Skip to content

Гарчиг руу орох

Тэдний хүргэдэг сайн мэдээ

Тэдний хүргэдэг сайн мэдээ

Тэдний хүргэдэг сайн мэдээ

ЕСҮСИЙГ дэлхийд байхад шавь нар нь түүнд ойртож очоод: «Таны залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлийн үед ямар шинж тэмдэг байх вэ?» (ШЕ) хэмээн асуусан. Үүнд Есүс олон үндэстэн хоорондоо дайтна; өлсгөлөн болж, өвчин тахал дэлгэрнэ; энд тэндгүй газар хөдөлж, ёс бус байдал газар авна; хуурамч шашны номлогчид олон хүнийг төөрөлдүүлэн, өөрийнх нь жинхэнэ дагалдагчдыг үзэн ядаж, мөрдөн хавчих ба хүмүүсийн, зөвийг хайрлах хайр хөрнө хэмээн хариулсан. Эдгээр үйл явдлын эхлэл бол Христ үл үзэгдэх байдлаар залран байгаа хийгээд түүний тэнгэрийн Хаанчлал ойртож байгаагийн шинж тэмдэг болох юм. Энэ бол бусдад хүргэх сайн мэдээ мөн! Түүнээс гадна Есүс «шинж тэмдгийн» өөр нэг бүрэлдэхүүн хэсгийг: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж, дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн (Матай 24:3—14).

Сүүлийн үед ертөнцөд болж байгаа үйл явдлууд хэдийгээр санаа амраах таатай зүйл биш ч гэсэн эдгээр нь сайн ёрыг, тухайлбал, Христийн залран байгааг илтгэн харуулж байгаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал 1914 оноос өргөн олонд тодорхой болж эхэлсэн! Энэ он «харь үндэстний цаг үеийн» төгсгөл ба хүний засаглалаас Христийн мянган жилийн засаглалд шилжих үеийн эхлэл болсон.

Энэхүү шилжилтийн үеийн талаар «Дуулал» номын 110-р бүлгийн 1, 2; «Илчлэлт» номын 12:7—12-р зүйлд бичсэн буй. Тэнд Христ эхлээд хааны эрх мэдэлтэй болтлоо тэнгэрт, Бурхны баруун гар талд суух ба дараа нь тэнгэрт дайн болж, үүний дүнд Сатан дэлхий уруу хаягдсанаар дэлхий дээр гай зовлон нэмэгдэнэ. Тэр үеэс Христ «дайсныхаа дунд» захирч эхэлнэ. «Агуу их гай гамшгийн» төгсгөлийн шат нь «Хармагедон» гэдэг дайн болох ба үүгээр ёс бус байдал төгсгөл болж, Христийн мянган жилийн энх амгалан засаглал эхэлнэ гэж байдаг (Матай 24:21, 33, 34; Илчлэлт 16:14—16).

«Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв» гэж Библид бичсэн буй (2 Тимот 3:1—5).

Ийм үйл явдал хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө нь болж л байсан шүү дээ гэж зарим хүн маргаж болох юм. Энэ нь үнэн хэдий ч тийм өргөн цар хүрээтэй болж байгаагүйг баримт гэрчилдэг. Түүхчид, судлаачдын үзэж байгаагаар 1914 оноос хойш бий болсон шиг цаг үе түүхэнд хэзээ ч байгаагүй ажээ (7-р хуудсыг үзнэ үү). Гай зовлон урьд хожид байгаагүй өргөн далайцтай болов. Түүнээс гадна Христийн хэлсэн «эцсийн өдрүүдийн» шинж тэмдгийн бусад онцлогтой холбоотой баримтуудыг тооцож үзэх хэрэгтэй. Жишээ нь: Христийн залран байх тухай болон түүний Хаанчлалын тухай мэдээг түүхэнд байгаагүй өргөн далайцтайгаар дэлхий даяар дэлгэрүүлж байна. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлынхаа төлөө өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй харгис ширүүн мөрдлөг хавчилтад өртсөн. Олон зуун Гэрч нацистын бөөнөөр хорих лагерьт цаазлуулсан. Өнөөдөр ч гэсэн зарим газар Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглосоор байгаа бөгөөд зарим оронд тэднийг баривчилж, шоронд хорьж, тамлан зовоож, амь насыг нь бүрэлгэж байна. Энэ бүхэн бол Есүсийн хэлсэн «шинж тэмдгийн» нэг хэсэг нь юм.

Илчлэлт 11:18-д зөгнөснөөр Еховагийн үнэнч Гэрчүүдэд «үндэстнүүд хилэгнэсэн» бөгөөд энэ нь эдгээр үндэстэн дээр Ехова «уур хилэнгээ» удахгүй асгах гэж байгааг харуулж байна. Уг зүйлд бас, Бурхан «дэлхийг устгагчдыг устгана» гэж байдаг. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид дэлхий дээр амьдрал цаашид байх эсэх асуудал хэзээ ч ийм хурцаар тавигдаж байгаагүй билээ. Гэтэл одоо бүх юм өөр болжээ! Хэрэв хүн төрөлхтөн цаашид энэ янзаараа дэлхийгээ бохирдуулаад байвал түүн дээр амьдрал байх боломжгүй болно гэж олон эрдэмтэн сануулж байна. Гэвч Ехова «хүмүүсийг оршин суулгахын тулд» дэлхийг бүтээсэн болохоор устгахаас нь өмнө бохирдуулагчдаас дэлхийг цэвэрлэнэ (Исаиа 45:18).

ХААНЧЛАЛЫН ҮЕД ДЭЛХИЙД БИЙ БОЛОХ ИВЭЭЛ ХИШИГ

Библид итгэдэг бөгөөд аврагдсан бүх хүн тэнгэрт гарна гэж боддог олон хүний хувьд Бурхны Хаанчлалын харьяат албат болж, дэлхийд амьдрах тухай санаа хачин санагдаж болох юм. Гэтэл тэнгэрт гарах хүний тоо хязгаартай, дэлхий дээрээ мөнх амьдрах хүний тоо хязгааргүй гэж Библи хэлдэг (Дуулал 37:11, 29; Илчлэлт 7:9; 14:1—5). Христ тэргүүтэй Бурхны Хаанчлал буюу тэнгэрийн засгийн газар бүх дэлхийг захирах тухай «Даниел» номд зөгнөн бичсэн.

Тэнд Христийн Хаанчлалыг, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг бэлэгдсэн уулнаас тасарсан чулуугаар төлөөлсөн байдаг. Тэр чулуу дэлхийн хүчирхэг үндэстнүүдийг бэлэгдсэн баримлыг цохиж, хэсэг болгон буталсан ба өөрөө «асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ». Уг зөгнөлд цааш нь: «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж бичсэн байдаг (Даниел 2:34, 35, 44).

Еховагийн Гэрчүүд чухам энэхүү Хаанчлал болон цэвэршиж, шинэчлэгдсэн дэлхийд мөнх амьдрах найдварын тухай танд ярихыг хүсдэг юм. Одоо амьдарч байгаа сая сая хүн, мөн нас барсан олон сая хүн дэлхий дээрээ мөнх амьдрах боломжтой. Тэр үед, Христ Есүсийн мянган жилийн засаглалын ачаар, дэлхийг бүтээгээд түүндээ анхны хүмүүн хосыг суулгаж байх үеийн Еховагийн анхны санаа зорилго биелнэ. Тэрхүү Диваажинд амьдрал ер уйтгартай байхгүй. Адам Еден цэцэрлэгт ажиллах даалгавар авч байсан шиг бүх хүн газар дэлхийгээ арчлан тордож, ургамал, амьтныг хайрлан хамгаалах сонирхолтой даалгавар биелүүлэх болно. Тэд «өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана» (Исаиа 65:22, МБОХ, 1998 он; Эхлэл 2:15).

Шавь нартаа хэрхэн залбирахыг зааж: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээсэн Есүсийн гуйлт биелсний дараа бий болох нөхцөлийг дүрслэн илэрхийлсэн Библийн зүйлээс олныг дурдаж болно (Матай 6:10). Гэвч энэ удаад: «Сэнтийгээс чанга дуу гарахыг би сонсов. „Харагтун, Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж, тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.“ Сэнтийд Залрагч: „Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна“ гээд „Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн“ гэв» хэмээсэн хэсгээр өндөрлөе (Илчлэлт 21:3—5).

[15-р хуудасны товчлол]

«Хэцүү цаг ирнэ»,

ГЭВЧ «тэгээд төгсгөл ирнэ»

[18-р хуудасны зураг]

Нидерланд

[18-р хуудасны зураг]

Нигери