Skip to content

Гарчиг руу орох

Бурхны ард түмний дунд хоргодогтун

Бурхны ард түмний дунд хоргодогтун

Бүлэг 17

Бурхны ард түмний дунд хоргодогтун

1, 2. Хүн төрөлхтний байдал хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн байдалтай адил байгаагийн учир юу вэ?

 ТАНАЙ нутагт хөнөөлт хар салхи болжээ гээд төсөөлөөд үзье. Гэр тань балгас болон сүйрч, танайх хамаг эд хөрөнгөнөөсөө хагацжээ. Идэх ч юм алга. Хүнд байдлаас гарах арга бараг байдаггүй. Гэтэл гэнэт хаа нэгтээгээс тусламж хүрэлцэн ирэв. Их хэмжээний хоол хүнс, хувцас хунар авчиржээ. Танд шинэ сайхан байшин барьж өгөв. Тийм тусламж үзүүлсэн ачтанд та хязгааргүй ихээр баярлаж, талархах нь эргэлзээгүй.

2 Өнөөдөр дээрхтэй төстэй үйл явдал болж байна. Адам Ева хоёрын өдүүлсэн самуун явдал нь дээрх хар салхи лугаа адил хүн төрөлхтний хувьд уршигт үр дагавар тарьсан. Хүн төрөлхтөн диваажин гэрээсээ хагацсан. Тэр цагаас хойш хүний засгийн газар хүн төрөлхтнийг дайн, гэмт хэрэг болон шударга бус явдлаас хамгаалж чадахгүй байгаа юм. Хуурамч шашин сая сая хүнийг «сүнслэг хоолоор» тасалж, өлсгөж байна. Гэвч, Ехова Бурхан биднийг сүнслэг хоол унд, хувцас хунар, орон байраар хангадаг. Яаж хангадаг вэ?

«ИТГЭМЖИТ УХААЛАГ БООЛ»

3. Ехова хүмүүсийг сүнслэг хоол ундаар хэрхэн хангадаг вэ? Энэ нь ямар ямар жишээнээс харагддаг вэ?

3 Байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд төвлөрсөн зохион байгуулалттайгаар тусламж үзүүлдэг бол сүнслэг хоол ундыг Ехова ард түмэндээ мөн зохион байгуулалттайгаар хүргэдэг. Жишээ нь: Израильчууд ойролцоогоор 1 500 жилийн турш «Еховагийн хурал» (ШЕ) нь байсан. Тэдний дундаас Бурхны Хуульд сургадаг хүмүүсийг Ехова томилдог байсан (Шастирын дээд 28:8; Шастирын дэд 17:7—9). Манай эриний нэгдүгээр зуунд Ехова Есүсийн дагалдагчдын байгууллагыг бий болгосон. Элч нар болон ахлагч нараас бүрдсэн зөвлөлийн удирдлагаар ажилладаг хурлууд байгуулагдсан (Үйлс 15:22—31). Өнөөдөр ч гэсэн Ехова ард түмнээ эмх журамтай байгууламжаар дамжуулан удирддаг. Үүнийг бид яаж мэддэг вэ?

4. Өнөөдрийн «итгэмжит ухаалаг боол» хэн бэ? Бид Бурхнаас сүнслэг хоол ундыг хэрхэн авдаг вэ?

4 Өөрийг нь хааны сэнтийдээ залран байх үед дагалдагч нарт нь «цагт нь хоол ундыг» өгдөг «итгэмжит ухаалаг боол» бий болно гэдгийг Есүс хэлсэн (Матай 24:45—47). 1914 онд Есүсийг тэнгэр дэх Хаан болсон тэр үед энэ «боол» нь хэн байсан бэ? Христ шашны ертөнцийн лам хувраг байгаагүй нь лавтай. Тэдний ихэнх нь Дэлхийн нэгдүгээр дайны үед «сүргээ» өөр өөрсдийн засгийн газраа дэмжих суртал нэвтрүүлгээр «хооллож» байсан. Харин тохирсон, цаг үеэ олсон сүнслэг хоол ундыг Бурхны ариун сүнсээр тослогдсон бөгөөд Есүсийн «өчүүхэн сүрэг» гэж нэрлэгдсэн жинхэнэ христианууд тарааж байлаа (Лук 12:32). Эдгээр тослогдогсод хүний засгийн газрын тухай бус, харин Бурхны Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж байв. Тийм учраас тодорхой цаг хугацааны дараа жинхэнэ шашинд, тослогдсон «боолын» зэрэгцээ чин сэтгэлтэй сая сая «өөр хонинууд» бий болсон (Иохан 10:16, МБОХ, 1996). Бурхан өөрийн ард түмнийг «итгэмжит ухаалаг боол» болон түүний орчин үеийн Удирдах Зөвлөлөөр дамжуулан удирдаж, хүсэл сонирхолтой бүх хүнийг сүнслэг хоол унд, хувцас хунар хийгээд орон байраар хангах ажлыг зохион байгуулдаг.

«ЦАГТ НЬ ХООЛ УНДЫГ»

5. Өнөөдөр энэ ертөнцийн сүнслэг байдал ямар байна вэ? Энэ асуудлаар Ехова ямар арга хэмжээ авч явуулж байна вэ?

5 Есүс: «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна» гэж хэлсэн (Матай 4:4). Харамсалтай нь ихэнх хүн Бурхны үгийг огт анхаардаггүй. Еховагийн зөнч Амосын зөгнөн хэлснээр өнөөдөр хүмүүс «талхаар өлсөх, усаар цангах бус, харин Эзний [«Еховагийн», ШЕ] үгийг сонсохын төлөө өлсөж» байна (Амос 8:11). Тэр ч байтугай асар их шүтлэгтэй хүмүүс ч сүнслэг өлсгөлөнд автжээ. Гэвч Ехова «бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний [«нарийн зөв», ШЕ] мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тимот 2:3, 4). Тийм учраас биднийг сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангаж өгдөг. Тэгвэл тэр хоол ундыг хаанаас хүртэж болох вэ?

6. Дээр үед Ехова өөрийн ард түмнийг сүнслэг хоол ундаар хэрхэн хангадаг байсан бэ?

6 Бүх л түүхийн туршид Ехова өөрийн ард түмнийг сүнслэг хоолоор ганц нэгээр нь бус, харин бүхэлд нь хангадаг байсан (Исаиа 65:13). Израилийн тахилчид ард түмнийг Бурхны Хуулинд сургахын тулд бага балчраас авахуулаад өтгөс буурлуудыг хүртэл бүх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цуглуулдаг байсан байна (Дэд хууль 31:9, 12). Нэгдүгээр зууны үед христианууд удирдах зөвлөлийн удирдлагаар хурал зохион байгуулж, бүх хүнд зааварлан, урам зориг өгөхийн тулд цуглаан хийдэг байсан (Ром 16:5; Филемон 1, 2). Еховагийн Гэрчүүд тэдний жишээг дагадаг юм. Таныг цуглаанд хүрэлцэн ирэхийг найр тавин урьж байна.

7. Еховагийн Гэрчүүдийн цуглаануудад тогтмол оролцох нь мэдлэг болоод итгэлтэй ямар холбоотой вэ?

7 Та Библийг бие даан судалж, их зүйл сурч мэдсэн нь дамжиггүй. Хэн нэг хүн тусалсан байж ч болох юм (Үйлс 8:30—35). Гэхдээ таны итгэлийг ургамалтай зүйрлэж болох бөгөөд ургамлыг зохих ёсоор усалж, арчлахгүй бол хатаж гандаад, эцэстээ үхдэг. Тийм учраас та шаардлагатай сүнслэг хоол ундыг авч байх хэрэгтэй (1 Тимот 4:6). Еховагийн Гэрчүүдийн цуглаануудаар байнгын сургалт явуулдаг бөгөөд түүгээр Бурхны тухай мэдлэгийг гүзгийрүүлж, итгэлийг бэхжүүлэх сүнслэг хоол унд өгдөг юм (Колоссай 1:9, 10).

8. Еховагийн Гэрчүүдийн цуглаануудад оролцох хэрэгтэйн учир юу вэ?

8 Цуглаанууд өөр нэгэн амин чухал үүрэг зорилготой байдаг. Паул: «Хайр болон сайн үйлсэд бие биенийгээ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. ...Хамтран цуглахаа умарталгүй» гэж бичсэн (Еврей 10:24, 25). «Урамшуулах» гэж орчуулсан энэхүү грек үг нь мөн «ирлэх» хэмээсэн утгыг илэрхийлж болдог аж. Библийн сургаал үгэнд: «Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг» гэж байдаг (Сургаалт үгс 27:17). Бид өөрсдийгөө байнга «ирлэж» байх ёстой. Энэ ертөнцөөс бидэнд өдөр тутам үзүүлдэг дарамт шахалт итгэлийг маань «мохоож» болно. Цуглаануудад оролцсоноороо урам зоригийн цэнэг авдаг (Ром 1:11, 12). Хурлын гишүүд элч Паулын «нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» гэсэн уриалгыг мөрдөн дагадаг. Яагаад гэвэл энэ нь бидний итгэлийг «ирлэж» өгдөг юм (1 Тесалоник 5:11). Тэрчлэн Еховагийн Гэрчүүдийн хурлын цуглаануудад тогтмол оролцсоноороо бид Бурхныг хайрлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнийг магтан алдаршуулах боломжийг олдог (Дуулал 35:18).

«ХАЙРЫГ ӨМС»

9. Хайрын тухайд Ехова ямар жишээ үзүүлсэн бэ?

9 «Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» гэж Паул бичсэн (Колосай 3:14). Ехова биднийг тийм хувцсаар ивээн хангадаг. Яаж? Хайр бол Еховагийн бэлэглэсэн ариун сүнснийх нь үр жимснүүдийн нэг учраас христианууд бусдыг хайрлаж чаддаг (Галат 5:22, 23). Ехова өөрөө хамгийн агуу хайрыг илэрхийлж, биднийг мөнх амьтай болгохын тулд Хүүгээ нааш нь илгээсэн (Иохан 3:16). Бурхан хайраа тийн илэрхийлснээрээ даган дуурайх хамгийн шилдэг жишээг үзүүлсэн. «Хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» гэж элч Иохан бичжээ (1 Иохан 4:11).

10. «Ахан дүүсийн холбоонд байдаг хүн нэг бүр» бидэнд юугаараа тустай вэ?

10 Хаанчлалын танхимд очиж, цуглаанд оролцсоноор хайраа илэрхийлэх таатай боломж танд нээгдэнэ. Тэнд та маш олон янзын хүмүүстэй уулзаж учрах болно. Тэднээс олон хүн танд шууд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Еховагийн Гэрчүүдийн дотор янз бүрийн хүн байх нь мэдээж. Урьд нь та өөртэйгөө санаа нийлдэггүй юм уу, эсвэл зан чанарын хувьд өөр хүнээс зайлсхийдэг байсан байж болох юм. Харин христианууд «ахан дүүсийн холбоонд байдаг хүн нэг бүрийг хайрладаг» (1 Петр 2:17, ШЕ). Тийм болохоор та Хаанчлалын танхимд хүрэлцэн ирсэн хүмүүстэй нас сүүдэр, зан чанар, арьс өнгө, боловсролын байдлыг харгалзахгүйгээр, бүгдтэй нь танилцах зорилт тавьж байгаарай. Тэр хүмүүс тус бүрнээ гайхалтай онцлог чанаруудтай болохыг та олж мэдэх нь эргэлзээгүй.

11. Еховагийн ард түмэн олон янзын хүмүүсээс бүрддэг ч энэ нь таны амгалан тайван байдлыг алдагдуулах шалтгаан болох ёсгүйн учир юу вэ?

11 Еховагийн Гэрчүүдийн хурал олон янзын хүмүүсээс бүрдэх боловч энэ нь таны амгалан тайван байдлыг алдагдуулах шалтгаан болох ёсгүй. Та өөрийгөө олон машин нэг зүг уруу явж байгаа замаар машинтай явж байна гээд төсөөлөөд үз дээ. Тэнд явж байгаа машинууд янз бүрийн хурдтай явах бөгөөд шинэ хуучин янз бүр байна. Зарим нь их урт замыг туулсан байхад зарим нь тантай адилхан дөнгөж гараагаа эхлээд явж байх жишээтэй. Гэхдээ тэд өөр хоорондоо адилгүй хэдий ч бүгд нэг л замаар явж байна. Энэ нь хурлыг бүрдүүлж байгаа хүмүүс тус бүрнээ өөр өөр байдагтай төстэй ажээ. Хурлын гишүүн бүр Бурханд таалагддаг чанаруудыг өөр өөр хурдтайгаар хөгжүүлдэг. Түүнээс гадна, хүн бүр бие бялдар, сэтгэл хөдлөлийн хувьд бие биеэсээ ялгаатай, өөр өөр байдаг. Зарим нь Еховаг олон жил шүтэж байхад зарим нь дөнгөж эхэлж байх жишээтэй. Гэсэн хэдий ч, бид бүгдээрээ мөнхийн аминд хүргэх нэг л замаар явж байгаа бөгөөд «адил бодол, адил шүүлт дотор нягт нэгддэг» (1 Коринт 1:10). Тийм болохоор, та хурлыг бүрдүүлж байгаа хүмүүсийн сул талыг нь бус, харин сайн талыг нь хараарай. Энэ нь танд сэтгэлийн дэм болж, Бурхан үнэхээр энэ хүмүүсийн дунд байдаг юм байна гэдгийг ойлгоход тань тусална. Тийм ард түмний хэсэг нь байхыг та хүсэхгүй гэж үү? (1 Коринт 14:25).

12, 13. а) Хэрэв хурлын хэн нэгэн гишүүн таныг гомдоовол та яах вэ? б) Муу санахгүй байх нь яагаад чухал бэ?

12 Хүмүүс бүгдээрээ төгс бус болохоор хурлын хэн нэгэн гишүүн үг яриагаараа ч юм уу, эсвэл явдал үйлээрээ таныг хааяа гомдоож болох юм (Ром 3:23). Есүсийн шавь Иаков үүнийг ухаарч ойлгосон учраас: «Бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн... төгс хүн байна» гэж бичжээ (Иаков 3:2). Хэрэв хэн нэгэн хүн таныг гомдоовол та түүнд хэрхэн хандах вэ? Библийн сургаал үгэнд: «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» гэж байдаг (Сургаалт үгс 19:11). Хэрсүү ухаантай байна гэдэг нь нөхцөл байдлыг ул суурьтай харж, хүний хэлсэн үг, хийсэн үйлийн учир шалтгааныг ойлгох чадвар юм. Өөрсдийнхөө алдааг зөвтгөх болохоор бидний ихэнх нь энэ чанарыг илэрхийлж чаддаг. Бусдыг ойлгож, алдааг нь өршөөх асуудал дээр тийм хэрсүү ухаан гаргаж яагаад болохгүй билээ? (Матай 7:1—5; Колоссай 3:13).

13 Хэрэв бид Еховагаас уучлал хүсэж л байгаа бол өөрсдөө бусдыг уучлах хэрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй (Матай 6:9, 12, 14, 15). Үнэнээр явж байгаа хүн бусдыг хайрлах ёстой (1 Иохан 1:6, 7; 3:14—16; 4:20, 21). Тийм учраас, хэрэв та хурлын хэн нэг гишүүнтэй санамсаргүй муудалцах ахул түүнд муу юм бүү санаарай. Хэрэв та «хайрыг өмссөн» байгаад, хэн нэгнийг гомдоосон бол юуны түрүүнд түүнээс уучлал гуйж, асуудлыг шийдвэрлэхийг хичээх болно (Матай 5:23, 24; 18:15—17).

14. Бид ямар чанарыг «өмсөх» ёстой вэ?

14 Бидний сүнслэг хувцасны тоонд хайртай холбоотой өөр олон чанар ордог. Паул: «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» гэж бичсэн. Хайрыг дагалдан илэрдэг эдгээр чанар бол Бурхнаа дээдэлдэг «шинэ хүнд» байх ёстой чанар юм (Колоссай 3:10, 12). Та «шинэ хүнийг өмсөхийн» тулд хүчин чармайлт гаргах уу? Сүнслэг хувцас тань итгэл нэгтнээ хайрлах хайр болох тэр цагт та Есүсийн: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэнчлэн түүний жинхэнэ шавь болно (Иохан 13:35).

ХОРГОДОХ ГАЗАР

15. Еховагийн Гэрчүүдийн хурлыг ямар учраас хоргодох газартай зүйрлэж болох вэ?

15 Тэрчлэн Еховагийн Гэрчүүдийн хурал бол аюулгүй, тайван амгалан байх орон гэр, хоргодох газар юм. Тэнд та Бурхны нүдэнд зөв юм хийхийг чармайж явдаг үнэнч хүмүүстэй учрах болно. Тэднээс олон хүн, таны хараахан салж чадаагүй байж болох тэр муу зуршил, бүтэлгүй явдлаас ангижирсан буй (Тит 3:3). Тэд «нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэх» үүрэгтэй учраас танд тусалж чадна (Галат 6:2). Эцсийн эцэст мөнхийн амь уруу хөтлөх замаар явах үүрэг хариуцлага таны нуруун дээр байх ёстой гэдэг нь ойлгомжтой (Галат 6:5; Филиппой 2:12). Гэвч, Ехова тусламж дэмжлэг авч болох гайхамшигтай байгууламж болох хурлыг бидний тусын тулд бий болгожээ. Бэрхшээл тань хэчнээн хүнд байлаа гэсэн гай зовлон, гачигдал хомсдол тохиолдсон үед тусламж дэмжлэг үзүүлдэг, хайр ноёлсон, тайвшралын үнэтэй эх булаг болох Еховагийн Гэрчүүдийн хуралтай шүү, та. (Лук 10:29—37; Үйлс 20:35-тай харьцуулна уу.)

16. Хурлын ахлагч нар бидэнд ямар тусламж үзүүлдэг вэ?

16 Танд туслахаар ирдэг хүмүүсийн дотор «хүн бэлгүүд» (ШЕ) болох хурлын томилогдсон ахлагч нар буюу «сүргийг» сайн дураараа, хичээл зүтгэлтэйгээр хариулдаг харгалзагч нар байдаг (Ефес 4:8, 11, 12; Үйлс 20:28; 1 Петр 5:2, 3). Тэдний тухай зөнч Исаиа: «Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно» гэж бичжээ (Исаиа 32:2).

17. а) Есүс юуны түрүүнд ямар тусламж үзүүлэхийг хүссэн бэ? б) Бурхан ард түмэндээ юу өгнө гэж амласан бэ?

17 Харамсалтай нь, Есүсийг дэлхий дээр байх тэр үед шашны удирдагчид ард олныг тийн халамжилж чадахгүй байв. Ард түмний ахуй байдал нь Есүсийн сэтгэлийг маш ихээр зовоож байсан бөгөөд тэрбээр хүмүүст, юуны түрүүнд сүнслэг талаар туслахыг маш их хүсэж байлаа. «Тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байсан» учраас Есүс тэднийг өрөвджээ (Матай 9:36). Түүнтэй адилхан нөхцөл байдал өнөөдөр бий болчихоод байгаа бөгөөд өчнөөн олон хүн сүнслэг тусламж дэмжлэг авахаар хандах газаргүй болж, янз бүрийн бэрхшээлийн улмаас зовж шаналж байна! Ехова ард түмэндээ: «Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн ч дутагдахгүй» хэмээн амласан болохоор тэд сүнслэг тусламж байнга авдаг юм (Иеремиа 23:4).

18. Хэрэв сүнслэг тусламж хэрэгтэй болбол ахлагч нарт хандах ёстойн учир юу вэ?

18 Та хурлын ахлагч нартай танилцаарай. Тэд бүгдээрээ харгалзагч нарт тавигддаг Библийн шаардлагыг ханган биелүүлсэн байдаг учир Бурхны тухай мэдлэгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар багагүй туршлага хуримтлуулсан байдаг (1 Тимот 3:1—7; Тит 1:5—9). Хэрэв муу зуршлаасаа юм уу, эсвэл Бурхны шаардлагатай зөрчилддөг зан чанараасаа салахад сүнслэг тусламж хэрэгтэй бол та ичиж зоволгүйгээр ахлагч нарт хандаарай. Ахлагч нар: «Хулчгар хүмүүсийг зоригжуулж, дорой буурай хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэйгээр ханд» гэсэн Паулын зөвлөгөөг сахин мөрддөгийг та мэдэх болно (1 Тесалоник 2:7, 8; 5:14).

ЕХОВАГИЙН АРД ТҮМНИЙ ДУНД АЙХ АЮУЛГҮЙ ЖАРГАГТУН

19. Ард түмнийх нь дунд хоргоддог хүмүүст Ехова ямар ивээл хишиг хүртээдэг вэ?

19 Хэдийгээр бид төгс бус орчин нөхцөлд амьдардаг ч гэсэн Ехова биднийг сүнслэг хоол унд, хувцас хунар, орон байраар хангадаг. Бодит Диваажингийн ивээл хишгийг хүртэхийн тулд Бурхны амласан шинэ ертөнцийг хүлээх хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ, Еховагийн байгууллагын хүмүүс өнөөдөр ч гэсэн сүнслэг диваажинд айх аюулгүй жарган байдаг. Езекиел тийм хүмүүсийн талаар: «Тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй» хэмээн зөгнөжээ (Езекиел 34:28; Дуулал 4:8).

20. Өөрийнх нь төлөө золиосолсон зүйлийг Ехова хэрхэн нөхөн дүүргэх вэ?

20 Ехова Бурхан хайрынхаа эрхээр өөрийн Үг болон байгууллагаараа дамжуулан бидэнд өчнөөн их сүнслэг бэлэг өгдөг нь юутай талархалтай вэ! Бурхны ард түмэнтэй нэгдэн нийлэгтүн. Найз нөхөд, төрөл төрөгсөд маань муу хэлнэ байх хэмээн айж, Бурхны тухай мэдлэг олж авах гэсэн эрмэлзлээ бүү орхиорой. Зарим нь таныг Еховагийн Гэрчүүдтэй харьцаж, Хаанчлалын танхимд болдог цуглаанд очдог хэмээн дургүйцэж болох юм. Гэвч өөрийнх нь төлөө золиосолсон зүйлийг тань Бурхан өгөөмрөөр нөхөн дүүргэж өгөх болно (Малахи 3:10). Түүнээс гадна Есүс: «Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна» гэж хэлсэн (Марк 10:29, 30). Тийм ээ, та юуг ч орхиж, юуг ч амссан Бурхны ард түмний дунд гайхалтай дотно нөхөрсөг харьцаа хийгээд сүнслэг бат найдвартай хоргодох газартай болно.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

«Итгэмжит ухаалаг боол» гэж хэн бэ?

Биднийг сүнслэг хоол ундаар хангахын тулд Ехова юу ашигладаг вэ?

Еховагийн Гэрчүүдийн хурлын гишүүд хэрхэн тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[165-р хуудасны зураг]