Skip to content

Гарчиг руу орох

Бурханд үүрд үйлчлэх зорилт тавигтун

Бурханд үүрд үйлчлэх зорилт тавигтун

Бүлэг 18

Бурханд үүрд үйлчлэх зорилт тавигтун

1, 2. Бурхны тухай мэдлэг олж авсныхаа дараа яах хэрэгтэй вэ?

 ТА ИХ хэмжээний эрдэнэс агуулсан өрөөний цоожтой хаалганы өмнө зогсож байгаагаар өөрийгөө төсөөлөөд үз дээ. Хэн нэгэн эрх бүхий хүн танд түлхүүр өгөөд, тэрхүү үнэт зүйлсээс авахыг зөвшөөрчээ. Энэ түлхүүрийг зүй зохисоор нь ашиглахгүйгээр та тэндээс юу ч авч үл чадна. Түүн лүгээ адил өөртөө ашиг гаргахын тулд та олж авсан мэдлэгээ ашиглах хэрэгтэй.

2 Ялангуяа энэ нь Бурхны тухай мэдлэгт онцгой хамаатай. Чухамдаа Ехова Бурхан болон Есүс Христийн тухай нарийн зөв мэдлэг мөнхийн аминд хүргэнэ шүү дээ (Иохан 17:3). Гэхдээ, энэ ирээдүйд хүрэхэд зөвхөн мэдлэг эзэмших нь хангалттай бус. Түлхүүрийг ашиглаж байж эрдэнэсийг авах ёстойн адил Бурхны тухай мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүн «хаанчлалд орно» гэж Есүс хэлсэн. Тийм хүмүүс Бурханд үүрд үйлчлэх гавьяатай байх болно! (Матай 7:21; 1 Иохан 2:17).

3. Бидний хувьд Бурхны хүсэл таалал юу вэ?

3 Бурхны хүсэл таалал гэж юу вэ гэдгийг мэдсэнийхээ дараа түүнийг биелүүлэх нь туйлын чухал. Таныхаар бол Бурхны хүсэл таалал гэж юу вэ? Товчоор хэлбэл энэ нь Есүсийг дуурайна гэсэн үг. 1 Петр 2:21-д: «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ. Тиймд та Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хүсвэл Есүсийг аль болохоор дуурайхыг хичээх хэрэгтэй. Тийм байдлаар Бурхны тухай мэдлэгийг ашиглах болно.

БУРХНЫ ТУХАЙ МЭДЛЭГИЙГ ЕСҮС ХЭРХЭН АШИГЛАЖ БАЙСАН НЬ

4. Есүс ямар учраас Еховагийн тухай тийм их зүйлийг мэддэг байсан бэ? Уг мэдлэгээ хэрхэн ашигладаг байсан бэ?

4 Есүс Христ бусдыг бодвол Бурхныг хамгийн сайн мэддэг байсан. Тэрбээр дэлхийд ирэхээсээ өмнө олон тэрбум жилийн турш тэнгэрт Ехова Бурхантай хамт аж төрж, хөдөлмөрлөж байв (Колоссай 1:15, 16). Тэгвэл энэ бүх мэдлэгийг Есүс яасан бэ? Тэрбээр үүнийг зөвхөн эзэмшээд зогсоогүй олж авсан мэдлэгийнхээ дагуу амьдардаг байсан. Есүс хүмүүст сайхан сэтгэл гарган, тэвчээртэй ханддаг, тэднийг хайрладаг байсны учир гэвэл энэ буюу. Энэ асуудал дээр Есүс тэнгэрийн Эцгээ дуурайдаг байсан бөгөөд Еховагийн үйл хэрэг хийгээд зан чанарын талаар олж авсан мэдлэгээ мөрдлөг болгодог байсан (Иохан 8:23, 28, 29, 38; 1 Иохан 4:8).

5. Есүс ямар учраас баптисм хүртсэн бэ? Баптисм хүртсэнийхээ утга учрын дагуу хэрхэн амьдарсан бэ?

5 Тэрчлэн олж авсан мэдлэг нь Есүсийг шийдвэрлэх алхам хийхэд түлхэц болдог байв. Тэрбээр Иоханаар баптисм хүртээлгэхээр Галилаас Иордан гол уруу хүрч ирсэн (Матай 3:13—15). Есүс баптисм хүртсэн нь юуны бэлэгдэл болсон бэ? Есүс еврей хүн учраас Бурханд өөрсдийгөө зориулчихсан ард түмний дунд төрсөн. Тийм болохоор бүр төрөхөөсөө л өөрийгөө Бурханд зориулсан байсан юм (Египетээс гарсан нь 19:5, 6). Есүс баптисм хүртсэнээрээ дэлхий дээр байх үедээ өөрт нь хамаарах Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн (Еврей 10:5, 7). Тэгээд ч баптисм хүртсэнийхээ утга учрын дагуу амьдарсан. Тэрбээр хамаг хүчээрээ Еховад үйлчилсэн бөгөөд боломж болгоныг ашиглан, Бурхны тухай мэдлэгийг хүмүүст хүргэж байлаа. Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ Есүс жаргал эдэлдэг байсан бөгөөд үүнийгээ хоол хүнстэйгээ хүртэл адилтган хэлж байсан (Иохан 4:34).

6. Есүс ямар байдлаар «өөрийгөө үгүйсгэсэн» бэ?

6 Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх нь өөрийнх нь аминд ч хүрч болохоор үнэтэй гэдгийг Есүс сайн ойлгож байв. Гэсэн хэдий ч, амин хувийн ашиг сонирхлоо хоёрдугаар зэрэгт тавин, «өөрийгөө үгүйсгэсэн». Түүний хувьд Бурхны хүсэл таалал цаг ямагт тэргүүн зэрэгт байдаг байлаа. Харин бид Есүсийн төгс жишээг хэрхэн дуурайх вэ?

МӨНХИЙН АМЬ УРУУ ХӨТЛӨХ АЛХМУУД

7. Баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

7 Бид төгс биш учраас баптисм хүртэхийн тулд өөр чухал алхмуудыг хийх шаардлагатай байдгаараа Есүсээс ялгаатай. Юуны өмнө Ехова Бурхан болон Есүс Христийн тухай нарийн зөв мэдлэгийг зүрх сэтгэлээрээ хүлээн авсан байх ёстой. Энэ нь Бурханд итгэж, түүнийг зүрх сэтгэлийнхээ угаас хайрлах үндэс болдог (Матай 22:37—40; Ром 10:17; Еврей 11:6). Бурхны хууль, зарчим, хэм хэмжээнд захирагдах нь биднийг өнгөрсөн явдалдаа гэмшиж, Бурхны хүсэл таалалд нийцүүлэн нүглээ наманчлахад хүргэдэг. Энэ нь биднийг Бурхны тухай мэдэхээсээ өмнө үйлдэж байсан аливаа буруу зүйлээсээ татгалзаж, «эргэхэд», өөрөөр хэлбэл бүрэн өөрчлөгдөхөд хүргэдэг (Үйлс 3:19). Хэрэв бид зөв үйл хийхийн оронд урьдын адил нууцаар ямар нэгэн нүгэл үйлдээд байвал энэ нь жинхэнээрээ өөрчлөгдөөгүйн илрэл бөгөөд ерөөсөө Бурхан хэзээ ч хууртахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ехова хүмүүсийн аливаа хуурамч занг андахгүй мэддэг (Лук 12:2, 3).

8. Хэрэв та Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцохыг хүсэж байвал яах хэрэгтэй вэ?

8 Та одоо Бурхны тухай нилээд зүйлийг мэддэг боллоо. Тэгэхлээр сүнслэг зорилгынхоо талаар гүн гүнзгий эргэцүүлэн бодох цаг болсон юм биш үү? Мэдээж та мэдсэн зүйлийнхээ талаар төрөл төрөгсөд, найз нөхөд болон бусад хүмүүст ярих гэсэн хүслэнд автаж байгаа байх. Есүс боломжтой тохиолдол болгоныг ашиглан бусдад сайн мэдээ дэлгэрүүлж байсан шиг үнэндээ та энэ ажлыг аль хэдийнээ эхэлсэн буй заа (Лук 10:38, 39; Иохан 4:6—15). Одоо та илүү их зүйлийг хиймээр байж болох юм. Хурлын ахлагч нар Еховагийн Гэрчүүдтэй дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцоход бэлэн болсон эсэхийг тань тодорхойлох зорилгоор тантай дуртайяа ярилцах болно. Хэрэв та тэр шаардлагыг хангасан байх аваас таныг Гэрчүүдийн хэн нэгтэй энэ ажилд оролцуулах талаар ахлагч нар санаа тавина. Шавь нар нь Есүсийн зааврыг мөрдөн, дэлгэрүүлэх ажлаа зохион байгуулалттайгаар гүйцэтгэдэг байсан (Марк 6:7, 30; Лук 10:1). Хаанчлалын тухай сайн мэдээг айлаар юм уу, эсвэл өөр аль нэгэн хэлбэрээр дэлгэрүүлэх үед тийм тусламж танд ашигтай байх болно (Үйлс 20:20, 21).

9. Хүн яаж Бурханд өөрийгөө зориулдаг вэ? Өөрийгөө зориулах нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

9 Хурлын нутаг дэвсгэрийн бүх хүнд сайн мэдээг дэлгэрүүлэх нь зөв шударга зүрх сэтгэлтэй хүмүүсийг олох арга болохын зэрэгцээ таны итгэлийн баталгаа болдог (Үйлс 10:34, 35; Иаков 2:17, 18, 26). Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол сууж, дэлгэрүүлэх ажилд ухамсартайгаар оролцох нь таныг гэмшин өөрчлөгдөж, Бурхны тухай мэдлэгийн дагуу амьдрахаар шийджээ гэдгийг мөн харуулах болно. Дараагийн зүй ёсны алхам нь юу вэ? Энэ бол Ехова Бурханд өөрийгөө зориулах явдал юм. Энэ нь Бурханд хандан чин сэтгэлээсээ залбирч, хүсэл тааллыг нь биелүүлэхийн тулд түүнд хамаг амь амьдралаа зориулахад бэлэн байгаагаа илэрхийлэн хэлнэ гэсэн үг. Тийнхүү Еховад өөрийгөө зориулж, Есүс Христийн «буулгыг» хүлээн авч болно (Матай 11:29, 30).

БАПТИСМ ХҮРТЭХИЙН УЧИР

10. Еховад өөрийгөө зориулсны дараа яагаад баптисм хүртэх ёстой вэ?

10 Есүсийн хэлснээр түүний бүх дагалдагч баптисм хүртэх ёстой (Матай 28:19, 20). Бурханд өөрийгөө зориулсны дараа яагаад баптисм хүртэх хэрэгтэй вэ? Та түүнд өөрийгөө зориулсан болохоор Ехова таныг өөрт нь хайртай гэдгийг мэднэ. Гэхдээ та Бурхныг хайрладаг гэдгээ бусдад мэдэгдэхийг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Ехова Бурханд өөрийгөө зориулснаа олонд мэдэгдэх боломж бол баптисм хүртэх явдал юм (Ром 10:9, 10).

11. Баптисм хүртэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

11 Баптисм хүртэх нь бэлэгдлийн утгатай. Таныг усанд живүүлэх буюу «оршуулснаар» та урьдах амьдралын хэв маягаа орхин нас барж байгаа хэрэг. Уснаас гарч ирж байгаа нь та өөрийнхөө хүслээр бус, харин Бурхны хүсэл таалалд захирагдан амьдрах шинэ амьдрал уруу орж байна гэсэн үг юм. Энэ нь дахиад ер нүгэл үйлдэхгүй болно гэсэн үг биш гэдэг нь ойлгомжтой. Учир нь бид төгс бус болохоор өдөр бүр л алддаг. Гэхдээ Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн Еховагийн үйлчлэгчийн хувьд та түүнтэй онцгой харьцаатай болно. Та гэмшээд, даруухнаар баптисм хүртсэн болохоор Есүсийн золих тахилын үндсэн дээр нүглийг тань Ехова дуртайяа өршөөх болно. Тийнхүү баптисм нь таныг Бурхны өмнө «сайн мөс чанартай» хүн болгоно (1 Петр 3:21).

12. а) «Эцгийн нэрээр» б) «Хүүгийн нэрээр» в) «Ариун сүнсний нэрээр» баптисм хүртэх гэж юуг хэлнэ вэ?

12 Шинэ дагалдагчдыг «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээхийг» Есүс шавь нартаа тушаасан (Матай 28:19). Энд Есүс ямар санаа илэрхийлсэн бэ? «Эцгийн нэрээр» баптисм хүртэх гэдэг нь баптисм хүртэж байгаа хүн Ехова Бурхныг Бүтээгч бөгөөд орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн мөн хэмээн хамаг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм (Дуулал 36:9; 83:18; Номлогчийн үгс 12:1). «Хүүгийн нэрээр» баптисм хүртэх гэдэг нь Есүс Христийг, ялангуяа, түүний золих тахилыг Бурхны олгосон авралын цорын ганц арга зам гэдгийг ухамсарлан ойлгоно гэсэн үг юм (Үйлс 4:12). «Ариун сүнсний нэрээр» гэдэг нь баптисм хүртэж байгаа хүн Еховагийн ариун сүнс буюу үйлдэх хүч бол санаа зорилгоо гүйцэлдүүлэхдээ Бурхны ашигладаг хэрэгсэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Мөн тэрчлэн Ехова ариун сүнсний тусламжтайгаар байгууллагаа удирдаж, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд нь үйлчлэгчдэдээ тус дэмжлэг үзүүлдэг гэдгийг тэр хүн ойлгодог (Эхлэл 1:2; Дуулал 104:30; Иохан 14:26; 2 Петр 1:21).

ТА БАПТИСМ ХҮРТЭХЭД БЭЛЭН ҮҮ?

13, 14. Ехова Бурханд үйлчлэх сонголт хийхдээ яагаад болгоомжлох хэрэггүй вэ?

13 Баптисм хүртэх нь тийм утгатай бөгөөд хүний амьдралын маш чухал үе шат болохоор түүнээс болгоомжлох хэрэгтэй юү? Огт үгүй! Хэдийгээр баптисм хүртэх шийдвэрийг маш сайн эргэцүүлэн бодож байж гаргадаг хэдий ч энэ нь хамгийн мэргэн ухаалаг шийдвэр гэдэг нь эргэлзээгүй.

14 Баптисм хүртэх нь Бурханд үйлчлэх таны сонголтыг батлан илэрхийлж байгаа юм. Танил хүмүүсийнхээ тухай бодоод үз дээ. Тэд ямар нэгэн хэлбэрээр өөр өөрсдийнхөө «эзэнд» үйлчилдэггүй гэж үү? Зарим нь эд баялгийн боол болсон байдаг (Матай 6:24). Нөгөө зарим нь албан тушаалын хойноос улайран хөөцөлдөх юм уу, эсвэл хувийн эрх ашгаа амьдралынхаа эн тэргүүний зорилт болгон тавьдаг. Гурав дахь нь хуурамч бурхдад үйлчилдэг. Харин та жинхэнэ Бурхан Еховад үйлчлэхээр шийджээ. Түүнээс өөр сайхан сэтгэлтэй, өрөвчхөн бөгөөд хайртай Бурхан нэгээхэн ч үгүй билээ. Хүмүүст Бурхан авралд хүргэх зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулах нэр хүндтэй шагнал хүртээдэг. Тэрбээр үйлчлэгчдэдээ мөнх амь бэлэглэнэ. Есүсийн жишээг дуурайж, Еховад өөрийгөө зориулах нь тийм ч аюумшигтай зүйл биш ээ. Үнэндээ, энэ бол Бурханд таалагддаг цорын ганц зам бөгөөд жинхэнэ ухаалаг шийдвэр болно (Хаадын дээд 18:21).

15. Баптисм хүртэхэд юу юу саад болдог вэ?

15 Гэхдээ, бусдын шахалт шаардлагаар баптисм хүртэх ёсгүй. Энэ бол Ехова та хоёрын хоорондын хувийн асуудал юм (Галат 6:4). Нэгэнт та сүнслэг талаараа өсөн дэвжсэн болохоор «баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» гэж бодож болох юм (Үйлс 8:35, 36). «Төрөл садангууд маань эсэргүүцэх юм биш байгаа даа? Би урьдын адил Библийн зарчимд үл нийцэх үйл ажиллагаа явуулж, нүгэл үйлдсээр байгаа юм биш үү? Олны дунд нэр хүндгүй болчих болов уу?» гэх мэтийн асуулт урган гарч ирж болох юм. Олон зүйлийн талаар эргэцүүлэх шаардлага гарах хэдий ч, ухаалаг мэргэнээр сайтар цэгнэн бодох хэрэгтэй.

16. Еховад үйлчлэхийн ашиг тус юу вэ?

16 Еховад үйлчлэхийн сайн талыг анхаарч тооцохгүйгээр, алдах зүйлээ илүүд үзэн харамсах нь ухаалаг бус явдал болно. Төрөл садангийнхныхаа зүгээс учрах эсэргүүцлийг жишээ болгон авч үзье. Шавь нар нь өөрийг нь дагаснаас болоод ойр дотныхныгоо алдлаа гэхэд тэднээс өөр өнөр өтгөн сүнслэг гэр бүлтэй болох болно гэдгийг Есүс батлан хэлсэн (Марк 10:29, 30). Итгэл нэгт тэдгээр нөхөд танд хайр үзүүлж, мөрдлөг хавчилтыг тэсвэрлэн, амийн зам дээр баттай зогсоход тань тусална (1 Петр 5:9). Ялангуяа аливаа бэрхшээл зовлон, хүнд байдлыг амжилттай даван туулж, ялан дийлэхэд хурлын ахлагч нар илүү тус хүргэдэг (Иаков 5:14—16). Олны бодол санааны тухайд гэвэл, «Орчлонт ертөнцийг Бүтээгчийн таашаалыг хүртэж, сонгосон зам минь түүнийг баярлуулна гэдэгтэй дүйх юм байна уу?» гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй (Сургаалт үгс 27:11).

ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛЖ, БАПТИСМ ХҮРТСЭНИЙХЭЭ ДАГУУ АМЬДРАХ НЬ

17. Баптисм хүртэхийг замын төгсгөл бус, харин эхэн гэж бодох хэрэгтэйн учир юу вэ?

17 Баптисм хүртсэнээр таны сүнслэг өсөлт оргилдоо хүрлээ гэсэн үг биш гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол Бурхны үйлчлэгч, Еховагийн Гэрчүүдийн нэг болон түүнд үүрд үйлчлэх үйлчлэлийн эхлэл юм. Баптисм хүртэх нь хэдийгээр амин чухал үйл явдал мөн боловч аврагдчихлаа гэдгийн төгс баталгаа биш. Есүс: «Баптисм хүртсэн болгон аврагдана» гээгүй, харин: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн билээ (Матай 24:13). Тийм учраас, Бурхны Хаанчлалыг амьдралынхаа хамгийн гол зүйл болгон, юуны түрүүнд түүнийг хайх нь амин чухал асуудал мөн (Матай 6:25—34).

18. Баптисм хүртсэнийхээ дараа ямар ямар зорилт тавих хэрэгтэй вэ?

18 Еховад тууштай үйлчлэхийн тулд өөртөө сүнслэг зорилтууд тавих нь зүйтэй. Тийм зорилтуудын нэг бол Бурхны Үгийг бие даан тогтмол судалж, Еховагийн тухай мэдлэгээ улам нэмэгдүүлэх явдал юм. Библиэ өдөр бүр уншихыг хичээгээрэй (Дуулал 1:1, 2). Еховагийн Гэрчүүдтэй харьцах нь сүнслэг хүч өгдөг учраас та цуглаануудад тогтмол оролцож байгаарай. Таны хувьд цуглаануудад идэвхтэй оролцож, асуултад хариулан, бусдыг урамшуулан зоригжуулж, Еховаг магтан алдаршуулах зорилт тавьж болохгүй нь юу билээ? (Ром 1:11, 12). Өөр нэг зорилт бол залбирлынхаа агуулгыг улам баяжуулах явдал юм (Лук 11:2—4).

19. Ямар ямар чанартай болоход ариун сүнс танд тусалж чадах вэ?

19 Хэрэв та баптисм хүртсэнийхээ дагуу амьдрахыг хүсэж байгаа бол үйл ажиллагаандаа байнга анхаарлаа хандуулж, өөртөө хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг чанаруудыг Бурхны ариун сүнсний тусламжтайгаар бий болгох хэрэгтэй (Галат 5:22, 23; 2 Петр 3:11). Ехова ариун сүнсийг нь гуйн залбирч, үнэнч үйлчлэгч шиг нь өөрт нь дуулгавартай байсан бүх хүнд сүнсээ өгдөг гэдгийг санаарай (Лук 11:13; Үйлс 5:32). Тийм учраас Бурханд хандан, ариун сүнсийг нь гуйхаас гадна өөрт нь таалагддаг чанаруудтай болгож өгөхийг гуйн залбираарай. Та Бурхны сүнсний нөлөөнд автахын хэрээр дээрх чанарууд үг яриа, үйл ажиллагаагаар тань улам тод илрэх болно. Хурлын гишүүн болгон Христтэй улам адилхан болохын тулд «шинэ хүнийг» хөгжүүлэхийг хичээдэг (Колоссай 3:9—14). Бид бүхэн сүнслэг өсөлтийн янз бүрийн түвшинд байдаг учраас хүн бүр л өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй байдаг. Та нэгэнт төгс бус болохоор Христтэй адилхан байхын тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Гэхдээ хэзээ ч битгий цөхрөөрэй. Яагаад гэвэл энэ нь Бурхны тусламжтайгаар биелэх боломжтой юм.

20. Дэлгэрүүлэх ажилд Есүсийг ямар байдлаар дуурайж болох вэ?

20 Таны сүнслэг зорилтуудын дотор Бурханд баяртайгаар үйлчилдэг байсан Есүсийн жишээг илүү адилхан дуурайхыг хичээх явдал байх ёстой (Еврей 12:1—3). Тэрбээр Еховад үйлчлэх дуртай байсан. Хэрэв танд сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох эрх олдвол энэ үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрийн төдий зүйл болгож болохгүй шүү. Бусдад Бурхны Хаанчлалын тухай заахдаа Есүс шиг баяр жаргал эдлэхийг хичээгээрэй. Багшлах чадварыг тань сайжруулахад туслах зорилготойгоор хурлаар өгдөг зөвлөгөөнүүдийг ашиглаарай. Мөн тэрчлэн дэлгэрүүлэх үйлчлэлээ явуулахад тань Ехова хүч өгнө гэдэгт итгэлтэй байгаарай (1 Коринт 9:19—23).

21. а) Баптисм хүртсэн үнэнч хүмүүсийг Ехова үнэлдэг гэдгийг хаанаас мэдэж болох вэ? б) Баптисм хүртэх нь өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцоог Бурхан шүүн шийтгэх үед эсэн мэнд үлдэхэд чухал зүйл гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

21 Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн, Есүсийг дуурайхыг чин сэтгэлээсээ чармайдаг хүнийг Ехова онцгой үнэлдэг. Бурхан олон тэрбум хүний зүрх сэтгэлийг шинжлэн харж байдаг болохоор тийм хүн тун цөөхөн байдгийг мэддэг. Тийм хүмүүсийг Ехова эрдэнэс буюу «эд баялаг» гэж үздэг (Хаггай 2:7). Бурхан тэднийг тун удахгүй болох, өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцоог шүүн шийтгэх өдрөөр нь аврагдахаар тэмдэг тавиулсан хүмүүс хэмээн үздэгийг Библийн зөгнөл хэлж өгдөг (Езекиел 9:1—6; Малахи 3:16, 18). Та «мөнх амийг хүртэхээр шийдсэн» үү? (Үйлс 13:48, МАБ). Бурхны үйлчлэгч болж, тэмдэг тавиулахыг та үнэхээр хүсэж байна уу? Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх явдал бол тэрхүү тэмдгийн хэсэг нь бөгөөд энэ нь аврагдахад зайлшгүй шаардлагатай зүйл юм.

22. «Үй олон хүмүүс» ямар найдвартай вэ?

22 Усан галавын дараа Ноа болон түүний гэрийнхэн хөвөгч авдарнаас цэвэршсэн дэлхий дээр гарч ирсэн. Түүнтэй адилхан, өнөөдөр, Бурхны тухай мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлж, Еховагийн ивээлийг хүлээсэн «үй олон хүмүүс» өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд даван гарч, бүрэн төгс цэвэршсэн дэлхий дээрээ мөнх амьдрах найдвартай ажээ (Илчлэлт 7:9, 14). Тэр үед амьдрал ямар байх бол оо?

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Өөрийнх нь тухай мэдлэгийг ашиглахыг Ехова хэрхэн хүсдэг вэ?

Баптисм хүртэхийн өмнө ямар ямар алхам хийх шаардлагатай вэ?

Баптисм хүртэх нь яагаад төгсгөл биш, харин эхлэл байдаг вэ?

Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэнийхээ дагуу хэрхэн амьдарч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[172-р хуудасны зураг]

Та залбирлаараа Бурханд өөрийгөө зориулсан уу?

[174-р хуудасны зураг]

Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?