Тэдний дэлхий дахины байгууллага ба үйл ажиллагаа
Тэдний дэлхий дахины байгууллага ба үйл ажиллагаа
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД дэлхийн 230 гаруй оронд дэлгэрүүлэх ажил хийдэг бөгөөд уг ажлыг Бруклин (Нью-Йорк) дэх дэлхийн удирдах ерөнхий газарт байдаг Удирдах Зөвлөл зохицуулдаг. Удирдах Зөвлөл жил бүр дэлхийн янз бүрийн бүс нутаг уруу төлөөлөгчөө явуулж, орон нутгийн салбарынхантай өргөн хүрээтэй асуудал хэлэлцдэг. Салбар болгонд 3—7 гишүүнтэй салбарын Хороо байдаг бөгөөд уг хороо нь салбарынхаа удирдлагад байдаг улс орнуудын үйл ажиллагааг харгалздаг. Зарим салбар хэвлэлийн үйлдвэртэй бөгөөд тэдгээрийн зарим нь хурдан эргэлттэй хэвлэх машинаар тоноглогдсон байдаг. Салбарт харьяалагддаг улс буюу нутаг дэвсгэр нь «муж»-д, муж нь «дүүрэг»-т хуваагддаг. Нэг дүүрэгт ойролцоогоор 20 хурал харьяалагддаг. Мужийн харгалзагч дүүргүүдээ үе үе эргэдэг. Дүүрэг болгонд жил бүр хоёр чуулган болдог. Түүнээс гадна дүүргийн харгалзагч дүүргийнхээ бүх хурлыг жилд гол төлөв хоёр удаа эргэж очдог бөгөөд дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах болон зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь орон нутгийн Гэрчүүдэд тусалдаг.
Орон нутгийн хурал болон Хаанчлалын танхим бол тухайн нутаг дэвсгэрт сайн мэдээ дэлгэрүүлэх төв юм. Хурал болгон нутаг дэвсгэрээ жижиг хэсгүүдэд хуваадаг. Хэсэг бүрийг хэн нэгэн дэлгэрүүлэгч хариуцан авч, хэсгийнхээ бүх хүнтэй уулзаж ярилцах зорилт тавин ажилладаг. Хурал бүрд 200 хүртэл дэлгэрүүлэгч байдаг ба янз бүрийн үүрэг хүлээсэн ахлагч нар үйлчилдэг. Еховагийн Гэрчүүдийн байгууллагад дэлгэрүүлэгч бүр үнэтэй. Дэлхийн удирдах ерөнхий газар юм уу салбар, хурлын алинд ч үйлчилж байсан Гэрч болгон Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд биечлэн оролцдог.
Дэлгэрүүлэх ажлынхаа тайланг дэлхийн удирдах ерөнхий газарт илгээдэг бөгөөд үүний үндсэн дээр Еховагийн Гэрчүүдийн «Жил тутмын номыг» эмхтгэн гаргадаг. Түүнээс гадна дэлгэрүүлэх ажлын тоо баримтыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний дугаарт хэвлэдэг. Энэ хоёр хэвлэлийн аль аль нь Еховагийн Гэрчүүд тухайн жилд Ехова Бурхан болон
Есүс Христ тэргүүтэй Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилдаа ямар амжилт олсныг тодорхой тайлагнадаг. Сүүлийн жилүүдэд Есүс Христийн үхлийг дурсан санах Оройн Зоогийн жил бүрийн арга хэмжээнд Еховагийн Гэрч, сонирхогч нийлсэн 14 000 000 орчим хүн оролцож байна. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажилд жил бүр 1 000 000 000 гаруй цаг зарцуулж, Библид үндэслэсэн олон зуун сая ном хэвлэл тараадгийн зэрэгцээ жил бүр 300 000 гаруй хүн баптисм хүртэж байна.