Skip to content

Гарчиг руу орох

Муу сүнснүүдийг эсэргүүцэгтүн

Муу сүнснүүдийг эсэргүүцэгтүн

Бүлэг 12

Муу сүнснүүдийг эсэргүүцэгтүн

1. Муу сүнснүүдтэй учрах үедээ Есүс яадаг байсан бэ?

 ЕСҮС ХРИСТ баптисм хүртсэнийхээ дараахан залбирч, бясалгахаар Иудейн зэлүүд газарт очсон. Тэнд Сатан Диавол түүгээр Бурхны хуулийг зөрчүүлэхээр өдөн турхирав. Гэвч Есүс Диаволын өөшнөөс татгалзаж, занганд нь ороогүй. Есүс дэлхий дээрх үйл ажиллагааныхаа явцад өөр олон муу сүнстэй нүүр тулан учирч байлаа. Тэр болгонд Есүс няцаалт өгч, эсэргүүцэж байв (Лук 4:1—13; 8:26—34; 9:37—43).

2. Бид ямар ямар асуултыг авч үзэх вэ?

2 Библид бичигдсэн эдгээр тохиолдол муу сүнснүүд үнэхээр байдгийг батлан харуулж байна. Тэд хүмүүсийг төөрөгдөлд оруулахыг чармайдаг. Гэвч тэдгээр муу сүнсийг эсэргүүцэж болно. Ер нь муу сүнснүүд хэрхэн бий болсон бэ? Тэд хүмүүсийг хуурч мэхлэхийг чармайдгийн учир юу вэ? Зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ? Эдгээр асуултын хариуг олж мэдсэнээр та муу сүнснүүдийг эсэргүүцэх боломжтой болно.

МУУ СҮНСНҮҮДИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ БА ЗОРИЛГО

3. Сатан Диавол хэрхэн бий болсон бэ?

3 Ехова Бурхан хүнийг бүтээхээсээ бүр өмнө олон тооны сүнсэн бүтээлийг хийсэн (Иов 38:4, 7). Энэ номын 6-р бүлэгт тайлбарласнаар тэдгээр тэнгэр элчийн нэг нь хүмүүсээр Еховаг бус, харин өөрийгөө шүтүүлэхийг хүсэх болжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэр муу тэнгэр элч Бүтээгчийн эсрэг босож, түүнийг гүтгэсэн. Тэр ч байтугай анхны эмэгтэйд Бурхныг худалч гэж хэлсэн байна. Тийм болохоор самуун дэгдээсэн энэхүү сүнсэн бүтээлийг Сатан (эсэргүүцэгч) Диавол (гүтгэгч) гэж нэрлэсэн нь туйлын зөв (Эхлэл 3:1—5; Иов 1:6).

4. Ноагийн үед зарим тэнгэр элч хэрхэн нүгэл үйлдсэн бэ?

4 Хожим Сатан Диаволын талд өөр олон тэнгэр элч орсон. Зөв нэгэн болох Ноагийн үед тэнгэр элчүүдийн зарим нь дэлхийн эмэгтэйчүүдтэй хурьцах гэсэн хүсэл тачаалдаа хөтлөгдөн, тэнгэр дэх үйл ажиллагаагаа орхин буун ирж, махан биетэй болон хувирчээ. Тэднийг нүгэл үйлдэхэд Сатан уруу татсан нь эргэлзээгүй. Үүний үр дүнд «Нефилим» гэдэг эрлийз хүүхдүүд төрсөн бөгөөд тэдгээр нь хэрцгий дээрэмчид болцгоосон. Ехова бүх дэлхийг хамарсан Усан галав юүлүүлж, эвдэрч завхарсан хүн төрөлхтөн хийгээд дуулгаваргүй тэнгэр элчүүдийн ёс бус үр удмыг устгав. Самуун дэгдээсэн тэдгээр тэнгэр элч энэхүү устгах арга хэмжээнээс зугтан зайлж, махан биеэ орхин, дахин сүнсэн биетэй болж, сүнсний ертөнц уруугаа эргэн оджээ. Гэвч Бурхан эдгээр чөтгөрүүдийн эрхийг хязгаарлан шийтгэж, тэднийг сүнслэг харанхуйд гарган хаясан (Эхлэл 6:1—7, 17; Иуда 6). Тэгсэн хэдий ч «чөтгөрүүдийн захирагч» Сатан болон түүний муу тэнгэр элчүүд самуун явдлаа үргэлжлүүлсээр байв (Лук 11:15). Тэдний зорилго юу вэ?

5. Сатан болон чөтгөрүүдийн зорилго юу вэ? Хүмүүсийг хуурч урхиндаа оруулахын тулд тэд юу ашигладаг вэ?

5 Сатан болон чөтгөрүүдийн хар санаат зорилго бол хүмүүсийг Ехова Бурхны эсрэг босгох явдал байлаа. Тийм учраас тэд хүний бүхий л түүхийн туршид хүмүүсийг хуурч мэхлэх, айлган ичээх, тэдэн уруу дайрч довтлох үйл ажиллагаа явуулж ирэв (Илчлэлт 12:9). Чөтгөрүүдийн довтолгоо урьд хожид байгаагүй хорон муухай болж байгааг өнөөдрийн үйл явдал батлан харуулж байна. Хүмүүсийг хуурч урхиндаа оруулахын тулд чөтгөрүүд гол төлөв спиритизмийн янз бүрийн хэлбэрийг ашигладаг. Чөтгөрүүд эдгээр өөшөө хэрхэн ашигладаг вэ? Түүнээс хэрхэн хамгаалж болох вэ?

МУУ СҮНСНҮҮД ТАНЫГ ТӨӨРӨГДӨЛД ОРУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ НЬ

6. «Спиритизм» гэж юу вэ? Түүний ямар ямар хэлбэр байдаг вэ?

6 «Спиритизм» гэж юу вэ? Энэ бол муу сүнснүүд болох чөтгөрүүдтэй өөрөө шууд буюу, эсвэл сүнс зуучлагчаар дамжуулан тогтоосон холбоо юм. Анчин хүн ан гөрөө хийхдээ өөш хэрэглэн олз омог олдог бол спиритизм нь чөтгөрүүдөд өөшийн үүрэг гүйцэтгэдэг. Анчид ан амьтдыг хуурч мэхлэн урхиндаа оруулахын тулд янз бүрийн өөш хэрэглэдэгчлэн муу сүнснүүд хүмүүсийг эрхшээлдээ оруулахын тулд спиритизмийн янз бүрийн хэлбэрийг хэрэглэдэг. (Дуулал 119:110-тай харьцуулна уу.) Мэргэ төлөг буулгаж, ид шид үзүүлэх, муу ёр зөгнөж, хараал, шившлэг хийх, сүнс зуучлагчдад хандаж, үхэгсэдтэй харьцах зэрэг нь спиритизмийн зарим хэлбэр юм.

7. Спиритизм аль хир тархсан бэ? Тэр ч байтугай «христ шашны» улс орнуудад спиритизм их хөгжсөн байдгийн учир юу вэ?

7 Энэхүү өөш нь үр дүн сайтай зүйл. Яагаад гэвэл дэлхийн аль ч улс оронд спиритизм өргөн дэлгэр тархсан байдаг. Хөдөөнийхөн мэргэч төлөгчид уруу, хотынхон үзмэрч зурхайчид уруу цуварна. Тэр ч битгий хэл «христ шашны» улс орнуудад хүртэл спиритизм цэцэглэн хөгжжээ. Судалгаанаас үзэхэд зөвхөн АНУ-д л гэхэд спиритизмийн янз бүрийн хэлбэрт зориулсан 30 орчим сэтгүүл 10 000 000 гаруй хувиар хэвлэгдэж байна. Бразильчууд спиритизмтэй холбоотой зүйлд зориулж жил бүр 500 гаруй сая доллар зарцуулдаг. Гэхдээ энэ оронд спиритизм эрхэлдэг төвд тогтмол очдог хүмүүсийн 80 хувь нь сүмийн цуглаанд явдаг католик шашинтан хүмүүс байдаг ажээ. Зарим лам хувраг өөрсдөө спиритизмийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг болохоор сүсэгтэн олон спиритизмийг Бурхны таалалд нийцдэг хэмээн ойлгодог. Гэтэл энэ нь тийм гэж үү?

СПИРИТИЗМ ЭРХЛЭХИЙГ БИБЛИ ЗЭМЛЭН БУРУУШААДАГ НЬ

8. Спиритизмийн талаар Библи юу хэлдэг вэ?

8 Хэрэв та спиритизмийн зарим хэлбэр сайн сүнснүүдтэй холбоотой гэдэг сургаал сонсож, түүнд итгэдэг байсан бол спиритизмийн талаар Библи юу гэж сургадгийг мэдэхлээрээ гайхах нь лавтай. «Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү» (Левит 19:31; 20:6, 27). «Мэргэ төлөгчид... оногдох хувь нь хоёр дахь [үүрдийн] үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна» гэж «Илчлэлт» номд урьдчилан сануулсан байдаг (Илчлэлт 21:8; 22:15). Спиритизмийн бүх л хэлбэрийг Ехова буруушаадаг (Дэд хууль 18:10—12). Чухам яагаад?

9. Өнөөдрийн, сүнслэг ертөнцөөс гаралтай «мэдээллийг» Еховагаас гардаггүй гэж хэлж болохын учир юу вэ?

9 Библийг бичиж дуусахаас өмнө зарим хүнтэй холбоо барихын тулд Ехова сайн сүнснүүд буюу зөв тэнгэр элчүүдийг илгээдэг байсан. Харин Библийг бичиж дууссан тэр цагаас хойш энэхүү Бурхны Үг нь хүмүүст Еховагийн хүсэл таалалд нийцүүлэн үйлчлэхэд нь шаардлагатай заавар удирдамж өгдөг болсон (2 Тимот 3:16, 17; Еврей 1:1, 2). Бурхан өөрийн ариун Үгийг алгасан, мэдээллийг сүнс зуучлагчид өгдөггүй. Тийм болохоор өнөөдрийн, сүнсэн ертөнцөөс гаралтай бүх «мэдээлэл» муу сүнснийх болой. Чөтгөрүүд спиритизм эрхэлдэг хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдууж, бүр сүүлдээ тэднийг эзэмдэн авдаг. Тийм учраас спиритизмийн ямар ч хэлбэрийг эрхлэхгүй байхыг Бурхан сайн санааныхаа үүднээс сануулдаг (Дэд хууль 18:14; Галат 5:19—21). Түүнээс гадна, хэрэв бид Еховагийн үзэл бодлыг таньж мэдсэн хирнээ спиритизм эрхлэхээ цааш үргэлжлүүлэх аваас самуун дэгдээсэн муу сүнснүүдийн талд орж, Бурхны дайсан болно (1 Самуел 15:23; Шастирын дээд 10:13, 14; Дуулал 5:4).

10. Мэргэ төлөг гэж юу вэ? Ямар учраас түүнээс зайлсхийх шаардлагатай вэ?

10 Спиритизмийн өргөн тархсан нэг хэлбэр бол сүнснүүдийн тусламжтайгаар тодорхой бус зүйлийн талаар буюу ирээдүйгээ мэдэх гэсэн оролдлого болох мэргэ төлөг буулгах явдал юм. Мэргэ төлгийн зарим хэлбэр гэвэл: зурхай; зүүд тайлах; гарын алга, хөзөр болон бусад зүйлсийн тусламжтайгаар мэргэлэх зэрэг болно. Ихэнх хүн мэргэ төлгийг хор хөнөөл байхгүй зугаа наадам гэж үздэг. Гэтэл мэргэч төлөгч болон муу сүнснүүд гар гараасаа хөтлөлцөн явдаг гэж Библи хэлдэг. Жишээлбэл: Үйлс 16:16—19-д «мэргэ төлөгчийн сүнс» нэгэн эмэгтэйг «мэргэ төлөг» буулгах чадвартай болгосныг дурдсан байдаг. Гэвч түүнээс чөтгөрийг хөөж гаргасны дараа тэр эмэгтэй ирээдүйг зөгнөн хэлэх чадвар нь алга болсон. Мэргэ төлөг бол хүмүүсийг урхиндаа оруулах чөтгөрүүдийн өөш гэдэг нь ойлгомжтой.

11. Үхэгсэдтэй харьцах гэсэн оролдлого урхи уруу хэрхэн хөтөлж оруулдаг вэ?

11 Насан өөд болсон ойр дотныхоо хүний хойноос уй гашууд автан байх үедээ хүн өөр нэгэн өөшинд амархан хууртаж болно. Ямар нэгэн сүнс зуучлагч, тантай нас барсан хүний дуу хоолойгоор ярих юм уу эсвэл түүнтэй холбоотой онцлог мэдээлэл дамжуулж болох юм. Болгоомжтой байгаарай! Үхэгсэдтэй харьцах гэсэн оролдлого урхинд оруулдаг. Учир нь үхсэн хүн юм ярьж чадахгүй. Хүн үхсэнийхээ дараа «газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг». Үхэгсэд «юу ч мэддэггүй» гэж Бурхны Үг тов тодорхой хэлдгийг та лав санаж байгаа байх (Дуулал 146:4; Номлогчийн үгс 9:5, 10). Түүнээс гадна чухамдаа чөтгөрүүд л үхсэн хүний дуу хоолойг дуурайж, үхсэн хүний тухай мэдээллийг сүнс зуучлагчид өгдөг (1 Самуел 28:3—19). Учир иймд «үхэгсдээс асуугч хэнбугай ч» (ШЕ) муу сүнснүүдийн эрхшээлд орж, Ехова Бурхны таалалд үл нийцэх зүйл хийж байгаа хэрэг юм (Дэд хууль 18:11, 12; Исаиа 8:19).

ӨӨШНӨӨС ДОВТОЛГООНД

12, 13. Чөтгөрүүд хүмүүст амар заяа үзүүлэхгүй, байнга нөлөөлж байдгийг илтгэх ямар нотолгоо байдаг вэ?

12 Спиритизмтэй холбоотой Бурхны Үгийн зөвлөгөөг сахин биелүүлэх аваас та чөтгөрүүдийн өөшнөөс зайлж чадна. (Дуулал 141:9, 10; Ром 12:9-тэй харьцуулна уу.) Энэ нь муу сүнснүүд танд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсооно гэсэн үг үү? Тийм биш ээ! Сатан Есүсийг гурван удаа сорьсныхоо дараа «тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ» (Лук 4:13). Түүн лүгээ адил нойтон хамуу шиг муу сүнснүүд өнөөдөр хүмүүст зөвхөн өөш тавиад зогсохгүй тэдэн уруу довтолж байна.

13 Бурхны үйлчлэгч Иов уруу Сатан хэрхэн довтолсон тухай дээр авч үзсэнийг та санаж байгаа байх. Тэр довтолгооны дүнд Иов бүх мал сүрэг, ихэнх зарцаа алдсан. Тэр ч бүү хэл Сатан Иовын хүүхдүүдийг үхүүлж, эцэст нь өөрийг нь аюултай муухай өвчинд бариулсан. Гэвч Иов Бурханд үнэнч байдлаа хадгалж, асар их ивээл хүртсэн (Иов 1:7—19; 2:7, 8; 42:12). Тэр цагаас хойш чөтгөрүүд зарим хүнийг хэлгүй, хараагүй болгож, хүний зовлонгоор бахаа хангадаг явдлаа үргэлжлүүлсээр л байна (Матай 9:32, 33; 12:22; Марк 5:2—5). Өнөөдөр чөтгөрүүд зарим хүнийг бэлгийн гаж донтой, нөгөө заримыг нь галзуу солиотой болгож байгаа нь мэдээллээс харагддаг. Түүнээс гадна тэд зарим хүнийг хүний амь бүрэлгэх юм уу, эсвэл амиа хорлох үйл ажиллагаанд түлхэн турхирдаг бөгөөд энэ нь Бурхны эсрэг нүгэл юм (Дэд хууль 5:17; 1 Иохан 3:15). Гэсэн хэдий ч, нэгэн цагт эдгээр муу сүнснүүдийн урхинд орчихсон байсан мянга мянган хүн тэднээс чөлөөлөгдөж чадсан юм. Хэрхэн ингэж чадав аа? Тэд маш чухал алхам хийсэн ажээ.

МУУ СҮНСНҮҮДИЙГ ХЭРХЭН ЭСЭРГҮҮЦЭХ НЬ

14. Нэгдүгээр зуунд амьдарч байсан Ефес хотын христиануудын жишээгээр та муу сүнснүүдийг хэрхэн эсэргүүцэж болох вэ?

14 Муу сүнснүүдийг эсэргүүцэж, өөрийгөө болон гэрийнхнийгээ урхинд нь орохоос хамгаалах ямар арга байна вэ? Итгэгч болохоосоо өмнө спиритизм эрхэлдэг байсан нэгдүгээр зууны үеийн Ефес хотын христианууд зөв алхам хийсэн билээ. Үйлс 19:19-д: «Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа овоолж, олны өмнө шатаажээ» гэж бичсэн буй. Тэр ч байтугай, та спиритизмийг эрхэлдэггүй байлаа ч гэсэн спиритизмийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан юм уу, эсвэл түүнтэй холбоотой алив зүйлийг зайлуулах хэрэгтэй. Үүнд ном, сэтгүүл, видео хальс, зурагт хуудас, дуу хөгжмийн бичлэг болон спиритизмийн зорилгоор ашигладаг зүйлс хамаарна. Тэрчлэн хиймэл шүтээн, сахиус болон хамгаалах зорилготой бусад зүйлс, мөн спиритизм эрхэлдэг хүнээс авсан бэлэг сэлт хүртэл хамаардаг (Дэд хууль 7:25, 26; 1 Коринт 10:21). Жишээ нь: Тайландад нэгэн хосыг чөтгөрүүд удаан хугацаагаар зовоожээ. Тэгэхлээр нь тэр хоёр спиритизмтэй холбоотой бүх эд юмсаа үгүй хийсэн байна. Тэгээд яасан бэ? Тэр хоёр чөтгөрүүдийн довтолгооноос ангижирсан ба сүнслэг талаараа түргэн өсөж эхэлжээ.

15. Муу сүнснүүдийг эсэргүүцэхэд өөр ямар алхам хийх хэрэгтэй вэ?

15 Муу сүнснүүдийг эсэргүүцэхийн тулд өөр нэг алхам хийх хэрэгтэй. Энэ бол элч Паулын зөвлөснөөр Бурхны өгдөг сүнслэг «бүрэн хуяг дуулгыг өмсөх» явдал юм (Ефес 6:11—17). Христианууд муу сүнснүүдээс хамгаалах хэрэгслээ бэхжүүлдэг байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ? «Энэ бүгд дээр муу нэгний [Сатаны] бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбайг... ав» гэж Паул хэлжээ. Үнэндээ, итгэл тань хичнээн их байх тусам та муу сүнснүүдийг төдийчинээ амжилттай эсэргүүцэж чадна (Матай 17:14—20).

16. Та итгэлээ яаж бэхжүүлэх вэ?

16 Итгэлээ яаж бэхжүүлэх вэ? Библиэ үргэлжлүүлэн судалж, зөвлөгөөнүүдийг нь амьдралдаа хэрэгжүүлснээр л бэхжүүлнэ дээ. Хэн нэгний итгэлийн хүч нь түүний суурь болох Бурхны тухай мэдлэгийн бат бөхөөс ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг. Библи судлан олж авч, зүрх сэтгэлдээ шингээсэн нарийн зөв мэдлэгийн ачаар итгэл тань бий болж хөгжсөн гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү? (Ром 10:10, 17). Тийм учраас, хэрэв та цаашид үргэлжлүүлэн суралцаж, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол очоод хэвшчихвэл итгэл тань улам бэхжих болно гэдэгт эргэлзэх зүйл үгүй (Ром 1:11, 12; Колоссай 2:6, 7). Энэ бол чөтгөрүүдийн довтолгооноос хамгаалах хүчирхэг хамгаалалт юм (1 Иохан 5:5).

17. Муу сүнснүүдийг эсэргүүцэхэд цаашид ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

17 Муу сүнснүүдийг эсэргүүцэхээр шийдсэн хүн цаашдаа ямар алхмуудыг хийж болох вэ? Ефес бол чөтгөрүүдийг шүтэх шүтлэг өргөн тархсан хот байсан учраас тэндхийн христиануудын хувьд хамгаалалт зайлшгүй хэрэгтэй байлаа. Тийм учраас Паул тэдэнд: «Сүнс дотор цаг үргэлж... залбир» гэж хэлсэн (Ефес 6:18). Бид мөн адил чөтгөрүүдээр дүүрсэн ертөнцөд амьдарч байгаа болохоор муу сүнснүүдийг эсэргүүцэхийн тулд Бурхнаас хамгаалалт гуйн шаргуу залбирах нь маш чухал (Матай 6:13). Энэ тухайд Еховагийн Гэрчүүдийн хурлын ахлагч нарын залбирал болон сүнслэг тусламж их тустай (Иаков 5:13—15).

МУУ СҮНСНҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭСЭРГҮҮЦЭГТҮН

18, 19. Хэрэв чөтгөрүүд дахиад л амар заяа үзүүлэхгүй байвал яах хэрэгтэй вэ?

18 Тэр ч байтугай эдгээр үндсэн алхмуудыг хийсээр атал чөтгөрүүд зарим хүнийг зовоосон хэвээр байдаг. Жишээ нь: Кот Дивуарт Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байсан нэгэн хүн бүх л шүтээн сахиусаа устгажээ. Түүнээс хойш мөнөөх хүн гялалзсан амжилтад хүрч, өөрийгөө Еховад зориулан, баптисм хүртсэн аж. Гэтэл баптисм хүртээд долоо хонож байтал нөгөө чөтгөрүүд түүнийг дахин гоочилж эхэлсэн бөгөөд шинээр олж авсан итгэл үнэмшлээсээ татгалзахыг шаардсан «дуу хоолой» сонсогддог болсон байна. Хэрэв тантай иймэрхүү юм тохиолдох ахул Ехова таныг хамгаалахаа болилоо гэсэн үг үү? Тийм байх албагүй ээ.

19 Есүс Христ Бурхнаар хамгаалуулсан төгс хүн байсан хэдий ч муу сүнсэн бүтээл болох Сатан Диаволын дуу хоолойг сонссон билээ. Тийм тохиолдолд хэрхэх ёстойг Есүс заан үзүүлсэн. Тэрбээр Диаволд: «Зайл, Сатан аа!» гэж хэлсэн (Матай 4:3—10). Түүн лүгээ адил та сүнсэн ертөнцөөс гаралтай «дуу хоолойг» сонсохгүй байх хэрэгтэй. Еховагаас тусламж гуйн, муу сүнснүүдийг эсэргүүцээрэй. Тийм ээ, Бурхны нэрийг дуудан, чангаар залбирах хэрэгтэй. Сургаалт үгс 18:10-т: «Эзний [«Еховагийн», ШЕ] нэр бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна» гэж байдаг. Кот Дивуарын мөнөөх христиан эр тийн үйлдсэн учраас муу сүнснүүд түүнийг гоочлохоо больжээ (Дуулал 124:8; 145:18).

20. Товчоор хэлбэл та, муу сүнснүүдийг хэрхэн эсэргүүцэж болох вэ?

20 Ехова муу сүнснүүдэд оршин байхыг нь зөвшөөрсөн хэдий ч тэдэнд, ялангуяа өөрийн ард түмнийг хамгаалан дэмжих асуудал дээр сүр хүчээ үзүүлдэг бөгөөд түүний нэр бүх дэлхий даяар түгэн алдаршиж байна (Египетээс гарсан нь 9:16). Хэрэв та Бурхантай ойр дотно харилцаатай байх ахул муу сүнснүүдээс айх явдалгүй болно (Тооллого 23:21, 23; Иаков 4:7, 8; 2 Петр 2:9). Тэдний хүч хязгаартай. Тэд Ноагийн үед шийтгэгдэж, тун саяхан тэнгэрээс хөөгдөн бууж ирсэн ба эдүгээ эцсийн шийтгэлээ хүлээн буй (Иуда 6; Илчлэлт 12:9; 20:1—3, 7—10, 14). Үнэндээ тэд удахгүй устгагдахаа мэдээд дагжин чичирч байгаа (Иаков 2:19). Тэгэхлээр муу сүнснүүд өөш тавьж урхидахыг оролдоно уу, аль эсвэл ямар нэгэн аргаар дайрч довтолно уу, аль нь ч байлаа гэсэн түүнийг эсэргүүцэх боломжтой (2 Коринт 2:11). Та спиритизмийн аливаа хэлбэрээс зайлсхийн, Бурхны Үгийн зөвлөгөөг сахиж, Еховад таашаагдахыг хичээгээрэй. Муу сүнснүүдийг хэрхэн эсэргүүцэхээс амь тань шалтгаалах учраас үүнийг хойш бүү тавиарай!

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Муу сүнснүүд хүмүүсийг төөрөлдүүлэх гэж хэрхэн оролддог вэ?

Библи ямар учраас спиритизмийг буруушаадаг вэ?

Муу сүнснүүдийн нөлөөллөөс хүн хэрхэн чөлөөлөгдөж болох вэ?

Муу сүнснүүдийг үргэлжлүүлэн эсэргүүцэх хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[110-р хуудасны зураг]

Спиритизмийн элдэв янзын хэлбэрийн тухайд таны үзэл бодол ямар байдаг вэ?