Бурханд хэрхэн ойртох тухай
Бүлэг 16
Бурханд хэрхэн ойртох тухай
1. Олон шашин юугаараа адил төстэй вэ?
АЗИЙН орноор аялж явсан нэгэн жуулчин эмэгтэй буддын сүмд үйлдэж байсан шашны мөргөл ёслолыг үзээд ихэд гайхжээ. Хэдийгээр тэнд Мариа болон Христийн дүрс байгаагүй ч гэсэн олон зан үйл өөрийнх нь сүмийнхтэй төстэй байв. Жишээ нь: Тэнд ирсэн сүсэгтнүүд эрхи эргүүлэн, залбирал мааниа дүнгэнэтэл уншиж байгааг тэр эмэгтэй ажиглажээ. Өөр хүмүүс ч мөн адил төстэй зүйлсийг анзаарсан байна. Сүсэгтнүүд Бурханд буюу мөргөл шүтээнийхээ зүйлд ойртохыг хичээхдээ Дорнодод ч, Өрнөдөд ч гайхалтай адилхан зан үйл үйлддэг ажээ.
2. Залбирал гэж юу вэ? Хүмүүс ямар учраас залбирдаг вэ?
2 Хүн гол төлөв залбирлын тусламжтайгаар Бурханд ойртохыг хичээдэг. Нэгэн нэвтэрхий тольд бичсэнээр залбирал бол «хүнээс ариун нандин зүйл нь болох Бурхантайгаа юм уу, эсвэл бурхадтай, мөн ер бусын хүчтэй харьцах үйл ажиллагаа» юм («The New Encyclopædia Britannica»). Гэвч, зарим хүн Бурханд хандахдаа юуны өмнө түүнээс ямар нэгэн юм авахыг л хүсдэг. Жишээ нь: Нэг хүн Еховагийн Гэрчээс: «Хэрэв та миний төлөө залбирвал миний гэр бүл, ажил алба болон эрүүл мэндтэй холбоотой бэрхшээлүүд шийдэгдэх үү?» гэж асуужээ. Тэр хүн тийм зүйлийг хүсэж байсан бололтой. Гэвч хүмүүс залбираад байдаг хэр нь бэрхшээлүүд нь бахь байдгаараа байгаад л байдаг. Үүнээс үүдэн: «Тэгвэл залбирахын хэрэг юу байгаа юм бэ?» гэсэн асуулт гарч ирдэг.
БУРХАНД ЗАЛБИРАХЫН УЧИР
3. Залбирлаараа бид хэнд хандах ёстой вэ? Яагаад?
3 Залбирал бол зүгээр нэг дэмий хоосон мөргөл ёслол ч биш, Бурхнаас ямар нэгэн хүссэн зүйлээ салгаж авах арга ч бас биш. Бурханд залбирах хэрэгтэйн нэг гол шалтгаан бол түүнтэй ойр дотно харьцаатай байх явдал юм. Тийм учраас бид зөвхөн Ехова Бурханд хандан залбирах ёстой. «Эзэн [«Ехова», ШЕ] Өөрийг нь дуудагч бүхэнд... ойр байдаг» гэж дуулалч Давид бичжээ (Дуулал 145:18). Ехова бидэнд өөртэйгөө найрсаг харьцаатай байхыг санал болгодог (Исаиа 1:18). Энэ саналыг хүлээн авагч хүн: «Бурханд ойр байх нь надад сайн» гэсэн дуулалчийн үгтэй санал нийлэх байх. Яагаад? Яагаад гэвэл Ехова Бурханд ойртсон хүн жинхэнэ аз жаргалтай болж, сэтгэл санаа нь тайвширдаг (Дуулал 73:28).
4, 5. а) Бурханд залбирах нь яагаад чухал бэ? б) Бид залбирлын тусламжтайгаар Бурхантай ямар харьцаатай болох вэ?
4 Бурхан «юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг» юм бол түүнээс гуйж залбирахын хэрэг юу байгаа юм бэ? (Матай 6:8; Дуулал 139:4). Залбирал бол Бурханд итгэх итгэлийн болон түүнийг «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийн» Эх булаг гэж үздэгийн баталгаа юм (Иаков 1:17; Еврей 11:6). Бидний залбирал Еховад таалагддаг (Сургаалт үгс 15:8). Хүүхэд нь баяр талархал илэрхийлэхэд ямар ч эцэгт таатай байдгийн адил нэрээр нь чин сэтгэлийн талархал дэвшүүлж, магтаалын үг илгээхэд Бурхан баяртайгаар хүлээн авдаг (Дуулал 119:108). Эцэг хүү хоёр сайн харьцаатай байвал хоорондоо сэтгэл зүрхнийхээ үгийг ярилцах болно. Эцгийнхээ хайрыг мэдэрдэг хүүхэд эцэгтэйгээ ярилцахыг дандаа хүсдэг. Үнэндээ Бурхантай харьцах бидний харьцааг түүнтэй зүйрлэж болох юм. Хэрэв бид Еховагийн тухай мэдэж байгаа зүйлээ болон бидэнд үзүүлж байгаа хайрыг нь жинхэнэ ёсоор үнэлэх аваас түүнд хандан залбирах хүсэл өөрийн эрхгүй төрөх болно (1 Иохан 4:16—18).
5 Бид Хамгийн дээд Бурханд хандахдаа, хэдийгээр буруу зөрүү юм хэлчих вий дээ гэж хэтэрхий их санаа зовох хэрэггүй ч, гүн хүндэтгэл үзүүлэх ёстой (Еврей ). Ехова бидэнтэй харьцахад хэзээд бэлэн байдаг. Залбирлаар Бурханд «зүрхээ нээх» нь ямар аз завшаантай хэрэг вэ! ( 4:16Дуулал 62:8). Талархал илэрхийлэх нь өөрийн «анд нөхөр» болох итгэлт нэгэн Абрахамтай Еховагийн тогтоосон шиг тийм сэтгэл зүрхний дотно харьцаа тогтооход хүмүүст тусалдаг (Иаков 2:23). Гэвч, орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэнд залбирч хандахдаа бид тодорхой шаардлагыг ханган биелүүлэх ёстой.
БУРХАНД ЗАЛБИРАХ ХҮМҮҮСТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
6, 7. Хэдийгээр Бурхан залбирлыг маань сонссоныхоо төлөө мөнгө төгрөг шаарддаггүй ч гэсэн залбирахдаа бид ямар шаардлага биелүүлэх ёстой вэ?
6 Бурханд ойртоход мөнгө хэрэгтэй юу? Хүмүүс өөрсдийнхөө төлөө залбируулахаар лам нарт мөнгө төлдөг. Тэр ч битгий хэл зарим нь хэдийчинээ их юм өргөнө, залбирлыг нь төдийчинээ хурдан сонсоно гэж итгэдэг. Гэтэл Бурхны Үгэнд, залбирлаар Еховад ойртоход мөнгөөр өргөл өргөх хэрэгтэй гэж байдаггүй. Тэрбээр залбирлын хариу болгон хүртээдэг сүнслэг тусламж болон ивээл хишгийнхээ төлөө биднээс юу ч нэхдэггүй (Исаиа 55:1, 2).
7 Тэгвэл юу шаардлагатай вэ? Зөв зүрх сэтгэлтэй байх нь маш чухал (Шастирын дэд 6:29, 30; Сургаалт үгс 15:11). Ехова Бурхан «залбирлыг сонсдог» ба «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» гэдэгт бүхий л зүрх сэтгэлээрээ итгэх ёстой (Дуулал 65:2; Еврей 11:6). Мөн тэрчлэн номхон даруу байх ёстой (Хаадын дэд 22:19; Дуулал 51:17). Есүс Христ нэгэн сургаалт зүйрлэлээрээ, Бурханд номхон даруугаар залбирч хандсан татвар хураагч, ихэмсэг зантай фарисайгаас зөв байсныг заан хэлсэн байдаг (Лук 18:10—14). Бурханд залбирахдаа «бардам зүрхтэй хүн бүр Эзний [«Еховагийн», ШЕ] хувьд жигшил юм» гэдгийг ямагт санах хэрэгтэй (Сургаалт үгс 16:5).
8. Залбиралд маань Бурхан хариулаасай гэж хүсэж байгаа бол бид юугаа болих ёстой вэ?
8 Залбиралд маань Бурхан хариулаасай гэж хүсэж л байгаа бол бид нүглээсээ ариусах ёстой. Есүсийн шавь Иаков Бурханд ойртохыг бусдад уриалахдаа: «Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга» гэж нэмж хэлжээ (Иаков 4:8). Тэр ч байтугай гэмт явдалтнууд ч гэсэн гэмшин, нүглээ наманчилж, амьдралын урьдах хэв маягаа орхин, өөрчлөгдөж чадвал Еховатай сайн харьцаа тогтоох боломжтой (Сургаалт үгс 28:13). Өөрийнхөө үйл ажиллагааг хэлбэр төдий өөрчилчихөөд, за одоо Ехова намайг сонсоно доо гэж найдах хэрэггүй. Учир нь «Эзний [«Еховагийн», ШЕ] мэлмий зөв хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин Эзний [«Еховагийн», ШЕ] царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг» гэж Бурхны Үг хэлдэг юм (1 Петр 3:12).
9. Хэнээр дамжуулан Еховад хандах вэ? Яагаад?
9 «Нүгэл үйлддэггүй, зөвхөн сайныг үйлддэг зөв хүн дэлхий дээр нэг ч үгүй» гэж Библи мэдэгддэг (Номлогчийн үгс 7:20, ШЕ). Тийм болохоор та: «Тэгвэл, Ехова Бурханд яаж ойртох вэ?» гэж асууж болох юм. Үүнд Библи: «Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөв Есүс Христ мөн» гэж хариулдаг (1 Иохан 2:1). Хэдийгээр бид нүгэлтнүүд ч гэсэн бидний төлөө золиос болон үхсэн Есүс Христээр дамжин Бурханд чөлөөтэй хандаж болно (Матай 20:28). Есүс бол Ехова Бурханд хүрч болох цорын ганц зам юм (Иохан 14:6). Санаатайгаар нүгэл үйлдэн, Есүсийн золих тахилд хөнгөн хуумгай хандаж болохгүй (Еврей 10:26). Гэвч, бид муу юм хийхгүй дээ гэж хамаг хүчээрээ чармайвч, заримдаа өөрийн эрхгүй нүгэл үйлдсэн байдаг. Тийм тохиолдолд Бурханд нүглээ наманчлан, уучилж өршөөхийг гуйн залбирч болно. Хэрэв, түүнд номхон даруугаар хандах аваас тэр бидний гуйлтыг хүлээн авна (Лук 11:4).
ХЭЗЭЭ ЗАЛБИРЧ БОЛОХ ВЭ?
10. Залбирахдаа Есүсийг хэрхэн дуурайж болох вэ? Ямар тохиолдолд ганцаарчлан залбирах нь зохистой вэ?
10 Есүс Еховатай харьцах харьцаагаа маш өндрөөр үнэлдэг байлаа. Тийм учраас ганцаарчилсан залбирлаараа Бурхантай ярилцах тусгай цаг гаргасан байв (Марк 1:35; Лук 22:40—46). Бид Есүсийн жишээг дуурайж, Бурхандаа тогтмол залбирч байх хэрэгтэй (Ром 12:12). Өдрийн амьдралаа залбирлаар эхлээд, унтахынхаа өмнө тэр өдрийнхөө амжилт бүтээлийн талаар Еховад талархал илэрхийлж байх нь зохистой. Өдрийн турш «цаг үргэлж» залбирахыг хичээх хэрэгтэй (Ефес 6:18). Тэр ч байтугай Ехова дотроо залбирсан залбирлыг ч гэсэн сонсдог. Бурхантай ганцаарчлан ярилцах нь түүнтэй тогтоосон холбоог улам бэхжүүлэхээс гадна Еховад хандан өдөр бүр залбираад байвал бид түүнтэй улам ойр дотно болно.
11. а) Ямар учраас гэр бүлээрээ хамтдаа залбирах хэрэгтэй вэ? б) Залбирлын төгсгөлд «амен» гэж хэлдгийн учир юу вэ?
11 Тэрчлэн, Ехова бүлэг хүнийг төлөөлж хэлсэн залбирлыг сонсдог (Хаадын дээд 8:22—53). Бид гэр бүлээрээ хамтдаа Бурханд хандаж болох ба тэр тохиолдолд өрхийн тэргүүн залбирна. Энэ нь гэр бүлийн холбоог бэхжүүлэхээс гадна, эцэг эх нь Бурханд хандан даруухнаар залбирахыг хүүхдүүд нь сонсоод Еховаг бодитойгоор оршин байдагт итгэх болно. Хэн нэгэн хүн, Еховагийн Гэрчүүдийн цуглаан дээр ч юм уу, хамт олныг төлөөлөн залбирвал яах вэ? Хэрэв та цуглаанд оролцож байгаа бол түүнийг маш анхааралтай сонсоод, санал тань нийлж байвал залбирлын төгсгөлд сэтгэл зүрхнийхээ гүнээс «амен» гэж хэлээрэй. Энэ нь «ёсоор болтугай» гэсэн санаа юм (1 Коринт 14:16).
ЕХОВАГИЙН СОНСДОГ ЗАЛБИРАЛ
12. а) Бурхан зарим залбиралд хариулдаггүйн учир юу вэ? б) Залбирахдаа зөвхөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг голлон бодох нь яагаад буруу вэ?
12 Христээр дамжуулан залбирсаар атал, Бурхан хариу өгөхгүй байгаа юм шиг зарим хүнд санагддаг. Гэтэл элч Иохан: «Хэрэв бид Түүний [Бурхны] хүслийн дагуу юуг ч гуйвал, Тэр биднийг сонсдог» гэж хэлсэн буй (1 Иохан 5:14). Тэгэхлээр, бид Бурхны хүсэл таалалд нийлэмжтэй юмыг л гуйх ёстой. Тэрбээр бидний сүнслэг хэрэгцээний талаар сонирхдог болохоор түүнтэй холбоотой сэдвээр залбирах нь илүү зохимжтой. Бид зөвхөн махан биеийнхээ хэрэгцээг хэт эрхэмлэдэг дур сонирхолтойгоо тэмцэх ёстой. Жишээ нь: Өвчин туссан үедээ түүнийг давж гарах тэвчээр хийгээд хэрсүү ухаан гуйн залбирах нь зөв хэдий ч, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавих нь сүнслэг хэрэгцээнээс илүү байх ёсгүй (Дуулал 41:1—3). Нэгэн христиан эмэгтэй өвчнийхөө талаар хэтэрхий санаа зовж байгаагаа ухааран ойлгомогцоо уг асуудалд хэрхэн зөв хандахад туслахыг Еховагаас гуйжээ. Эцсийн дүнд өвчинтэй нь холбоотой асуудал нь түүнийг нэг ихээр зовоохоо больж, тэр эмэгтэй Еховагаас «хирээс хэтэрсэн хүч» (ШЕ) авснаа мэдэрчээ (2 Коринт 4:7). Тэрбээр бусдад сүнслэг тусламж үзүүлэх улам их хүсэлтэй болсон учраас бүрэн цагийн дэлгэрүүлэгч болжээ.
13. Матай 6:9—13-т зааснаас харахад юу юуны тухай залбирах нь зохистой вэ?
13 Еховагийн таалалд нийлэмжтэй байлгахын тулд бид юу юуны тухай залбирч болох вэ? Есүс Христ дагалдагчдадаа хэрхэн залбирахыг зааж өгсөн. Матай 6:9—13-т бичигдсэн залбиралд юуны тухай залбирах нь зохимжтойг Есүс жишээ болгон хэлсэн. Залбирахдаа юуг голлон анхаарах ёстой вэ? Юуны түрүүнд Ехова Бурхны нэр болон түүний Хаанчлалд анхаарлаа хандуулах ёстой. Мөн тэрчлэн өдөр тутмын хэрэгцээнийхээ талаар гуйх нь зүйтэй. Түүнээс гадна нүглээ уучлахыг, мөн уруу татагдахаас болон «муу нэгэн» (МАБ) болох Сатан Диаволаас хамгаалахыг гуйж залбирах нь чухал. Есүс бидэнд энэ залбирлыг цээжилчихээд утга санааг нь бодохгүйгээр дахин дахин давтаж байгаарай гэж тушаагаагүй (Матай 6:7). Хүүхэд нь эцэгтэйгээ ярихдаа нэг л санаагаа давтаад байвал энэ нь ямар харьцаа болох вэ?
14. Гуйлтаас гадна өөр юун тухай залбирч болох вэ?
14 Гуйж залбирахаас гадна Бурхныг магтаж, Бурханд баяр талархлаа илэрхийлж залбирах ёстой (Дуулал 34:1; 92:1; 1 Тесалоник 5:18). Мөн бусдын төлөө залбирч болно. Янз бүрийн нөхцөл байдлаас болоод зовж шаналж байгаа итгэл нэгт ах дүүсийнхээ төлөө залбирах нь тэдний төлөө санаа тавьж байгаагийн маань илрэл болдог. Ехова тийм залбирлыг сонсох дуртай (Лук 22:32; Иохан 17:20; 1 Тесалоник 5:25). Үнэндээ: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална» гэж элч Паул бичжээ (Филиппой 4:6, 7).
ЦӨХРӨЛТГҮЙ ЗАЛБИРАГТУН
15. Залбиралд маань хариулахгүй байгаа юм шиг санагдах ахул юун тухай санах нь зүйтэй вэ?
15 Хэдийгээр та Бурхны тухай мэдлэгтэй болж байгаа ч гэсэн заримдаа таны залбиралд Бурхан хариулахгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Тийм байж болох талтай. Яагаад гэвэл зарим нэгэн тодорхой гуйлтад Бурхны хариу өгөх цаг нь болоогүй байдаг (Номлогчийн үгс 3:1—9). Ехова зарим асуудлыг хуучнаараа үргэлжлэхийг нь тодорхой хугацаагаар зөвшөөрч болох боловч гуйлтад хэзээ хариулах нь дээр вэ гэдгийг мэддэг учраас тухайн цагт нь хариулдаг юм (2 Коринт 12:7—9).
16. Цөхрөлтгүй залбирах нь яагаад хэрэгтэй вэ? Энэ нь Бурхантай харьцах бидний харьцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
16 Цөхрөлтгүй залбирснаараа бид Бурхнаас хүсэж байгаа тэр зүйлийнхээ хэчнээн чухал болохыг илэрхийлдэг (Лук 18:1—8). Жишээ нь: Бурхнаас аль нэгэн сул талаа даван дийлэхэд минь туслаач гэж гуйж болох юм. Хэрэв бид цөхрөлтгүй залбирч, залбиралдаа зохицсон үйл ажиллагаа явуулаад байх юм бол үнэхээр хүсэж байгаагийн илэрхийлэл болно. Гуйлт маань тодорхой бөгөөд чин сэтгэлийн байх ёстой. «Хорхой хүргэм зүйлтэй» тулгарсан үедээ шаргуу залбирах нь онцгой чухал (Матай 6:13, ШЕ). Нүгэл үйлдэхгүйг аль байдгаараа хичээн, цөхрөлтгүй залбирах аваас Еховагийн тусламжийг гарцаагүй авна. Энэ нь бидний итгэлийг болон Бурхантай тогтоосон харьцааг улам бэхжүүлнэ (1 Коринт 10:13; Филиппой 4:13).
17. Ехова Бурханд үйлчлэх болгондоо түүнд найдан залбирах нь аль хэр тустай вэ?
17 Хэрэв бид Ехова Бурханд үйлчлэх болгондоо түүнд найдан залбирдаг бол энэ ажлыг өөрсдийн хүчээр бус зөвхөн Еховагийн тусламжтайгаар л гүйцэтгэж чадна гэдгээ ойлгох болно (1 Коринт 4:7). Тийнхүү бид төлөв даруу болж, түүнтэй тогтоосон харьцаа маань улам бэхжинэ (1 Петр 5:5, 6). Тийм ээ, бидэнд цөхрөлтгүй залбирах бүрэн үндэс бий. Тэнгэрийн Эцэгтээ хэрхэн ойртох тухай үнэт мэдлэг хийгээд чин сэтгэлийн залбирал маань бидний амьдралыг жинхэнэ аз жаргалтай болгодог.
ЕХОВАТАЙ ХАРЬЦАХ ХАРЬЦАА НЭГ ТАЛЫНХ БАЙХ ЁСГҮЙ
18. Бурхны үгийг бид хэрхэн сонсож болох вэ?
18 Залбирлыг маань Бурхан сонсоосой л гэж хүсэж байгаа бол бид мөн түүний үгийг сонсох ёстой (Зехариа 7:13). Тэрбээр зөнчдөөрөө дамжуулан хүмүүстэй харьцдаг байсан харьцаагаа аль хэдийн больсон бөгөөд энэ зорилгоор спиритизм ашиглахгүй нь ч мэдээж (Дэд хууль 18:10—12). Тийм болохоор бид зөвхөн түүний Үг, Библийг судалж байж л Бурхны үгийг сонсох болно (Ром 15:4; 2 Тимот 3:16, 17). Хэн нэгэнд шим тэжээл сайтай хоол идэх дур хүслээ хөгжүүлэх шаардлага гарч болох юм. Түүн шиг бид «үгийн цэвэр сүүг хүсэх» ёстой. Бурхны Үгийг өдөр бүр уншин, сүнслэг хоол идэх дур хүслээ бадруулаарай (1 Петр 2:2, 3; Үйлс 17:11).
19. Библиэс уншсан зүйлээ эргэцүүлж бодохын ач тус юу вэ?
19 Библиэс уншсан зүйлээ эргэцүүлэн бодоорой (Дуулал 1:1—3; 77:11, 12). Энэ нь уншсан зүйлээ сайтар дүгнэж цэгнэ гэсэн үг. Үүнийг хоол шингээхтэй адилтгаж болох юм. Уншсан зүйлээ урьд нь мэдэж байсан зүйлтэйгээ холбон шинжилж, дүгнэх байдлаар сүнслэг хоолоо «шингээж» болно. Уншсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар юм уу, эсвэл Еховагийн зан чанар, үйл ажиллагааны талаар юу бичсэнийг эргэцүүлэн бодоорой. Тийнхүү бие даасан судлалынхаа тусламжтайгаар та Еховагийн хүртээн олгосон сүнслэг хоолыг шингээж болно. Энэ нь таныг Бурханд улам ойртуулж, өдөр тутмын бэрхшээлээ шийдвэрлэхэд тань туслах болно.
20. Еховагийн Гэрчүүдийн цуглаанд оролцох нь Бурханд ойртоход хэрхэн тусалдаг вэ?
20 Израильчуудыг цуглуулан Бурхны Хуулийг нийтэд нь уншин сонсгоход тэд ихэд анхааран сонсдог байсны адил Еховагийн Гэрчүүдийн цуглаанаар Бурхны Үгийг тунгаан хэлэлцэхэд та анхааралтай сонсон, идэвхтэй оролцсоноор түүнд ойртож болох юм. Тэр үеийн багш нар Хуулийг уншаад, тайлбарлаж өгдөг байсан бөгөөд тийнхүү сонсогчдодоо сонссон зүйлээ ойлгон, амьдралдаа хэрэглэхэд нь тусалдаг байжээ. Тийм арга хэмжээ израильчуудад асар их баяр баясгалан авчирдаг байлаа (Нехемиа 8:8, 12). Тиймд та ч гэсэн Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол оролцохыг хичээгээрэй (Еврей 10:24, 25). Энэ нь Бурхны тухай мэдлэгтэй болж, түүнийгээ амьдралдаа хэрэглэхэд тань туслах бөгөөд танд их аз жаргал авчирна. Еховатай ойр дотно харьцаатай болоход Бурхны ард түмэн танд туслах болно. Та тэр ард түмний дунд жинхэнэ аюулгүй байдалд байж болох тухай дараагийн бүлгээс мэдэх болно.
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Еховад залбирахын учир юу вэ?
Бурханд залбирахад юу шаардлагатай вэ?
Юу юуны тухай залбирч болох вэ?
Цөхрөлтгүй залбирахын учир юу вэ?
Өнөөдөр Еховагийн үгийг хэрхэн сонсож болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[157-р хуудасны зураг]