүгээр нэг онол биш бөгөөд бидэнд хэрхэвч хор болдоггүй. Библийн мэргэн ухаан харин ч «маш үнэн» гэдэг нь батлагдсан (Дуулал 93:5). Цаашилбал, зөвлөгөө нь хуучирдаггүй. Библийг 2 000-аад жилийн өмнө бичиж дуусгасан боловч одоо хүртэл тустай хэвээрээ байна. Мөн бидний арьсны өнгө, амьдарч буй улс орноос хамаарахгүйгээр үр ашгаа яг адилхан өгдөг. Түүнээс гадна, Библи хүмүүсийг сайн тал уруу өөрчлөх хүчтэй (Еврей 4:12). Тэгэхлээр, энэ номыг уншиж, зөвлөгөөг нь хэрэгжүүлбэл таны амьдрал дэвжин дээшлэх бүрэн боломжтой.

[Зүүлт]

^ д/м 13 Энд «нийлэх» гэж орчуулсан даваак гэдэг еврей үг «хэн нэгэнтэй энхрий хайр, үнэнч сэтгэлээр холбогдох гэсэн утгатай»4 байдаг бол Матай 19:5-д «нийлэх» гэж орчуулсан грек үг «цавуудах», «барьцалдуулах», «хамтад нь бат нийлүүлэх» гэсэн утгатай аж.5

^ д/м 18 Библи бичигдэж байх үед «саваа мод» (еврейгээр шээвет) гэдэг үг хоньчны «таяг» буюу «бэрээ» гэсэн утгатай байжээ.10 Энэ хам сэдэвт гардаг «саваа мод» буюу эцэг эхийн эрх мэдэл нь хайрын сэтгэлээр удирдахыг төлөөлдгөөс бус, харгис балмад харьцахыг хэлсэн хэрэг биш юм. (Дуулал 23:4-тэй харьцуулна уу.)

^ д/м 19 Харуулын Цамхаг Нийгэмлэгээс олон хэлээр гаргасан «Гэр бүлийн аз жаргалын нууц» номын «Хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх нь», «Өсвөр насны хүүхдэд анхаарал тавих нь», «Танайх хэцүү хүүхэдтэй юү?», «Гэр бүлээ муу нөлөөнөөс хамгаалагтун» гэсэн бүлгийг тус тус үзнэ үү.

[24-р хуудасны товчлол]

Библи гэр бүлийн амьдралын талаар тодорхой бөгөөд ухаалаг зөвлөгөө өгдөг

[23-р хуудасны хавсралт]

Тогтвортой гэр бүлийн онцлог шинж

Хэдэн жилийн өмнө гэр бүлийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч нэгэн эмэгтэй гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгдөг 500 гаруй мэргэжилтнийг хамарсан нэлээд өргөн хүрээтэй судалгаа явуулж, «тогтвортой» гэр бүлүүдэд ажиглагдсан онцлог шинжийг жагсааж бичихийг тэднээс хүсжээ. Илүү нийтлэг шинжүүдийн дотор олон жилийн өмнө өгсөн Библийн зөвлөгөөг жагсаасан байсан нь сонирхолтой.

Сайн харьцаа, тэр дундаа санал зөрөлдөөнийг зохицуулах үр дүнтэй аргуудыг уг жагсаалтын эхэнд бичсэн байв. Тогтвортой гэр бүлүүд «эвлэрэхээс нааш орондоо орохгүй» гэсэн нийтлэг хандлагатай байдгийг уг судалгааны зохиогч ажигласан байна.6 Гэтэл Библи бүр 1 900 гаруй жилийн тэртээ: «Уурласан ч нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» гэж зөвлөсөн (Ефес 4:26). Библи бичигдэж байх үед нар жаргахаас нар жаргах хүртэлх хугацааг нэг өдөр гэж үздэг байжээ. Тэгэхлээр, гэр бүлд судалгаа явуулдаг орчин үеийн мэргэжилтнүүдээс хэдэн зууны өмнө Библи нэг өдөр дуусаж, нөгөө өдөр эхлэхээс өмнө маргаанаа хурдан зохицуулж байхыг ухаалгаар зөвлөсөн байна.

Тогтвортой гэр бүлүүд «„тэсэрч болзошгүй“ асуудлыг гэрээс гарахдаа эсвэл орондоо орохын өмнө хэлэлцдэггүй» болохыг анзаарсан уг судалгааны зохиогч: «„Цагаа олох“ гэдэг үгийг би их олон удаа сонссон» гэж хэлжээ.7 Тийм гэр бүлүүд 2 700 гаруй жилийн өмнө: «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» хэмээсэн Библийн зүйр үгийг өөрийн мэдэлгүй дагадаг байна (Сургаалт үгс 15:23; 25:11). Энэ зүйрлэлд сийлбэртэй мөнгөн тавиур дээрх алимны хэлбэртэй алтан чимэглэл буюу тэр үеийн үнэтэй, гоёмсог эдийг дурджээ. Энэ нь цагаа олж хэлсэн үг сэтгэлд таатай, үнэ цэнтэй байдгийг харуулдаг. Сэтгэл санаа тайван бус байхад цагийг нь олж хэлсэн зөв үг үнэлж баршгүй ач холбогдолтой (Сургаалт үгс 10:19).

[26-р хуудасны зургийн тайлбар]

Хүнтэй харьцахад тустай заавар

«Чичрэн... нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» (Дуулал 4:4). Ер нь өчүүхэн ч атугай цухалдаж бухимдсан үедээ үг хэлэхээ азнах нь ухаалаг хэрэг юм. Ингэснээр сэтгэл хөдлөлөөс үүддэг сөргөлдөөнөөс зайлсхийж чадна.

«Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» (Сургаалт үгс 12:18). Хэлэхээсээ өмнө бодож байгаарай. Бодлогогүй хэлсэн үг бусдын сэтгэлийг шархлуулж, үерхэл нөхөрлөлийг эвдэн бусниулж болно.

«Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» (Сургаалт үгс 15:1). Эелдэг хариулахын тулд биеэ барих чадвартай байх шаардлагатай. Ингэж чадвал хурцадмал асуудлыг ихэнхдээ намжааж, эв эеийг сахидаг.

«Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» (Сургаалт үгс 17:14). Биеэ барьж чадаж байгаа дээрээ, улам гаарч мэдэх нөхцөл байдлаас зайлсхийх нь ухаалаг хэрэг мөн.

«Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» (Номлогчийн үгс 7:9). Аливаа үйлдлийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн хөдөлгөөн байх нь олонтаа. Уурлахдаа амархан хүн тэнэг байдаг. Учир нь энэ байдал болчимгүй үг ба үйлдэлд хүргэж болно.

[25-р хуудасны зураг]

Еховагийн Гэрчүүд бөөнөөр хорих лагерийн анхны хоригдлын тоонд орох болсон