Skip to content

Гарчиг руу орох

Бурхны хаанчлал захирч байна

Бурхны хаанчлал захирч байна

Бүлэг 10

Бурхны хаанчлал захирч байна

1, 2. Хүний засаглал хүн төрөлхтний бэрхшээлийг шийдвэрлэх чадваргүй нь юунаас харагддаг вэ?

 ТА ЯМАР нэгэн багаж хэрэгсэл худалдан аваад ашиглаж байтал мөнөөх тань ажиллахаа больжээ гэж бодъё. Та засварчин дуудаж засуулах нь магад. Гэтэл засуулсны дараа тун удалгүй дахиад ажиллахаа болив. Ямар урамгүй юм бэ!

2 Дээрх жишээ хүний засаглалыг эрхгүй санагдуулах аж. Хүн төрөлхтөн найдвартай аз жаргал, бат бэх энх тайвныг хангадаг засгийн газартай байхыг цаг үргэлж хүсэж байлаа. Харамсалтай нь нийгмийн доголдлыг «засах» гэсэн хүчин чармайлт бүхэн талаар болсон. Энх тайвны гэрээ хэлэлцээр олныг байгуулдаг ч дараа нь тасардаг. Түүнээс гадна ядуурал, шударга бус байдал, гэмт хэрэг, өвчин эмгэг болон байгалийн сүйрлийг үндсээр нь устгаж чадсан засгийн газар байна уу? Хүний засаглал үүнийг хийх чадваргүй билээ. Тэр бүү хэл Израилийн мэргэн ухаант хаан Соломон: «Хүмүүн өөрийнхөө замыг хэрхэн мэдэж чадах билээ?» хэмээн асуужээ (Сургаалт үгс 20:24).

3. а) Есүс юун тухай ярьдаг байсан бэ? б) Зарим хүн «Бурхны Хаанчлалыг» хэрхэн ойлгодог вэ?

3 Гэхдээ цөхрөх хэрэггүй! Дэлхийн тогтвортой, бат бэх засгийн газар бий болно гэдэг нь зөвхөн мөрөөдөл төдий бус ажээ. Тэр талаар Есүс ярьдаг байсан. Есүс тэр засгийн газрыг «Бурхны хаанчлал» гэж нэрлэж байсан бөгөөд түүний төлөө залбирч байхыг дагалдагчдадаа заадаг байлаа (Лук 11:2; 21:31). Зарим шашныхан хааяа Бурхны Хаанчлалыг дурсдаг нь мэдээж. Үнэндээ сая сая хүн христийн шашныхны дунд алдартай «Эзний залбирлыг» (тэрчлэн «Эцэг минь» буюу залбирлын загвар гэдэг) давтахдаа түүний талаар өдөр бүр залбирдаг. Гэвч, «„Бурхны Хаанчлал“ гэж юу вэ?» гэж асуухад энэ хүмүүс янз бүрээр хариулдаг. Зарим нь: «Бидний зүрх сэтгэлд байна» гэдэг. Нөгөө зарим нь: «Хаанчлал бол тэнгэр» гэж үздэг. Харин үүнд Библи тун тодорхой хариу өгдгийг бид үзэх болно.

ТУСГАЙ ЗАСГИЙН ГАЗАР

4, 5. Ехова засаглалаа ямар учраас тусгай аргаар явуулахаар шийдсэн бэ? Энэ нь юунд хүргэх вэ?

4 Ехова Бурхан бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Хаан мөн. Тэрбээр бүхнийг Бүтээгчийн хувьд энэхүү өндөр байр суурийг зүй ёсоор эзэлдэг (Шастирын дээд 29:11; Дуулал 103:19; Үйлс 4:24). Гэхдээ Есүсийн ярьж байсан тэр Хаанчлал бол Бурхны дээд эрх мэдлийн хувьд туслах үүрэг гүйцэтгэх юм. Энэхүү Мессиагийн Хаанчлал нь тусгай зориулалттай. Энэ нь юу вэ?

5 Энэ номын 6-р бүлэгт анхны хүмүүн хос Бурхны засаглалын эсрэг боссон тухай тайлбарласан байдаг. Маргаантай асуудлууд гарч ирснээс үүдэн Ехова засаглалаа тусгай аргаар явуулахаар шийдсэн. Бурхан, «могой» буюу Сатаныг устгаж, хүн төрөлхтөнд удамшин дамжсан нүглийн үр дагаврыг арилгах «үр» (ШЕ) бий болгох санаа зорилгоо зарлан тунхагласан. Гол «үр» нь Есүс Христ бөгөөд «Бурхны хаанчлал» бол Сатаныг бүрмөсөн устгах багаж зэвсэг юм. Энэхүү засгийн газрын тусламжтайгаар Есүс Христ дэлхий даяар Еховагийн засаглалыг сэргээж, Бурхны хууль ёсны эрх мэдлийг үүрд зөвтгөх болно (Эхлэл 3:15; Дуулал 2:2—9).

6, 7. а) Хаанчлал хаана байдаг вэ? Хаан нь хэн бэ? Хам захирагчид нь хэн бэ? б) Хаанчлалын харьяат албатууд нь хэн бэ?

6 Библийн зарим орчуулгад фарисайчуудад хандан хэлсэн Есүсийн үгийг «Бурхны хаанчлал та нарын дотор байна» гэж орчуулсан байдаг (Лук 17:21, «King James Version»). Тэгвэл Есүс Бурхны Хаанчлалыг бузар булай тэдгээр хүмүүсийн хорон муухай сэтгэл зүрхэнд нь байдаг гэж хэлсэн хэрэг үү? Үгүй. Грек эх бичигтэй дүйдэг нарийн зөв орчуулгад: «Бурхны хаанчлал нь та нарын дунд байна» («Ариун Библи», МБОХ, 2000) гэж байдаг. Есүс тэдний дунд байсан тул ирээдүйн Хааны хувьд өөрийгөө тийн хэлжээ. Бурхны Хаанчлал бол хүний зүрх сэтгэлдээ дүрслэн байдаг хоосон зүйл бус, харин захирагч хийгээд харьяат албаттай, үйл ажиллагаа явуулж, бодитойгоор оршин байдаг засгийн газар юм. Энэ бол тэнгэрийн засгийн газар болой. Тийм учраас түүнийг «тэнгэрийн хаанчлал» буюу «Бурхны хаанчлал» гэж нэрлэдэг (Матай 13:11; Лук 8:10). Зөнч Даниелын үзэгдэлд энэхүү засгийн газрын Тэргүүн нь «Хүний Хүү шиг Нэгэн» байсан ба тэр Захирагч Төгс хүчит Бурхны өмнө тавигдсан байх бөгөөд «эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал... бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэхээр» өгөгдсөн байжээ (Даниел 7:13, 14). Тэр Хаан хэн бэ? Библид Есүс Христийг «Хүний Хүү» гэсэн байдаг (Матай 12:40; Лук 17:26). Тийм ээ, Ехова өөрийн Хүү Есүс Христийг Хаанаар томилсон.

7 Есүс ганцаараа захирахгүй ээ. «Дэлхийгээс худалдаж авагдсан» 144 000 хүн түүнтэй хамт хаад ба тахилчид болох юм (Илчлэлт 5:9, 10; 14:1, 3; Лук 22:28—30). Бурхны Хаанчлалын харьяат албатууд нь Христийн эрх мэдэлд дуулгавартайгаар захирагдах дэлхийн бүх хүн төрөлхтөн байх болно (Дуулал 72:7, 8). Гагцхүү, Хаанчлал Бурхны дээд эрх мэдлийг зөвтгөж, дэлхий дээр диваажингийн нөхцөлийг дахин сэргээнэ гэдэгт итгэхийн учир юу вэ?

БУРХНЫ ХААНЧЛАЛ БОДИТОЙГООР ОРШИН БАЙДАГ

8, 9. а) Хаанчлалын талаар Бурхны амласан амлалтын найдвартайг ямар жишээгээр харуулж болох вэ? б) Хаанчлал бодитойгоор оршин буйд бид юуны учир итгэлтэй байж болох вэ?

8 Танай гэр шатчихжээ гээд төсөөлөөд үзье. Гэтэл чадал боломжтой анд нөхөр тань шинэ гэр барьж, гэр орныхныгоо хоол хүнсээр хангахад тань туслахаа амлажээ. Хэрэв тэр ер худал хэлдэггүй байсан бол та энэ удаад түүнд итгэх уу? Маргааш өдөр нь таныг ажлаасаа ирэхэд ажилчид түймрийн нурам, нурангийг цэвэрлээд эхэлчихсэн, гэрийнхэн тань хоол хүнстэйгээ залгачихсан байна гээд бодъё. Энэ нь, яваандаа бүх юм дахин сэргээгдэх төдийгүй урьдахаасаа ч сайн болно гэдэгт итгэх итгэлийг тань бататгах нь мэдээж.

9 Үүнтэй адил, Ехова бидэнд Хаанчлал бодитойгоор оршин байдгийн баталгааг өгдөг. «Еврей» номд тайлбарласнаар Мосегийн хуулийн олон зүйл Хаанчлалын бүтцийн үлгэр загвар буюу «сүүдэр нь» байсан (Еврей 10:1). Тэрчлэн Бурхны Хаанчлалын үлгэр загвар нь Израилийн хаант улс байсан юм. Хаад нь «Еховагийн сэнтийд» (ШЕ) залран суудаг байсан болохоор Израилийн хаант улс нь жирийн улс байгаагүй (Шастирын дээд 29:23). Түүнээс гадна: «Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно» гэж зөгнөсөн буй (Эхлэл 49:10) a. Тийм ээ, Бурхны засгийн газрын үл өөрчлөгдөх Хаан Есүс Иудагийн удмаас гарах ёстой байсан юм (Лук 1:32, 33).

10. а) Бурхны Мессиагийн Хаанчлалын суурь хэзээ тавигдсан бэ? б) Есүсийн ирээдүйн хам захирагчид дэлхий дахины ямар чухал ажлыг манлайлах ёстой вэ?

10 Есүс элч нараа сонгосноороо Бурхны Мессиагийн Хаанчлалын суурийг тавьсан (Ефес 2:19, 20; Илчлэлт 21:14). Тэд бол тэнгэрээс Есүс Христтэй хамт захирах 144 000 хааны эхнийх нь байсан юм. Есүсийн ирээдүйн хам захирагчид дэлхий дээр байх хугацаандаа: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ» гэсэн түүний тушаалыг сахин, өргөн цар хүрээтэй гэрчлэх ажлыг манлайлах ёстой (Матай 28:19).

11. Өнөөдөр Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэх ажил хэрхэн явагдаж, ямар үр дүнд хүрч байна вэ?

11 Бүх үндэстнийг Есүсийн дагалдагч болгох тухай тушаал өнөөдөр урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй биелж байна. «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн Есүсийн зөгнөл ёсоор Еховагийн Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглаж байна (Матай 24:14). Энэ ажлын нэг хэсэг бол өргөн олныг хамарсан сургалтын хөтөлбөр юм. Бурхны Хаанчлалын хууль, зарчимд захирагддаг хүмүүс хүний засгийн газруудын бий болгож үл чаддаг тэр энх тайван, эв нэгдлийг аль хэдийн эдэлдэг болсон. Энэ бүхэн бол Бурхны Хаанчлал бодитойгоор оршин буйг нотлон харуулж байна!

12. а) Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэгч хүмүүсийг «Еховагийн Гэрчүүд» гэж нэрлэх нь яагаад зөв бэ? б) Бурхны Хаанчлал хүний засгийн газраас юугаараа ялгаатай вэ?

12 Ехова израильчуудад: «Та нар бол Миний гэрч нар... Миний зарц нар... Би та нарыг сонгосон» гэж хэлсэн (Исаиа 43:10—12). «Итгэмжит гэрч» Есүс, Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхийлэн тунхагладаг байсан (Илчлэлт 1:5; Матай 4:17). Чухам тийм учраас Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэгч орчин үеийн хүмүүс Бурхны өгсөн «Еховагийн Гэрчүүд» гэдэг нэртэй болсон юм. Харин Еховагийн Гэрчүүд юуны учир Бурхны Хаанчлалын тухай хүмүүстэй ярилцан төчнөөн их цаг, хүч зарцуулдаг юм бол оо? Үүний учир гэвэл Хаанчлал нь хүн төрөлхтний цорын ганц найдвар юм. Хүний засгийн газар эрт орой хэзээ боловч огцордог бол харин Бурхны Хаанчлалд төгсгөл хэзээ ч ирэхгүй. Исаиа 9:6, 7-д энэхүү засгийн газрын Тэргүүн Есүсийг «Энхийн Жонон» гэж нэрлэснээс гадна «Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» гэсэн байдаг. Бурхны Хаанчлал бол өнөөдөр байснаа маргааш нь оршин байхаа больчихдог хүний засгийн газартай огт адилгүй. Даниел 2:44-т: «Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр... өөрөө мөнхөд байх юм» гэж бичжээ.

13. а) Бурхны Хаанчлал ямар ямар бэрхшээлийг амжилттай шийдвэрлэх вэ? б) Бурхны амласан амлалт биелнэ гэдэгт ямар учраас итгэлтэй байж болох вэ?

13 Хүний удирдагчдаас хэн нэг нь дайн, гэмт хэрэг, өвчин эмгэг хийгээд өлсгөлөнг устгаж, хүмүүсийн орон сууцны асуудлыг шийдэж чадах уу? Түүнээс гадна дэлхийн удирдагчдаас хэн үхэгсдийг дахин амилуулж чадах вэ? Энэ бүхнийг Бурхны Хаанчлал болон түүний Хаан хийж чадна. Тэр Хаанчлал бол амархан гэмтэж, байнга засвар шаардагддаг багаж хэрэгсэл шиг дутуу дулимаг зүйл биш, харин ч «Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй» хэмээн Еховагийн амласнаар дээр дурдсан бэрхшээлүүдийг амжилттай шийдэх болно (Исаиа 55:11). Бурхны санаа зорилго талаар болохгүй ээ. Харин Есүс засаглалаа хэзээ эхлэх вэ?

ЕСҮС ЗАСАГЛАЛАА ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

14. Есүсийн шавь нар Хаанчлалын талаар юу ойлгохгүй байсан бэ? Есүс өөрийнхөө засаглалын талаар юу мэдэж байсан бэ?

14 «Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү?». Есүсийн шавь нарын тавьсан энэ асуулт нь Бурхны Хаанчлалын зорилго хийгээд түүнийг засаглалаа хэзээ эхлэхийг тэд мэдэхгүй байсныг гэрчилнэ. Тэднийг энэ асуудлаар таамаг бодолд автахаас сэргийлж, Есүс: «Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш» гэж хэлсэн. Дэлхийг захирах засаглал нь дахин амилж, тэнгэрт буцаж очсоноос нь хойш олон жилийн дараа эхэлнэ гэдгийг Есүс мэдэж байлаа (Үйлс 1:6—11; Лук 19:11, 12, 15). Ариун Сударт тийн зөгнөжээ. Яаж?

15. Есүсийн засаглал эхлэх талаар Дуулал 110:1-д юу гэж бичсэн байдаг вэ?

15 Хаан Давид Есүсийг «Эзэн» хэмээн нэрлэн, түүний тухай зөгнөн хэлэхдээ: «Эзэн [«Ехова», ШЕ] миний Эзэнд: „Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу“ гэдэг» гэжээ (Дуулал 110:1; Үйлс 2:34—36-тай харьцуулна уу). Есүс тэнгэрт гарангуутаа шууд захирч эхлээгүй гэдгийг энэ зөгнөл харуулдаг. Тэрбээр Бурхны баруун гар талд нь суун хүлээх ёстой байлаа (Еврей 10:12, 13). Хир удаан хүлээсэн бэ? Засаглал нь хэзээ эхэлсэн бэ? Эдгээр асуултад хариу авахад Библи тусалдаг.

16. МЭӨ 607 онд юу болсон бэ? Энэ нь Бурхны Хаанчлалд ямар хамаатай вэ?

16 Дэлхий дахинд Еховагийн нэртэй холбоотой цорын ганц хот бол Иерусалим билээ (Хаадын дээд 11:36). Тэрчлэн Иерусалим бол Бурхны тэнгэрийн Хаанчлалын үлгэр загвар болсон Еховагийн дэлхийн хаант улсын нийслэл байсан юм. Тийм учраас МЭӨ 607 онд вавилончууд Иерусалимыг устгасан нь маш чухал үйл явдал болсон. Уг үйл явдлаас эхлэн Бурхан өөрийн ард түмнийг шууд захирахаа удаан хугацаагаар завсарласан. Есүс, ойролцоогоор зургаан зууны дараа Бурхны засаглалын завсарласан энэ үе дуусаагүй байсан гэдгийг илэрхийлэн: «Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно» гэж хэлсэн (Лук 21:24).

17. а) «Харь үндэстний цаг» гэж юу вэ? Энэ нь хир удаан үргэлжилсэн бэ? б) «Харь үндэстний цаг» хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ?

17 «Харь үндэстний цагийн» туршид Бурхны таалдаг засаглалыг түр зогсоохыг энэ ертөнцийн засгийн газруудад Ехова зөвшөөрсөн. Энэ үе нь Иерусалимыг устгасан МЭӨ 607 оноос эхэлсэн бөгөөд «долоон үе» үргэлжилнэ гэж Даниел хэлсэн (Даниел 4:23—25). Энэ нь хир удаан үргэлжилсэн бэ? Гурав хагас «үе» нь 1 260 хоногтой тэнцүү гэж Библид бичсэн байдаг (Илчлэлт 12:6, 14). Тийм хоёр үе буюу «долоон үе» нь 2 520 хоногтой тэнцүү болно. Гэтэл цаг хугацааны тийм богинохон агшинд ямар ч онцгой үйл явдал болоогүй билээ. Гэхдээ Даниелын зөгнөлд «хоногийг жилээр» (ШЕ) тооцох зарчмыг хэрэглэж болно. Тэгвэл МЭӨ 607 оноос эхлэн 2 520 жилийг тооцвол бид МЭ 1914 онд хүрч ирнэ (Тооллого 14:34; Езекиел 4:6).

18. Хааны эрх мэдлээ авангуутаа Есүс ямар арга хэмжээ авсан бэ? Энэ нь дэлхийд яаж туссан бэ?

18 Тэр жил Есүс засаглалаа эхэлсэн болов уу? Дараагийн бүлэгт үүнийг нотлох, Библид үндэслэсэн нэмэлт нотолгоонуудыг авч үзнэ. Есүсийн засаглал эхэлсэн тэр даруйд дэлхийд энх амгалан байдал тогтоогүй нь ойлгомжтой. Есүс хааны эрх мэдлээ авангуутаа Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс доош хаясан тухай Илчлэлт 12:7—12-т бичсэн буй. Энэ нь дэлхийд уй гашуу авчирсан хэдий ч Диаволд «богинохон хугацаа» үлдсэн нь тайвшрах үндэс болдог. Бид зөвхөн Бурхны Хаанчлал захирч байгаад төдийгүй энэ Хаанчлал дэлхийд болон дуулгавартай хүн төрөлхтөнд удахгүй гайхамшигтай ивээл хишиг авчрах учраас баяр хөөртэй байдаг юм (Дуулал 72:7, 8). Энэ нь удахгүй болно гэдгийг бид хаанаас мэдэж болох вэ?

[Зүүлт]

a «Шило» гэдэг энэ нэр нь «Тэр ийм юмтай; энэ бол Түүнийх» гэсэн утгатай ажээ. Яваандаа «Шило» нь «Иудагийн овгийн Арслан», Есүс Христ болох нь тодорхой болсон (Илчлэлт 5:5). Арамей хэлээр орчуулсан зарим орчуулгад «Шило»-г «Мессиа» буюу «Хаан Мессиа» гэдэг үгээр сольсон байдаг.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

«Бурхны Хаанчлал» гэж юу вэ? Хаанаас захирах вэ?

Хаанчлалын захирагчид нь хэн байх вэ? Түүний харьяат албатууд хэн байх вэ?

Хаанчлал нь бодитойгоор оршин байдгийн баталгааг Ехова бидэнд хэрхэн өгдөг вэ?

«Харь үндэстний цаг» хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ?

[Догол мөрийн асуулт]

[94-р хуудасны хавсралт]

БУРХНЫ ХААНЧЛАЛД ХАМААРАХ ЗАРИМ ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ

• «Могой» буюу Сатан Диаволын толгойг няцлах «үрийг» (ШЕ) бий болгох санаа зорилгоо Ехова зарлан тунхагласан (Эхлэл 3:15).

• Тэр «үр» Абрахамын удмын хүн байх болно гэдгийг Ехова МЭӨ 1943 онд хэлсэн (Эхлэл 12:1—3, 7; 22:18).

• МЭӨ 1513 онд Израильтай тогтоосон Хуулийн гэрээ «ирэх сайн юмсын... сүүдэр нь» болсон (Египетээс гарсан нь 24:6—8; Еврей 10:1).

• Израилийн хаант улс МЭӨ 1117 онд тогтсон ба хожим түүнийг Давидын удмын хаад захирах болсон (1 Самуел 11:15; 2 Самуел 7:8, 16).

• МЭӨ 607 онд Иерусалимыг устгаснаар «харь үндэстний цаг» эхэлсэн (Хаадын дэд 25:8—10, 25, 26; Лук 21:24).

• МЭ 29 онд Есүс Хаанчлалын Хаанаар томилогдож, дэлхий дээрх үйл ажиллагаагаа эхэлсэн (Матай 3:16, 17; 4:17; 21:9—11).

• МЭ 33 онд Есүс тэнгэрт буцан очиж, Бурхны баруунтайд суун, өөрийнхөө засаглалын эхлэх цагийг хүлээсэн (Үйлс 5:30, 31; Еврей 10:12, 13).

• Есүс «харь үндэстний цагийн» төгсгөлөөр буюу МЭ 1914 онд тэнгэрийн Хаанчлалын хаан сэнтийдээ заларсан (Илчлэлт 11:15).

• Сатан болон чөтгөрүүд дэлхийн орчимд доош хаягдсан. Тэр цагаас эхлэн хүн төрөлхтний зовлон зүдүүр улам өсөн нэмэгдэж байна (Илчлэлт 12:9—12).

• Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглах дэлхий дахины ажлыг Есүс удирдаж байна (Матай 24:14; 28:19, 20).