Сайн мэдээгээ хүргэдэг тэдний арга
Сайн мэдээгээ хүргэдэг тэдний арга
ЕСҮСИЙН шавь нар «бүх үндэстнийг дагалдагч болгох» даалгавартай. Гэхдээ энэ нь тэд итгэл үнэмшлээ бусдад хүчээр тулган хүлээлгэнэ гэсэн үг биш юм. Есүс «зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэн», «шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээж», «бүх гашуудагсдыг тайвшруулахаар» энэ дэлхийд ирсэн (Матай 28:19; Исаиа 61:1, 2; Лук 4:18, 19). Еховагийн Гэрчүүд Библид бичсэн сайн мэдээг тунхаглан, уг даалгавраа биелүүлэхийг чармайдаг. Орчин үед Еховагийн Гэрчүүд эртний зөнч Езекиелийн адилаар энэхүү ертөнцөд «үйлдэгдэж буй жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийг» эрж олохыг хичээж байна (Езекиел 9:4).
Айлаар явж дэлгэрүүлэх нь өнөөгийн байдалд санаа зовсон хүмүүсийг эрж хайхдаа Еховагийн Гэрчүүдийн ашигладаг хамгийн шилдэг арга юм. Тэд хүмүүстэй уулзахын тулд Есүс «нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж» байсны адил хамаг хүчээ шавхан дайчилдаг. Есүсийн эртний шавь нар тийн дэлгэрүүлдэг байсан (Лук 8:1; 9:1—6; 10:1—9). Өнөөдөр Еховагийн Гэрчүүд тухайн орон нутаг болоод дэлхий нийтэд олон түмний анхаарлыг татаж байгаа тулгамдсан асуудлаар хүмүүстэй ярилцахын тулд айл болгоноор, боломжтой бол, жилд хэд хэдэн удаа орохыг хичээдэг. Тэгээд Библиэс нэг, хоёр зүйл уншиж, санал бодлоо солилцоод, гэрийн хүн сонирхож байвал яриагаа үргэлжлүүлэхийн тулд дахин уулзах тохиромжтой цагаа товлон тохирдог. Хэрэв тэр хүн хүсвэл түүнд Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл өгч, Библийн хичээлийг гэрээр үнэ төлбөргүй явуулдаг. Дэлхий даяар үр ашигтай олон сая тийм хичээл хувь хүн болон гэр бүлийн хүрээнд тогтмол явагддаг юм.
Хаанчлалын тухай сайн мэдээг бусдад хүргэх өөр нэг арга бол «Хаанчлалын танхим» буюу Еховагийн Гэрчүүдийн цугладаг газарт долоо хоног бүр болдог цуглаан юм. Тийм нэг цуглаан дээр тулгамдсан сэдвээр нийтэд зориулсан лекц уншдаг ба дараа нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн тусламжтайгаар Библийн аль нэг сэдэв юм уу, зөгнөлийг судалдаг. Өөр нэг цуглаан бол Еховагийн Гэрчүүд сайн мэдээг илүү сайн дэлгэрүүлэх аргад суралцдаг тусгай сургууль юм. Энэ цуглааны дараагийн
хэсгийг тухайн орон нутагт дэлгэрүүлэх ажлыг хэрхэн явуулах талаар хэлэлцэхэд зориулдаг. Түүнээс гадна Еховагийн Гэрчүүд Библи судлах гэж долоо хоног бүр жижиг хэсэг болон хэн нэгнийдээ цугладаг.Сонирхсон хэн ч болов цуглаанд чөлөөтэй оролцож болно. Цуглаанд оролцоход мөнгө төлдөггүй. Еховагийн Гэрчүүдийн цуглаан оролцсон бүх хүнд ашигтай. Библид: «Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил шиг хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдөр ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя» гэж бичсэн буй. Библийг бие даан судлах нь чухал хэдий ч цуглаанд ирснээр бид «Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг» гэсний дагуу бие биеэсээ суралцдаг (Еврей 10:24, 25; Сургаалт үгс 27:17).
Түүнээс гадна Еховагийн Гэрчүүд өдөр тутмынхаа ажил амьдралд учирсан хүмүүстэй сайн мэдээ хуваалцахын тулд боломж болгоноо ашигладаг. Хөрштэйгөө юм уу автобус, онгоцонд нэг суудалд зэрэгцэн суусан хүнтэйгээ хэд гурван үг солих, эсвэл найз нөхөд, хамаатан садантайгаа илүү дэлгэрэнгүй ярилцах, эсвэл үдийн завсарлагаагаар хамт ажилладаг хүмүүстээ дэлгэрүүлэх зэргээр боломж болгоныг ашиглаж болох юм. Есүс дэлхийд байхдаа янз бүрийн нөхцөл байдалд гэрчилж байсан. Жишээ нь: Голын эргээр явж байхдаа, уулын бэлд сууж байхдаа, айлд зочлон, үдийн хоол зооглож байх үедээ, хуриманд оролцож байхдаа, загасчны завинд суугаад Галил нуураар явж байхдаа гэх мэт. Мөн иудейн синагогуудад болон Иерусалимын сүмд сургаалаа айлддаг байв. Тэрбээр хаана ч байсан Бурхны Хаанчлалын тухай ярих боломжийг олдог байсан. Еховагийн Гэрчүүд энэ талаар Есүсийг дуурайхыг хичээдэг (1 Петр 2:21).
ҮЛГЭР ЖИШЭЭГЭЭРЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ
Хэрэв дэлгэрүүлэгч хүн хэлж ярьж байгаа зүйлээ өөрөө мөрдөн сахихгүй бол сайн мэдээ дэлгэрүүлэх эдгээр аргын нэг нь ч амжилт олохгүй. Ам ажил хоёр зөрвөл, энэ нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг. Шашнуудын хоёр нүүрт үйл ажиллагаанаас болж олон сая хүн Библиэс хөндийрөн холдож, Библийг үндэсгүйгээр буруутгадаг. Нэгдүгээр зуунд хуулийн багш нар болон фарисайчууд Еврей Судар мэддэг байсан хэдий ч Есүс тэднийг хоёр нүүр гаргагчид гэж зэмлэсэн. Тэд бусдад Мосегийн хуулиас иш татан хэлдгийг нь Есүс шавь нартаа дурсаад: «Тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч түүнийгээ үйлддэггүй» хэмээн нэмж хэлсэн (Матай 23:3). Еховагийн Гэрч хүний амьдралын зөв үлгэр жишээ нь удаан цагаар дэлгэрүүлснээс илүү ихийг хэлж өгдөг. Энэ талаар итгэгч бус нөхөртэй христиан эмэгтэйчүүдэд: «Тэд үггүйгээр, эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» хэмээн сануулсан байдаг (1 Петр 3:1, 2).
Тийм учраас Еховагийн Гэрчүүд биеэ авч явах жишээгээрээ бусдад сайн мэдээ дэлгэрүүлэхийг хичээдэг. Хүмүүс өөрсөдтэй нь хэрхэн харьцаасай гэж хүсдэг шигээ тэд бусадтай тийн харьцдаг (Матай 7:12). Тэд зөвхөн итгэл нэгтнүүд, найз нөхөд, хөрш болон төрөл садангийнхантайгаа төдийгүй бүх хүнтэй сайн харьцаатай байхыг хичээдэг. Тэд төгс бус учраас бүх юм нь цаг ямагт зөв байдаггүй. Гэсэн хэдий ч зөвхөн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлээд зогсохгүй, боломж завшаантай үедээ бусдад тусламжийн гараа сунган бүх хүнд сайныг үйлдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг юм (Иаков 2:14—17).
[19-р хуудасны зураг]
Хавайн арлууд
[19-р хуудасны зураг]
Венесуэл
[19-р хуудасны зураг]
Югослав
[20-р хуудасны зураг]
«Хаанчлалын танхим» бол Библи судлан хэлэлцдэг тохилог газар юм
[21-р хуудасны зураг]
Еховагийн Гэрчүүд гэр бүлийнхэнтэйгээ болон бусад хүмүүстэй харьцахдаа, дэлгэрүүлдэг сургаалаа сахин мөрдөхийг чин сэтгэлээсээ хичээдэг