Skip to content

Гарчиг руу орох

Тэдний орчин үеийн хөгжил ба өсөлт

Тэдний орчин үеийн хөгжил ба өсөлт

Тэдний орчин үеийн хөгжил ба өсөлт

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН орчин үеийн түүх зуу гаруй жилийн өмнөөс эхэлсэн. 1870-аад оны эхээр АНУ-ын Пенсильвани мужийн Аллегейни хот буюу одоогийн Питтсбургийн хэсэгт Библи судалдаг хүмүүсийн жижиг бүлэг бий болжээ. Түүнийг үндэслэгч нь Чарлз Тейз Расселл байв. 1879 оны долдугаар сард «Сионы Харуулын цамхаг ба Христийн залран буйг тунхаглагч» сэтгүүлийн анхны дугаар хэвлэгджээ. 1880 он гэхэд Библи судлалын энэхүү жижигхэн бүлгээс хөрш зэргэлдээ мужуудад олон арван хурал үүсэн бий болсон байлаа. 1881 онд «Сионы Харуулын Цамхаг Нийгэмлэг» (бүтэн нэр нь «Zion’s Watch Tower Tract Society») байгуулагдсан ба 1884 онд албан ёсоор бүртгүүлжээ. Уг нийгэмлэгийн ерөнхийлөгч нь Расселл болсон. Хожим «Харуулын Цамхаг Нийгэмлэг» (бүтэн нэр нь «Watch Tower Bible and Tract Society») нэртэй болжээ. Олон хүн Библид үндэслэсэн ном хэвлэл тарааж айлаар явдаг болсон байна. 1888 онд энэ ажилд 50 хүн бүрэн цагаар оролцож байсан бол өнөөдөр дэлхий даяар 700 000 орчим хүн оролцож байна.

1909 он гэхэд үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд явуулдаг болсны зэрэгцээ Нийгэмлэгийн удирдах ерөнхий газар нь Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт шилжин байрласан бөгөөд одоо хүртэл тэндээ байгаа билээ. Лекцийн сэдвийг машинаар хувилан олон сонинд өгч нэгэн зэрэг нийтлүүлдэг болсон ба 1913 он гэхэд АНУ, Канад болон Европын гурван мянган сонинд дөрвөн хэлээр нийтлүүлдэг болжээ. Ном товхимол танилцуулга зэргийг олон зуун саяар тараадаг байсан байна.

1912 оноос «Бүтээлийн фото-драмыг» («Photo-Drama of Creation») бүтээж эхэлсэн. Дуу оруулсан слайд болон хөдөлгөөнт сүүдэр зургийн тусламжтайгаар, Дэлхийг бүтээснээс эхлээд Христийн мянган жилийн засаглалын төгсгөл хүртэлх түүхэн үеийг харуулжээ. Үүнийг 1914 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд өдөр бүр 35 000 хүн үздэг байлаа. Энэ нь дуутай киноны салбарт шинэ зүйл байсан юм.

1914 ОН

Түүхэн дэх эргэлтийн мөч ойртсоор байлаа. 1876 онд Библи судлаач Чарлз Тейз Расселл «Харь үндэстний цаг. Энэ цаг хэзээ дуусах вэ?» нэртэй өгүүлэл бичиж, Бруклинд хэвлэгддэг байсан «Библи судлаач» сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Уг сэтгүүлийн 27-р хуудсанд: «„Долоон цаг үе“ 1914 онд дуусна» хэмээн бичсэн буй. «Харь үндэстний цаг» гэдэг нь Библийн өөр орчуулгад «үндэстнүүдэд олгосон цаг» хэмээн нэрлэсэн тэр үе юм (Лук 21:24, ШЕ). Хэдийгээр 1914 онд болно хэмээн хүлээж байсан бүхэн болоогүй ч гэсэн тэр он «харь үндэстний цагийн» төгсгөл байсан нь тодорхой бөгөөд түүхэнд тэмдэглэгдсэн алдартай он болсон билээ. 1914 он бол хүн төрөлхтний түүхэн дэх эргэлтийн мөч байсан гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгддэг. Үүнийг дараах ишлэлүүд нотлон харуулдаг. Үүнд:

«Түүхэн дэх хамгийн сүүлчийн „хэвийн“ он бол 1913 он буюу Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх жил байсан» (АНУ-ын «Times-Herald» сонины 1949 оны 3-р сарын 13-ны дугаарын тэргүүн өгүүлэл).

«Түүнээс гадна дэлхийн хоёр дайн болон „хүйтэн дайныг“ багтаасан 1914-өөс 1989 он хүртэлх 75 жилийг түүхчид ихэнх улс өөр хоорондоо дайтсан, дайны дараа сэргээн босгосон, эсвэл шинэ дайнд улайран бэлдсэн урьд хожид байгаагүй, бусад эрин зуунаас онцгой, хосгүй үе гэж үздэг» («The New York Times», 1995 оны 5-р сарын 7-ны дугаар).

«Үнэндээ Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш бүх ертөнц задарч бутарсан бөгөөд чухам яагаад ийм юм болов гэдгийг бид одоо хүртэл ойлгодоггүй билээ. Түүнээс өмнөхөн хүмүүс үвтэгш нийгэм байгуулах мөрөөдөл биелэх нь гэж бодож байлаа. Энх тайван ноёлж, улс орнууд цэцэглэн хөгжиж байв. Гэтэл бүх юм хийсэн алга болов. Тэр цагаас хойш өөдөлсөн юм ер алга... Хүн төрөлхтний бүхий л түүхийн турш алагдсанаас олон хүн манай зуунд алагджээ» (доктор Уокер Пёрси, «American Medical News», 1977 оны 11-р сарын 21-ний дугаар).

1914 оноос хойш 50 гаруй жилийн дараа Германы төрийн зүтгэлтэн Конрад Аденауэр: «1914 оноос хойш хүний амьдрал аюулгүй, тайван амгалан байхаа больсон» хэмээн бичжээ (АНУ-ын «The West Parker», 1966 оны 1-р сарын 20-ны дугаар).

Нийгэмлэгийн анхны ерөнхийлөгч Чарлз Расселл 1916 онд нас барсан ба дараа жил нь Жозеф Рутерфорд түүний оронд ерөнхийлөгч болж, олон юм өөрчлөгдсөн. «Харуулын цамхаг» сэтгүүлийн дагуул «Алтан үе» гэдэг сэтгүүлийг (эдүгээ «Сэрцгээ!» гэдэг нэртэй, дугаар бүр нь 80 гаруй хэлээр, дунджаар 20 000 000 гаруй хувь хэвлэгддэг) хэвлэж эхэлсэн. Айлаар дэлгэрүүлэх ажлыг бүхнээс илүү анхаарах болсон. Христэд итгэгч эдгээр хүмүүс христ шашны ертөнцийн урсгалуудаас ялгаатайгаа харуулахын тулд 1931 онд өөрсдийгөө «Еховагийн Гэрчүүд» гэж нэрлэх болсон. Энэ нэр нь Исаиа 43:10—12-т үндэслэсэн юм.

1920—30-аад онд дэлгэрүүлэх ажилдаа радио нэвтрүүлгийг өргөн ашигласан. 1933 оны байдлаар Библийн сэдвээр лекц нэвтрүүлэхийн тулд Харуулын Цамхаг Нийгэмлэг 403 радио станц ашиглаж байв. Хожим радио нэвтрүүлгийн аргыг айлаар дэлгэрүүлэх аргаар сольсон бөгөөд ингэж дэлгэрүүлэхдээ Гэрчүүд авсаархан эгшигт хайрцаг авч яваад пянзанд бичсэн Библийн сэдэвтэй илтгэл, лекц сонсгодог болсон. Тэгээд сонирхсон хүмүүстэй Библийн хичээл хийдэг болсон байна.

ШҮҮХИЙН ТАВЦАНД ГАРГАСАН ЯЛАЛТ

1930—40-өөд онд Еховагийн Гэрчүүдийг үйл ажиллагаагаа явуулсных нь төлөө олноор нь баривчилсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, цуглаан зохион байгуулах болон шүтэн бишрэх эрх чөлөөгөө хамгаалахын тулд шүүхэд хандах хэрэгтэй болсон. Америкийн Нэгдсэн Улсын анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсаны дүнд Дээд шүүх 43 хэргийг Еховагийн Гэрчүүдийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Бусад орны Дээд шүүхээс ч мөн адил ашигтай шийдвэр олон гарсан. Профессор Чарлз Браден «Тэд ч бас итгэдэг» гэдэг номдоо Еховагийн Гэрчүүдийн талаар: «Тэд иргэний эрхээ хамгаалах тэмцлээрээ ардчилалд их хувь нэмэр оруулсан. Уг тэмцэл нь Америк дахь цөөнхийн бүлгийн эрхийг хамгаалахад ихээхэн тус болсон» хэмээн бичжээ («These Also Believe»).

СУРГАЛТЫН ТУСГАЙ ХӨТӨЛБӨРҮҮД

Жозеф Рутерфорд 1942 онд нас барж, оронд нь Нейтан Норр ерөнхийлөгч болсон. Энэ үеэс хоорондоо уялдаа холбоо бүхий сургалтын хөтөлбөр эхэлсэн. 1943 онд «миссионер» буюу номлогч бэлтгэх «Гилеад» гэдэг тусгай сургууль (бүтэн нэр нь «Watchtower Bible School of Gilead») байгуулсан. Тэр цагаас эхлэн уг сургуулийг дүүргэгчдийг дэлхийн янз бүрийн улс орон уруу илгээдэг болжээ. Урьд нь ганц ч хуралгүй байсан улс орнуудад олон шинэ хурал бий болсон. Түүнээс гадна өнөөдрийн байдлаар дэлхий даяар Нийгэмлэгийн 100 гаруй салбар ажиллаж байна. Хурлын ахлагч нар, салбарын сайн дурын ажилчид, «эхлэгч» буюу бүрэн цагаар дэлгэрүүлдэг хүмүүсийг сургахын тулд үе үе тусгай дамжаа хичээллүүлдэг. АНУ-ын Нью-Йорк мужийн Паттерсон дахь сургалтын төвд зарим тусгай курс зохион явуулдаг.

1977 онд Нейтан Норр нас барсан. Тэрээр нас барахынхаа өмнө зохион байгуулалтын бүтцийг өөрчлөхөд оролцож, Бруклин дахь дэлхийн удирдах ерөнхий газарт байдаг Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлсэн юм. 1976 онд захиргааны үүргийг салгаж, олон хороонд хариуцуулсан байна. Уг хороодын бүрэлдэхүүнд олон арван жил бүрэн цагаар үйлчилсэн, Удирдах Зөвлөлийн туршлагатай гишүүд орох болсон аж.

ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР ӨРГӨЖИН ХӨГЖСӨН НЬ

Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн хөгжил нь сэтгэл догдлуулсан үйл явдлаар дүүрэн билээ. 1870 онд Пенсильвани хотод анх үүсэн бий болж байсан Библи судлалын жижигхэн дугуйлангаас хойш 2000 он гэхэд Еховагийн Гэрчүүд дэлхий нийтийн хэмжээнд 90 000 орчим хуралтай болтлоо өсжээ. Бүх хэвлэлээ эхлээд хувийн үйлдвэрийн газар хэвлүүлдэг байв. Дараа нь 1920 онд хэвлэх үйлдвэр түрээслэн, хэвлэлийнхээ заримыг өөрсдөө хэвлэдэг болжээ. Харин 1927 оноос хэвлэлийнхээ ихэнх хэсгийг Бруклинд байдаг, Харуулын Цамхаг Нийгэмлэгийн харьяа, найман давхар хэвлэх үйлдвэрт хэвлэдэг болсон байна. Эдүгээ үйлдвэрийн газраа өргөтгөж, захиргаа аж ахуйн цогцолбор болон үйлдвэрийн зориулалттай өөр олон байшин барилга барьжээ. Мөн Бруклинд, үйлдвэрээс холгүйхэн хэвлэх үйлдвэрийн сайн дурын ажилчдад зориулсан орон сууцны тусгай барилга байдаг. Түүнээс гадна Нью-Йорк мужийн хойд хэсэгт оршдог Уолкиллын ойролцоо аж ахуйн болон хэвлэлийн газар бий. Тэнд «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлүүд хэвлэхийн зэрэгцээ янз бүрийн газар ажилладаг сайн дурын ажилчдад зориулж хүнсний зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сайн дурын ажилчдад ойр зуурын хэрэгцээнд нь зориулж сар бүр бага хэмжээний мөнгөн тэтгэлэг өгдөг.

ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН

1893 онд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод анхны том хэмжээний чуулган болсон. Тус чуулганд 360 хүн оролцож, 70 хүн баптисм хүртжээ. Нэг оронд явагддаг байсан олон улсын том чуулганы сүүлчийнх нь 1958 онд Нью-Йоркт болсон. Уг чуулганыг «Янки» болон тэр үед байсан «Поло Граундс» гэдэг хоёр цэнгэлдэх хүрээлэнд явуулсан байна. Чуулганд оролцогчдын дээд тоо нь 253 922 хүрсэн ба 7 136 хүн баптисм хүртжээ. Тэр цагаас хойш олон улсын чуулганыг хэд хэдэн жилийн давтамжтайгаар олон оронд зэрэг явуулдаг болсон. Энэ хугацаанд дэлхий даяар нийтдээ мянгаад чуулган зохион байгуулжээ.

[8-р хуудасны товчлол]

Иргэний эрх чөлөөг хамгаалахад оруулсан их хувь нэмэр

[6-р хуудасны зураг]

Ганцхан хэлээр 6 000 хувь хэвлэгдэж байсан «Харуулын цамхаг» сэтгүүл эдүгээ 130 гаруй хэлээр 22 000 000 хувь хэвлэгддэг болжээ

[7-р хуудасны зураг]

Хүн төрөлхтний түүхэн дэх эргэлтийн мөч

[10-р хуудасны зураг]