Skip to content

Есүстэй адилхан болъё гэвэл ...

Есүстэй адилхан болъё гэвэл ...

ӨРӨВЧ БАЙГААРАЙ

Есүс төгс хүн байсан учраас жирийн хүний адил бие сэтгэлийн зовлон үзэж байгаагүй. Гэхдээ хүмүүсийг их өрөвддөг байв. Хүмүүсийн төлөө хэрэгтэй байгаа зүйлээс нь ч илүү ихийг хийж, чадах бүхнээ хийхэд бэлэн байв. Өрөвч учраас бусдад тусалдаг байсан. 32, 37, 57, 99-р бүлгийг уншаад үүнийг батлах жишээнүүдийг эргэцүүлэн бодоорой.

ХАЛГАЖ ДӨЛӨХӨӨРГҮЙ БАЙГААРАЙ

Есүс өөрийгөө бусдаас дээгүүр гэж боддоггүй, нөхөрсөг хүн байсан учраас хөгшин ч бай, залуу ч бай, ямар ч насны хүн түүнээс халгаж дөлдөггүй байв. Хайр халамжийг нь мэдэрсэн болохоор тэд Есүстэй хамт байх дуртай байжээ. 25, 27, 95-р бүлгээс энэ тухай үзнэ үү.

ҮРГЭЛЖ ЗАЛБИРААРАЙ

Есүс ганцаараа байхдаа ч, хүмүүстэй хамт байхдаа ч Эцэгтээ хандан байнга шаргуу залбирдаг байв. Зөвхөн хоол идэхдээ биш, ямар ч үед залбирдаг байсан. Тэнгэрийн Эцгээ магтаж, талархан, бас чухал шийдвэр гаргахынхаа өмнө удирдамж заавар гуйн залбирдаг байсан юм. 24, 34, 91, 122, 123-р бүлгээс үүний жишээг үзнэ үү.

БУСДЫГ БОДООРОЙ

Заримдаа Есүс амармаар байсан ч гэсэн, тэр цагаа бусдад зориулдаг байсан. Өөрийгөө л хамгийн түрүүнд боддог хандлагатай байгаагүй нь бас бидний дуурайвал зохих сайхан жишээ юм. 19, 41, 52-р бүлгийг уншиж, энэ жишээг нь судлаарай.

БУСДЫГ УУЧИЛДАГ БАЙГААРАЙ

Есүс бусдыг уучилж өршөөгөөрэй гэж зааж сургаад зогсохгүй, өөрөө шавь нараа ч бусдыг ч уучилдаг байв. 26, 40, 64, 85, 131-р бүлэгт гардаг жишээг эргэцүүлж бодоорой.

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Ихэнх иудейчүүд Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөхгүй, дайснууд нь түүнийг хөнөөнө гэж зөгнөсөн байсан. Тиймд бусдад үйлчлэхдээ биеэ бүрэн дайчлахгүй байж болох л байсан. Гэхдээ хичээл зүтгэл гарган цэвэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлсэн юм. Хүмүүс хайхрамжгүй хандах юм уу, эсэргүүцсэн ч гэсэн хичээл зүтгэлээ сулруулахгүй байхын сайхан жишээг шавь нартаа үлгэрлэн үзүүлсэн. 16, 72, 103-р бүлгийг үзнэ үү.

ДАРУУ БАЙГААРАЙ

Есүс мэдлэг, мэргэн ухаанаараа ямар ч төгс бус хүнээс хол давуу байсан. Төгс хүн учраас эргэн тойрныхоо хүмүүсээс илүү бяр чадалтай, ухаантай байсан биз ээ. Гэлээ ч даруу байж, бусдад үйлчилдэг байв. 10, 62, 66, 94, 116-р бүлгээс энэ тухай үзнэ үү.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ

Шавь нар болон бусад хүн жишээг нь дуурайхгүй, хэлж захисныг нь биелүүлэхгүй байсан ч гэсэн Есүс дандаа тэвчээртэй ханддаг байсан. Тэвчээртэйгээр дахин дахин заасны ачаар тэд Еховатай дотно болсон биз ээ. 74, 98, 118, 135-р бүлгээс Есүсийн тэвчээрийн тухай уншиж эргэцүүлж бодоорой.