Skip to content

Гарчиг руу орох

Унших хэрэгтэй ном

Унших хэрэгтэй ном

Унших хэрэгтэй ном

«Библи бол тэгтлээ шимтээд байхаар ном биш л дээ». Шулуухан зантай нэгэн бүсгүйд их сургуулийн профессор тийн хэлжээ.

Тэгэхэд нь бүсгүй: «Та ер нь Библи уншиж үзсэн үү?» хэмээн асуужээ.

Уг асуултад балмагдсан профессор уншиж үзээгүйгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна.

«Тэгвэл та хэзээ ч уншиж байгаагүй номынхоо тухай яаж ийм итгэлтэй хэлж чадаж байна вэ?»

Бүсгүйн зөв байв. Профессор Библийг уншсаныхаа дараа л энэ номын тухай үнэлэлт дүгнэлт өгөхөөр шийджээ.

БИБЛИ 66 номоос бүрддэг бөгөөд «хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн байж болох номын эмхтгэл» гэж тодорхойлогддог.1 Үнэхээр ч, Библийн ачаар дэлхийн дүрслэх урлаг, уран зохиол, хөгжмийн сор бүтээлүүд төрөн гарсан билээ. Мөн хууль зүйн үүсэл хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Библийн хэл бичгийн найруулга гайхалтай агаад мэдлэг боловсролтой олон хүнээс өндөр үнэлгээ авсаар иржээ. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн амьдралд гойд хүчтэй нөлөөлсөн байдаг. Энэ номыг уншсан олон хүн туйлын үнэнч зан чанарыг төлөвшүүлжээ. Зарим нь Библийг зүгээр л уншиж үзэхийн тулд амиараа хүртэл дэнчин тавьдаг байв.

Мөн үүний хажуугаар Библид үл итгэх хандлага ч байдаг. Өөрсдөө хэзээ ч уншиж үзээгүй атлаа энэ номын талаар аль хэдийнээ үнэлэлт дүгнэлт өгчихсөн хүмүүс бас бий. Тэд Библийг уран зохиолын болон түүхийн үнэ цэнтэй бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг ч, «Өчнөөн мянган жилийн өмнө бичигдсэн ном орчин үед яаж тохирох юм бэ? Бид чинь „мэдээллийн зуунд“ амьдарч байна шүү дээ. Цаг үе, үйл явдал, техник технологийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг мэдэж цөхөх юмгүй. Өнөөгийн амьдралын бараг бүх асуудлаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад амархан. Өнөөдөр ач тустай мэдээлэл Библид үнэхээр байж чадах уу?» гэж гайхширдаг.

Энэ товхимол иймэрхүү асуултад хариулахыг хичээх болно. Эл товхимлоор танд шашны сургаал, итгэл үнэмшлийг тулгах бус, харин түүхэн ач холбогдол бүхий Библи хэмээх энэ номыг анхаарч үзүүштэй юм шүү гэдгийг ойлгуулахыг зорилоо. 1994 онд хэвлэгдсэн нэгэн тайланд тэмдэглэснээр, Өрнөдийн соёлд тийм гүн нэвтэрсэн Библи гэдэг номын сургаал, тэнд дүрсэлсэн үйл явдлыг мэддэггүй хүнийг «шүтлэгтэй ч бай, үгүй ч бай соёлын талаар харанхуй хүн» гэж гэгээрлийн салбарын зарим ажилтан үздэг байна.2

Та энэ товхимлыг уншсаныхаа дараа шүтлэгтэй, шүтлэггүй ямар ч хүний хувьд Библи бол, ядаж л, уншаад үзчих хэрэгтэй ном юм гэдэгтэй санал нийлж юун магад.

[3-р хуудасны хавсралт/зураг]

«Оюуны гэгээрлийг олоход минь нэг л ном тусалсан юм даа. Ном оо? Их эртний ердийн л нэг ном. Байгаль дэлхий шиг эгэлхэн, байгалиас заяасан юм шиг... Нэр нь ч их энгийн. Энэ номыг Библи гэдэг» (XIX зууны Германы зохиолч Хайнрих Хайне).3