Бурханд таалагддаг амьдрал аз жаргал авчирдгийн учир
Бүлэг 13
Бурханд таалагддаг амьдрал аз жаргал авчирдгийн учир
1. Еховагийн замаар замнавал аз жаргал авчирна гэж хэлж болохын учир юу вэ?
ЕХОВА бол «жаргалтай Бурхан» бөгөөд таныг аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг (1 Тимот 1:11, ШЕ). Түүний замаар замнаснаар та өөртөө тусыг олж, эцэс төгсгөлгүй урсах гол мөрөн лүгээ адил гүн гүнзгий, үргэлжийн энх амгалан байдлыг эдлэн жаргах болно. Тэрчлэн Бурхны замаар явахдаа та үл замхрах «далайн давлагаатай» зүйрлэм сайн үйл хийхийг цаг үргэлж бодож явдаг болно. Ийм үйлс жинхэнэ аз жаргалыг авчирдаг (Исаиа 48:17, 18).
2. Заримдаа хэцүү бэрх цаг тохиолддог ч гэсэн христианууд юуны учир аз жаргалтай байдаг вэ?
2 «Заримдаа хүмүүс зөв юм хийснийхээ төлөө зовлон эдэлдэг шүү дээ» гэж эсэргүүцэх хүн гарч болох юм. Тэр үнэн шүү. Есүсийн элч нарт тийм юм тохиолдож байсан. Хэдийгээр мөрдөн хавчиж байсан боловч тэд баяр хөөртэй байж, «Есүс бол Христ мөн гэдгийг... тунхаглан» зарласаар байлаа (Үйлс 5:40—42). Эндээс бид хэд хэдэн чухал сургамж авч болно. Эдгээрийн нэг гэвэл Бурхны хуулийн дагуу амьдарлаа гэхэд бүх юм ямагт сайн сайхан байхын баталгаа болж чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Элч Паул: «Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүмүүс хавчигдах болно» гэж бичжээ (2 Тимот 3:12). Үүний учир гэвэл Сатан болон түүний ертөнц Бурхны таалдаг замаар явах гэсэн хүнийг эсэргүүцдэг явдал юм (Иохан 15:18, 19; 1 Петр 5:8). Гэвч жинхэнэ аз жаргал бол гадаад нөхцөл байдлаас хамаардаггүй. Энэ нь юуны түрүүнд, бид зөв юм хийж байгаа бөгөөд түүнийг маань Бурхан таашаадаг гэдэгт итгэх итгэлээр бий болдог (Матай 5:10—12; Иаков 1:2, 3; 1 Петр 4:13, 14).
3. Еховаг шүтэх шүтлэг хүний амьдралд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
3 Бурхны ивээлийг хүртэхийн тулд түүнийг цаг үргэлж санан дурсаад байх шаардлагагүй, харин түүнд үнэнч байдлаа хааяа нэг илэрхийлчихээд л байвал болно гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл Ехова Бурхныг жинхэнэ ёсоор шүтэх шүтлэг бол огт өөр юм. Жинхэнэ шүтлэг бол хүнийг сэрүүн сэргэг байх бүхий л цаг мөчид, өдрөөс өдөрт, жилээс жилд амьдралд нь нөлөөлж байдаг. Тийм учраас ийм шүтлэгийг бас «Зам» гэж нэрлэдэг (Үйлс 19:9; Исаиа 30:21). Хэрэв бид энэ замаар замнахыг хүсэх аваас Бурхны Үгийн дагуу ярьж, хийх шаардлагатай болно.
4. Бурхны замаар амьдрахаар өөрчлөгдөх нь яагаад тустай вэ?
4 Библи судалж эхэлж байгаа хүмүүс, Еховад таалагдахын тулд тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэхдээ «Бурханд таалагддаг амьдрал үнэхээр шаардлагатай юм байх даа?» гэж гайхан бодож болох юм. Үнэхээр тийм гэдэгт эргэлзэхгүй байж болно. Яагаад? Яагаад гэвэл «Бурхан бол хайр» бөгөөд түүний зам бидэнд тустай байдаг (1 Иохан 4:8). Тэрчлэн Бурхан мэргэн ухаантай бөгөөд бидэнд юу нь илүү сайн болохыг мэддэг. Ехова Бурхан төгс хүчтэй учраас муу зуршлуудаасаа салж, өөрт нь таалагдан өөрчлөгдөх хүслээ биелүүлэхэд маань бидэнд хүч өгч чадна (Филиппой 4:13). Бурханд таалагддаг амьдралтай холбоотой зарим зарчим хийгээд тэдгээрийг хэрэглэх нь биднийг хэрхэн аз жаргалтай болгодог талаар авч үзье.
ШУДАРГА ҮНЭНИЙ ҮР ШИМ НЬ АЗ ЖАРГАЛ
5. Худал хэлэх, хулгай хийх тухайд Библи юу хэлдэг вэ?
5 Ехова бол «үнэний Бурхан» (Дуулал 31:5). Та түүний жишээг даган, үнэнч шударга хүмүүсийн тоонд орохыг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Шударга үйл нь хүмүүст өөрөө өөрийгөө хүндэтгэх хийгээд сэтгэл санааны тайван амгалан байдлыг бий болгодог. Гэвч энэхүү нүгэлт ертөнцөд шударга бус байдал төчнөөн их тархсан байдаг болохоор христианууд: «Хүн нэг бүр хөршдөө үнэнийг ярь. [...] Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд... хөдөлмөрлө» гэсэн үгийг санаж байх хэрэгтэй (Ефес 4:25, 28). Христианууд өдөр тутмын ажил үүргээ үнэнч шударгаар хийж гүйцэтгэдэг. Тэд ажил олгогчид хамаатай зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр авдаггүй. Еховаг шүтэгчид ажил, сургууль, гэр хаа ч байсан «бүх юманд үнэнч шударга» байх ёстой (Еврей 13:18, ШЕ). Худал хэлж, хулгай хийдэг хэнбугай ч Бурхны таашаалд үл нийцнэ (Дэд хууль 5:19; Илчлэлт 21:8).
6. Бурхныг шүтдэг хүний үнэнч шударга байдал Еховаг хэрхэн алдаршуулдаг вэ?
6 Үнэнч шударга байх нь их ивээлийг авчирдаг. Африкт амьдардаг Селина гэдэг ядуу бэлэвсэн эмэгтэй Ехова Бурхныг болон түүний шударга зарчмуудыг хайрлан хүндэтгэдэг нэгэн байлаа. Тэрбээр нэг өдөр хадгаламжийн дэвтэр болон их хэмжээний мөнгөтэй цүнх олжээ. Тэр эмэгтэй утасны лавлахаас эзнийг нь олсон бөгөөд тэр хүн дээрэмдүүлсэн дэлгүүрийн эзэн байжээ. Селина хэдийгээр өвчин зовлонд баригдсан байсан ч бүх юмыг нь бүрэн бүтнээр нь авчирч өгөхөд мөнөөх эр нүдэндээ итгэж чадахгүй байжээ. «Тийм шударга явдлыг шагнах ёстой» гээд тэр хүн эмэгтэйг шагнасан байна. Илүү чухал нь юу байсан бэ гэвэл тэр эр Селинагийн шашныг магтсан явдал юм. Тийм ээ, шударга явдал бол Библийн сургаалд «чимэг болж», Ехова Бурхныг алдаршуулдаг ба үнэнч шударга шүтэгчдэд нь аз жаргал авчирдаг (Тит 2:10, МБОХ, 1996; 1 Петр 2:12).
ӨГӨӨМӨР СЭТГЭЛ АЗ ЖАРГАЛ АВЧИРДАГ
7. Мөрийтэй тоглоомын хор хөнөөл нь юу вэ?
7 Өгөөмөр сэтгэлтэй хүн жаргал эдэлдэг байхад шуналтай хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (1 Коринт 6:10). Шунахай явдлын өргөн тархсан нэг хэлбэр бол бусдыг хохироон байж ашиг хонжоо олдог мөрийтэй тоглоом юм. Ехова «бузар олз ашиг хайдаг» хүмүүсийг таашаадаггүй (1 Тимот 3:8). Тэр ч байтугай хууль ёсны зөвшөөрөлтэй мөрийтэй тоглоомын газарт хүмүүс наадан зугаацах зорилгоор тоглохдоо яваандаа тоглоомд орж болохын зэрэгцээ олон хүний амьдралд хор хөнөөл учруулдаг энэ үйл ажиллагааг дэмжсэн хэрэг болно. Мөрийтэй тоглогчид хоол хүнс, хувцас хунар мэтийн амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйлд зориулах ёстой мөнгөө тоглоомд үрдэг болохоор мөрийтэй тоглоом нь тоглогчийн ар гэрийнхэнд багагүй төвөг учруулдаг (1 Тимот 6:10).
8. Өгөөмөр сэтгэлийн сайхан жишээг Есүс хэрхэн үзүүлсэн бэ? Бид яаж өгөөмөр байж болох вэ?
8 Христианууд хайраар үүдсэн өгөөмөр сэтгэлээрээ бусдад, ялангуяа хэрэгцээ шаардлага тулгарсан итгэл нэгтнүүддээ туслан баяр жаргал эдэлдэг (Иаков 2:15, 16). Есүс дэлхийд ирэхээсээ өмнө Бурхан хүмүүст хэрхэн өгөөмөр сэтгэл гаргадгийг ажиглан харж байлаа (Үйлс 14:16, 17). Есүс өөрөө хүн төрөлхтний төлөө цаг зав, авьяас чадвараа төдийгүй амиа золиосолсон билээ. Тийм болохоор тэрбээр: «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» хэмээн итгэлтэйгээр хэлж чадсан юм (Үйлс 20:35). Тэрчлэн сүмийн эрдэнэсийн санд «амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ» буюу хоёрхон зэс зоос чин сэтгэлийнхээ угаас хандивласан ядуу бэлэвсэн эмэгтэйг Есүс талархан сайшаасан (Марк 12:41—44). Эртний израильчууд хийгээд нэгдүгээр зууны христианууд хурал болон Хаанчлалын үйл хэргийг хэрхэн өгөөмөр сэтгэлээр, баяр хөөртэйгөөр дэмжиж байсны үлгэр жишээ болдог (Шастирын дээд 29:9; 2 Коринт 9:11—14). Орчин үеийн христианууд дээрх зорилгоор материаллаг өргөл өргөхөөс гадна Бурхны үйл хэрэгт амьдралаа зориулан, түүнийг баяр хөөртэйгөөр магтан алдаршуулж байна (Ром 12:1; Еврей 13:15). Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэх бүх дэлхийн үйл хэрэг болон жинхэнэ шүтлэгийг дэмжих үүднээс тэд цаг зав, хүч чадал, мөнгө төгрөг болон боломжтой бүх зүйлээ зориулдаг бөгөөд үүнийх нь төлөө Ехова тэднийг ивээдэг (Сургаалт үгс 3:9, 10).
АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХАД ӨӨР ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?
9. Согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэх нь ямар хор хөнөөлтэй вэ?
9 Жаргалтай байхын тулд христианууд «сэтгэн бодох чадвараа хадгалах» ёстой (Сургаалт үгс 5:1, 2, ШЕ). Үүний тулд Бурхны Үг болон Библид үндэслэсэн ашиг тустай ном хэвлэлүүдийг уншиж, уншсан зүйлээ сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Гэхдээ зайлсхийвэл зохих зүйл байдаг. Жишээлбэл: Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүн бодол санаагаа хянах чадвараа алддаг. Тийм байдалд хүмүүс садар самуун явдалтай орооцолдох, хүчирхийлэл үйлдэх, тэр ч бүү хэл хэн нэгний үхлийн буруутан болох нь цөөнгүй байдаг. Архичид Бурхны Хаанчлалыг өвлөхгүй гэж Библид бичсэн байдаг нь гайхах зүйл биш ээ! (1 Коринт 6:10). Жинхэнэ христианууд «эрүүл ухаантай» (ШЕ) байхыг хүсэн эрмэлзэхдээ архидан согтуурахаас зайлсхийдэг бөгөөд энэ нь тэдний дунд ноёлон байдаг аз жаргалтай байдалд нөлөөлдөг (Тит 2:2—6).
10. а) Христианууд яагаад тамхи татдаггүй вэ? б) Хорт зуршлаа орхивол ямар үр ашиг өгөх вэ?
10 Биеийг бузарлан бохирдуулдаг бүхнээс зайлсхийх нь жаргалтай байхын нэг нөхцөл болдог. Гэтэл хорт зуршилд автсан хүн цөөнгүй байдаг. Жишээ болгон тамхийг авч үзье. Тамхи «жил бүр гурван сая хүний амийг авч оддог» гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Тамхинаас гарахаар оролдох үед бий болдог түр зуурын зовуурьт байдлаас болоод зарим хүнд хүндрэл учирч болох юм. Гэвч тамхичин байсан цөөнгүй хүн эрүүл мэнд нь дээрдэж, гэр орондоо илүү их мөнгө зориулдаг болсноо мэдэрдэг. Тийм ээ, тамхи болон бусад хорт зуршлаас салж чадвал та бие сэтгэлээ цэвэр ариун болгож, жинхэнэ аз жаргалыг эдлэх болно (2 Коринт 7:1).
ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ
11. Гэр бүл хууль ёсны бөгөөд бат бэх, нэр хүндтэй байхын тулд яах шаардлагатай вэ?
11 Хамтран амьдарч байгаа нөхөр эхнэр хоёр гэр бүлээ иргэний засаг захиргаанд албан ёсоор бүртгүүлсэн байх ёстой (Марк 12:17). Мөн тэрчлэн гэр бүлийн асуудалдаа маш хариуцлагатай хандах ёстой. Үнэндээ зарим тохиолдолд, тухайлбал, хэн нэг нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байх юм уу, эсвэл хэтэрхий харгис хэрцгийгээр харьцах, эсвэл сүнслэг хэрэгцээгээ хангахад нь заналхийлэн саад хийх тохиолдолд гэр бүлийн хоёр тус тусдаа амьдрах шаардлага гарч болдог (1 Тимот 5:8; Галат 5:19—21). Гэвч 1 Коринт 7:10—17-д бичсэн элч Паулын үг нөхөр эхнэр хоёрыг хамтдаа байхыг зөвлөсөн байдаг. Жинхэнэ аз жаргалтай байхын тулд хосууд бие биедээ үнэнч байх ёстой нь ойлгомжтой. «Гэр бүл олны дунд нэр хүндтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» хэмээн Паул бичжээ (Еврей 13:4, ШЕ). «Ор дэр» гэсэн үг нь хууль ёсоор эр эм болсон хоёрын бэлгийн харьцааг илэрхийлж байгаа юм. Хоёр юм уу түүнээс олон эхнэр, нөхөртэй байх гэх мэтийн бэлгийн амьдралын бусад ямар ч хэлбэрийг «олны дунд нэр хүндтэй» гэж үзэж болохгүй. Түүнээс гадна Библи гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа болон ижил хүйстэнтэйгээ явалдахыг буруушаадаг (Ром 1:26, 27; 1 Коринт 6:18).
12. Гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа нь ямар гунигт үр дагавар авчирдаг вэ?
12 Гэр бүл болоогүй хүмүүс хоорондоо бэлгийн харьцаанд орсноор түр зуурын биеийн жаргал эдэлж болох авч, энэ нь жинхэнэ жаргал авчирдаггүй. Ийм явдал Бурхны дургүйг хүргэх ба үүнд холбогдсон хүний сэтгэлд толбо суудаг (1 Тесалоник 4:3—5). Тийм бэлгийн харьцааны гунигт үр дагавар нь ДОХ болон бэлгийн замаар халдварладаг бусад өвчин юм. «Жил бүр дэлхий нийтийн хэмжээгээр 250 сая гаруй хүн заг хүйтнээр, 50 сая орчим хүн тэмбүүгээр халдварладаг» хэмээн анагаах ухааны нэгэн мэдээнд дурджээ. Мөн тэрчлэн хүсээгүй жирэмслэлтийн тухай асуудал гэж бий. Гэр бүл төлөвлөлтийн олон улсын холбооноос дэлхийд жил бүр 15 сая гаруй охид 15—19 насандаа жирэмсэлж, тэдний гуравны нэг нь үр хөндүүлж байна гэж мэдээлсэн байна. Африкийн нэгэн оронд нас барж байгаа өсвөр насны охидын 72 хувь нь үр хөндөлтийн хүндрэлийн улмаас болдгийг судалгаа харуулжээ. Садарлагч болгон бүгдээрээ өвчлөх юм уу жирэмслээд байдаггүй л дээ. Гэхдээ тэд сэтгэл санааны хүнд хохирол амсдаг. Олонх нь өөрийгөө хүндэтгэхээ больж, тэр ч байтугай зарим нь өөрөө өөрийгөө үзэн яддаг болдог.
13. Завхайрал өөр ямар бэрхшээл учруулдаг вэ? Садарлагчид болон завхайрагчдын хувь заяа ямар байх вэ?
13 Хэдийгээр ханийн итгэл эвдсэнийг уучлан хэлтрүүлж болох боловч буруугүй нэг нь Библийн үндэслэл бүхий салах эрхтэй (Матай 5:32; Хосеа 3:1—5-тай харьцуулна уу). Тиймэрхүү завхай явдлын улмаас гэр бүл салж сарних аваас буруугүй нэгнийх нь хийгээд хүүхдүүдийнх нь сэтгэлд гүн шарх үлддэг. Гэр бүлийн сайн сайхны тусын тулд үл гэмшигч садарлагчид хийгээд завхайрагчдад хатуу шийтгэл оногдох болно гэдгийг Бурхны Үг анхааруулсан байдаг. Түүнээс гадна, завхайрагчид «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж Библи тов тодорхой хэлдэг (Галат 5:19, 21).
«ЕРТӨНЦИЙНХ БИШ»
14. а) Бурхнаа дээдэлдэг хүмүүсийн зайлсхийдэг шүтээн шүтэх ямар ямар хэлбэр байдаг вэ? б) Иохан 17:14 хийгээд Исаиа 2:4-т ямар удирдамж өгсөн байдаг вэ?
14 Еховад таалагдаж, Хаанчлалын ивээлийг хүртэн эдлэхийг хүсэж байгаа хэн боловч шүтээн шүтэх ямар ч хэлбэрээс зайлсхийдэг. Христийн ч юм уу, эсвэл Есүсийн эх Мариагийн гэх мэтийн аливаа хөрөг зураг үйлдэн түүндээ мөргөх нь буруу гэдгийг Библи хэлдэг (Египетээс гарсан нь 20:4, 5; 1 Иохан 5:21). Тийм болохоор жинхэнэ христианууд бурхны хөрөг, загалмай болон барималд мөргөдөггүй. Мөн тэрчлэн тэд шүтээн шүтэх далд хэлбэр болох туг далбаанд мөргөх юм уу аль нэг үндэстнийг магтан дуулах зэргээс зайлсхийдэг. Тиймэрхүү үйл ажиллагаа үйлдэх шаардлага тулгарах аваас тэд Есүсийн, Сатанд хэлсэн: «Өөрийн Бурхан Эзэндээ [«Еховадаа», ШЕ] мөргөж, зөвхөн Түүнд үйлчил» гэдэг үгийг санацгаадаг (Матай 4:8—10). Миний дагалдагчид бол «ертөнцийнх биш» гэж Есүс хэлсэн (Иохан 17:14). Энэ нь тэд улс төрийн үйл хэрэгт хутгалдан оролцдоггүй бөгөөд «Тэр [Ехова Бурхан] үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» гэж Исаиа 2:4-т бичсэнийг мөрдлөг болгон тайван амгалан амьдардаг гэсэн үг юм.
15. «Агуу их Вавилон» гэж юу вэ? Библи эхлэн судлагч олон хүн түүнээс гарахын тулд яадаг вэ?
15 Тэрчлэн «ертөнцийнх биш» байна гэдэг нь хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох «агуу их Вавилонтой» ямар ч холбоогүй байна гэсэн үг. Цэвэр бус шүтлэг нь эртний Вавилоноос эхэлсэн бөгөөд бараг бүх хүн төрөлхтнийг оюун санааны нь хувьд эрхшээлдээ оруулах хүртлээ тархсан. «Агуу их Вавилоны» бүрэлдэхүүнд Бурхны тухай мэдлэгтэй харш сургаал зааж, үйл хийдэг бүх шашин хамрагддаг (Илчлэлт 17:1, 5, 15). Еховагийн үнэнч үйлчлэгчдээс нэг ч хүн Агуу их Вавилоны аль нэгэн хэсэгтэй сүнслэг харьцаатай байх юм уу, эсвэл янз бүрийн шашныхантай хамт шүтлэг, мөргөл үйлдэх зэргээр шашин хоорондын үйл ажиллагаанд нэгдэн оролцдоггүй (Тооллого 25:1—9; 2 Коринт 6:14). Тийм учраас Библи эхлэн судалж байгаа олон хүн урьд нь хамрагдаж байсан шашны байгууллагаас гарах өргөдлөө өгдөг. Энэ нь тэднийг «тэдний дундаас гарч, тусгаар бай гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлддаг. Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авна» гэж амладаг жинхэнэ Бурханд ойртуулдаг юм (2 Коринт 6:17; Илчлэлт 18:4, 5). Тэнгэрийн Эцэг маань хүлээж аваасай гэж та хамаг зүрх сэтгэлээсээ хүсэхгүй гэж үү?
БАЯР ЁСЛОЛД ХАНДАХ ХАНДЛАГА
16. Жинхэнэ христианууд ямар учраас Христийн мэндэлсний өдрийг тэмдэглэдэггүй вэ?
16 Бид Бурханд таалагддаг байдлаар амьдарвал байн байн төвөг уддаг олон баяр ёслолын ажиллагаанаас чөлөөлөгддөг. Жишээ нь: Есүсийн төрсөн өдрийг Библид тодорхой заагаагүй. Зарим хүн: «Би Есүсийг арван хоёрдугаар сарын 25-нд төрсөн гэж боддог байлаа» хэмээн дуу алдан халаглаж болох юм. Тийм байх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Есүс МЭ 33 оны хавар 33 хагастай байхдаа үхсэн билээ. Түүнээс гадна түүнийг төрөх үед «тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ» (Лук 2:8). Израильд арван хоёрдугаар сарын сүүлээр бороотой хүйтэн улирал болдог учир нутгийнхан хонио дааруулахгүйн тулд шөнө нь хашиж хонодог аж. Үнэн хэрэгтээ арван хоёрдугаар сарын 25-нд ромчууд нарны бурхны төрсөн өдрийн баяр тэмдэглэдэг байсан. Дэлхий дээр Есүсийн амьдарч байсан тэр цагаас хойш олон зуун жил өнгөрч, христиан тэрслэгчид энэ өдрийг Христийн төрсөн өдрийн баяр болгон хувирган өөрчилжээ. Тийм болохоор жинхэнэ христианууд Христийн мэндэлсний баяр болон хуурамч шашны сургаалд үндэслэсэн бусад баярыг тэмдэглэдэггүй. Тэд зөвхөн Еховад үнэнч байдаг болохоор нүгэлт хүмүүс буюу үндэстнүүдийг шүтээн болгон өргөмжилдөг баяр ёслолд мөн оролцдоггүй.
17. Бурхнаа дээдэлдэг хүмүүс ямар учраас төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүй вэ? Хэдий тийм ч тэдний хүүхдүүд жаргалтай байдгийн учир юу вэ?
17 Библид төрсөн өдрийн баярыг тэмдэглэсэн үйл явдал зөвхөн хоёр удаа гардаг бөгөөд аль аль нь Еховаг шүтдэггүй хүмүүсийн баяр байсан билээ (Эхлэл 40:20—22; Матай 14:6—11). Ариун Сударт төгс хүн Есүс Христийн төрсөн өдрийг заагаагүй байхад бид төгс бус хүмүүсийн төрсөн өдөрт онцгой анхаарал хандуулах нь зохистой байх уу? (Номлогчийн үгс 7:1). Бурхнаа дээдэлдэг эцэг эхчүүд хүүхдүүддээ хайраа илэрхийлэх гэж тусгай нэг өдөр хүлээдэггүй нь мэдээж. «Манай гэрийнхэн цагаа их хөгжилтэй өнгөрөөдөг... би аав ээжтэйгээ маш дотно харьцдаг. Хүүхдүүд надаас яагаад янз бүрийн баяр тэмдэглэдэггүй юм бэ гэж асуухад нь миний хувьд өдөр бүр баяр болж байгаа юм шиг байдаг гэж хариулдаг юм» хэмээн 13 настай нэгэн Гэрч охин хэлжээ. Мөн: «Манай гэрийнхэн бүтэн жилийн турш бие биедээ бэлэг барьдаг» гэж 17 настай өөр нэгэн христиан залуу хэлсэн юм. Санамсаргүй байтлаа хүртсэн бэлэг илүү жаргал авчирдаг бус уу.
18. Жил бүр ямар баяр тэмдэглэж байхыг Есүс дагалдагчдадаа тушаасан бэ? Энэ арга хэмжээ бидэнд юуг дурсан сануулдаг вэ?
18 Бурхны тааллын дагуу амьдардаг хүмүүсийн хувьд жил бүр тэмдэглэх ёстой нэг баяр байдаг. Энэ бол «Эзний Зоог» буюу Христийн үхлийг дурсан санах оройн зоог юм. Энэ баярыг тэмдэглэх үедээ Есүс: «Намайг дурсан санахын тулд үүнийг үйлдэгтүн» хэмээн дагалдагчдадаа тушаасан (Лук 22:19, 20, МАБ; 1 Коринт 11:23—25). Есүс МЭ 33 оны нисан сарын 14-ний шөнө уг зоогийг барихдаа өөрийнхөө нүгэлгүй бие, төгс цусыг бэлэгдсэн исгээгүй талх, улаан дарс хэрэглэсэн билээ (Матай 26:26—29). Эдгээр бэлэгдлээс зөвхөн Бурхны ариун сүнсээр тослогдсон христианууд л хүртдэг. Тэд шинэ гэрээ болон Хаанчлалын гэрээнд оролцдог бөгөөд тэнгэрт амьдрах найдвартай юм (Лук 12:32; 22:20, 28—30; Ром 8:16, 17; Илчлэлт 14:1—5). Чингэвч, эртний еврейн хуанлийн нисан сарын 14-нд болдог энэхүү арга хэмжээнд оролцсон бүх хүн тусыг олдог. Энэ арга хэмжээнд оролцсон бүх хүн Ехова Бурхан болон Есүс Христийн хайрыг дурсан санадаг юм. Уг хайр нь Бурханд дуулгавартай хүмүүст мөнх амьдрах боломж олгодог золих тахилаар илэрсэн (Матай 20:28; Иохан 3:16).
АЖИЛ ХӨДӨЛМӨР БА ЗУГАА ЦЭНГЭЛ
19. Амь зуулгынхаа төлөө ажил хөдөлмөр эрхлэхэд нь христиан хүнд ямар бэрхшээл тулгардаг вэ?
19 Жинхэнэ христианууд шударгаар хөдөлмөрлөж, хэрэгцээгээ хангах үүрэгтэй. Ингэх аваас гэрийн эзэн жаргалтай байх болно (1 Тесалоник 4:11, 12). Хэрэв христиан хүний эрхэлдэг ажил хөдөлмөр нь Библийн зарчимтай зөрчилддөг бол тэр хүн жаргалтай байхгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Библийн хэм хэмжээнд тохирсон ажил олоход заримдаа христиан хүнд бэрхшээл тулгардаг. Жишээ нь: Зарим ажилчдаас үйлчлүүлэгчдээ хуурахыг шаарддаг дарга байдаг. Мөн найдвартай үйлчлэгчээ алдахгүйн тулд шударга ажилчныхаа мөс чанарыг хүндэтгэн, буулт хийдэг дарга ч цөөнгүй байдаг. Тийм ч бай, үгүй ч бай цэвэр ариун мөс чанараа хадгалахад тохирсон ажил хайсан хүчин чармайлтыг тань Бурхан ивээнэ гэдэгт итгэлтэй байж болно (2 Коринт 4:2).
20. Бид зугаа цэнгэлийн асуудалд анхааралтай байх ёстойн учир юу вэ?
20 Бурхан өөрийнхөө үйлчлэгчдийг жаргалтай байлгахыг хүсдэг болохоор бид хүнд хүчир ажлын алжаал ядаргаагаа амралт, зугаа цэнгэлээр нөхөн тайлж байх ёстой (Марк 6:31; Номлогчийн үгс 3:12, 13). Сатаны ертөнц Бурхны таалалд үл нийцэх зугаа цэнгэлийг хөхүүлэн дэмждэг. Гэвч бид Еховад таалагдахын тулд унших ном, сонсох хөгжим, үзэх концерт, кино, жүжиг, радио болон зурагтын хөтөлбөр, видео кино зэргээ сонгодог байх ёстой. Хэрэв урьд өмнө таалагддаг байсан зугаа цэнгэл маань Дэд хууль 18:10—12, Дуулал 11:5 болон Ефес 5:3—5-д бичсэн анхааруулгатай зөрчилдөж байвал энэ нь өөрчлөлт хийх шаардлагатайг заан илэрхийлж байгаа бөгөөд ингэж өөрчлөгдөж чадвал бид Еховад таалагдаж, өөрсдөө жаргалтай байх болно.
АМЬ БОЛООД ЦУСЫГ ХҮНДЭТГЭХ НЬ
21. Амийг хүндэтгэх нь үр хөндөлт, хорт зуршил болон биеэ авч явах талаарх үзэл бодолд маань хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
21 Хүний амийг Ехова ариун юм гэж үздэг. Жинхэнэ аз жаргал эдэлье гэвэл бид мөн тийн үзэх ёстой. Түүний Үг бидэнд хүн бүү ал гэж тушаадаг (Матай 19:16—18). Үнэндээ Израильд өгсөн Бурхны Хуулиар бол төрөөгүй хүүхдийн амь ч Бурхны нүдэнд үнэтэй бөгөөд түүнийг устгаж болохгүй (Египетээс гарсан нь 21:22, 23). Учир иймд бид бие махбодоо архи, тамхи болон мансууруулах бодисоор хордуулах буюу утгагүйгээр аз турших зэргээр амиа өчүүхэн төдий зүйл гэж бодохгүй байх ёстой. Түүнчлэн амь насандаа аюул учруулах үйл хийхгүй байх, эсвэл аюулгүй ажиллагааны арга хэмжээг хайхрахгүй байснаас асгарах цусны буруутан болох ёсгүй (Дэд хууль 22:8).
22. а) Цус болон цусыг хэрэглэхтэй холбоотой Бурхны үзэл бодол ямар вэ? б) Зөвхөн хэний цус жинхэнэ ёсоор амийг аврах вэ?
22 Ноа болон түүний гэрийнхэнд цус бол амийг төлөөлнө гэж Ехова хэлсэн. Тийм учраас Бурхан тэдэнд аливаа цусыг хоол хүнсэндээ хэрэглэхийг хориглосон (Эхлэл 9:3, 4). Бид тэдний үр удам болохын хувьд уг хууль бидэнд ч гэсэн хүчин төгөлдөр байх ёстой. Цусыг газарт асгах хэрэгтэй ба түүнийг өөрийнхөө зорилгод ашиглаж болохгүйг Ехова израильчуудад тушаасан (Дэд хууль 12:15, 16). Нэгдүгээр зууны христиануудад «цуснаас... цээрлэгтүн» гэсэн тушаал өгснөөр цусны тухай Бурхны хууль давтагдсан (Үйлс 15:28, 29). Амийг ариун хэмээн хүндэтгэдэг учраас Бурхнаа дээдэлдэг хүмүүс, амь аврахад зайлшгүй хэрэгтэй гэж бусад хүмүүс шаргуу баталдаг ч, цус юүлүүлэхээс татгалздаг. Еховагийн Гэрчүүдийн санаанд таарсан үр дүн сайтай эмчилгээний өөр олон арга байдаг бөгөөд эдгээр нь цус юүлснээс үүдэн бий болдог шиг аюул заналыг хүнд учруулдаггүй. Зөвхөн Есүсийн асгаруулсан цус л жинхэнэ ёсоор аварна гэдгийг христианууд мэддэг юм. Түүнд итгэснээр нүгэл уучлагдах ба мөнх амьдрах найдвартай болно (Ефес 1:7).
23. Бурхны таалалд нийцүүлэн амьдарснаас хүртэх ямар ямар шагнал байна вэ?
23 Бурхны таалалд нийцүүлэн амьдрахын тулд ихээхэн хүч чармайлт гаргах нь ойлгомжтой. Амьдралын тийм хэв маяг танай гэрийнхний болон танил хүмүүсийн тань инээдийг хүргэж болох юм (Матай 10:32—39; 1 Петр 4:4). Гэхдээ тийм амьдралаар амьдарсны шагнал нь алив сорилтоос хавьгүй давуу байдаг. Бурханд таалагддаг амьдралаар амьдарснаар хүн мөс чанараараа цэвэр ариун байж, Еховаг шүтэгч бусад сүсэгтэн олонтой анд нөхдийн дотно харьцаатай болдог (Матай 19:27, 29). Түүнээс гадна, Бурхны шударга зөв шинэ ертөнцөд мөнх амьдарна гээд бас бодоод үзээрэй (Исаиа 65:17, 18). Библийн зөвлөгөөг хэрэгжүүлж, Еховагийн зүрхийг баярлуулах нь юутай тааламжтай вэ! (Сургаалт үгс 27:11). Бурханд таалагддаг амьдрал аз жаргал авчирдагт гайхах зүйл үгүй! (Дуулал 128:1, 2).
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Бурханд таалагддаг амьдрал ямар учраас аз жаргал авчирдаг вэ?
Бурханд таалагддаг амьдралаар амьдрах хүсэлтэй хүн ямар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
Та ямар учраас Бурханд таалагддаг амьдралаар амьдрахыг хүснэ вэ?
[Догол мөрийн асуулт]
[124, 125-р хуудасны зураг]
Сүнслэг үйл ажиллагаагаа амралт, зугаалгатай зохицуулан, Бурханд таалагддаг амьдралаар амьдардаг хүмүүс аз жаргалтай байдаг