Бурхны тухай мэдлэг олгодог ном
Бүлэг 2
Бурхны тухай мэдлэг олгодог ном
1, 2. Бидэнд Бүтээгчийн маань удирдамж хэрэгтэйн учир юу вэ?
ХАЙРТАЙ Бүтээгч маань хүн төрөлхтөнд зориулж, заавар зөвлөгөө бүхий ном өгсөн нь тун ухаалаг зүйл юм. Хүн төрөлхтөнд удирдлага хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?
2 2 500 гаруй жилийн тэртээ нэгэн зөнч, түүхч ийн бичжээ: «Явж байгаа хүнд ч мөн адил алхаагаа чиглүүлэх нь хамаарахгүй» (Иеремиа 10:23, ШЕ). Энэ үгийн үнэн болох нь өнөөдөр хэзээ хэзээнээс илүү тодорхой харагдаж байна. Тийм учраас, түүхч Уильям Х. Макнил: «Манай гаригийн хүн төрөлхтний түүх бол нийгмийн амьдралаас урган гардаг, бараг эцэс төгсгөлгүй үргэлжлэх хямрал ба замбараагүй явдал юм» гэж тэмдэглэжээ.
3, 4. а) Библийг яаж судалбал зохих вэ? б) Библийг судлахдаа юунаас эхлэх хэрэгтэй вэ?
3 Бидэнд шаардлагатай бүх мэргэн удирдлагыг Библи өгдөг. Үнэндээ, Библийг анх барьж авахад хүч хүрмээргүй юм шиг санагддаг. Энэ бол том ном бөгөөд зарим хэсгийг нь ойлгоход тийм ч хялбар бус. Гэхдээ, хэрэв танд их үнэтэй өв хөрөнгийг хэрхэн олж авах тухай тайлбарласан хуулийн баримт бичиг өглөө гэвэл түүнийг анхааралтай судлах цаг зав гаргахгүй гэж үү, та? Зарим хэсгийг нь ойлгоход хэцүү байвал ийм асуудлыг сайн мэдэх хүнээс тусламж авах нь магад. Библид ингэж хандаж яагаад болохгүй билээ? (Үйлс 17:11). Энд бид материаллаг өв хөрөнгөнөөс өчнөөн илүү чухал зүйлийн талаар ярьж байгаа юм. Өмнөх бүлгээс Бурхны тухай мэдлэг мөнхийн амь уруу хөтөлдөг гэдгийг бид мэдэж авсан.
4 Одоо Бурхны тухай мэдлэг олгодог номтой танилцацгаая. Эхлээд Библийн товч тоймыг авч үзье. Дараа нь учир мэддэг олон хүн Библийг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг гэдэгт итгэдгийн учрыг олъё.
БИБЛИЙН АГУУЛГА
5. а) Еврей Сударт юуны тухай бичсэн бэ? б) Грек Судрын агуулга юу вэ?
5 Библи буюу Ариун Судар нь 66 ном бүхий «Хуучин Гэрээ», «Шинэ Гэрээ» гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Библийн гучин есөн номыг үндсэндээ еврей хэлээр, харин 27 номыг грек хэлээр бичжээ. «Эхлэл»-ээс «Малахи» хүртэлх номуудыг багтаасан Еврей Судар нь бүтээл болон хүн төрөлхтний түүхийн эхний 3 500 жилийг хамардаг. Библийн энэ хэсгээс бид израиль үндэстэн анх үүсэж бий болсон МЭӨ XVI зуунаас эхлээд МЭӨ V зуун хүртэлх хугацаанд израильчуудтай Бурхан хэрхэн харьцаж байсан талаар мэдэж авна a. «Матай»-гаас «Илчлэлт» хүртэлх номуудыг багтаасан Грек Судар нь МЭ I зуунд Есүс Христ болон түүний шавь нарын дэлгэрүүлж байсан сургаал болон үйл ажиллагааг тусгажээ.
6. Библийг бүхэлд нь судлахын учир юу вэ?
6 «Хуучин Гэрээ» еврейчүүдэд, харин «Шинэ Гэрээ» христиануудад зориулагдсан гэж зарим хүн үздэг. Гэтэл, 2 Тимот 3:16-д бичсэнээр бол: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа [«онгод оруулан бичүүлсэн», ШГ] бөгөөд... тустай». Тийм болохоор, Ариун Судрыг судлах зөв арга бол Библийг бүхэлд нь үзэх явдал юм. Үнэндээ, Библийн хоёр хэсэг нь ерөнхий сэдвийг харилцан зохицолтойгоор хөгжүүлж, бие биеэ нөхөн дүүргэдэг.
7. Библийн гол сэдэв нь юу вэ?
7 Та ямар нэгэн сүмийн цуглаанд тодорхой хугацаагаар явж байсан бөгөөд Библиэс уншихыг сонссон байж болох юм. Эсвэл, түүний зарим хэсгийг та өөрөө ч уншсан байж магадгүй. «Эхлэл»-ээс аваад «Илчлэлт» хүртэл Библийн дундуур нэгэн ерөнхий утас хөвөрснийг та анзаарсан уу? Тийм ээ, бүх л Библиэр хөг нийлсэн нэг л сэдэв хөвөрдөг. Ямар сэдэв бэ? Энэ бол Хаанчлалын тусламжтайгаар, хүн төрөлхтнийг удирдах Бурхны эрхийн зөвийг батлах хийгээд түүний хайр шингэсэн санаа зорилгыг биелүүлэх тухай юм. Бурхан энэ санаа зорилгоо чухам яаж биелүүлэхийг бид хожим үзэх болно.
8. Бурхны зан чанарын талаар Библи юу хэлдэг вэ?
8 Түүнчлэн, Библи Бурхны санаа зорилгоос гадна түүний зан чанарын тухай өгүүлдэг. Жишээлбэл: Бурхан мэдрэмж сэтгэхүйтэй бөгөөд сонгосон зам маань ч түүнд хамаатай гэдгийг бид Библиэс мэддэг (Дуулал 78:40, 41; Сургаалт үгс 27:11; Езекиел 33:11). Дуулал 103:8—14-т Бурхан бол «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян» гэсэн байдаг. Тэрбээр, биднийг «тоос шорооноос» бүтсэн бөгөөд үхэхдээ буцаад газар шороондоо очдогийг санаж, хайрлан өрөвддөг (Эхлэл 2:7; 3:19). Ямар сайхан чанарууд вэ! Тийм Бурхан шүтэхийг та хүсэхгүй гэж үү?
9. Бурхны хэм хэмжээний тухай тодорхой ойлголтыг Библи бидэнд ямар аргаар өгдөг ба тэдгээрийг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?
9 Бурхны хэм хэмжээний тухай тодорхой ойлголтыг Библи өгдөг. Эдгээр нь заримдаа хуулиар илэрдэг хэдий ч, гол төлөв амьдралын сургамжаас урган гардаг зарчмуудад тусгагддаг. Бидний тусын тулд эртний Израилийн түүхийн зарим үйл явдлыг бичиж үлдээх талаар Бурхан санаа тавьсан. Нэмэр хачиргүй эдгээр мэдээлэл нь хүмүүс Бурхны хүсэл тааллын дагуу явбал юу тохиолддог ба харин өөрсдийнхөө дур зоргоор явбал ямар гунигт үр дагаварт хүрдгийг харуулдаг (Хаадын дээд 5:4; 11:4—6; Шастирын дэд 15:8—15). Тиймэрхүү түүхэн бодит үйл явдлуудын талаар уншихад нэгийг бодогдуулах нь магад. Хэрэв бид тэдгээр үйл явдлыг санаандаа төсөөлөн, өөрсдийгөө тэр хүмүүсийн оронд тавиад үзвэл тэдний сайн жишээнүүдээс нь сургамж авч, харин зарим буруу явдалтнуудын яваад орчихсон урхи занганаас зайлсхийх боломжтой болно. Хэдий тийм ч, Библиэс уншиж байгаа бүхэн маань үнэндээ Бурхны онгод оруулан бичүүлсэн үгс гэдэгт итгэх ямар үндэс байна вэ? гэсэн амин чухал асуулт хариу шаарддаг.
БИБЛИД ИТГЭЖ БОЛОХ УУ?
10. а) Зарим хүн Библийг хоцрогдсон гэж үздэгийн учир юу вэ? б) 2 Тимот 3:16, 17-д Библийн тухай юу гэж хэлсэн бэ?
10 Олон номд бичсэн зөвлөгөө хэдэн жилийн дараа гэхэд шаардлага хангахаа больчихсон байдгийг та лав анзаарсан байх. Тэгвэл, Библийн тухайд юу хэлж болох вэ? Энэ бол маш эртний ном бөгөөд сүүлчийн үгс нь бичигдсэнээс хойш бараг 2 000 жил өнгөрчээ. Тийм болохоор, зарим хүн Библийг орчин үед тохирохгүй гэж үздэг. Гэтэл, хэрэв Библи Бурхны онгод оруулан бичүүлснээр л байгаа бол зөвлөгөөнүүд нь түүний эртнийх гэдгээс хамаарахгүйгээр өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой хэвээр байх ёстой. Ариун Судар нь эдүгээ хүртэл «заахад, зэмлэхэд, залруулахад, зөв байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» (2 Тимот 3:16, 17).
11—13. Библи бидний үед ч ач холбогдолтой гэж яагаад хэлж болох вэ?
11 Сайтар нягтлан үзэх юм бол Библийн зарчмууд нь анх бичигдэж байсан үеийнх шигээ өнөөдөр ч ач холбогдолтой хэвээрээ гэдэг нь илэрхий болно. Жишээлбэл: Библид хүний төрөлхийн зан чанарын тухай өгүүлэхдээ хүн төрөлхтний аль ч үед хамаатай өвөрмөц онцлогуудыг нарийн тусгасан байдаг. Энэ нь «Матай» номын 5—7 дугаар бүлэгт бичээстэй Есүс Христийн «Ууланд айлдсан номлол»-оос тод харагддаг. Энэ номлол Энэтхэгийн удирдагч асан Мохандас К. Гандид маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд тэрбээр Британийн өндөр албан тушаалын нэгэн түшмэлд хандан: «Манай хоёр орон ууланд айлдсан Христийн номлолыг үндэс болгон хамтран ажиллавал бид манай орнуудын төдийгүй дэлхий нийтийн бэрхшээлүүдийг шийдэж болно» гэж хэлжээ.
12 Есүсийн сургаал хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлдэг нь гайхмаар зүйл биш! Тэрбээр «Ууланд айлдсан номлол»-оороо жинхэнэ аз жаргалд хүрэх замыг бидэнд зааж өгсөн. Есүс маргааныг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарлаж, яаж залбирах тухай заавар өгсөн. Мөн, материаллаг хэрэгцээ сонирхолд хэрхэн ухаалаг зөв хандах хийгээд хүмүүсийн хоорондын харьцааны «Алтан дүрмийг» хэлж өгсөн. Түүнээс гадна, Есүс энэ номлолоороо жинхэнэ шашныг хуурамч шашнаас хэрхэн ялгаж таних хийгээд аюулгүй ирээдүйд амьдрахын тулд яах ёстойг тайлбарласан.
13 «Ууланд айлдсан номлол» болон бусад хуудсуудаараа амьдралаа сайжруулахын тулд юу хийх, юунаас зайлсхийх ёстойг Библи бидэнд тодорхой хэлж өгдөг. Түүний зөвлөгөө хэчнээн ач холбогдолтой нь нэгэн багшийн: «Би дунд сургуульд зөвлөхөөр ажилладаг бакалавр, магистрийн зэрэгтэй багш бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд болон сэтгэл судлалын талаар олон ном уншсан. Гэвч, гэр бүлийн амьдралаа хэрхэн аз жаргалтай болгох, хүүхдийг хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх, найз нөхдөө хэрхэн олж нөхөрлөх зэрэг асуудлаар Библийн өгдөг зөвлөгөө нь коллежид миний уншиж, судалснаас хавьгүй илүү юм гэдгийг олж мэдлээ» гэж сэтгэл нь хөдлөн хэлсэн үгнээс харагддаг. Нэмээд хэлэхэд, Библи нь эдүгээ үед ач холбогдолтой төдийгүй бүрэн итгэл хүлээдэг юм.
НАРИЙН ЗӨВ БӨГӨӨД ИТГЭЛТЭЙ
14. Библи нь шинжлэх ухааны үүднээс нарийн зөв гэдгийг юу харуулдаг вэ?
14 Библи хэдийгээр эрдэм шинжилгээний бүтээл биш ч шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нарийн зөв байдаг. Жишээлбэл: Ихэнх хүн Дэлхийг хавтгай гэж итгэдэг байсан тэр үед зөнч Исаиа түүнийг «тойрог» («хуг» гэдэг еврей үг нь «бөмбөрцөг» гэсэн утга илэрхийлдэг) гэж бичжээ (Исаиа 40:22). Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг үзлийг Исаиагаас хойш хэдэн мянган жилийн дараа л нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна, Бурхан «дэлхийг юунаас ч дүүжлээгүй» гэж 3 000 гаруй жилийн тэртээ «Иов» номын 26:7-д (ШЕ) бичжээ. Нэгэн Библи судлаач: «Дэлхий харагдах тулгуургүй, огторгуйн уудамд хөвж явдаг хэмээн астрономчдын нээсэн энэ үнэнийг Иов хаанаас мэдсэн юм бол оо? Энэ бол Ариун Судрыг Бурхнаас онгод оруулан бичүүлсэн гэдгийг үгүйсгэдэг хүмүүст хариулахад амаргүй л асуулт даа» гэж хэлжээ.
15. Библийн хүүрнэх арга хэлбэр нь энэ номд итгэх итгэлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
15 Библийн хүүрнэх арга хэлбэр нь эртний энэ номд итгэх бидний итгэлийг мөн бэхжүүлдэг. Үлгэр домгоос ялгаатай нь Библид өгүүлсэн үйл явдлууд түүхэн тодорхой хүмүүс болон цаг хугацаатай холбоотой байдаг (Хаадын дээд 14:25; Исаиа 36:1; Лук 3:1, 2). Түүнчлэн, эртний түүхчид удирдагчдынхаа ялалт ололтыг гол төлөв дөвийлгөн бичиж, харин ялагдал дутагдлынх нь талаар чимээгүй өнгөрдөг байсан бол Библийг бичигчид ямагт илэн далангүй, шударга үнэнээр бичсэн байдаг. Тэр ч бүү хэл өөрсдийнхөө үйлдсэн ноцтой гэм нүглийг ч нууж хаалгүй бичжээ (Тооллого 20:7—13; 2 Самуел 12:7—14; 24:10).
ЗӨГНӨЛИЙН НОМ
16. Библи бол Бурхны онгод оруулан бичүүлсэн үг гэдгийн гол нотолгоо нь юу вэ?
16 Биелсэн зөгнөлүүд нь Библи бол Бурхны онгод оруулан бичүүлсэн үг гэдгийн үнэмшилтэй нотолгоо болдог. Нарийн тодорхой биелсэн олон зөгнөл Библид бий. Мэдээжээр, жирийн хүмүүс тэгж зөгнөж чадахгүй. Тэгвэл, энэ бүх зөгнөлийн цаана юу байна вэ? «Зөгнөл нь хэзээ ч хүний хүслээр хэлэгдсэнгүй, харин Ариун Сүнсээр [Бурхны үйлдэх хүчээр] хөтлөгдсөн хүмүүс Бурхнаас айлджээ» гэж Библи өөрөө хэлдэг (2 Петр 1:21, МБОХ, 1996). Зарим жишээ авч үзье.
17. Вавилоны уналтын тухай ямар зөгнөлүүдэд урьдчилан хэлсэн ба эдгээр нь яаж биелсэн бэ?
17 Вавилоны уналт. Исаиа Иеремиа хоёрын аль аль нь Вавилоныг меде ба персүүд унагана гэж зөгнөжээ. Гайхалтай нь, энэ үйл явдлын тухай Исаиагийн зөгнөл Вавилоныг эзлэгдэхээс ойролцоогоор 200 жилийн өмнө бичигдсэн байна! Дараах зөгнөлүүд түүхээр батлагдсан юм. Үүнд: Евфрат мөрний урсгалыг хиймэл нуур уруу татаж, түүнийг ширгээх (Исаиа 44:27; Иеремиа 50:38); гол уруу гардаг Вавилоны хаалгануудын аюулгүй байдлыг үл хайхрах (Исаиа 45:1); Кореш гэдэг нэртэй удирдагч хотыг эзлэн авах (Исаиа 44:28) зэрэг юм.
18. «Грекийн хааны» мандал бадрал ба уналтын тухай Библийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
18 «Грекийн хааны» мандал бадрал ба уналт. Даниел, хуцыг мөргөн хоёр эврийг нь хугалж байгаа ухныг үзэгдлээр үзжээ. Дараа нь ухнын том эвэр хугарч, оронд нь дөрвөн эвэр ургажээ (Даниел 8:1—8). Даниелд ямар тайлбар өгснийг үзье: «Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна. Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө. Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна» (Даниел 8:20—22). Энэ зөгнөл ёсоор хоёр зуу орчим жилийн дараа «Грекийн хаан» Македоны Александр «хоёр эвэрт» Меде-Персийн эзэнт улсыг түлхэн унагасан. МЭӨ 323 онд Александр нас барсан бөгөөд оронд нь түүний дөрвөн жанжин гарч иржээ. Хэдий тийм боловч, шинэ үүссэн хаант улсуудаас нэг нь ч Александрын эзэнт улстай хүч чадлаараа эн зэрэгцэхээргүй байлаа.
19. Есүс Христтэй холбоотой ямар ямар зөгнөл биелсэн бэ?
19 Есүс Христийн амьдрал. Есүсийн төрөх үе, үйл ажиллагааны үе, үхэх үе болон дахин амилах үед биелсэн олон зөгнөл Еврей Сударт байдаг. Жишээ нь: Мессиа буюу Христ Бетлехем хотод төрнө гэдгийг Мика 700 гаруй жилийн өмнө хэлжээ (Мика 5:2; Лук 2:4—7). Микатай нэгэн үеийн Исаиа Мессиаг зодуулж, нулимуулна гэдгийг урьдаас зөгнөн хэлжээ (Исаиа 50:6; Матай 26:67). Мессиаг 30 мөнгөн зоосоор барьж өгнө гэдгийг Зехариа 500 жилийн өмнө зөгнөжээ (Зехариа 11:12; Матай 26:15). Мессиа Есүсийн үхэлтэй холбоотой үйл явдлуудыг Давид мянга гаруй жилийн өмнө зөгнөсөн (Дуулал 22:7, 8, 18; Матай 27:35, 39—43). Мөн, ойролцоогоор таван зууны өмнө Даниел, Мессиагийн ирэх цаг, түүний үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа болон үхэх цагийг мэдэгджээ (Даниел ). Эдгээр нь Есүс Христ дээр биелсэн зөгнөлүүдийн зөвхөн зарим хэсэг нь юм. Цаашдаа та Есүсийн талаар илүү ихийг мэдэх аваас маш сонирхолтой байх болно. 9:24—27
20. Библид бичсэн зөгнөлүүд яг таг биелсэн нь бидэнд ямар итгэл төрүүлэх ёстой вэ?
20 Библийн өөр олон зөгнөл аль хэдийнээ биелжээ. Гэвч, «Энэ надад ямар хамаатай юм бэ?» гэж та асууж болох юм. Тэгвэл, олон жилийн турш танд үнэн юм ярьдаг байсан хүн ямар нэгэн шинэ юм яривал та түүнд гэнэт эргэлзэж эхлэх үү? Үгүй гэдэг нь мэдээж! Бурхан Библиэр дамжуулан үнэнийг хэлдэг. Энэ нь дэлхий дээр Диваажин бий болно гэх мэтээр зөгнөсөн Библийн амлалтуудад итгэх итгэлийг тань бэхжүүлэхгүй гэж үү? Үнэндээ, бид нэгдүгээр зууны үеийн Есүсийн дагалдагчдын нэг, «мэхэлдэггүй Бурхан» гэж бичиж байсан Паул шиг итгэлтэй байж болно (Тит 1:2). Түүнээс гадна, бид Судрыг уншин, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлснээр хүн өөрийн хүчин чармайлтаар хүрч чадахгүй мэргэн ухаантай болно. Учир нь, Библи бол мөнхийн амь уруу хөтлөх Бурхны тухай мэдлэг олгодог ном мөн.
БУРХНЫ ТУХАЙ МЭДЛЭГИЙГ «ХҮС»
21. Хэрэв, Библиэс мэдсэн зарим зүйл тань биелүүлж боломгүй мэт санагдвал та яах хэрэгтэй вэ?
21 Библийг судлах явцдаа та урьд нь сурч мэдсэнээсээ огт өөр зүйлийг олж мэдэж болох юм. Тэр байтугай, таны хүндэтгэн дагадаг шашны зарим зан үйл Бурханд таалагддаггүй юм шиг санагдаж болно. Зөв, бурууг хэмжих Бурхны хэмжүүр өнөөгийн чөлөөт ертөнцийнхнийхөөс чанга гэдгийг та мэдэж авна. Энэ нь эхлээд давшгүй юм шиг санагдаж магад. Харин, бүү шантраарай! Бурхны тухай мэдлэгийг олж авахын тулд Судрыг нямбай судлах хэрэгтэй. Библийн зөвлөгөө нь танаас бодол санаагаа болон үйл ажиллагаагаа засаж залруулахыг шаардаж байвал та түүнийг хүлээж аваарай.
22. Та ямар учраас Библи судалж байгаа ба үүнийгээ бусдад хэрхэн тайлбарлаж болох вэ?
22 Таны найз нөхөд, хамаатан садангууд Библи судлахад тань муу санаагүйгээр саад болж болох юм. Гэвч, Есүс: «Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө. Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцгийнхээ өмнө үгүйсгэнэ» гэж хэлсэн (Матай 10:32, 33). Зарим нь таныг шашны аюултай бүлэгтэй холбогдчих вий дээ гэх юм уу эсвэл хэт шүтлэгтэн болчих вий дээ гэж санаа зовж магадгүй. Гэсэн хэдий ч, үнэн хэрэгтээ та зөвхөн Бурхны тухай нарийн зөв мэдлэг болон түүний тухай үнэнийг мэдэхийг л хичээж байгаа хэрэг (1 Тимот 2:3, 4). Үүнийг ойлгоход нь бусдад тусалмаар санагдвал, мэдсэн зүйлийнхээ тухай ярихдаа ухаалаг байж, маргаанаас зайлсхийх хэрэгтэй (Филиппой 4:5, ШЕ). Библийн мэдлэг хүмүүсийн амьдралд сайн нөлөө үзүүлж буйг хараад цөөнгүй хүн «үггүйгээр... аврагдана» гэдгийг санаарай (1 Петр 3:1, 2).
23. Бурхны тухай мэдлэгийг «хүс» гэдэг нь юу гэсэн үг вэ?
23 Библи бидэнд: «Нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс» гэж уриалдаг (1 Петр 2:2). Нялх хүүхдийн амь эхийн сүүнээс хамаардаг бөгөөд хөхөө хөхөхөөс нааш тайвширдаггүй. Түүн лүгээ адил бидний амь Бурхны өгөх мэдлэгээс хамаарна. Түүний Үгийг «хүсэж», үргэлжлүүлэн судал. Библийг өдөр бүр унших зорилт тавь (Дуулал 1:1—3). Энэ нь Бурхны хуулиудын талаар: «Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг» гэж Дуулал 19:11-д бичсэнчлэн танд асар их ивээл хишгийг авчрах болно.
[Зүүлт]
a «МЭӨ» гэж товчилсон нь «манай эриний өмнөх» үеийг илэрхийлж байгаа бөгөөд «ХМӨ» («Христийг мэндлэхээс өмнө») гэж товчилсноос илүү зөв юм. «МЭ» гэж товчилсон нь «манай эрин» гэсэн үг.
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Библи юугаараа өөр ямар ч номтой зүйрлэмгүй вэ?
Библид итгэж болохын учир юу вэ?
Та ямар ямар баримтын үндсэн дээр Библи бол Бурхны онгод оруулан бичүүлсэн үг гэдэгт итгэдэг вэ?
[Догол мөрийн асуулт]
[14-р хуудасны хавсралт]
БИБЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ТУХАЙ
Библийг ашиглаж сурахад тийм ч хэцүү биш. Библийн гарчгаас нь номуудын байрлал, дэс дарааг тогтоож аваарай.
Ашиглахад хялбар болгох үүднээс Библийн номуудыг бүлэг болон зүйлүүдэд хуваажээ. XIII зуунд бүлэг болгон хуваасан бол эдүгээ үе хүртэл мөрдөж байгаа зүйлүүдийг XVI зуунд францын нэгэн хэвлэгч Грек Сударт анх хэрэглэсэн бололтой. Бүлэг болон зүйлүүдэд хуваасан бүтэн Библийг анх 1553 онд франц хэлээр хэвлэсэн.
Энэ номд Судраас иш татахдаа эхний тоогоор бүлгийг, хоёр дахь тоогоор зүйлийг илэрхийлдэг. Жишээ нь: «Сургаалт үгс 2:5» гэж байвал энэ нь «Сургаалт үгс» номын 2-р бүлэг, 5-р зүйл гэсэн үг. Судрын ишлэлийг ашиглан, Библийн эх байгаа газрыг хялбархан олж болно.
Библийг өдөр бүр унших нь түүнийг ашиглаж сурах хамгийн сайн арга юм. Эхлээд энэ нь танд хүч хүрмээргүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ, их багаас нь хамаараад өдөр бүр гурваас таван бүлэг уншаад байвал та Библийг жилийн дотор уншиж дуусгана. Өнөөдрөөс эхэлж болохгүй нь юу билээ?
[19-р хуудасны хавсралт]
БИБЛИ БОЛ ХОСГҮЙ НОМ
• Библи бол «Бурхны онгод оруулан бичүүлсэн үг» (2 Тимот 3:16, ШГ). Хэдийгээр, хүмүүс Библийг бичсэн ч тэдний бодол санааг Бурхан удирдаж байсан учраас Библи нь үнэхээр «Бурхны үг» юм (1 Тесалоник 2:13).
• Янз бүрийн гаралтай 40 орчим эрэгтэй хүн 16 зууны турш Библийг бичжээ. Хэдий тийм боловч, түүний бүх зүйл нь эхнээсээ аваад эцсээ хүртэл зохицдог.
• Библи өөр ямар ч номд тохиолдож байгаагүй дайралтыг тэсвэрлэн давсан. Дундад зууны үед хүмүүсийг Ариун Судартай байсных нь төлөө түүдэг галд шатааж байлаа.
• Библи бол дэлхийд хамгийн их тархсан ном юм. Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 2 000 гаруй хэлээр орчуулжээ. Библи олон тэрбум хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийд түүний хүрээгүй газрыг олоход бэрх.
• Библийн хамгийн эхний хэсэг нь МЭӨ XVI зуунд бичигджээ. Түүнээс хойш олон жилийн дараа хинди шашны «Ригведа» ном (ойролцоогоор МЭӨ 1300 он), буддын шашны «Гурван сагсны жаяг» ном (МЭӨ V зуун), лалын шашны «Коран» ном (МЭ VII зуун) болон шинто шашны «Нихоншоки» ном (МЭ 720 он) бий болжээ.
[20-р хуудасны зураг]