Энэ номд итгэж болох уу?
Энэ номд итгэж болох уу?
«Би үнэн магадтайн илүү баттай шинж тэмдгүүдийг түүхийн ямар нэг номоос бус, Библиэс олж мэдэв» (Английн нэрт эрдэмтэн Исаак Ньютон).1
БИБЛИ хэмээх энэ номд итгэж болох уу? Энэ номд бичигдсэн хүмүүс нь түүхэн бодитой, дурдсан газар орон нь үнэхээр байсан бөгөөд өгүүлсэн үйл явдал нь үнэнхүү болсон юм уу? Хэрэв тийм бол үүнийг няхуур нямбай, үнэнч шударга хүмүүс бичсэн гэх баримт нотолгоо байх ёстой. Байлгүй яах вэ. Олон баримт газрын хөрсөн дороос олдсон ч энэ ном өөрөө бүр ч олон баримт агуулдаг юм.
Малтлагаар олдсон баримт
Библид дурдсан газар орны хөрсөн дороос олдсон эртний эд өлгийн зүйлс Библийг түүх, газар зүйн хувьд нарийн зөв болохыг баталжээ. Археологичдын олсон баримтаас цөөн хэдийг авч үзье.
Израилийн хаан болсон эрэлхэг залуу хоньчин Давидыг Библи уншигчид сайн мэднэ. Библид энэ хүний нэр 1 138 удаа, их төлөв түүний угсааны хаадад хамаатай «Давидын гэр» гэдэг хэллэг 25 удаа гардаг (1 Самуел 16:13; 20:16). Гэхдээ Давид гэдэг хаан байсныг батлах тодорхой баримт саяхан болтол Библиэс өөр байгаагүй юм. Тэгэхлээр, Давид зүгээр л зохиомол баатар байсан хэрэг үү?
1993 онд профессор Аврам Биранаар удирдуулсан археологичдын баг олны анхаарлыг татсан олдвор олсныг Израилийн нэгэн сэтгүүлд бичжээ («Israel Exploration Journal»). Тэд Израилийн умард хэсэгт орших Тель Дан хэмээх газар малтлага хийж байгаад нэг хүрмэн чулуу олсон байна. Чулуун дээр «Давидын гэр», «Израилийн хаан» гэсэн үгс сийлсэн байжээ.2 Уг чулууг МЭӨ IX зуунд хамаарахыг тогтоогоод, дорно зүгт амьдарч байсан Израилийн дайсан арамейчүүдийн босгосон ялалтын хөшөөний хэлтэрхий гэж үзжээ. Энэхүү эртний бичээс яагаад тийм чухал байдаг билээ?
Профессор Биран болон түүнтэй хамтран ажиллагч профессор Иосеф Навех нарын тайланд үндэслэсэн нэгэн бүтээлд: «Давид гэдэг нэр Библитэй холбоогүй эртний бичээсээс анх удаа олдож байгаа нь энэ» гэж тэмдэглэжээ («Biblical Archaeology Review»).3 * Бичээс өөр нэг зүйлээр анхаарал татдаг. «Давидын гэр» гэдэг хэллэгийг ганцхан үгээр бичжээ. Хэл шинжлэлийн профессор Энсон Рейни үүнийг: «Ялангуяа, тухайн нийлмэл үг олны дунд алдаршсан оноосон нэр бол салангид үгийг... нийлүүлж бичих нь олонтаа байжээ. „Давидын гэр“ гэдэг нь МЭӨ IX зууны дунд үеийн улс төр болоод газар зүйн тийм нэр томьёо болсон байсан нь тодорхой» гэж тайлбарлажээ.5 Тэгэхлээр, Давид хаан болон түүний угсааны хаад эрт үед алдартай байсан нь илт байна.
Библид дурдсан Ассирийн их хот Ниневе гэж үнэхээр байсан болов уу? Бараг саяхан болтол буюу XIX зууны эхэн хүртэл Библи шүүмжлэгчдийн зарим нь үүнд итгэдэггүй байв. Гэтэл 1849 онд Остин Хенри Лейард эртний Ниневегийн хэсэг болох нь хожим батлагдсан Куюнжик гэдэг газар малтлага хийтэл Сенахериб хааны ордны балгас гарчээ. Ийм учраас шүүмжлэгчид энэ талаар үг дуугарахаа больсон аж. Гэхдээ уг балгас үүнээс ч илүү ихийг хэлж өгөх учиртай байв. Сайтар хадгалагдан үлдсэн
нэг танхимын хананд, бэхлэлт сайтай хотыг эзэлж, байлдан эзлэгч хааны урдуур олзны хүмүүсийг явуулж байгааг товойлгон сийлсэн байжээ. Хааны дүрсний дээд талд «Дэлхийг эзэгнэгч, Ассирийн хаан Сенахериб нимедү-сэнтийд заларч, Лахишийн (Ла-ки-сү) олзоо шалган өнгөрүүлэв» гэсэн бичээс байдаг.6Британийн музейд үзэж болох энэхүү бичээс бүхий товгор сийлбэр, Иудагийн Лахиш хотыг Сенахериб хаан эзэлсэн талаар Хаадын дэд 18:13, 14-т тэмдэглэсэн Библийн мэдээтэй тохирдог. Лейард уг олдворын ач холбогдлыг тайлбарлаж: «Энэ олдворыг олохоос өмнө, Ниневе байсан газрыг илтгэх овоо, хог хаягдал дороос [Иудагийн хаан] Хезекиа Сенахериб нарын хооронд болсон дайны тухай, тэр тусмаа дайн болсон яг тэр үед Сенахериб өөрөө бичиж, Библид агуулагдсан хамгийн нарийн ширийн зүйлийг хүртэл баталсан тэмдэглэлийг олно гэж хэн санах билээ дээ?» гэжээ.7
Археологичид Библийн нарийн зөвийг нотлох вааран эдлэл, балгас болсон байшин барилга, шавар самбар, зоос, баримт бичиг, хөшөө дурсгал, бичээс гээд эд өлгийн зүйл олныг олсон. Тэд Абрахамын амьдарч байсан худалдаа арилжаа, шашин шүтлэгийн төв Халдеин Ур хотыг олж илрүүлжээ (Эхлэл 11:27—31).8 XIX зуунд олдсон «Набонидын шастир»-т «Даниел» номын 5-р бүлэгт гардаг үйл явдал болох МЭӨ 539 онд Вавилоныг Их Кир (Библид Кореш гэдэг) эзэлсэн тухай өгүүлдэг.9 Эртний Тесалоникийн нуман хаалганы бичээст (хэлтэрхий нь Британийн музейд хадгалагдаж буй) «политархууд» буюу хотын эрх баригчдын нэрс байдаг. «Политарх» гэдэг үг Грекийн сонгодог уран зохиолд гардаггүй боловч Библийг бичигч Лук хэрэглэжээ (Үйлс 17:6).10 Лукийн нарийн зөв бичсэн нь бусад олон жижиг зүйлээр батлагдаж байсныхаа адил энэ удаад ч мөн батлагдсан юм. (Лук 1:3-тай харьцуулна уу.)
Гэхдээ археологичид Библитэй битгий хэл, бие биетэйгээ ч цаг үргэлж санал нийлээд байдаггүй. Хэдий тийм боловч энэ бол итгэж болох ном юм шүү гэдгийг батлах баттай баримтуудыг Библи өөртөө агуулдаг билээ.
Илэн далангүй бичсэн нь
Үнэнч шударга түүхчид бол зөвхөн ялалтыг (Сенахериб Лахишийг эзэлсэн тухай бичээс дээрх шиг) биш ялагдлыг, амжилтыг төдийгүй бүтэлгүйтлийг, дандаа сайн талыг бус бас дутагдлыг бичих учиртай. Түүхчдээс тийм үнэнч шударга байсан нь ховор.
Даниел Д. Лакенбилл Ассирийн түүхчдийн тухай: «Тэд хаадын бардам ихэмсэг занд нийцүүлэх гэж түүхийн үнэнийг гуйвуулж байсан нь олонтаа ажиглагддаг» хэмээн тайлбарлажээ.11 «Хаадын бардам ихэмсэг зангийн» тод жишээ бол Ассирийн хаан Ашшурназирпалын тухай түүхийн бичиг юм. Тэнд Ашшурназирпал өөрөөрөө бардан сайрхаж: «Би сүр жавхлантай, би аугаа, би өргөмжит, би сүр хүчин төгөлдөр, би хүндэтгэл хүлээсэн, би алдаршсан, би сод гарамгай, би хүч чадалтай, би эрэлхэг, би арслан шиг зоригтой, би баатарлаг!» хэмээснийг бичсэн байдаг.12 Та ийм бичгийг уншаад үнэн түүх гэж итгэх үү?
Гэтэл Библийг бичигчид илэн далангүй бичдэг байв. Израилийн удирдагч Мосе төрсөн ах Аарон, эгч Мириам, ач Надаб, Абиху болон ард түмнийхээ, бас өөрийнхөө дутагдлыг ний нуугүй бичсэн байдаг (Египетээс гарсан нь 14:11, 12; 32:1—6; Левит 10:1, 2; Тооллого 12:1—3; 20:9—12; 27:12—14). Давид хааны гаргасан ноцтой алдааг нууж хаалгүй, харин ч хаанчилж байх яг тэр үед нь тэмдэглэн үлдээжээ (2 Самуел 11, 24-р ). Нэрээр нь нэрлэсэн номыг бичигч Матай Есүсийн шавь нарыг (өөрөө тэдний нэг байсан) хэн нь илүү байх талаар хэрхэн маргалдаж байсныг, баригдах шөнө нь Есүсийг хэрхэн орхиж явцгаасныг бичжээ ( бүлэгМатай 20:20—24; 26:56). Грек Сударт байдаг захидлуудыг бичигчид Есүсийн эртний шавь нарын дунд бэрхшээл, тэр дундаа садар самуун явдал, хэрүүл маргаан гарч байсныг шууд хүлээн зөвшөөрч, ний нуугүй бичжээ (1 Коринт 1:10—13; 5:1—13).
Тийнхүү шууд, илэн далангүй бичсэн нь үнэнийг чин сэтгэлээсээ хайрладгийн илрэл юм. Библийг бичигчид дотнын хүмүүсийнхээ, ард түмнийхээ, түүгээр ч барахгүй өөрсдийнхөө талаар таагүй зүйлийг тэр чигээр нь бичиж байсан нь тэдний бичсэн зүйлд итгэх үнэмшилтэй шалтгаан болохгүй гэж үү?
Жижиг зүйл нь нарийн зөв
Шүүхэд өгч буй гэрчийн мэдүүлгийн үнэн эсэхийг аахар шаахар баримтуудад үндэслэн тогтоох нь олонтаа. Ялихгүй жижиг зүйлүүд хоорондоо таарвал мэдүүлэг үнэн зөв, шударга болох нь тогтоогддог байхад, ноцтой зөрвөл зохиомол болох нь илэрдэг. Нөгөөтэйгүүр, жижиг зүйл бүр нь яв цав таарсан ямар ч өөгүй мэдүүлгийг бас хуурамч гэж үзэж болдог.
Тэгвэл Библи бичигчдийн «мэдүүлэг» хэр таардаг вэ? Тэдний бичсэн зүйл хоорондоо гайхалтай зохицсон байдаг. Өчүүхэн жижиг зүйлүүд нь хүртэл нарийн таардаг. Гэхдээ энд үгсэн нийлжээ гэж сэжиглэхээр зориуд тааруулсан явдал байхгүй юм. Үйл явдлыг давхцуулах гэж зориуд төлөвлөдөггүй ч бичсэн зүйл нь санаандгүй таарсан байдаг нь илэрхий харагддаг. Хэдэн жишээ үзье.
«Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуунтай өвдөн хэвтэж байхыг харав» гэж Евангелийг бичигч Матай бичжээ (Матай 8:14). Энд, Петрийн гэрлэсэн талаарх сонирхолтой ч гэсэн онц ач холбогдолгүй жижиг зүйлийг бичсэн байна. Энэ үл ялих жижиг баримтыг «Бид өөр элч нар ба Кифас... [шиг] Эзэнд итгэсэн гэргийг[ээ] дагуулах эрхгүй юү?» * хэмээн бичсэн Паулын үг баталдаг (1 Коринт 9:5, МАБ). Паул үндэслэлгүй шүүмжлэлээс өөрийгөө өмгөөлсөн нь хам сэдвээс харагддаг (1 Коринт 9:1—4). Петр эхнэртэй байсан гэх энэ анзаарагдамгүй баримтыг Паул, Матайн бичсэн зүйл үнэн зөв гэж батлах гэсэндээ биш, харин тохиолдлоор ийнхүү дурссан нь тодорхой.
Есүсийг баригдах шөнө шавь нарынх нь нэг нь илдээ сугалан, тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчсаныг Евангелийг бичигч Матай Марк Лук Иохан нар бүгдээрээ бичжээ. Гэхдээ ганц «Иохан» номд: «Тэр боолын нэрийг Малх гэдэг ажээ» гэж төдий л ач холбогдолгүй мэт санагдах жижиг баримт бичсэн байна (Иохан 18:10, 26). Ямар учраас ганцхан Иохан тэр хүний нэрийг хэлсэн бэ? Иохан «тэргүүн тахилчийг таньдаг» байсан тухай өөр хаана ч бичээгүй үл ялих баримтыг дээрх тэмдэглэлийн дараа бичжээ. Мөн тэрбээр тэргүүн тахилчийн гэрийнхнийг мэддэг, зарц нар нь түүнийг, тэр ч тэднийг таньдаг байв (Иохан 18:15, 16). Евангелийг бичигч бусад нь шархадсан хүнийг танихгүйгээс нэрийг нь хэлээгүй байхад Иохан түүний нэрийг дурссан нь зүйн хэрэг билээ.
Заримдаа ямар нэг үйл явдлыг Библийн аль нэг хэсэгт нарийвчлан тайлбарлаагүй байхад өөр хэсэгт тохиолдлоор тайлбарласан байх нь бий. Жишээ нь, Есүс Дээд шүүхэд байцаагдсан тухай Матайн бичсэн зүйлд, тэнд байсан зарим хүн түүнийг алгадаад: «Хэн цохисныг зөгнөөдөх, эрхэм Христ гуай минь» гэцгээж байсныг өгүүлжээ (Матай 26:67, 68, МБОХ, 1996 он). Есүсийг алгадсан хүн өмнө нь зогсож байсан юм бол хэн алгадсаныг «зөгнөөдөх» гэсэн нь ямар учиртай вэ? Матай үүнийг тайлбарлаагүй. Гэхдээ Матайн орхисон тэрхүү жижиг зүйлийг Евангели бичсэн өөр хоёр хүн тайлбарлахдаа, Есүсийг дарамтлан зовоогчид түүнийг алгадахаасаа өмнө нүдийг нь боосон гэжээ (Марк 14:65; Лук 22:64). Матай энэ явдлын тухай бичихдээ жижиг зүйлүүдийг нь нэг бүрчлэн тайлбарлаагүй аж.
«Иохан» номд олон мянган хүн Есүсийн сургаалыг сонсохоор цуглахад болсон үйл явдлыг бичжээ. Тэнд бичсэнээр, Есүс хүмүүсийг хараад, «Филипт: „Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ?“» гэжээ (Иохан 6:5). Шавь нар нь бүгдээрээ байсаар атал хаанаас талх худалдаж авахыг Есүс Филипээс онцолж асуусны учир юу вэ? Иохан үүнийг хэлээгүй. Гэсэн хэдий ч, зэргэлдээх «Лук» номд тэр үйл явдал Галилын тэнгисийн хойд эрэг дээрх Бетсайд хотын дэргэд болсныг бичсэн бөгөөд өмнө нь «Иохан» номд «Филип... Бетсайдаас иржээ» гэсэн буй (Иохан 1:44; Лук 9:10). Тэгэхлээр, Есүс тэр нутгийн хүнээс асуусан нь зүйн хэрэг билээ. Жижиг зүйлүүдийг зориуд тааруулж бичээгүй ч гайхалтай тохирдог.
Зарим үед, жижиг зүйлүүдийг бичилгүй орхисон байх нь Библийг бичигчдэд итгэх итгэлийг улам л нэмдэг. Тухайлбал, «Хаадын дээд» номыг бичигч, Израильд айхтар ган гачиг болсон тухай өгүүлдэг. Хаан нь хүртэл морь, луусаа тэжээх өвс, ус олж чадахааргүй тийм хэцүү ган болж байжээ (Хаадын дээд 17:7; 18:5). Тийм атал, зөнч Елиа Кармел ууланд 1 000 орчим ам дөрвөлжин метр талбайг тойруулан татсан шуудууг дүүргэх ус авчрахыг (амьтнаар тахил өргөхийн тулд) тушаасныг мөнхүү бүлэгт бичжээ (Хаадын дээд 18:33—35). Ган болж байхад хаанаас тэр их усыг авчирдаг билээ? «Хаадын дээд» номыг бичсэн хүн үүнийг тайлбарлахыг чухалчлаагүй. Гэхдээ Кармел уул Газрын дундад тэнгисийн эрэг хавьд байдгийг Израильд амьдардаг хүн бүр мэддэг байсан. Газарзүйн тийм байрлалыг уг номыг бичигч хүүрнэлийнхээ хожуу хэсэгт санаандгүй дурдсан байдаг (Хаадын дээд 18:43). Тийм учраас тэнгисийн уснаас авах боломжтой байжээ. Бусад талаараа ч нарийн тодорхой энэ номыг үнэн баримттай гэж санагдахаар зохиосон гэвэл, түүнийг бичигч тэр сүрхий уран мэхлэгч тийм илэрхий авцалдаагүй зүйлийг зохиолдоо үлдээнэ гэж үү?
Тэгэхлээр, Библид итгэж болох уу? Археологичид Библид дурдсан хүмүүс нь түүхэн бодитой, газар орон нь үнэхээр байсан, үйл явдал нь үнэнхүү болж өнгөрснийг батлах эд өлгийн зүйл хангалттай олныг малтаж гаргасан. Гэвч илүү үнэмшилтэй нотолгоонууд Библид өөрт нь байдаг. Үнэнч шударгаар бичигчид нь өөрсдийнхөө тухай хүртэл оруулаад, болсон явдлыг элдэв нэмэр хачиргүйгээр тэмдэглэн үлдээжээ. Библийн дотоод зохицол, тэр дундаа үйл явдал тохиолдлоор давхацсан байдаг нь «мэдүүлэг» баараггүй үнэн болохыг баталдаг. «Баттай шинж тэмдгүүд» бүхий Библи бол үнэхээр таны итгэж болох ном юм.
[Зүүлт]
^ д/м 8 Энэ олдворын дараа профессор Андри Лемер, 1868 онд олдсон «Мешагийн чулуун самбар» («Моабын чулуу» ч гэдэг) дээрх бичээсийн баларсан мөрийг сэргээн засварлах явцад мөн л «Давидын гэр»-ийн тухай дурдсан байсныг илрүүлсэн талаар мэдээлжээ.4
^ д/м 21 Семит хэлний «Кифас» буюу «Кеф» гэдэг нэр «Петр» гэдэгтэй ижил утгатай (Иохан 1:42).
[15-р хуудасны зураг]
Тель Данаас олдсон хэлтэрхий
[16, 17-р хуудасны зураг]
Хаадын дэд 18:13, 14-т дурдсан Лахишийг эзэлснийг дүрсэлсэн Ассирийн ханан дээрх товгор сийлбэр