Skip to content

Гарчиг руу орох

Бурхны тухай мэдлэгээр дэлхий бялхах цагт

Бурхны тухай мэдлэгээр дэлхий бялхах цагт

Бүлэг 19

Бурхны тухай мэдлэгээр дэлхий бялхах цагт

1, 2. Еховагийн бүтээл хэрхэн эвдэрсэн бэ?

 ХОСГҮЙ сайхан бүтээлээ дөнгөж сая дуусгаад байгаа уран зураачийг төсөөлөөд бод доо. Зураг жинхэнэ хосгүй эд болжээ гэж хүн бүр шагшин магтана! Гэтэл шөнө нь атгаг санаатай өрсөлдөгч нь мөнөөх зургийг баллан, муухай болгочихжээ. Уран зураачид хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Соёлын дээжийг баллагч тэр өөдгүй амьтныг өргөст торны цаана суулгах юмсан гэж зураач хэчнээн хүсээ бол! Мөн, зураач бүтээлээ өмнөх сайхан байдлаар нь дахин сэргээхийг хэрхэн хүсэж байгааг төсөөлөөд үзээрэй.

2 Энэхүү уран зураач лугаа адил Ехова жинхэнэ хосгүй эд болох дэлхийг бүтээж, түүн дээрээ хүнийг суулгажээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээснийхээ дараа дэлхий дээр гүйцэтгэсэн ажлаа «нэн сайхан» болж хэмээн дүгнэжээ (Эхлэл 1:31). Адам Ева хоёр Бурхны хүүхдүүд байсан бөгөөд тэр тэдэнд их хайртай байлаа. Бурхан тэдэнд аз жаргалтай, гайхамшигтай сайхан ирээдүйг өгөх санаа зорилготой байв. Хэдийгээр Сатан тэднийг самуун явдал уруу хазайлгасан ч гэсэн Бурхны хосгүй бүтээл эргэж засаршгүйгээр эвдрээгүй юм (Эхлэл 3:23, 24; 6:11, 12).

3. «Жинхэнэ амьдрал» гэж юу вэ?

3 Бурхан бүтээлээ засахаар шийдэв. Тэрбээр хүмүүсийн талаарх анхны санаа зорилгоо биелүүлэхийг маш их хүсдэг. Бидний богинохон, зовлонт амьдрал маань Еховагийн үздэг «жинхэнэ амьдралтай» (ШЕ) ямар ч төсгүй билээ. Бурхны бидэнд өгөхийг хүсдэг «жинхэнэ амьдрал» бол төгс орчин нөхцөл дэх «мөнх амь» юм (1 Тимот 6:12, 19).

4, 5. а) Диваажинд амьдрах бидний найдвар хэрхэн биелэх вэ? б) Ирээдүйн амьдралын тухай эргэцүүлэн бодох ёстойн учир юу вэ?

4 Бурхны тухай мэдлэг бол Еховагийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг маань бидэнд мэдрүүлдэг (Иаков 4:17). Гэвч энэ мэдлэгийг хэрэглэн, мөнхийн амь уруу тэмүүлснээрээ ямар ивээл хишиг хүртэхээ бодоод үз дээ. Ехова Бурхан өөрийн Үг Библидээ диваажин дэлхийд удахгүй бий болох амьдралын гайхамшигтай сайхан дүр зургийг дүрслэн илэрхийлжээ. Ехова Бурхны ард түмэн бид зөвхөн шагнал авахын төлөө түүнд үйлчилдэггүй нь мэдээж. Бид Бурхныг хайрладаг учраас түүнд үйлчилдэг (Марк 12:29, 30). Түүнээс гадна Ехова мөнхийн амийг бидэнд ажлын хөлс байдлаар өгөхгүй. Мөнхийн амь бол Бурхны бэлэг юм (Ром 6:23). Ирээдүйн амьдралын тухай сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Учир нь Диваажинд амьдрах найдвар «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр [Ехова Бурхан] Шагнагч нь болдог» гэдгийг бидэнд сануулдаг (Еврей 11:6). Ухаан бодол, сэтгэл зүрхэнд маань оршин байдаг найдвар Сатаны ертөнцийн бүх бэрхшээлийг ялан давахад бидэнд туслах болно (Иеремиа 23:20).

5 Одоо, ирээдүйн диваажин дэлхий дэх мөнх амьдралын тухай Библийн зөгнөлд анхаарлаа хандуулъя. Бурхны тухай мэдлэгээр дэлхий бялхах цагт энэ амьдрал ямар болох вэ?

ХАРМАГЕДОНЫ ДАРААХ ДИВААЖИН ДЭЛХИЙ

6. «Хармагедон» гэж юу вэ? Энэ дайны үр дүн ямар байх вэ?

6 Урьдчилан мэдэгдсэний дагуу Бурхан өнөөгийн эд юмсын ёс бус тогтолцоог удахгүй устгана. Библид «Хармагедон» гэж нэрлэсэн тэр үйл явдал уруу хүн төрөлхтөн маш хурдан ойртож байна. Энэ үг зарим хүнд хооронд дайсагнагч улс орнуудын үүсгэх цөмийн сүйрлийн тухай ойлголт төрүүлж болох юм. Харин Хармагедон бол түүнээс огт өөр зүйл билээ. «Илчлэлт» номын 16-р бүлгийн 14—16-р зүйлд бичсэнээр Хармагедон бол «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайн» юм. Энэ дайнд «бүх дэлхийн хаад» буюу бүх хүн төрөлхтөн хамрагдана. Хаанаар томилогдсон, Ехова Бурхны Хүү энэ тулааныг удахгүй эхэлнэ. Энэ дайны төгсгөл нь урьдчилан шийдэгдсэн. Бурхны Хаанчлалын бүх дайснууд, мөн тэрчлэн Сатаны ёс бус тогтолцооны талынхан бүгд устана. Зөвхөн Еховад чин үнэнч хүмүүс л амьд үлдэх болно (Илчлэлт 7:9, 14; 19:11—21).

7. Христийн мянган жилийн засаглалын үед Сатан болон чөтгөрүүд хаана байх вэ? Энэ нь хүн төрөлхтний тусын тулд яаж нөлөөлөх вэ?

7 Тэр агуу том үйл явдлыг та тэсээд гарчээ гэж бодъё. Бурхны амласан тэр шинэ ертөнцөд амьдрал ямар байх бол оо? (2 Петр 3:13). Тэр цаг үеийн талаар таамаглан бодох шаардлагагүй. Учир нь Библи өөрөө тэр тухай хэлж өгдөг бөгөөд түүний мэдээлэл нь сэтгэл хөдлөм сайхан билээ. Сатан болоод чөтгөрүүд захирах бүх эрхээ алдан, Есүс Христийн засаглалын мянган жилийн туршид «ёроолгүй гүнд» хоригдож, үйл ажиллагаа явуулах чадваргүй болно гэдгийг бид мэддэг. Биднийг Бурхны хүсэл тааллын эсрэг үйл ажиллагаа явуулаасай хэмээн хүсэн чармайж, далд нууцаар эмх замбараагүй байдлыг өдөөн турхирч байдаг хорон муу сүнснүүд байхгүй байх болно. Ямар гайхамшигтай сайхан чөлөөлөлт вэ! (Илчлэлт 20:1—3).

8, 9. Шинэ ертөнцөд уй гашуу, өвчин зовлон, хөгшрөлтэй холбоотой асуудал яах вэ?

8 Тэр үед хүмүүс бүх өвчнөөс ангижирна (Исаиа 33:24). Доголон хүмүүс босон явж, гүйж бүжиглэн, хөл нь эрүүл чийрэг болно. Аниргүйн ертөнцөд олон жил дүлий байсан хүмүүс сэтгэл хөдлөм, эгшиг яруу найрал дуу сонсоцгоох болно. Сохор хүмүүс хараатай болж, баян тансаг өнгө алагласан, олон янзын хэлбэр дүрстэй байгаль дэлхийгээ харан мэдэрч, гайхан шагших болно (Исаиа 35:5, 6). Эцэст нь тэд дотно хайртай хүмүүсийнхээ нүүр царайг харна! Эхэндээ тэдний нүдийг агшин зуур баярын нулимс бүрхэх нь эргэлзээгүй.

9 Нүдний шил, таяг, эм, шүдний эмчийн кабинет, ер нь эмнэлэг цаашдаа шаардлагагүй болно гээд бодоод үз дээ! Сэтгэл санааны өөрчлөлт болон сэтгэл гутралын эмгэг хүнийг аз жаргалаас нь дахин хэзээ ч салгахгүй. Хүүхдүүд ямар ч өвчнөөр өвдөж зовохоо болино. Хөгшид эргээд залуужна (Иов 33:25). Бид улам эрүүл чийрэг, хүч чадалтай болно. Өглөө бүр сэргээн тэнхрүүлэх амралтнаасаа хүч сэлбэн сэрж, дуртай хүсэлтэй ажлаа хийхээр амьдрал буцалсан шинэ өдөртэй учран золгоно.

10. Хармагедоноор амьд үлдсэн хүмүүс ямар ажилд гар бие оролцох вэ?

10 Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүс сонирхолтой олон ажил гүйцэтгэх болно. Тэд дэлхийг Диваажин болгон өөрчилнө. Хуучин бохир тогтолцооны бүх ул мөрийг цэвэрлэн ариусгана. Балар ой, эзгүй цөл байсан газарт жимс ногоогоор элбэг цэцэрлэгт хүрээлэн бий болно. Хүн болгон тохилог сайхан гэр байшинтай болно (Исаиа 65:21). Дэлхий аажимдаа бүхлээрээ Бүтээгчийн анх Еден цэцэрлэгт бий болгоод төсөөлж байсан шиг нь үзэсгэлэнтэй сайхан Диваажин болон хувирна. Сэргээн босгох тэр ажилд гар бие оролцох нь юутай аз завшаан бэ!

11. Хүмүүс хүрээлэн байгаа байгаль орчин, ан амьтадтай хэрхэн харьцах вэ?

11 Энэ бүхнийг Бурхны удирдлагаар, байгаль орчноо сүйтгэхгүйгээр гүйцэтгэнэ. Хүмүүс амьтдаас айх аюулгүй, тайван амгалан амьдрах болно. Тэд дэлхийг ухаалгаар эзэмшиж, адгуус амьтдыг хайр найргүй алж устгахын оронд хайрлан хамгаалах болно. Чоно хургатай, арслан тугалтай хамт бэлчиж, гэрийн тэжээвэр амьтад огт айх аюулгүй болно гээд төсөөлөөд үз дээ. Тэр ч бүү хэл жижиг хүүхдүүд хүртэл зэрлэг араатан амьтдаас айхаа болино. Шинэ ертөнцийн амгалан тайван байдлыг хатуу сэтгэлтэй харгис хэрцгий хүмүүс дахин хэзээ ч эвдэн бусниулахгүй (Исаиа 11:6—8). Тэр үед амьдрал ямар сайхан тайван амгалан болох бол оо!

ӨӨРЧЛӨГДСӨН ХҮН ТӨРӨЛХТӨН

12. Исаиа 11:9-д бичигдсэн үг өнөөдөр хэрхэн биелж байгаа ба Диваажинд хэрхэн биелэх вэ?

12 Дэлхийд аливаа бузар муу юм гарахгүйн учир шалтгааны талаар Исаиа 11:9-д бичжээ. Тэнд: «Далай усаар дүүрдэг шиг дэлхий Эзний [«Еховагийн тухай», ШЕ] мэдлэгээр бялхана» гэж байдаг. Энэ үг зөвхөн хүмүүст хамаатай билээ. Учир нь төрөлх зөндөө хөтлөгддөг амьтад «Еховагийн тухай мэдлэгийг» эзэмшиж, түүний дагуу өөрчлөгдөж чадахгүй. Харин Бүтээгчийн маань тухай мэдлэг хүмүүсийг өөрчилдөг. Мэдээжээр та Бурхны тухай мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлэн, зарим талаар өөрчлөгдсөн байгаа. Сая сая хүн тэгж өөрчлөгддөг. Тийнхүү Еховаг шүтэгч хүмүүсийн хувьд зөгнөл аль хэдийн биелж эхэлжээ. Түүнээс гадна энэ нь бүх хүн махан биеийн алив хүсэл тачаал буюу зэрлэг догшин зангаасаа ангижирч, үүрд энх тайванд дуртай болох тэр цаг үед бас хамаатай юм.

13. Шинэ ертөнцөд боловсролын ямар ажил явагдах вэ?

13 Бурхны тухай мэдлэгээр бүх дэлхий бялхах цагт ямар гайхамшигтай сайхан болох бол оо! Тэр үед Хаан Есүс Христ болон түүний хам захирагч 144 000-ын удирдлагаар боловсролын өргөн цар хүрээтэй ажил явагдана. Тэр ажилд шинэ «номууд» хэрэглэх болно. Энэ нь хүмүүсийг сургах үндэс болох Бурхны бичээсэн заавар байх нь тодорхой (Илчлэлт 20:12). Хүмүүс дайтахад бус, энх тайванд суралцана. Үхэл таригч бүх зэвсгийг үүрд устгана (Дуулал 46:9). Шинэ ертөнцөд хүмүүс бие биеэ хайрлах, хүндэтгэх харилцаанд суралцана.

14. Хүн төрөлхтөн нэгэн гэр бүл болоход дэлхий яаж өөрчлөгдөх вэ?

14 Тэр үед хүн төрөлхтөн нэгэн нөхөрсөг гэр бүл болно. Эвсэг, ах дүүсэг харилцаанд юу ч саад болохгүй (Дуулал 133:1—3). Нэг ч айл хулгайчаас хамгаалж, хаалгаа түгжих хэрэггүй болно. Хүн бүрийн зүрхэнд, айл гэр болгонд, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд энх тайван ноёлох болно (Мика 4:4).

БАЯРТ ДАХИН АМИЛАЛТ

15. Шинэ ертөнцөд ямар хоёр бүлэг хүн дахин амилах вэ?

15 Мянган жилийн хугацаанд үхэгсэд дахин амилна. Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчний эсрэг санаатайгаар нүгэл үйлдсэн хийгээд үл гэмшин, Бурхны хүсэл тааллын эсрэг үйл ажиллагаа явуулсан хүмүүс дахин амилахгүй (Матай 23:15, 33; Еврей 6:4—6). Ариун сүнсний эсрэг нүгэл үйлдсэн эсэхийг Бурхан өөрөө шийдэх нь мэдээж. Гэхдээ «зөв, зөв бус» гэсэн хоёр бүлэг хүн амилах нь тодорхой (Үйлс 24:15, МБОХ, 1996). Дахин амилуулахад тодорхой дэс дараалал байх учраас Еховад үнэнч үйлчилж байсан «зөв хүмүүс» эхэлж дэлхийн амьдралд эргэж ирнэ хэмээн үзэж болох юм (Еврей 11:35—39).

16. а) Дахин амилсан «зөв хүмүүсийн» дотор хэн хэн байх вэ? б) Дээр үеийн зөв хүмүүсээс та хэнтэй нь танилцахыг хүсэж байна вэ? Яагаад?

16 Еховагийн үйлчлэгчид дайн, байгалийн гамшиг болон үхэл зовлонгийн тухай мэдээллийн оронд дахин амилсан хүмүүсийн тухай баярт мэдээг хүлээн авцгаана. Абел Енох Ноа Абрахам Сара Иов Мосе Рахаб Рут Давид Елиа Естер гэх мэтийн үнэнч хүмүүсийн дахин амилсныг сонсож мэдэх нь хэчнээн сонин байх бол оо! Тэд Библид бичигдсэн олон үйл явдлын талаар ямар сэтгэл хөдлөм нарийн ширийн зүйлийг ярих бол оо! Тэд болон хожуухан нас барсан зөв хүмүүс Сатаны тогтолцооны төгсгөлийн тухай, мөн Ехова Бурхан өөрийн нэрийг хэрхэн ариунаар дуурсган алдаршуулж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөн баталсныг дуулж мэдээд баярлацгаах нь эргэлзээгүй.

17. Дараагийн шатанд дахин амилах хүмүүст Бурхны үнэнч үйлчлэгчид ямар тус хүргэх вэ?

17 Эдгээр үнэнч үйчлэгчид үхлийн гинжнээс олон тэрбум «зөв бус хүмүүс» чөлөөлөгдөх дараагийн шатанд үнэлж баршгүй тус хүргэх болно! Ихэнх хүмүүст Еховагийн тухай мэдэх боломж гараагүй. Сатан тэдний «бодол санааг сохолсон» (2 Коринт 4:4). Гэвч Сатаны бүх хүчин чармайлт талаар болно. «Зөв бус хүмүүс» үзэсгэлэн төгөлдөр, амгалан тайван дэлхийд амилан босоцгооно. Тэднийг Ехова болон түүний захирагч Хүү, Есүс Христийн тухай мэдлэгт сургахын тулд сайтар бэлтгэгдсэн ард түмэн халуун дотноор хүлээн авна. Тэдгээр амилсан олон тэрбум хүн Бүтээгчээ танин мэдэж, хайрладаг болсон цагт дэлхий Еховагийн тухай мэдлэгээр урьд хожид байгаагүйгээр бялхах болно.

18. Та дахин амилсан ойр дотныхонтойгоо уулзаад яах бол?

18 Тэр цаг үе бидэнд хэчнээн баяр хөөр авчрах бол оо! Нийтийн дайсан болох үхлээс хагацал зовлон амсаагүй хэн байх билээ? Өвчин, хөгшрөл, золгүй явдал болон хүчирхийллийн улмаас хайр сэтгэл, найрамдал нөхөрлөлийн барилдлага, холбоог нь таслан, ойр дотных нь хүнийг үхэл авч одсоноос уй гашуу эдлээгүй хүн байдаг бил үү? Гэтэл тэдэнтэйгээ Диваажинд уулзах нь хэчнээн баяр хөөртэй үйл явдал болохыг төсөөлөөд үз дээ! Эцэг эхчүүд, хөвгүүд охид, найз нөхөд, төрөл садангууд бие биетэйгээ халуун дотноор тэврэлдэн, инээд хөөрт автаж, баярлан уйлцгаах болно.

ЭЦЭСТ НЬ ХҮМҮҮС ТӨГС БОЛНО!

19. Мянган жилийн явцад ямар онцгой гайхамшиг бий болох вэ?

19 Христийн мянган жилийн засаглалын туршид онцгой гайхамшиг болно. Энэ нь хүмүүсийн хувьд мэдээжээр хамгийн сэтгэл догдлуулсан үйл явдал байх биз. Еховагийн удирдлагаар Хүү нь өөрийн золих тахилын үнэ цэнг үнэнч дуулгавартай хүн болгоны тусын тулд хэрэглэнэ. Тийнхүү нүгэл арилж, хүмүүс төгс болно (1 Иохан 2:2; Илчлэлт 21:1—4).

20. а) Төгс болно гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Хармагедоныг амьд давсан болон дахин амилсан хүмүүс жинхэнэ утгаараа чухам хэзээ амилах вэ?

20 Төгс болно гэж юу гэсэн үг вэ? Энэ бол Адам Ева хоёр Ехова Бурхны эсрэг нүгэл үйлдэх хүртлээ эзэмшиж байсан амийг эргээж олж авна гэсэн үг юм. Бие бялдар, ухаан бодол, сэтгэл мэдрэхүй, ёс суртахуун, оюун санаа болон бусад бүх талаараа төгс болсон хүмүүс Бурхны хэм хэмжээнд бүрэн нийцэх болно. Гэвч энэ нь бүх хүн нэгэн хэв загварын болно гэсэн үг үү? Огт үгүй! Ой мод, цэцэг навч, ан амьтан гэх мэт Еховагийн бүтээлүүд нь тэрбээр олон төрөл, янз байхад дуртай гэдгийг батлан илэрхийлдэг. Бүх төгс хүн өөрийн гэсэн үл давтагдах зан чанар, хувийн онцлогтой байх болно. Тэд бүгдээрээ Бурхны анхны санаа зорилгын дагуу амьдран жаргах болно. Илчлэлт 20:5-д: «Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй» гэж байдаг. Хармагедоноор амьд үлдсэн «үй олон хүмүүс» хийгээд дахин амилагсад нүгэлгүй төгс болсон үедээ жинхэнэ утгаар «амилах» болно.

21. а) Христийн мянган жилийн засаглалын эцэст юу болох вэ? б) Эцсийн эцэст Сатан болон түүнийг дэмжигчид яах вэ?

21 Төгс болсон хүмүүс сүүлчийн сорилтод орно. Мянган жилийн эцэст Сатан болон чөтгөрүүдийг «ёроолгүй гүнээс» түр хугацаагаар суллан гаргах ба тэд сүүлчийн удаа хүмүүсийг Еховагаас салган холдуулах оролдлого хийх болно. Зарим хүн Бурхныг хайрлах хайраа умартан, өөрсдийн хорон хүсэл тачаалд хөтлөгдөн явах боловч тэр самуурал нь дарагдах болно. Амин хувиа хичээгсэд, Сатан хийгээд чөтгөрүүдийг Ехова цаазлан устгах болно. Мууг үйлдэгч бүхэн үүрд устана (Илчлэлт 20:7—10).

ТА ЮУ ХИЙХ ВЭ?

22. Диваажинд та юу хийхийг хүсэхсэн бол?

22 Диваажинд оршин суугчид болон Ехова Бурхныг хайрлагч хүмүүсийн өмнө мөнх амьдралын хаалга цэлийтэл нээгдэнэ. Тэнд бялхан цалгих баяр жаргалыг төсөөлөн хэлэхэд хэцүү. Та ч бас тэр хүмүүсийн дунд байж болно. Төгс хүмүүсийн урлан бүтээсэн дуу хөгжим, урлаг соёлын болон гар урлалын бүтээлүүд өнөөгийн эд юмсын тогтолцооны их мастеруудын шилдэг сайн бүтээлүүдээс хавьгүй илүү байх болно! Хүмүүс төгс болохоороо цаг хугацаанд дахин хэзээ ч хавчигдахгүй. Төгс хүн болоод юу хийж чадах вэ гэдгээ төсөөлж бодоорой. Бас орчлонт ертөнцийн олон тэрбум галактикаас эхлээд атомын өчүүхэн жижиг хэсэг хүртэлх Еховагийн бүтээлүүдийн тухай хэчнээн их зүйлийг та болоод бусад хүмүүс мэддэгийг бодоорой. Хүн төрөлхтний хийж бүтээсэн болгон бидний хайртай тэнгэрийн Эцэг Еховагийн зүрх сэтгэлийг баярлуулах болно (Дуулал 150:1—6).

23. Диваажинд амьдрал уйтгартай байхгүйн учир юу вэ?

23 Амьдрал уйтгартай байхгүй төдийгүй өдрөөс өдөрт улам илүү сонирхолтой болно. Тэгэхлээр Бурхны тухай мэдлэгт төгсгөл байхгүй гэдгийг та ойлголоо (Ром 11:33). Мөнх амьдрах явцад шинэ шинэ зүйлд суралцан, мэдлэгийн хүрээгээ тэлэх хязгааргүй боломж нээгдэх болно (Номлогчийн үгс 3:11). Та Еховаг улам цааш нь таньж мэдсэнээрээ насаа хэдэн жилээр бус үүрд мөнх уртасгана! (Дуулал 22:26).

24, 25. Бүр одооноос Бурхны тухай мэдлэгийн дагуу амьдрах ёстойн учир юу вэ?

24 Таны өргөсөн хийгээд таны зүгээс гаргасан аливаа өргөл, хүчин чармайлт гайхамшигт ирээдүйд хүргэхгүй гэж үү? Үүнд эргэлзэх юм алга! Ехова танд тэр сайхан ирээдүйн түлхүүрийг өгч байна. Энэ түлхүүр бол Бурхны тухай мэдлэг юм. Үүнийг та ашиглах уу?

25 Хэрэв та Еховад хайртай бол түүний хүсэл тааллыг биелүүлж, жинхэнэ баяр жаргалыг эдэлнэ (1 Иохан 5:3). Энэ замыг сонгосноороо та гайхалтай ивээл хишгийг хүртэх болно! Хэрэв та Бурхны тухай мэдлэгийг ашиглавал энэхүү мөхөж буй ертөнцөд ч жаргалтай байх болно. Харин энэ нь мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг учраас ирээдүйн шагналыг хэмжих аргагүй юм! Одоо чухамдаа таны хувьд ажиллах л хэрэгтэй цаг үе болоод байна. Бурхны тухай мэдлэгийн дагуу шийдвэр төгс амьдраарай. Еховад хайртайгаа харуулаарай. Түүний ариун нэрийг хүндэтгэж, Сатаны худалч гэдгийг нотлоорой. Үүний хариуд жинхэнэ мэргэн ухаан хийгээд мэдлэгийн Эх булаг болох Ехова Бурхан танд сэтгэл зүрхнээсээ баярлах болно (Иеремиа 31:3; Зефаниа 3:17). Тэгээд тэр таныг үүрд хайрлах болно!

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

«Жинхэнэ амьдрал» гэж юу вэ?

Хармагедоны дараа дэлхий дээр юу болох вэ?

Хэн хэн дахин амилах вэ?

Хүн төрөлхтөн хэрхэн төгс болж, эцэстээ ямар сорилттой учрах вэ?

Та Диваажингийн талаар бодохдоо юу мөрөөддөг вэ?

[Догол мөрийн асуулт]

[188, 189-р хуудасны зураг]

Бурхны тухай мэдлэгээр дэлхий бялхах цагт та Диваажинд амьдарна гэдэгтээ итгэж байна уу?