Есүс христ бол Бурхны тухай мэдлэгийн түлхүүр мөн
Бүлэг 4
Есүс христ бол Бурхны тухай мэдлэгийн түлхүүр мөн
1, 2. Дэлхийн шашнууд Бурхны тухай мэдлэгийн түлхүүрийг хэрхэн эвдэн бусниулдаг вэ?
ТА ГЭРИЙНХЭЭ үүдэнд түлхүүр цоожтойгоо ноцолдон, мунгинан зогсоно. Гадаа хүйтэн, харанхуйг хэлэх үү, түргэхэн л дотогшоо ормоор байдаг. Гэтэл, хаалгаа онгойлгож чаддаггүй. Зөв л түлхүүр авсан баймаар юм, гэтэл хаалга онгойдоггүй. Ямар хясаантай юм бэ! Та дахиад л түлхүүрүүдээ үзэв. Зөв түлхүүрээр түлхсэн байгаа? Түлхүүрийг хэн нэг нь гэмтээсэн юм болов уу?
2 Энэ жишээ бол Бурхны тухай мэдлэгийн талаарх өнөөгийн дэлхийн шашнуудын холион бантанг илэрхийлэх тод томруун дүр зураг юм. Үнэндээ, ихэнх нь Есүс Христийн үүргийг буруу ойлгон, тэрхүү мэдлэгийг нээгч түлхүүрийг эвдэн бусниулжээ. Зарим шашин Есүсийг үл тоомсорлон, тэр түлхүүрийг хэрэгсэхгүй орхидог. Нөгөө нэг хэсэг нь Есүсийн үүргийг гуйвуулан гажуудуулж, түүнийг Төгс хүчит Бурхан хэмээн шүтдэг. Ямар нь ч байлаа гэсэн Есүс Христ гэдэг маань чухам хэн бэ гэдгийг зүй ёсоор нь мэдэхгүй юм бол Бурхны тухай мэдлэг бидний хувьд хаалттай хэвээрээ байх болно.
3. Есүсийг ямар учраас Бурхны тухай мэдлэгийн түлхүүр гэж хэлж болох вэ?
3 «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн Есүсийн үгийг та санаж байгаа байх (Иохан 17:3). Есүс гайхуулах гэсэндээ үүнийг хэлээгүй. Христийг нарийн зөв (ШЕ) мэдэхийн чухлыг Библид нэг биш удаа тэмдэглэсэн байдаг (Ефес 4:13; Колоссай 2:2; 2 Петр 1:8; 2:20). «Бурхны үгийг дамжуулагч нар ч бүгд Есүсийн тухай гэрчилдэг» гэж элч Петр тэмдэглэсэн (Үйлс 10:43, ШГ). «Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» гэж элч Паул бичжээ (Колоссай 2:3). Түүнээс гадна, Ехова Есүсээр дамжуулан бүх амлалтаа биелүүлнэ гэж Паул хэлсэн (2 Коринт 1:20). Тийм болохоор, Есүс Христ бол Бурхны тухай мэдлэгийн жинхэнэ түлхүүр юм. Есүсийн тухай бидний мэдлэг Бурхны санаа зорилго дахь түүний үүргийн хувьд ч, өөрийнх нь мөн чанарын хувьд ч өчүүхэн төдий ч гажих ёсгүй. Харин, Есүсийн дагалдагчид ямар учраас түүнийг Бурхны санаа зорилгыг биелүүлэхэд гол үүрэгтэй гэж үздэг юм бол оо?
БУРХНЫ АМЛАСАН МЕССИА
4, 5. Мессиад ямар найдвар тавигдсан бэ? Есүсийг шавь нар нь хэн гэж үзсэн бэ?
4 Итгэмжит эр Абелийн үеэс эхлэн Бурханд үйлчлэгч хүмүүс Ехова Бурхны өөрийнх нь зөгнөн хэлсэн «үрийг» (ШЕ) тэсэж ядан хүлээж байлаа (Эхлэл 3:15; 4:1—8; Еврей 11:4). «Үр» бол санаа зорилгод нь Мессиа буюу «Тослогдсон Нэгний» үүрэг гүйцэтгэх болно гэдгийг Бурхан илэрхийлэн хэлсэн. Тэрбээр «нүглийг төгсгөх» бөгөөд түүний Хаанчлалын сүр жавхлангийн тухай «Дуулал» номд урьдчилан хэлжээ (Даниел 9:24—26; Дуулал 72:1—20). Тэр Мессиа нь хэн байв аа?
5 Назарын Есүсийн үгийг сонсоод еврей залуу Андрейн сэтгэл хэрхэн хөдөлснийг төсөөлөөд үз дээ. Андрей, ах Симон Петр дээрээ хар хурдаараа гүйн ирж: «Бид Мессиаг (грекээр Христийг) оллоо» гэж хэлжээ (Иохан 1:41). Есүсийн шавь нар түүнийг Бурхны амласан Мессиа мөн гэдэгт итгэл төгс байсан юм (Матай 16:16). Жинхэнэ христианууд Есүс бол Библид зөгнөгдсөн Мессиа буюу Христ гэж итгэсэн итгэлийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байв. Тэдэнд тийн итгэх ямар үндэс байсан бэ? Есүс бол Мессиа мөн гэдгийг нотлох гурван баримтыг авч үзье.
ЕСҮС БОЛ МЕССИА МӨН ГЭДГИЙГ НОТЛОХ БАРИМТУУД
6. а) Амласан Үрийн удам угсаа ямар байх ёстой байсан бэ? Есүс чухам тэр удмаас төрсөн гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) МЭ 70 оноос хойш өөрийгөө Мессиа гэж нэг ч хүн баталж чаддаггүйн учир юу вэ?
6 Есүсийн угийн бичиг бол түүнийг Мессиа гэдгийг нотлох эхний баримт мөн. Амласан Үр өөрийн чинь үр удмаас төрнө гэж үйлчлэгч Абрахамдаа Ехова хэлжээ. Үүнтэй төстэй амлалтыг Абрахамын хүү Исаак, Исаакийн хүү Иаков, мөн тэрчлэн Иаковын хүү Иуда нар авч байв (Эхлэл 22:18; 26:2—5; 28:12—15; 49:10). Олон зуун жилийн дараа Мессиагийн тэрхүү угийн бичиг нь Мессиа өөрийнх нь удмаас гарах ёстой гэж хэл авсан байсан Давид хаан дээр хөтлөн авчирсан (Дуулал 132:11; Исаиа 11:1, 10). «Матай» болон «Лук» номд мэдэгдсэнээр Есүс чухамдаа тэднийхний удмаас төрсөн гэдэг нь батлагддаг (Матай 1:1—16; Лук 3:23—38). Хэдийгээр, Есүст олон дайсан байсан боловч тэдний нэг нь ч түүний түмэнд илэрхий угийн бичгийн талаар маргаагүй юм (Матай 21:9, 15). Тэгэхлээр, түүний угийн бичгийн тухайд ямар ч эргэлзээ байхгүй гэсэн үг. Харин, МЭ 70 онд ромчууд Иерусалимыг эзлэн авах үеэр еврейчүүдийн угийн бичиг устгагджээ. Тэр цагаас хойш нэг ч хүн өөрийгөө Бурхны амласан Мессиа гэж мэтгэх боломжгүй болсон юм.
7. а) Есүсийг Мессиа мөн гэдгийг нотлох хоёр дахь баримт юу вэ? б) Мика 5:2-т бичигдсэн зөгнөл Есүсийн тухайд хэрхэн биелсэн бэ?
7 Биелсэн зөгнөлүүд бол дараагийн баримт мөн. Еврей Сударт бичигдсэн зөгнөлүүд Мессиагийн амьдралын маш олон талын онцлогийг тусгасан байдаг. Энэ агуу их удирдагч Бетлехем гэдэг жижиг хотод төрнө гэж МЭӨ VIII зуунд зөнч Мика урьдчилан хэлжээ. Израильд хоёр Бетлехем байсан учраас зөгнөлд Давид хааны төрсөн Бетлехем Ефрата гэж тодорхой заасан байдаг (Мика 5:2). Есүсийн эцэг эх Иосеф Мариа хоёр Бетлехемээс хойш ойролцоогоор 150 километр зайтай байдаг Назар хотод суудаг байв. Мариаг хөл хүнд байх үед Ромын эзэн хаан Цезарь Август бүх хүнийг уг гарлынхаа хотод байж хүн амын тооллогод бүртгүүлэх тухай зарлиг гаргасан байна a. Тийм учраас, Иосеф жирэмсэн эхнэрээ аваад Бетлехем уруу явах шаардлагатай болжээ. Есүс тэнд төрсөн билээ (Лук 2:1—7).
8. а) 69 «долоон хоног» хэзээ, ямар үйл явдлаар эхэлсэн бэ? б) 69 «долоон хоног» хэр удаан үргэлжилсэн ба төгсгөлд нь юу болсон бэ?
8 Иерусалимыг сэргээн босгох зарлиг гарснаас хойш 69 «долоон хоногийн» дараа «Жонон Мессиа» ирэх болно гэж зөнч Даниел МЭӨ VI зууны үед урьдчилан хэлжээ (Даниел 9:24, 25). Нэг «долоон хоног» болгон нь долоон жилтэй тэнцүү байлаа b. Библийн болон дэлхийн түүхээс үзвэл Иерусалимыг сэргээн босгох тухай зарлиг МЭӨ 455 онд гарчээ (Нехемиа 2:1—8). Тэгэхлээр, Мессиа МЭӨ 455 оноос хойш 483 жилийн (69×7) дараа бий болох ёстой байлаа. Энэ нь Ехова Есүсийг ариун сүнсээр тосолсон МЭ 29 онтой тохирч байгаа юм. Тийнхүү Есүс, «Христ» («Тослогдсон Нэгэн» гэсэн утгатай) буюу Мессиа болжээ (Лук 3:15, 16, 21, 22).
9. а) Дуулал 2:2 хэрхэн биелсэн бэ? б) Есүсийн тухайд өөр ямар ямар зөгнөл биелсэн бэ? (Хүснэгт үзнэ үү.)
9 Гэхдээ, Есүсийг хүн болгон Мессиа мөн гэж хүлээн зөвшөөрөөгүй нь мэдээж бөгөөд энэ тухай Еврей Сударт урьдчилан хэлсэн байдаг. Бурхны онгод оруулснаар Давид хаан Дуулал 2:2-т: «Газар дэлхийн хаад бат зогсож, удирдагчид хоорондоо зөвлөлдөж, Эзэн [«Ехова», ШЕ] ба Түүний Тослогдсон Нэгнийг эсэргүүцнэ» гэж зөгнөжээ. Энэ зөгнөл нь Еховагийн Тослогдсон Нэгэн буюу Мессиа уруу довтлохын тулд хоёроос доошгүй улс орны төр баригчид нийлж нэгдэнэ гэдгийг заасан ажээ. Тэр ёсоор болсон. Иудейн шашны удирдагчид, Херод хаан болон ромын амбан захирагч Понти Пилат нар Есүсийн үхэлд ямар нэг хэмжээгээр оролцжээ. Тэр ч бүү хэл, урьд нь хоорондоо дайсагнадаг байсан Херод Пилат хоёр тэр үйл явдлаас хойш гэнэт дотно нөхөд болцгоосон (Матай 27:1, 2; Лук 23:10—12; Үйлс 4:25—28). Есүс бол Мессиа мөн гэдгийг батлах өөр бусад баримтыг «Мессиагийн талаарх зарим гол зөгнөл» гэсэн хүснэгтээс үзнэ үү.
10. Есүс амласан Тослогдсон Нэгэн байсан гэдгийг Ехова хэрхэн гэрчилсэн бэ?
10 Ехова Бурхны гэрчлэл бол Есүсийг Мессиа гэдгийг нотлох гурав дахь баримт мөн. Есүс бол амласан Мессиа мөн гэдгийг хүмүүст мэдүүлэхээр Ехова тэнгэр элчүүдийг илгээсэн (Лук 2:10—14). Түүнээс гадна, Есүсийг дэлхийд амьдарч байх тэр үед Ехова түүнийг сайнаар таалж байгаагаа тэнгэрээс хэлж байсан (Матай 3:16, 17; 17:1—5). Ехова Бурхан, Есүсийг гайхамшиг үйлдэх чадвартай болгосон. Бурхан хууран мэхлэгчдийг хэзээ ч гайхамшиг үйлдэх чадвартай болгож байгаагүй учраас Есүсийн үйлдэж байсан гайхамшиг болгон нь түүнийг Мессиа мөн гэдгийг батлах Бурхны баталгаа байсан. Мөн тэрчлэн, Ехова ариун сүнсээ ашиглан «Евангели» бичигчдэд онгод оруулсан бөгөөд тийнхүү, түүхэнд хамгийн олон хэлээр орчуулагдаж, хамгийн их тархсан Библийн хэсэг нь Есүс бол Мессиа мөн гэдгийн баталгаа болсон юм (Иохан 4:25, 26).
11. Есүс бол Мессиа мөн гэдгийг батлах хир олон нотолгоо байдаг вэ?
11 Эдгээр нотлох баримтууд нь Есүс бол амласан Мессиа мөн байсныг батлах өдий төдий нотолгоог өөртөө багтаадаг. Тэгэхлээр, жинхэнэ христианууд түүнийг Бурхны тухай мэдлэгийн түлхүүр бөгөөд «Бурхны үгийг дамжуулагч нар ч бүгд гэрчилдэг» тэр мөн гэж үзэх бүрэн үндэстэй юм (Үйлс 10:43, ШГ). Гэвч, Есүс Христ бол Мессиа мөн гэдгийг батлах баримтуудаас гадна түүний тухай өөр их зүйлийг мэдэж болно. Жишээ нь: Тэрбээр хаанаас үүсэлтэй вэ? Тэр ямар бодгаль байсан бэ? гэх мэт.
ЕСҮСИЙН ХҮН БОЛОХЫН ӨМНӨХ ҮЕ
12, 13. а) Дэлхийд ирэхээсээ өмнө Есүс тэнгэрт амьдарч байсан гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) «Үг» гэж хэн бэ? Тэрбээр хүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ?
12 Есүсийн амьдралыг гурван үед хувааж болох юм. Эхний үе нь түүнийг дэлхийд хүн болж төрөхөөс асар олон жилийн өмнө эхэлсэн. Мика 5:2-т Мессиаг «эртнээс, мөнхийн өдрүүдээс» эхлэлтэй гэж бичжээ. Есүс өөрийгөө «дээрээс», өөрөөр хэлбэл тэнгэрээс ирсэн гэдгийг ил тод хэлж байсан (Иохан 8:23; 16:28). Тэрбээр дэлхийд бууж ирэхээсээ өмнө тэнгэрт хэр удаан амьдарсан бол оо?
13 Есүсийг Ехова өөрөө бүтээсэн учраас түүнийг Бурхны «цорын ганц Хүү» гэж хэлдэг (Иохан 3:16). Дараа нь бусад бүх юмыг бүтээхдээ Ехова «бүх бүтээлийн нь Ууган нь» болсон Есүсийг ашигласан (Колоссай 1:15; Илчлэлт 3:14). «Эхэнд... Үг [хүн болохын өмнөх үеийн Есүс] Бурхантай хамт байсан» гэж Иохан 1:1-д бичсэн байдаг. Тэгэхлээр, «тэнгэр газрыг» бүтээх үед Үг Еховатай хамт байжээ. «Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээе» гэж хэлэхдээ Бурхан Үгэнд хандсан бөлгөө (Эхлэл 1:1, 26). Түүнчлэн, Үгийг Еховатай хамт бүх юмыг бүтээлцсэн Бурхны хайртай «уран дархан» хэмээн Сургаалт үгс 8:22—31-д дүрслэн бичжээ. Үг бүтээгдсэнээсээ хойш дэлхийд хүн болж төртлөө асар олон жилийг тэнгэрт Бурхантай хамт өнгөрөөсөн.
14. Есүсийг яагаад «үл үзэгдэгч Бурхны дүр» гэсэн бэ?
14 Колоссай 1:15-д Есүсийг «үл үзэгдэгч Бурхны дүр мөн» гэсэн нь гайхаад байх зүйл биш ээ! Асар олон жилийн турш нягт дотно харьцаатай байсан дуулгавартай Хүү нь Эцэг Еховатайгаа тун адилхан болсон. Энэ нь Есүс бол амь өгөгч, Бурхны тухай мэдлэгийн түлхүүр мөн гэдгийн өөр нэг шалтгаан юм. Дэлхий дээр Есүсийн хийсэн бүхэн нь Бурхан өөрөө хийсэн бол тэгж л хийхээр яг таг хийгдсэн байлаа. Тийм учраас, бид Есүсийг илүү сайн мэдсэнээрээ Бурхны тухай мэдлэгээ улам тэлж, өргөжүүлнэ (Иохан 8:28; 14:8—10). Тэгэхлээр, Есүс Христийн тухай илүү ихийг мэдэхийн амин чухал болох нь тодорхой.
ЕСҮСИЙН ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХ ҮЕИЙН АМЬДРАЛ
15. Есүс яагаад төгс хүн болж төрсөн бэ?
15 Есүсийн амьдралын хоёр дахь үе нь энд, дэлхий дээр өнгөрсөн. Бурхан өөрийнх нь амийг үнэн сүсэгтэй онгон иудей эмэгтэй Мариагийн умайд шилжүүлэхийг тэрбээр дуртайяа зөвшөөрсөн. Еховагийн хүчирхэг ариун сүнс буюу түүний үйлдэх хүч Мариаг «бүрхэж», тэрбээр жирэмслэн, төгс хүү төрүүлжээ (Лук 1:34, 35). Төгс Эх булгаас амиа авсан болохоор Есүс төгс бус байдлыг өвлөөгүй юм. Тэрбээр чинээлэг бус гэр бүлд өсөж, хүмүүжсэн бөгөөд мужаан Иосефийн өргөмөл хүү, олон хүүхэдтэй айлын ууган нь байлаа (Исаиа 7:14; Матай 1:22, 23; Марк 6:3).
16, 17. а) Есүсийг хэн гайхамшиг үйлдэх чадвартай болгосон бэ? Тэрбээр ямар ямар гайхамшиг үйлдсэн бэ? б) Есүс ямар ямар чанарыг илэрхийлж байсан бэ?
16 Есүсийг 12 настай байхад түүний Ехова Бурханд чин үнэнч гэдэг нь илэрхий болсон байв (Лук 2:41—49). Есүс өсөж, гучин нас хүрээд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хүмүүсийг маш ихээр хайрладгаа харуулсан. Бурхны ариун сүнс түүнийг гайхамшиг үйлдэх чадвартай болгоход тэрбээр өвчтэй, доголон, хэлгүй, сохор, дүлий, нойтон хамуутай хүмүүсийг ихэд өрөвдөн, эдгэрүүлж байв (Матай 8:2—4; 15:30). Есүс мянга мянган өлссөн хүнийг хооллож байв (Матай 15:35—38). Тэрбээр нөхдөө аврахын тулд далайн шуургыг намжаасан (Марк 4:37—39). Түүнээс гадна, үхсэн хүнийг хүртэл дахин амилуулж байв (Иохан 11:43, 44). Эдгээр гайхамшиг бол үнэн магадтай түүхэн баримт юм. Тэр ч байтугай, Есүсийн дайснууд нь хүртэл түүний «олон гайхамшиг үзүүлж» (ШГ) байгааг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг байсан (Иохан 11:47, 48).
17 Есүс хүмүүст Бурхны Хаанчлалын тухай сурган бүх л улс орноороо аялсан (Матай 4:17). Мөн хатан тэвчээр, хэрсүү ухааны гайхамшигтай жишээг үзүүлсэн. Тэр ч байтугай, шавь нар нь бүтэлгүйтэхэд тэднийг өрөвдөн: «Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой» гэж хэлжээ (Марк 14:37, 38). Гэхдээ өмгөөлж хамгаалах хүнгүй хүмүүсийг дарлагчид болон үнэнийг үл тоомсорлогсодтой хайр найргүй, эрэлхэг зоригтойгоор тэмцэж байв (Матай 23:27—33). Юуны өмнө, Есүс Эцгийнхээ хайрын жишээг төгс төгөлдөр дуурайжээ. Тэр ч байтугай, төгс бус хүмүүсийг ирээдүйдээ найддаг болгохын төлөө амиа өгөхөд ч бэлэн байв. Тийм учраас, Есүсийг Бурхны тухай мэдлэгийн түлхүүр гэж үзэх бүрэн үндэс бидэнд байгаа юм! Тийм ээ, тэр бол амьд түлхүүр мөн! Харин, бид яагаад амьд түлхүүр гэдэг вэ? Энэ асуултад хариулахын тулд түүний амьдралын гурав дахь үеийг авч үзье.
ЕСҮС ӨНӨӨДӨР
18. Есүс Христийг өнөөдөр хэрхэн төсөөлөх ёстой вэ?
18 Хэдийгээр, Библид Есүсийн үхлийн тухай бичсэн байдаг ч гэсэн тэрбээр өнөөдөр амьд бөлгөө! Үнэндээ, МЭ I зуунд амьдарч байсан олон зуун хүн түүний дахин амилсны гэрч болсон (1 Коринт 15:3—8). Зөгнөлд бичсэнээр, дахин амилсныхаа дараа тэрбээр Эцгийнхээ баруун гар талд суун, Бурхан түүнд тэнгэрийн хааны эрх мэдэл өгөх хүртэл хүлээжээ (Дуулал 110:1; Еврей 10:12, 13). Тэгвэл өнөөдөр Есүсийг бид хэрхэн төсөөлөх ёстой болж байна? Түүнийг тэжээлийн ойм дотор хэвтэж байгаа арчаагүй бяцхан хүүхэд ч юм уу, эсвэл амь нь тасардгийн даваан дээр тарчлан байгаа хүн шигээр төсөөлөх ёстой болж байна уу? Хаанаас даа. Тэр бол захирч байгаа хүчирхэг Хаан билээ! Тэрбээр удахгүй зовлонт дэлхийг маань захирна.
19. Ойрын ирээдүйд Есүс ямар арга хэмжээ авах вэ?
19 Илчлэлт 19:11—15-д Есүс Христийг, муу хүмүүсийг устгахаар хүрч ирэх агуу хүчирхэг Хаан хэмээн тод томруун дүрсэлсэн байдаг. Өнөөдөр сая сая хүнийг шаналган байгаа зовлон зүдүүрийг эцэс болгох гэж тэнгэрийн энэхүү Захирагч тэсэж ядан байгаа! Мөн тэрчлэн дэлхий дээр байхдаа үлгэрлэн үзүүлсэн төгс төгөлдөр жишээг нь дуурайхыг чармайсан хэнд ч болов туслахыг хичээдэг (1 Петр 2:21). Тэрбээр тийм хүмүүсийг Бурхны тэнгэрийн Хаанчлалын дэлхий дээрх харьяат албат нь болгон мөнх амьдруулахын тулд асар хурдтайгаар ойртож байгаа «Хармагедон» гэж нэрлэгдэх «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайнаас» авран хамгаалах хүсэлтэй (Илчлэлт 7:9, 14; 16:14, 16).
20. Мянган жилийн засаглалынхаа үед Есүс хүн төрөлхтний тусын тулд юу хийх вэ?
20 Библид урьдчилан хэлэгдсэн мянган жилийн энх амгалан засаглалынхаа үед Есүс бүх хүн төрөлхтний тусын тулд олон гайхамшгийг үйлдэх болно (Исаиа 9:6, 7; 11:1—10; Илчлэлт 20:6). Есүс бүх өвчнийг эдгээж, үхлийг устгана. Тэрбээр олон тэрбум үхэгсдийг дахин амилуулах ба тэд дэлхий дээр мөнх амьдрах боломжтой болох юм (Иохан 5:28, 29). Дараагийн нэгэн бүлгээс Мессиагийн Хаанчлалын тухай илүү их зүйлийг мэдээд сэтгэл тань хөдлөх нь эргэлзээгүй. Ер нь, Хаанчлалын удирдлагаар ирээдүйн амьдрал маань ямар гайхамшигтай сайхан болохыг бид төсөөлөх ч аргагүй билээ. Тийм учраас, Есүс Христийн тухай аль болохоор ихийг мэдэх шаардлагатай! Тийм ээ, Есүс бол мөнхийн амь уруу хөтлөх Бурхны тухай мэдлэгийн амьд түлхүүр мөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
[Зүүлт]
a Энэхүү хүн амын тооллого нь Ромын эзэнт улсад албан татвар хураах боломж олгосон юм. Тийнхүү, Август өөрөө ч мэдэлгүй «татвар хураагчийг улс даяараа... явуулж», захирагчийн тухай зөгнөл биелэхэд тусалжээ. Мөн энэ зөгнөлд «гэрээний жонон» буюу Мессиа энэ захирагчийг залгамжлагчийн үед «устгагдана» гэж зөгнөсөн байв. Есүс Августыг залгамжлагч Тиберийн засаглалын үед алагджээ (Даниел 11:20—22, МБОХ, 1998).
b Эртний еврейчүүдийн дунд долоон жилтэй тэнцэх долоон хоногийн тухай ойлголт өргөн тархсан байв. Жишээ нь: Долоон хоног болгонд амралтын өдөр байдаг шиг долоон жил тутамд амралтын жил байдаг гэж үздэг байлаа (Египетээс гарсан нь 20:8—11; 23:10, 11).
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Есүсийн угийн бичиг нь түүнийг Мессиа гэдгийг хэрхэн баталдаг вэ?
Есүсийн хувьд Мессиагийн талаарх ямар ямар зөгнөл биелсэн бэ?
Есүсийг өөрийнх нь Тослогдсон Нэгэн гэдгийг Бурхан хэрхэн шууд илэрхийлсэн бэ?
Есүс ямар учраас Бурхны тухай мэдлэгийн амьд түлхүүр вэ?
[Догол мөрийн асуулт]
[37-р хуудасны хүснэгт]
МЕССИАГИЙН ТАЛААРХ ЗАРИМ ГОЛ ЗӨГНӨЛ
ЗӨГНӨЛ ҮЙЛ ЯВДАЛ БИЕЛЭЛ
АМЬДРАЛЫНХ НЬ ЭХЭН ҮЕ
Исаиа 7:14 Онгон эмэгтэйгээс төрөв Матай 1:18—23
Иеремиа 31:15 Түүнийг төрсний дараа нялх Матай 2:16—18
хүүхдүүдийг алав
ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Исаиа 61:1, 2 Бурхнаас авсан даалгавар Лук 4:18—21
Исаиа 9:1, 2 Түүний үйл ажиллагааны ачаар Матай 4:13—16
хүмүүс агуу их гэрлийг үзэв
Дуулал 69:9 Еховагийн өргөөний төлөөх Иохан 2:13—17
хичээл зүтгэл
Исаиа 53:1 Түүнд итгээгүй Иохан 12:37, 38
Зехариа 9:9; Иерусалим уруу дудран Матай 21:1—9
Дуулал 118:26 унаж ирэв; түүнийг
Еховагийн нэрээр ирж байгаа
хаан хэмээн ерөөн мэндчилэв
УРВАЛТ БА ҮХЭЛ
Дуулал 41:9; 109:8 Нэгэн элч итгэл эвдэн, Үйлс 1:15—20
Есүсээс урвасан ба
урвагчийн орыг
өөр хүн эзлэв
Зехариа 11:12 30 мөнгөн зоосноос болж Матай 26:14, 15
урвав
Дуулал 27:12 Түүний эсрэг хуурамч Матай 26:59—61
гэрчүүдийг ашиглав
Дуулал 22:18 Түүний хувцасны төлөө шодов Иохан 19:23, 24
Исаиа 53:12 Нүгэлтэнд тооцогдов Матай 27:38
Дуулал 22:7, 8 Үхэхийнх нь өмнө доромжлов Марк 15:29—32
Дуулал 69:21 Түүнд цуу өгөв Марк 15:23, 36
Исаиа 53:5; Цоо хатгуулав Иохан 19:34, 37
Зехариа 12:10
Исаиа 53:9 Баян хүний булшинд Матай 27:57—60
нутаглуулав
Дуулал 16:8—11 Ялзралыг үзэлгүйгээр Үйлс 2:25—32;
дахин амилав 13:34—37
[35-р хуудасны зураг]
Бурхан Есүст өвчин эдгээх хүч өгсөн