Skip to content

Гарчиг руу орох

Сайн мэдээний нийгэмд үзүүлэх үр нөлөө

Сайн мэдээний нийгэмд үзүүлэх үр нөлөө

Сайн мэдээний нийгэмд үзүүлэх үр нөлөө

ӨНӨӨДӨР хүмүүс: «Библийн зөвлөгөө амьдралд ямар ч ач холбогдолгүй. Тэдгээр нь өнөөгийн ярвигтай нийгэмд үйлчилж чадахгүй» гэж ярих нь олонтаа сонсогддог. Гэтэл Энэтхэгийн нэрт удирдагч Мохандас Ганди, Их Британиас Энэтхэгт сууж асан, вангийн төлөөлөгч, лорд Ирвин хоёрын өрнүүлсэн яриа огт өөр өнгө аястай байсан билээ. Лорд Ирвин Их Британи Энэтхэг хоёрын хоорондох бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар Гандийн саналыг асуухад тэрээр Библи авч, «Матай» номын тавдугаар бүлгийг гаргаад: «Манай хоёр орон ууланд айлдсан Христийн номлолыг үндэс болгон хамтран ажиллавал бид манай орнуудын төдийгүй дэлхий нийтийн бэрхшээлийг шийдэж болно» хэмээн хэлжээ.

Энэхүү номлол нь хүнийг сүнслэг асуудалд анхаарлаа хандуулдаг, номхон даруу, энхийг сахидаг, өрөвч сэтгэлтэй, зөвийг эрхэмлэдэг хүн болох хүсэл эрмэлзэлтэй болгодог. Уг номлолд зөвхөн хүн алах болон завхай явдлыг төдийгүй, бусдыг үзэн ядах хийгээд махан биеийн ёс бус хүсэл тачаал болгоныг буруушаадаг. Мөн хөнгөн хуумгай үйл ажиллагаанаас болж гэр бүл салж сарнин, үр хүүхэд зовлон гамшигт унахаас сэрэмжлүүлдэг. Тэр бүү хэл өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг хүртэл хайрлан, гачигдагсдад өгч, бусдыг хайр найргүй шүүхээ зогсоон, хүмүүсийг өөртэйгөө яаж харьцахыг хүсдэг шигээ тэдэнтэй тэгж харьцахыг зөвлөдөг. Хэрэв энэ бүх зөвлөгөөг хэрэгжүүлбэл асар их ач тустай байхсан. Эдгээр зөвлөгөөг хэдийчинээ олон хүн хэрэгжүүлнэ нийгэмд маань төдийчинээ сайн нөлөөтэй байх болно.

Энэ талаар Еховагийн Гэрчүүд их зүйлийг хийдэг. Библи тэднийг гэр бүлээ хүндэтгэдэг болгон сургадаг. Еховагийн Гэрчүүд үр хүүхдээ зөв зарчмаар сургаж хүмүүжүүлдэг. Тэд гэр бүлээ эрхэмлэн үздэг. Эв нэгдэлтэй гэр бүл бол нийгэм, цаашлаад улс орны хөгжил бадралын үндэс болдог. Гэр бүлийн холбоо суларч, ёс суртахууны талаар уруудан доройтсоноос болж дэлхийн олон эзэнт гүрэн мөхсөнийг түүх харуулдаг. Хэдийчинээ олон хүн, гэр бүл Еховагийн Гэрчүүдийн жишээг даган, Библийн зөвлөгөөний дагуу амьдарна манай нийгэмд гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон садар самуун явдал төдийчинээ бага байх болно.

Олон улс үндэстний санааг зовоодог нэг ноцтой асуудал бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал байдаг. Энэ хандлагын эсрэг санааг элч Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» хэмээн илэрхийлсэн. Мөн үүнтэй адил санааг элч Паул: «Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой» гэж бичсэн (Үйлс 10:34, 35; Галат 3:28). Еховагийн Гэрчүүд ийм байр суурийг баримталдаг. Тэдний дэлхийн удирдах ерөнхий газар, салбар болон хурлуудад олон үндэстний хүмүүс хамт ажиллаж, амьдардаг.

Африкийн зарим овог аймгийнхан нэг дор хамт цуглахдаа хэрүүл маргаангүй өнгөрч чаддаггүй. Гэтэл Еховагийн Гэрчүүдийн чуулганд янз бүрийн овог аймгаас хүрэлцэн ирсэн хүмүүс элгэн халуун ах дүүсийн ёсоор хамтдаа идэж уун, унтаж амран, Бурхнаа нэгэн сэтгэлээр шүтэж мөргөдөг. Төр засгийн түшмэд нь энэ бүхнийг хараад гайхдаг аж. Есүсийн жинхэнэ дагалдагчдын эв нэгдлийн нэг жишээг Нью-Йоркийн «Amsterdam News» сонины 1958 оны наймдугаар сарын 2-ны дугаарт бичжээ. Өмнө өгүүлсэн, 250 мянга гаруй Гэрч оролцсон Нью-Йоркийн олон улсын чуулганыг ажиглаад дараах тайлбарыг өгсөн байна.

«Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийгмийн бүх л давхаргын төлөөлөгч хар, цагаан, шар арьстай янз бүрийн хүмүүс хаана л бол хаана өөр хоорондоо баяр баясгалантайгаар, чөлөөтэй харьцан хөөрөлдөж байлаа... Дэлхийн 120 орноос ирсэн Гэрчүүд хоорондоо эв найртай амьдран, хамтдаа шүтлэг мөргөлөө үйлдэж байв. Үүгээрээ тэд эв нэгдэл гэж юү байдгийг америкчуудад үзүүлсэн юм. [...] Еховагийн Гэрчүүдийн чуулган бол хүмүүс хэрхэн хамтдаа амьдарч, ажиллаж болдгийн тод жишээ юм».

Библийн зөвлөгөө өнөөдөр ямар ч ач холбогдолгүй гэж олон хүн үздэг. Тэгвэл ач холбогдолтой өөр юу байдаг вэ? Хэрэв уг номын зарчмуудыг улс нийгэм маань бүхэлдээ хэрэгжүүлбэл ач холбогдол нь мэдэгдэм тодорхой байхсан. Учир нь мөнхүү зарчмууд нь бүх «үндэстэн, овог, ард түмэн» Бурхны Хаанчлалын удирдлагаар дэлхий даяар нэгдэхийн үндэс болно (Илчлэлт 7:9, 10).

[23-р хуудасны товчлол]

Бүх арьс өнгийн хүмүүс хамтдаа хөдөлмөрлөдөг

[24-р хуудасны товчлол]

Библийн зөвлөгөө ач хобогдолтой. Ач холбогдолтой өөр юу байдаг вэ?