Сонирхогч хүмүүсийн байнга тавьдаг асуултууд
Сонирхогч хүмүүсийн байнга тавьдаг асуултууд
Хэрэв Бурхны гол чанар хайр юм бол ёс бусыг тэр яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
БУРХАН ёс бусыг хүлцэн зөвшөөрдөг. Бас сая сая хүн санаатайгаар муу үйл үйлддэг. Жишээ нь: Тэд дайн өдөөж, хүүхэд багачууд дээр бөмбөг хаян, газар дэлхийгээ хөнөөн сүйтгэж, өлсгөлөн гуйланчлал бий болгодог. Олон сая хүн тамхи татан уушигны өмөн үүгээр өвдөж, ханийнхаа итгэл эвдэн, арьс өнгөний өвчин авч, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэн, элэг хатуурах өвчтэй болж байна гэх мэт. Тийм хүмүүс үнэн чанартаа ёс бус байдлыг таслан зогсоохыг бус, зөвхөн түүний үр дагаврыг л арилгахыг хүсдэг. «Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буух» цагт тэд: «Яахлаараа надад ийм юм тохиолддог байна аа?» хэмээн гашуудан гансарч, «хүмүүний мунхаглал замыг нь балладаг бөгөөд тэрбээр ЭЗЭНий эсрэг улангасан дайрна» гэж Сургаалт үгс 19:3-т бичсэнээр хамаг бурууг Бурханд тохдог. Гэтэл Бурхан тэдний муу үйлийг таслан зогсоох аваас хүссэнээрээ хийх гэсэн эрх чөлөөг маань устгалаа хэмээн тэд уурлан зэвүүцэх биз ээ!
Ехова хамгийн гол нь Сатаны өдөөн хатгалгад хариу өгөхийн тулд ёс бусыг хүлцэн зөвшөөрдөг. Бурхан, сорилтыг даван, үнэнч байдлаа хадгалан үлдэх хүмүүсээр дэлхийг дүүргэж чадахгүй хэмээн Сатан Диавол мэдэгдсэн (Иов 1:6—12; 2:1—10). Хэлсэн үгээ батлахад нь боломж олгохын тулд Ехова Сатаныг амьд үлдээсэн (Египетээс гарсан нь 9:16). Одоо Сатан гай зовлонг тасралтгүйгээр, ар араас нь бий болгосоор байна. Энэ нь хүмүүсийг Бурхны эсрэг босгох гэсэн зорилготой бөгөөд үүгээрээ үгээ батлахыг оролддог юм (Илчлэлт 12:12). Гэвч Иов гэдэг хүн үнэнч байдлаа хадгалж чадсан. Есүс ч мөн хадгалсан. Есүсийн жинхэнэ дагалдагчид ч өнөөдөр мөн хадгалж байна (Иов 27:5; 31:6; Матай 4:1—11; 1 Петр 1:6, 7).
Дэлхий маань хүмүүс мөнх амьдрах Диваажин болбол мөн сайхан аа. Гэвч энэ нь даанч үнэмшмээргүй юм аа даа?
Библид бичсэнээр бол тийм биш. Хүн төрөлхтөн гай зовлонг олон зууны турш туулсан бөгөөд түүнд дассан учраас л энэ нь үнэмших аргагүй юм шиг санагдаж байгаа юм. Ехова дэлхийг бүтээгээд, ургамал амьтныг нь сүйтгэн устгах бус, харин арчлан хамгаалж, сайн сайхнаар нь байлгах сайн хүмүүсээр дүүргэхийг тушаасан (12, 17-р хуудсыг үзнэ үү). Хэргийн учир нь амласан Диваажин үнэнээс хол, хэтэрхий сайханд байгаа бус, харин одоогийн эмгэнэлт байдал цаашид хэвээрээ үргэлжилбэл
хэтэрхий хөөрхийлөлтэй болох юм. Энэ байдлыг Диваажин хална.Хэрэв хүмүүс дооглож тохуурхаад, наад Библи чинь үлгэр домгийн ном болохоос, шинжлэх ухааны үнэн биш гэвэл би юу гэж хариулах вэ?
Эдгээр амлалтад итгэх нь гэнэн зандаа хөтлөгдөхөөс огт өөр юм. «Итгэл нь сонсохоос болдог» гэж Библид бичсэн буй. Бурхны Үгийг судалснаар бид түүний мэргэн ухааныг таньж мэдэн, итгэл маань өсөн нэмэгддэг (Ром 10:17, МАБ; Еврей 11:1).
Библийн холбогдолтой археологийн судалгаанууд Библийн түүхийн нарийн зөв болохыг олон зүйлээр баталдаг. Шинжлэх ухааны жинхэнэ нээлтүүд Библитэй бүрэн тохирдог. Жишээ нь: Дэлхий ямар үе шаттайгаар хөгжсөн тухай, дэлхий бөөрөнхий болох, дэлхийг сансрын уудамд юунаас ч өлгөөгүй, шувуу нүүдэг зэрэг баримт эрдэмтдийн батлахаас асар олон жилийн өмнө Библид байсан (Эхлэл 1-р бүлэг; Исаиа 40:22; Иов 26:7; Иеремиа 8:7).
Библийг Бурхан онгод оруулан бичүүлсэн гэдгийг биелсэн зөгнөлүүд баталдаг. Даниел дэлхийн эзэнт гүрнүүдийн үүсэл хийгээд мөхөл, тэрчлэн Мессиагийн ирэх хийгээд алуулах цагийг зөгнөсөн (Даниел 2, 8-р бүлэг; 9:24—27). Бидний цаг үеийг «эцсийн өдрүүд» гэдгийг нотлох өөр олон зөгнөл өнөөдөр биелж байна (2 Тимот 3:1—5; Матай 24-р бүлэг). Хүн тэгж зөгнөж чадахгүй (Исаиа 41:23). Бусад олон нотолгоог «Библи Бурхны үг үү, хүний үг үү?» «Халамжит Бүтээгч байдаг уу?» зэрэг Харуулын Цамхаг Нийгэмлэгээс эрхлэн гаргасан хэвлэлээс үзэж болно.
Сонирхсон асуултынхаа хариуг Библиэс олж чаддаг болохын тулд яах хэрэгтэй вэ?
Библи судалж, уншсан зүйлээ эргэцүүлж бодохын зэрэгцээ Бурхны сүнсний удирдлагыг гуйх хэрэгтэй (Сургаалт үгс 15:28; Лук 11:9—13). «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж Библид бичсэн байдаг (Иаков 1:5). Түүнээс гадна Библи судлахад зориулсан гарын авлага ашиглаж болно. Библийг зөв ойлгоход, нэгэн этиоп хүнд Филип тусалсан шиг, гол төлөв хэн нэгний тусламж хэрэгтэй болдог (Үйлс 8:26—35). Еховагийн Гэрчүүд сонирхогч хүмүүстэй Библийн хичээлийг үнэ төлбөргүй явуулдаг. Хичээл заалгах хүсэлтээ ичиж зоволгүй хэлээрэй.
Олон хүн Еховагийн Гэрчүүдийн эсрэг санаа бодолтой байдгийн учир юу вэ? Мөн ямар учраас Гэрчүүдтэй хичээллэхгүй байхыг ятгадаг вэ?
Есүсийн үйл ажиллагаа эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд дагалдагчид нь мөн адил эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг тэр хэлж байсан. Есүсийн сургаал зарим хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэхэд нь шашны удирдагчид: «Та нар бас төөрчихөв үү? Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ?» хэмээн шазруун асууж байжээ (Иохан 7:46—48; 15:20). Еховагийн Гэрчүүдтэй хичээллэхгүй байхыг ятгадаг хүмүүсийн олонх нь өөрсдөө учрыг нь ойлгож мэдээгүй байдгийн зэрэгцээ зориуд атгаг санаа өвөрлөсөн хүн ч цөөнгүй байдаг. Гэрчүүдтэй хичээллээд үзээрэй. Тэгвэл Библийн талаарх ойлголт тань нэмэгдэж байгаа эсэхийг өөрийн биеэр мэдэх болно (Матай 7:17—20).
Еховагийн Гэрчүүд өөр шүтлэгтэй хүмүүст дэлгэрүүлдгийн учир юу вэ?
Тийнхүү тэд Есүсийн жишээг дуурайдаг. Есүс иудейчүүдэд дэлгэрүүлдэг байсан. Иудейчүүд өөрийн гэсэн шашинтай байсан ч тэр нь олон зүйл дээр Бурхны Үгээс зөрдөг байсан (Матай 15:1—9). Бүх л үндэстэн өөрийн гэсэн шашинтай. Бурхны Үгэнд бичсэний дагуу шүтдэг байх нь маш чухал. Тийм учраас тэдэнд энэ талаар туслах гэсэн Еховагийн Гэрчүүдийн хүчин чармайлт бол бусдыг хайрладгийнх нь илрэл юм.
Зөвхөн өөрийнхөө шашныг зөв гэдэгт Еховагийн Гэрчүүд итгэдэг үү?
Шүтлэгтээ ул суурьтай ханддаг хэн боловч түүнийгээ зөв гэж үздэг. Эс тэгвээс шүтэн бишрэхийн хэрэг юу байх билээ? Христийн дагалдагчдад: «Бүхнийг шалга, сайныг баригтун» гэж зөвлөсөн байдаг (1 Тесалоник 5:21). Жинхэнэ итгэл зөвхөн ганц байдаг болохоор хүн итгэл үнэмшлээ Ариун Сударт тулгуурласан эсэхийг шалгах ёстой. Ефес 4:5-д: «Нэг Эзэн, нэг итгэл ба нэг баптисм [байна]» гэсэн байдаг нь үүний баталгаа болдог. Өнөөдөр өргөн тархчихаад байгаа, авралд хүргэдэг олон зам буюу шашин байдаг гэсэн үзэл бодолтой Есүс санал нийлдэггүй байсан. Харин ч тэрбээр: «Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн. Еховагийн Гэрчүүд энэ замыг олсон гэдэгтээ итгэлтэй байдаг. Хэрэв тийм бишсэн бол өөр шашныг эрж хайх байсан нь дамжиггүй (Матай 7:14).
Еховагийн Гэрчүүд зөвхөн өөрсдийгөө аврагдана гэж итгэдэг үү?
Үгүй. Өнгөрсөн зуунуудад амьдарч байсан, Еховагийн Гэрч байгаагүй олон сая хүн дахин амилна. Өнөөдөр амьдарч байгаа хүмүүсээс олон хүн «агуу их гай гамшгаас» өмнө үнэн шударгын талд орж, аврагдах болно. Түүнээс гадна, Есүс биднийг бие биеэ шүүхгүй байхыг сануулсан. Бид зөвхөн гаднах байдлыг л хардаг. Харин Бурхан хүний зүрхэнд юу байгааг мэддэг учраас бүгдийг нямбай дэнсэлж, энэрэнгүйгээр шүүдэг. Тэрбээр шүүх эрхийг Есүст өгснөөс биш бидэнд өгөөгүй (Матай 7:1—5; 24:21; 25:31).
Еховагийн Гэрчүүдийн цуглаанд ирсэн хүмүүс мөнгөн хандив заавал өргөх ёстой юу?
Мөнгөн хандивын талаар элч Паул: «Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн дурамжхан бус, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг» гэж хэлсэн (2 Коринт 9:7). Хаанчлалын танхимд болон Еховагийн Гэрчүүдийн чуулган дээр мөнгө хураадаггүй. Тэнд хандивын хайрцагнууд байдаг ба боломжтой, хүссэн хүн хандив өргөдөг. Хэн хэдийг өргөж байгааг хэн ч мэдэхгүй. Зарим нь ихийг өгөх боломжтой байхад зарим нь юу ч өгч чаддаггүй. Нэгэн удаа Есүс Иерусалимын сүмийн эрдэнэсийн санд хандив өргөж байгаа хүмүүсийг ажиглаад, мөнгөний хэмжээ гол нь биш, харин санхүүгийн боломж хийгээд хүсэл сэтгэл нь зөв байх ёстой юм хэмээн өргөл хандивын талаар зөв үзэл бодол ямар байх ёстойг хэлж өгсөн (Лук 21:1—4).
Хэрэв би Еховагийн Гэрч болбол дэлгэрүүлэх ажилд бас оролцох ёстой юу?
Хүний сэтгэл зүрх, Христийн Хаанчлалын удирдлага дор дэлхийг Диваажин болгох амлалтын тухай мэдлэгээр дүүрээд ирэх цагт түүнийгээ бусадтай хуваалцах хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Та ч тэгэх болно. Энэ бол сайн мэдээ шүү дээ! (Үйлс 5:41, 42).
Үүгээр та өөрийгөө Есүс Христийн дагалдагч гэдгээ харуулах болно. Библид Есүсийг «итгэмжит бөгөөд үнэн Гэрч» гэж нэрлэсэн байдаг. Дэлхий дээр байхдаа Есүс: «Тэнгэрийн хаанчлал ойрхон байна» хэмээн дэлгэрүүлж байсан. Мөн Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүл хэмээн шавь нараа илгээж байсан (Илчлэлт 3:14; Матай 4:17; 10:7). Хожим дагалдагчдадаа: «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Тэдэнд заа» гэж тушаасан. Мөн тэрчлэн төгсгөл ирэхийн өмнө «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана» хэмээн зөгнөн хэлсэн (Матай 24:14; 28:19, 20).
Сайн мэдээ дэлгэрүүлэх олон арга бий. Тийм боломж найз нөхөд, танил хүмүүстэйгээ ярилцах үед байнга олддог. Зарим хүн сайн мэдээний тухай захиа бичих юм уу, эсвэл утсаар ярьдаг. Зарим хүн танил хүндээ сонирхлыг нь онцгой татна байх гэж үзсэн сэдэв бүхий хэвлэл сэтгүүлийг шуудангаар илгээдэг. Еховагийн Гэрчүүд хэнийг ч үлдээхгүй гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр айлаар явж энэхүү мэдээг тунхагладаг юм.
Библид сэтгэл зүрхний нэгэн уриа дуудлага байдаг. «Сүнс болон сүйт бүсгүй „Ирээрэй“ гэнэ. Сонсогч нь „Ирээрэй“ гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг» (Илчлэлт 22:17). Бусдад диваажин дэлхий болон ирээдүйн ивээл хишгийн талаар ярьж байгаа хүн үүнийг сайн дураараа, зүрх сэтгэлийнхээ угаас хийх ёстой.
Еховагийн Гэрчүүд болон тэдний итгэл үнэмшлийн талаар сонирхсон өөр асуулт, тэр ч байтугай маргааны шинжтэй асуулт ч байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бид таны асуултад дуртайяа хариулах болно. Гэхдээ энэхүү товхимол маань хэмжээгээр бага, бүх асуултад бүрэн дүүрэн хариулах боломжгүй учраас таныг орон нутагтаа байдаг Еховагийн Гэрчүүдэд хандахыг санал болгож байна. Та Хаанчлалын танхимд болдог цуглаанд хүрэлцэн очоод, эсвэл танайд ирэхэд нь тэдэнтэй ярилцаж болно. Түүнээс гадна та доор байгаа хаягуудын аль тохиромжтойг нь сонгоод Еховагийн Гэрчүүдэд асуултаа илгээж болох юм.