Энэ ном шинжлэх ухаантай тохирдог болов уу?
Энэ ном шинжлэх ухаантай тохирдог болов уу?
Шашин шинжлэх ухааныг анд нөхрөө гэж тэр бүр үзэж байсангүй. Өнгөрсөн олон зууны турш зарим теологч Библийн талаарх өөрсдийнх нь тайлбарт сөргөөр нөлөөлсөн шинжлэх ухааны нээлтүүдийг эсэргүүцэж байлаа. Гэтэл шинжлэх ухаан үнэхээр Библийн дайсан юм гэж үү?
ХЭРЭВ Библийг бичигчид тухайн үеийнхээ шинжлэх ухааны хамгийн өргөн тархсан үзэл баримтлалыг дагасан бол эцэст нь орчин үеийн шинжлэх ухааны хувьд илэрхий алдаатай ном гаргах байсан. Гэвч тэд тиймэрхүү буруу ойлголтыг дэмжээгүй юм. Харин ч орчин үеийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нарийн зөв төдийгүй, тэр үеийнхээ нийтлэг үзэлтэй эрс зөрчилдсөн мэдээлэл олныг бичжээ.
Дэлхий ямар хэлбэртэй вэ?
Энэ асуулт хүн төрөлхтний сонирхлыг олон мянган жилийн турш татсаар иржээ. Дээр үед бүх нийтээрээ Дэлхийг хавтгай гэж ойлгодог байв. Жишээлбэл, вавилончууд орчлонт ертөнцийг хайрцаг юм уу өрөө тасалгаа, Дэлхийг түүний шал гэж итгэдэг байжээ. Энэтхэгийн ведийн лам нар Дэлхийг хавтгай бөгөөд зөвхөн нэг талд нь хүн амьтан амьдардаг гэж үздэг байсан. Хүй нэгдлийн үеийн Азийн нэгэн овог Дэлхийг цай зөөдөг аварга том тавиур гэж дүрсэлдэг байжээ.
Бүр МЭӨ VI зуунд Грекийн философич Пифагор Сар, Нар бөөрөнхий тул Дэлхий ч бас бөмбөрцөг байх ёстой гэсэн онол дэвшүүлжээ. Хожим нь, МЭӨ IV зуунд Аристотель үүнтэй санал нийлэн, Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болох нь Сарны хиртэлтээр батлагдсан хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Саран дээр туссан Дэлхийн сүүдэр нуман хэлбэртэй харагддаг.
Гэвч Дэлхий хавтгай (зөвхөн дээд талд нь хүн амьтан амьдардаг) гэдэг ойлголт бүрэн арилаагүй байв. Зарим хүн Дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэсэн логик ойлголт болох антиподын тухай үзлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй байжээ. * МЭ IV зууны үед амьдарч асан христ шашинтан зохиолч Лактанций энэ үзэлд их л доогтой хандаж байв. Тэрбээр үүнийгээ тайлбарлаж: «Хөл толгой нь уруугаа харсан хүмүүс байдаг гэдэгт, ...мод ургамал уруугаа ургаж, бороо, цас, мөндөр дээшээ ордог гэдэгт итгэдэг тийм тэнэг хүн байх уу даа?» хэмээн бичжээ.2
Антиподын тухай үзэл зарим теологчийг мухардалд оруулжээ. Хэрэв антиподын үл мэдэгдэх хүмүүс байдаг бол гаталж баршгүй өргөн далай ч юм уу эсвэл нэвтрэх аргагүй экваторын халуун бүсээс болоод тухайн үеийн мэдэгдэж байсан хүмүүстэй холбоо харилцаа тогтоох боломжгүй гэж зарим онолд зааж байжээ. Тэгвэл антиподын хүмүүс хаанаас бий болсон байж таарах вэ?
Гайхаш тасарсан зарим теологч тийм хүмүүс байдаггүй гэдэгт эсвэл, Лактанцийн үзэж байсан шиг, Дэлхий бөмбөрцөг байх боломжгүй гэдэгт итгэхийг илүүд үзжээ!Гэсэн хэдий ч, Дэлхий бөөрөнхий гэдэг үзэл зонхилох болж, сүүлдээ бүх нийтээр хүлээн зөвшөөрчээ. Харин XX зуунд сансрын эрин эхэлснээр хүн сансрын уудамд аялж, Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохыг нүдээрээ үзэх боломж бүрдсэн билээ. *
Тэгвэл энэ асуудлаар Библи ямар байр суурь баримталдаг вэ? Дэлхийг хавтгай гэсэн үзэл зонхилж байсан МЭӨ VIII зууны үед, мөн Грекийн философичдыг Дэлхий бөөрөнхий байж магадгүй гэсэн онол дэвшүүлэхээс хэдэн зууны өмнө, хүн төрөлхтөн сансрын уудмаас Дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй юм байна гэж харахаас хэдэн мянган жилийн өмнө еврей зөнч Исаиа: «Дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ» хэмээн гайхалтай энгийн үгээр бичсэн байдаг (Исаиа 40:22). Энд «тойрог» гэж орчуулсан хуг гэдэг еврей үгийг бас «бөмбөрцөг» гэж орчуулж болдог.3 Библийн зарим орчуулгад «дэлхийн бөмбөрцөг» («Douay Version»), «бөөрөнхий дэлхий» («Moffatt») гэж бий. *
Библийг бичигч Исаиа олны дунд тархсан Дэлхийн тухай домог яриаг хэрэгсээгүй бөгөөд үүний оронд, шинжлэх ухааны ирээдүйн нээлт ч няцаахааргүй мэдээлэл бичжээ.
Дэлхийн тулгуур юу вэ?
Эрт цагт хүмүүс: «Дэлхий юун дээр тогтдог вэ? Нар, сар, одны тулгуур юу вэ?» гэх зэрэг сансар огторгуйн тухай асуултад хариу олж чадахгүй гайхаш нь тасардаг байв. Тэд Исаак Ньютоны нээж, 1687 онд хэвлүүлсэн бүх ертөнцийн таталцлын хуулийг мэддэггүй байсан. Тэнгэрийн эрхэс хоосон огторгуйд юунаас ч өлгөгдөөгүй гэсэн үзэл тэдний хувьд ойлгомжгүй байлаа. Тийм учраас тэд ихэвчлэн, Дэлхий болон тэнгэрийн бусад эрхсийг ямар нэг бодис буюу материаллаг зүйл огторгуйд тогтоон барьдаг гэж тайлбарладаг байжээ.
Жишээлбэл, арал дээр амьдардаг хүмүүсийн зохиосон байж болох эртний нэг сургаалаар бол Дэлхий эргэн тойрон усаар хүрээлэгдсэн бөгөөд энэ усан дээрээ хөвж явдаг аж. Энэтхэгчүүд Дэлхийг дээр дээрээсээ давхарласан хэд хэдэн суурьтай гэж төсөөлдөг байжээ. Энэ дагуу бол Дэлхий дөрвөн заан дээр, заанууд асар том яст мэлхийн дээр, яст мэлхий аварга могойн дээр зогсож, цагирагласан тэр могой орчлонт ертөнцийн усанд хөвдөг аж. МЭӨ V зууны Грекийн философич Эмпедокл Дэлхийг хуй салхин дээр байдаг бөгөөд энэ хуй салхи тэнгэрийн эрхсийг хөдөлгөөнд оруулдаг гэдэгт итгэдэг байжээ.
Хамгийн нөлөө бүхий сургаалын тоонд Аристотелийн сургаал ордог байв. Аристотель Дэлхийг бөөрөнхий гэсэн онол боловсруулсан ч, хоосон огторгуйд оршиж болохыг нь үгүйсгэжээ. Тэрбээр эрдэм шинжилгээний нэгэн бүтээлдээ Дэлхий усан дээр байдаг гэсэн үзэлд няцаалт өгч: «Ус дэлхийн нэг адил агаарт тогтох шинж чанаргүй, ямар нэг юман дээр байх ёстой» хэмээн өгүүлжээ («On the Heavens»).4 Тэгэхлээр, Дэлхий юун дээр «тогтдог» хэрэг вэ? Аристотель Нар, Сар, одыг хатуу тунгалаг бөмбөрцгүүдийн гадаргууд бэхлэгдсэн байдаг гэж сургаж байв. Нэг бөмбөрцөг нөгөөгийнхөө дотор, харин голын бөмбөрцөгт Дэлхий хөдөлгөөнгүй оршиж байдаг. Бөмбөрцгүүд нэг нэгнийхээ дотор эргэлдэхэд дээр нь байгаа Нар, Сар, гариг гэх мэт огторгуйн биетүүд тэнгэрийн уудамд орчдог ажээ.
Аристотелийн тайлбар зүйтэй мэт байв. Хэрэв тэнгэрийн эрхэс ямар нэг юманд бат бэхлэгдээгүйсэн бол хоосон огторгуйд яаж тогтох билээ? Олны хүндэтгэлийг хүлээсэн Аристотелийн сургаалыг 2 000 орчим жилийн турш үнэн хэмээн хүлээн зөвшөөрч байв. XVI—XVII зуунд сүм хийд түүний сургаалыг «шашны сургаалд өргөмжилсөн» гэж нэгэн алдартай нэвтэрхий тольд бичжээ («The New Encyclopædia Britannica»).5
*6
Дуран авай бий болсноор астрономичид Аристотелийн онолд эргэлзэх болов. Гэсэн ч гаригууд хоосон огторгуйд өөр өөрийнхөө тойрог зам дээр үл үзэгдэх таталцлын хүчээр тогтдог гэж Исаак Ньютоныг тайлбарлах хүртэл зөв хариулт нь олдоогүй билээ. Тэр үед Ньютоны тайлбарт итгэхэд бэрх байсан ба мэргэжил нэгт зарим нөхөд нь сансрыг бодисгүй шахуу хоосон орчин гэдэгт итгэж чадахгүй байв.Энэ асуудлаар Библи юу хэлдэг вэ? Дэлхийг «хоосон юман дээр» байдаг гэж 3 500 орчим жилийн тэртээ гайхалтай тодорхой мэдэгдсэн буй (Иов 26:7). Еврей эхэд хэрэглэсэн «хоосон юм» (бели-маах) гэдэг энэ үгийг үгчлэн орчуулбал «юу ч байхгүй» гэсэн утгатай.7 Нэгэн орчуулгад «хоосон огторгуй» гэдэг үг ашигласан байдаг («Contemporary English Version»).
«Хоосон огторгуйд» байдаг гариг бол тэр үеийн ихэнх хүний төсөөлж байсан тэрхүү Дэлхий огт биш байв. Гэхдээ Библи бичигч тухайн цаг үеэсээ хол түрүүлэн, шинжлэх ухааны үүднээс ч үнэн зөв мэдээг бичиж үлдээжээ.
Библи анагаах ухаантай тохирдог болов уу?
Орчин үеийн анагаах ухаан өвчний тархалт, өвчнөөс сэргийлэх талаар биднийг их зүйлд сургасан. XIX зуунд анагаах ухаанд дэвшил гарч, халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн практикт ариутгалын бодис хэрэглэж, ариун цэвэр сахих болов. Ингэснээр гайхалтай үр дүнд хүрч, халдвар тархалт болон цаг бусын үхлийн тоо эрс буурсан байна.
Гэвч эрт цагийн эмч нар өвчин яаж тархдагийг бүрэн ойлгоогүй, өвчнөөс сэргийлэхийн тулд ариун цэвэр сахих хэчнээн чухал болохыг ч ухамсарлаагүй байв. Тэдний эмчилгээний олон арга орчин үеийн стандартад нийцэхээргүй хэт бүдүүлэг байсанд гайхах зүйл үгүй юм.
Өнөөдрийг хүрч ирсэн хамгийн эртний анагаах ухааны бүтээлийн нэг нь египетчүүдийн эмхтгэсэн, «Эберсийн папирус» хэмээх МЭӨ 1550-иад оны үеийн бүтээл юм. Эл бүтээлд «матарт хазуулснаас өгсүүлээд хөлийн хумсны өвчин» гээд янз бүрийн өвчин эмчлэх 700 орчим арга байдаг аж.8 Нэгэн нэвтэрхий тольд: «Тэр үеийн эмч нарын анагаах ухааны мэдлэг тэр чигтээ туршлага дээр тулгуурласан, голдуу хар домын чанартай, бүхэлдээ шинжлэх ухааны үндэсгүй байжээ» гэж бичжээ («The International Standard Bible Encyclopaedia»).9 Тэдгээр эм домын ихэнх нь бараг үр дүнгүй, зарим нь бүр дэндүү аюултай байв. Шарх эмчлэх нэг аргад л гэхэд хүний ялгадсыг өөр янз бүрийн юмтай хольж бэлтгэсэн зуурмаг түрхэхийг зөвлөсөн байдаг.10
Египетийн анагаах ухааны энэхүү бүтээлийг Мосегийн хууль бүхий Библийн эхний номууд бичигдэж байх тэр үед зохиожээ. Мосе МЭӨ 1593 онд төрж, Египетэд өссөн билээ (Египетээс гарсан нь 2:1—10). Фараоны гэр бүлийн гишүүн байсан тэрбээр «Египетийн бүх эрдэмд боловсорчээ» (Үйлс 7:22). Египетийн «эмч нарыг» ч сайн мэддэг байв (Эхлэл 50:1—3). Тэдний эмчилгээний үр дүнгүй, аюултай аргыг Мосе номууддаа оруулсан болов уу?
Оруулаагүй. Харин ч Мосегийн хуульд тухайн үеэсээ хол түрүүлсэн ариун цэврийн дүрэм бий. Жишээлбэл, цэргийн хуарангийн тухай хуульд ялгадсаа хуарангийн Дэд хууль 23:13). Энэ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэн дэвшилтэт арга хэмжээ байлаа. Эл арга усыг бохирдохоос хамгаалахын хамт, ариун цэврийн нөхцөл муутай орнуудад одоо ч жил бүр олон сая хүний аминд хүрсээр байгаа ялаагаар дамжин халдварладаг цусан суулга болон бусад суулгалт үүсгэдэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан.
гадна булах шаардлага байдаг (Мосегийн хууль Израильд халдварт өвчин тархахаас сэргийлэх ариун цэврийн өөр олон дүрэмтэй байсан. Халдварт өвчин туссан буюу сэжигтэй хүнийг хөл хорьдог байв (Левит 13:1—5). Үхсэн (өвчнөөр байж болох юм) амьтанд хүрсэн дээл хувцас, сав суулгыг дахин хэрэглэхийн өмнө угаах буюу эсвэл шууд устгадаг байжээ (Левит 11:27, 28, 32, 33). Цогцост хүрсэн аливаа хүн бузартсанд тооцогддог байсан агаад хувцсаа угааж, усанд орох гэх зэрэг бузраас цэвэрших журам сахидаг байв. Тийм хүн бузартлын долоон хоногийн хугацаанд бусдад хүрэхээс зайлсхийдэг байжээ (Тооллого 19:1—13).
Ариун цэврийн эл хуулиас тэр үеийн, Израильтай хөрш зэргэлдээ үндэстнүүдийн эмч нарт байгаагүй мэргэн ухаан харагддаг. Өвчин ямар замаар халддагийг анагаах ухаан мэдэхээс хэдэн мянган жилийн өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх ухаалаг арга хэмжээг Библид хэдийнээ бичсэн байсан. Тийм учраас израильчууд тэр үед нийтээрээ 70—80 насалдаг байсан гэж Мосегийн хэлсэнд гайхах хэрэггүй юм * (Дуулал 90:10).
Дээр дурдсан Библийн мэдээлэл шинжлэх ухааны үүднээс нарийн зөв гэдгийг та лав хүлээн зөвшөөрч байгаа байх. Гэхдээ Библид шинжлэх ухаанаар нотлох аргагүй өөр мэдээлэл бас бий. Энэ нь Библийг шинжлэх ухаантай заавал зөрчилдүүлдэг гэсэн үг үү?
Нотлох аргагүй мэдээллийг хүлээн зөвшөөрөх нь
Нотлох аргагүй мэдээлэл заавал худлаа байх албагүй. Хүн шаардлагатай баримт олж, зөв тайлбарлах чадвар нь хязгаартай байдгаас бүгдийг шинжлэх ухаанаар нотолж болдоггүй. Гэвч баримт хадгалагдаж үлдээгүй, ойлгомжгүй буюу судлагдаагүй эсвэл маргашгүй дүгнэлтэд хүрэх шинжлэх ухааны боломж, туршлага дутуугаас зарим зүйл нотлох аргагүй байдаг. Тэгвэл, Библийн бодитой баримтгүй зарим зүйлийг ийм маягаар тайлбарлаж болохгүй гэж үү?
Жишээ нь, Библид өгүүлсэн сүнсэн биетүүдийн амьдардаг үл үзэгдэх ертөнцийг шинжлэх ухааны үүднээс батлах юм уу няцаах боломжгүй. Библид дурдсан ер бусын явдлуудын тухайд ч мөн тийн хэлж болно. Ноагийн үед дэлхийг хамарсан Усан галав болсныг батлах геологийн илэрхий баримт хангалттай байдаггүйгээс зарим хүн тэр бүр итгэдэггүй («Эхлэл» ном, 7-р бүлэг). Үүнээс болоод Усан галав юүлээгүй гэж үзэх ёстой гэж үү? Цаг хугацаа, хувьсал өөрчлөлтөөс болоод түүхэн үйл явдал баларч бүдгэрдэг. Тиймд Усан галав болсныг батлах ихэнх баримт хэдэн мянган жилийн геологийн идэвхжлийн улмаас устаж үгүй болсон байж болохгүй гэж үү?
Бодит баримтаар нотлох юм уу няцаах аргагүй мэдээлэл Библид байдаг нь үнэн. Гэхдээ бид үүнд гайхах хэрэг байна уу? Библи шинжлэх ухааны сурах бичиг биш ч үнэний ном юм. Энэ номыг шударга, үнэнч хүмүүс бичсэнийг нотлох баттай баримтуудыг бид дээр авч үзсэн билээ. Тэдний бичсэн шинжлэх ухаантай холбоотой зүйл нарийн зөв бөгөөд эртний домог болон балардаг «шинжлэх ухааны» гэгдэх онолоос бүрэн ангид байдаг. Ийм учраас шинжлэх ухаан нь Библийн дайсан биш юм. Тэгэхлээр Библид юу өгүүлснийг ул суурьтай авч үзэх хангалттай шалтгаан бий.
[Footnotes]
^ д/м 7 «Антипод... бол дэлхийн бөмбөрцөг дээрх харалдаа хоёр цэг юм. Тэдгээрийг холбосон шулуун шугам дэлхийн төвийг дайрдаг. Грек хэлний антипод гэдэг үг хөл хөлөөрөө харах гэсэн утгатай. Антипод цэг дээр зогсож буй хоёр хүний хөлийн улнууд хамгийн ойрхон байх аж» («The World Book Encyclopedia»).1
^ д/м 9 Шинжлэх ухааны хэлээр бол Дэлхий нь сферойд буюу хоёр туйлаараа ялимгүй хавчиг бөмбөрцөг юм.
^ д/м 10 Дашрамд дурдахад, бөөрөнхий зүйл л аль ч талаасаа тойрог хэлбэртэй харагддаг бол дугуй юм их төлөв зууван хэлбэртэй үзэгддэг.
^ д/м 17 Орчлонт ертөнц шингэнээр буюу сансрын «шөлөөр» дүүрч, тэрхүү шингэний эргүүлэг гаригуудыг эргэлдэх хөдөлгөөнд оруулдаг гэсэн үзэл Ньютоны үед зонхилж байжээ.
^ д/м 27 1900 онд л гэхэд АНУ болон Европын олон оронд хүний дундаж наслалт 50 хүрдэггүй байжээ. Харин яваа яваандаа анагаах ухаан өвчинд хяналт тавьж чаддаг болсноос гадна ариун цэвэр, амьдралын нөхцөл сайжирсны ачаар хүмүүс илүү урт насалдаг болсон байна.
[21-р хуудасны товчлол]
Нотлох аргагүй мэдээлэл заавал худлаа байх албагүй
[18-р хуудасны зураг]
Хүн төрөлхтөн сансрын уудмаас Дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэж харахаас олон мянган жилийн өмнө Библид «дэлхийн тойрог» гэж өгүүлсэн байдаг
[20-р хуудасны зураг]
Исаак Ньютон гариг эрхсийг өөр өөрийнхөө тойрог зам дээр таталцлын хүчээр тогтдог гэж тайлбарласан