Тэд хэн бэ?
Тэд хэн бэ?
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД таныг өөрсөдтэйгөө ойр дотно танилцаасай гэж хүсдэг. Хөрш зэргэлдээ суудаг юм уу эсвэл хамт ажилладгийн хувьд, эсвэл өөр ямар нэгэн байдлаар та тэдэнтэй тааралдсан байж болно. Гудамжинд дэргэдүүрээ өнгөрөх хүмүүст сэтгүүлээ өгч байгааг нь харсан байж магадгүй. Эсвэл та өөрөө Гэрчүүдтэй гэрийнхээ үүдэнд уулзан ярилцсан ч байж болох юм.
Үнэндээ, Еховагийн Гэрчүүд таны сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг юм шүү. Тэд тантай анд нөхөд болж, өөрсдийнхөө тухай, итгэл үнэмшил болоод байгууллагынхаа тухай танд илүү ихийг ярьж өгөхийг хүсдэг. Мөн тэрчлэн хүмүүсийн талаар, амьдарч байгаа нийгмийнхээ талаар юу боддогоо тантай хуваалцах хүсэлтэй. Чухам ийм зорилгоор Еховагийн Гэрчүүд энэ товхимлыг гаргасан юм.
Еховагийн Гэрчүүд олон талаараа бусад хүмүүстэй адилхан юм. Хэн хүнд тохиолддог эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны гэх мэтийн зовлон бэрхшээл тэдэнд ч бас тохиолддог. Тэд төгс бус учраас заримдаа алдаа гаргадаг. Гэхдээ алдаагаа давтахгүйг хичээдэг бөгөөд өөрийгөө зохих ёсоор өөрчлөхийн тулд Библи номыг хичээнгүйлэн судалдаг. Тэд хүсэл тааллыг нь биелүүлэхийн тулд өөрсдийгөө Бурханд зориулсан байдаг ба уг шийдвэрийнхээ дагуу ажиллаж, амьдрахыг бүх хүчээрээ чармайдаг. Тэд ажил амьдралынхаа бүх хүрээнд Бурхны Үг болон Түүний ариун сүнсний удирдлагыг мөрдөхийг хичээдэг.
Тэдний хувьд итгэл үнэмшил нь хүмүүсийн бодол эргэцүүлэл юм уу ард нийтийн дунд тархсан шашны сургаалуудад бус, харин Библид үндэслэсэн байх нь амин чухал зүйл байдаг. Тэд, Есүсийн шавь Паулын: «Хүн бүр худалч байсан ч Бурхан нь үнэн байг» хэмээн Бурхнаар хэлүүлж бичсэн энэ үгтэй санал нэг байдаг (Ром 3:4) *. Хэрэв хүн ямар нэгэн сургаалыг Библийнх мэтээр яривал Еховагийн Гэрчүүд түүнд хандахдаа эртний Берой хотынхон элч Паулын үгийг сонсоод хэрхэн хандаж байсан жишээг дагадаг. «Тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа» (Үйлс 17:11). Еховагийн Гэрчүүд өөрсдийнхөө болон бусдын баримталдаг сургаалын аль алиных нь үнэн эсэхийг Бурхны онгод оруулан бичүүлсэн Судар буюу Библиэр шалгах ёстой гэж үздэг. Тэд таныг өөрсөдтэйгөө ярилцахдаа тийн хандаасай гэж хүсдэг.
Эндээс, Еховагийн Гэрчүүд Библийг Бурхны Үг гэж хүлээн зөвшөөрдөг нь харагдаж байна. Библийн 66 номыг Бурхан онгод оруулан бичүүлсэн бөгөөд эдгээр нь түүхийн хувьд яг таг нарийн зөв гэдэгт тэд хатуу итгэдэг. Нийтэд «Шинэ Гэрээ» гэж алдаршсан Библийн хэсгийг «Христиан Грек Судар», «Хуучин Гэрээ»-г «Еврей Судар» гэж нэрлэдэг. Тэд Грек, Еврей Судрын аль алиныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэнд байгаа алив өгүүлбэр юм уу хам сэдэв ямар нэгэн шилжсэн буюу бэлэгдлийн утга илэрхийлээгүй л бол шууд утгаар нь ойлгодог. Тэд Библийн олон зөгнөл аль хэдийн биелчихсэн, зарим нь яг одоо биелж байгаа ба зарим нь ирээдүйд биелнэ гэдэгт итгэдэг.
ТЭДНИЙ НЭРИЙН ТУХАЙД
«Еховагийн Гэрчүүд» гэв үү? Тийм ээ, тэд өөрсдийгөө тэгж нэрлэдэг. Энэ бол тэднийг Еховагийн тухай, орчлонт ертөнцөд эзлэх байр суурь хийгээд санаа зорилгынх нь тухай гэрчилдгийг илэрхийлсэн тайлбар нэр юм. «Бурхан» «Эзэн» «Бүтээгч» зэрэг үг нь «ерөнхийлөгч», «хаан», «генерал» гэдэг шиг цол гуншин бөгөөд ямар ч бодгальд хэрэглэж болдог. Харин «Ехова» гэдэг энэ үг бол орчлонт ертөнцийг Бүтээгч төгс хүчит Бурхны оноосон нэр юм. Энэ нэр 1838 онд монгол бичгээр орчуулсан Библийн «Дуулал» номын 83:18-д: «Тийн бөгөөд таны нэрийг Ехова мөн хийгээд, таныг бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж байдаг.
Ехова (зарим эрдэмтэн Яхве гэж үздэг) гэдэг энэ нэр Еврей Судар буюу «Хуучин Гэрээ»-ний эх бичигт бараг 7 000 удаа гардаг. Библийн ихэнх орчуулгад Бурхны нэрийг хэрэглэлгүй, «Бурхан», «Эзэн» гэдэг үгээр сольсон байдаг. Гэхдээ эртний еврей эх бичигт байдаг Ехова гэдэг нэр тэдгээр Библийн хаана байгааг тодорхойлох боломжтой. Учир нь Ехова гэдэг нэрийг орлуулж сольсон БУРХАН, ЭЗЭН зэрэг үгийг том үсгээр бичсэн байдаг. Орчин үеийн зарим орчуулгад Ехова юм уу эсвэл Яхве нэрийг хэрэглэсэн буй. Жишээ нь: «Шинэ Ертөнцийн орчуулга»-ын Исаиа 42:8-д: «Би бол Ехова. Энэ бол миний нэр» гэж байдаг.
Еховагийн Гэрчүүдийн нэр нь Библийн «Исаиа» номын 43-р бүлэгт үндэслэсэн юм. Энэ бүлэгт үндэстнүүдийн бурхдад өөрсдийнхөө зөвийг батлахын тулд гэрчүүдээ дуудахыг, эсвэл Ехова Бурхны гэрчүүдийн үгийг дуулж, үнэнийг хүлээн зөвшөөрөхийг санал болгосон, дэлхий дахинд болж байгаа шүүх ажиллагааг тусгажээ. Ехова ард түмэндээ хандан: «„Та нар бол Миний гэрч нар“ гэж ЭЗЭН айлдаж байна. „Та нар бол Миний зарц нар. Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон. Надаас өмнө бий болсон Бурхан байхгүй бөгөөд Миний дараа ч байхгүй. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй“» хэмээн мэдэгдсэн (Исаиа 43:10, 11).
Есүсийг хүн болж төрөхөөс өмнө олон мянган жилийн турш Ехова Бурхны гэрчүүд дэлхийд байсан. «Еврей» номын 11-р бүлэгт эдгээр үнэнч эрийн заримыг дурдсан буй. Цааш нь Еврей 12:1-д: «Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн [«гэрчүүдийн», ШЕ] үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе» гэж байдаг. Есүс, Понти Пилатад хандан: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж хэлсэн. Үнэндээ ч Есүсийг «итгэмжит бөгөөд үнэн Гэрч» гэж нэрлэдэг (Иохан 18:37; Илчлэлт 3:14). Есүс шавь нартаа: «Ариун Сүнс та нарын дээр буухад, та нар хүчтэй болоод Иерусалимын дотор хийгээд бүх Иудей, Самари ба дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч нар болох болно» хэмээн хэлсэн (Үйлс 1:8, МАБ).
Тэгэхлээр Есүс Христ тэргүүтэй Еховагийн Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхийн 230 гаруй оронд тунхаглаж байгаа 6 000 000 орчим хүн өөрсдийгөө «Еховагийн Гэрчүүд» гэж нэрлэх нь зүйн хэрэг гэж үздэгийн учир ийм буюу.
[Зүүлт]
^ д/м 5 Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгаас авсан болно. Бусад орчуулга: МАБ — «Шинэ Гэрээс» (монгол-англи Библи, 1993 он); ШЕ — «Шинэ Ертөнцийн орчуулга», англи («New World Translation of the Holy Scriptures»).
[4-р хуудасны товчлол]
Тэд хүсэл тааллыг нь биелүүлэхийн тулд өөрсдийгөө Бурханд зориулсан
[4-р хуудасны товчлол]
Тэд Библийг Бурхны Үг гэдэгт итгэдэг
[5-р хуудасны товчлол]
Эртний еврей хэлээр байгаа Бурхны оноосон нэр
[5-р хуудасны товчлол]
230 гаруй оронд 6 000 000 орчим Еховагийн Гэрч байдаг
[3-р хуудасны зураг]
Тэд таны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг
[4-р хуудасны зураг]
Шүүх ажиллагаатай холбоотой нэр