Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүст юу тохиолддог вэ?
Бүлэг 9
Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүст юу тохиолддог вэ?
1. Ойр дотных нь хүн нас барахад хүмүүст ямар байдаг вэ?
«ОЙР дотныхоо хүнийг нас барахад тэр маань дахиад хэзээ ч эргэж ирэхгүй шүү дээ гэж бодохоос хэчнээн хүнд байдаг гэж санана» хэмээн эхлээд эцгээ, дараа нь эхээ алдсан нэгэн эр хэлж билээ. Тэрбээр «байж суух газраа олохгүй» шахам гүн хямарч, зовж шаналж байсан сан. Та тийм зовлон амссан байж болох юм. «Хайртай дотно хүмүүс минь одоо хаана байгаа бол, тэдэнтэйгээ хэзээ нэгэн цагт уулзах болов уу?» гэж та өөрөө өөрөөсөө асууж үзсэн нь магад.
2. Үхэлтэй холбоотой ямар ямар хүнд асуулт гарч ирдэг вэ?
2 Заримдаа үр хүүхдээсээ хагацан, уй гашууд автсан эцэг эхчүүд: «Бурхан хамгийн сайхан цэцэгсийг тэнгэр өөд, өөртөө авдаг юм» гэсэн тайвшруулах үг хэлэхийг сонсдог. Үнэн хэрэгтээ тийм гэж үү? Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүс сүнсэн ертөнц өөд оддог гэж үү? Тэр нь тэгээд бүх хүсэл тачаал хийгээд гай зовлонгоос ангид, аз жаргал бялхсан байдал буюу «нирваан» гэдэг газар гэж үү? Хайртай дотно тэр хүмүүс маань мөнхийн амийн хаалгаар «диваажин» уруу яваад орчихдог гэж үү? Эсвэл зарим хүний батлан хэлдгээр үхэл бол Бурхны эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийн хувьд мөнхийн зовлонд унаж байгаа хэрэг үү? Үхэгсэд бидэнд нөлөө үзүүлж чадах уу? Эдгээр асуултад зөв хариулт авахын тулд Бурхны Үг, Библид хандах хэрэгтэй болно.
ХҮНИЙ «СҮНС» ГЭЖ ЮУ ВЭ?
3. Сократ Платон нар үхэгсдийн талаар ямар үзэл баримталдаг байсан бэ? Энэ нь өнөөдөр хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ?
3 Эртний Грекийн гүн ухаантан Сократ Платон нар хүний биед ямар нэгэн төрөлхийн бөгөөд мөнхийн сүнс байдаг ба энэ нь хүнийг үхэхэд биеэс нь гарч яван, үхэхгүй мөнх оршсоор байдаг гэж итгэдэг байжээ. Өнөөдөр дэлхий даяар олон сая хүн үүнд итгэдэг. Тийн итгэдгийн улмаас хүмүүс үхэгсдээс айх юм уу эсвэл тэдний талаар санаа тавихад хүрдэг. Харин Библи үхэгсдийн талаар огт өөр зүйл хэлдэг.
4. а) Адамыг бүтээхдээ Бурхан түүнд үхэшгүй мөнхийн сүнс өгсөн үү? б) Адамыг амилуулахын тулд Бурхан түүнд юу өгсөн бэ?
4 Үхэгсдийн байдлыг сайн ойлгохын тулд бидний дээд эцэг Адамд үхэшгүй мөнхийн сүнс байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Бурхан хүнийг газар шорооны үндсэн элементүүдээр гайхамшигтайгаар бүтээгээд, түүнд «амийн амьсгал» өгсөн. Эхлэл 2:7-д: «Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ» гэж байдаг. Адамын амийг амьсгал дэмжсэн. Гэхдээ Адамд Бурхны өгсөн амийн амьсгал бол хүний уушгинд эргэх ердийн агаарын солилцооноос илүү нарийн зүйл юм. Библи дэлхийн амьд бүтээлүүдийн дотор үйлчилдэг «амийн сүнсний» талаар өгүүлдэг (Эхлэл 7:22).
5, 6. а) «Амийн сүнс» гэж юу вэ? б) Дуулал 146:4-т бичсэнээр «сүнс» хүний биеэс гарч явахад юу болдог вэ?
5 «Амийн сүнс» гэж юу вэ? Энэ бол Адамын амьгүй биед Бурхны оруулж өгсөн амийн хүч юм. Уг хүчийг амьсгалах үйл ажиллагаа дэмждэг. Тэгвэл Дуулал 146:4-т гардаг «сүнс» гэдэг үг юунд хамаатай вэ? Нас барсан хүний тухай уг зүйлд: «Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг» гэж бичсэн буй. Библийг бичигчид «сүнс» гэдэг үгийг тийн хэрэглэхдээ хүнийг үхсэний дараа үргэлжлэн амьдардаг нүдэнд үл үзэгдэх сүнс гэсэн ойлголтоор бичээгүй юм. (Иаков 2:26-тай харьцуулна уу.)
6 Үхэхэд нь хүнээс гарч явдаг тэр «сүнс» бол Бүтээгчээс маань анх өгсөн амийн хүч юм (Дуулал 36:9; Үйлс 17:28). Цахилгаан гүйдэл, тэжээдэг тоног төхөөрөмжийнхөө онцлог шинжийг тусгадаггүй шиг энэхүү амийн хүч амьдралыг нь тэтгэж байдаг хүнийхээ онцлог шинжийг тусгадаггүй. Цахилгаан гүйдлийг салгахад гэрэл унтардаг шиг хүн үхэхэд сүнс (амийн хүч) түүний биеийн эсийн амьдралыг тэтгэхээ больдог. Амийн хүч хүний биеийг тэтгэхээ болиход хүн үхдэг (Дуулал 104:29; Номлогчийн үгс 12:1, 7).
«ТООС ШОРООНДОО БУЦАЖ ОЧИХ БОЛНО»
7. Бурхны үгийг үл дагавал Адам яах байсан бэ?
7 Ехова нүгэл үйлдсэн Адамд үхэл гэж юү болохыг тодорхой тайлбарлажээ. Бурхан: «Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн (Эхлэл 3:19). Адам хаашаа буцаж очих ёстой байсан бэ? Өөрийг нь бүтээсэн газар шороо уруугаа буцах ёстой байсан. Адам үхээд, ердөө л оршин байхаа больсон!
8. Хүн адгуусан амьтадтай юугаараа адил вэ?
8 Энэ тухайд хүний үхэл адгуусны үхлээс ялгаа байхгүй. Тэдний аль алиных нь амь «сүнс» буюу амийн хүчнээс хамаатай байдаг. «Номлогчийн үгс» номын 3:19, 20-д мэргэн ухаант Соломон: «Нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амьсгалтай [«сүнстэй», ШЕ] байх бөлгөө. Хүнд адгууснаас [үхлийн хувьд] дээрдээд байх юм алга. . . Бүгд л шорооноос гарсан, тэгээд бүгд шороондоо буцна» гэж хэлжээ. Хүний, адгууснаас давуу нь Бурхны дүр төрхөөр бүтээгдсэнд буюу, өөрөөр хэлбэл, Еховагийн чанаруудыг тусгасанд байгаа юм (Эхлэл 1:26, 27). Гэвч, үхэхээрээ хүн, адгуусны аль аль нь газар шороондоо буцаж очдог.
9. Үхэгсэд ямар байдалд байдаг вэ? Тэд хаашаа очдог вэ?
9 Соломон үхлийн талаар цааш тайлбарлан: «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхдлүүд юу ч мэддэггүй аж» гэж хэлсэн. Тийм ээ, үхэгсэд огт юу ч мэддэггүй. Тийм учраас Соломон: «Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд [еврейгээр «шеол»] мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» гэж зөвлөсөн (Номлогчийн үгс 9:5, 10). Үхэгсэд хаашаа очдог вэ? Тэд «шеол» болох хүн төрөлхтний нийтийн булш уруу очдог. Нас барсан ойр дотныхон маань юу ч мэдэрдэггүй. Тэд зовж шаналдаггүй бөгөөд бидэнд ямар ч байдлаар нөлөөлдөггүй.
10. Үхэл бол төгсгөл биш гэж хэлж болохын учир юу вэ?
10 Энэ нь бид болон ойр дотныхон маань хэсэгхэн хугацаанд амьдарч байгаад дараа нь үүрд оршин байхаа болино гэсэн үг үү? Библийнхээр бол үгүй. Адамыг самуун дэгдээсэн тэр даруйд Ехова Бурхан хүний нүглийн аймшигт үр дагаврыг устгах арга хэмжээ авсан. Бурхан анхнаасаа хүмүүсийг үхүүлэхийг хүсээгүй (Езекиел 33:11; 2 Петр 3:9). Тийм болохоор үхэл бол бидний хувьд ч, ойр дотныхны маань хувьд ч төгсгөл биш ажээ.
«УНТЖЭЭ»
11. Есүс нас барсан анд нөхөр Лазарынхаа байдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?
11 Еховагийн санаа зорилго бол биднийг болон ойр дотныхныг маань Адамаас өвлөж авсан үхлээс аврах явдал юм. Тийм учраас Бурхны Үг үхэгсдийг унтагсад гэдэг. Жишээ нь: Есүс Христ анд нөхөр Лазарыгаа үхсэнийг мэдээд шавь нартаа: «Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна» гэж хэлдэг. Шавь нар нь уг үгийн утгыг шууд ойлгоогүй учраас Есүс тодруулан: «Лазар үхсэн» гэж хэлсэн (Иохан 11:11, 14). Дараа нь Есүс ахынхаа араас уй гашууд автсан Лазарын хоёр дүү Марта Мариа нарын байгаа Бетан хот уруу явсан. «Чиний ах амилна» гэж Есүсийг хэлэхэд Марта үхлийн улмаас хүн зонд учирсан хохирлыг нөхөн төлөх Бурхны санаа зорилгод итгэдгээ илэрхийлсэн. Тэрбээр: «Эцсийн амиллын өдөрт тэр дахин амилна гэж би мэднэ» (МАБ) гэж хэлжээ (Иохан 11:23, 24).
12. Үхэгсдийн талаар Марта юунд итгэдэг байсан бэ?
12 Үхсэний дараа хаа нэгтээ амьдран байдаг үхэшгүй мөнхийн сүнсний тухай ямар ч санааг Марта илэрхийлээгүй. Лазар сүнсэн ертөнцөд үргэлжлэн амьдрах болно гэдэг итгэл түүнд байгаагүй. Үхэгсдээс дахин амилна гэдэгт Марта итгэдэг байв. Тэрбээр үхэшгүй мөнхийн ямар ч сүнс Лазарын биеэс гарч яваагүй, харин нас барсан ах нь зүгээр л оршин байхаа больсон гэдгийг мэдэж байлаа. Түүнд тусалж чадах цорын ганц зүйл бол дахин амилалт билээ.
13. Есүс Бурхнаас ямар хүч авсан бэ? Тэр түүнийг хэрхэн ашигласан бэ?
13 Ехова Бурхан хүн төрөлхтнийг үхлээс золих бүрэн эрхийг Есүс Христэд олгосон (Хосеа 13:14). Тийм учраас Есүс Мартын үгэнд хариу болгон: «Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна» гэж хэлсэн (Иохан 11:25). Есүс үхээд дөрөв хоноод байсан Лазарын булш уруу хүрч очоод, түүнийг дахин амилуулж, өөрт нь Бурхны өгсөн хүчийг үзүүлсэн (Иохан 11:38—44). Есүс Христийн үйлдсэн энэ удаагийн гайхамшиг хийгээд өөр хүмүүсийг дахин амилуулсан үйл явдлыг нүдээрээ үзсэн хүмүүс хэчнээн баяр хөөр болж байсныг төсөөлөөд үз дээ! (Марк 5:35—42; Лук 7:12—16).
14. Үхэшгүй мөнхийн сүнс ба дахин амилах тухай ойлголт яагаад харш вэ?
14 Энд түр саатан бодъё. Хэрэв үхсэний дараа үхэшгүй мөнхийн сүнс үлдэж хоцроод үргэлжлэн амьдардагсан бол хэнийг ч дахин амилуулах шаардлагагүй байхсан. Тэр ч байтугай, Лазар мэтийн хүмүүсийг тэнгэрийн гайхамшигтай шагнал авчихаад байхад нь буцаагаад төгс бус амь уруу амилуулбал шударга бус явдал болох биз ээ. Үнэндээ, хүнийг үхсэний дараа биеэс нь гараад цаашаа үргэлжлэн амьдардаг зүйлд хамаатай «үхэшгүй мөнхийн сүнс» гэсэн үг хэллэг Библид нэг ч удаа байдаггүй. Харин, бидний үзэж мэдсэнээр бол хүн үхмэгцээ ердөө л оршин байхаа больдог. Тийнхүү нас барагсдыг үхлээс чөлөөлөхийн тулд тэднийг дахин амилуулах хэрэгтэй гэж Библи заадаг.
«ДУРСАМЖИЙН БУЛШИНД БАЙГЧИД БҮГДЭЭРЭЭ»
15. а) «Дахин амилах» гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Хүнийг дахин амилуулах нь Ехова Бурхны хувьд ямар учраас хэцүү биш вэ?
15 Есүсийн шавь нарын хэрэглэсэн «дахин амилах» гэдэг үгийг үгчлэн орчуулбал «босох» буюу «өндийх» гэсэн утгатай ажээ. Дахин амилах гэдэг бол үхлийн амьгүй байдлаас босох буюу хүн төрөлхтний нийтийн булшнаас өндийнө гэсэн үг юм. Хүнийг дахин амилуулах нь Ехова Бурхны хувьд тун амархан зүйл ажгуу. Яагаад гэвэл Ехова бол амийн Эх булаг юм. Өнөөдөр хүмүүс ойр дотныхныхоо дуу хоолой, дүрсийг хальсанд буулгаж аваад, нас барсных нь дараа үзэж харах боломжтой болжээ. Тэгвэл төгс хүчит Бүтээгч маань хүн болгоны хувийн онцлогуудыг тогтоон санаж, урьд нь ямар байсан тэр л янзаар нь цоо шинэ биетэй болгон дахин амилуулж чадна.
16. а) «Дурсамжийн булшинд» байгаа бүх хүний тухайд Есүс юу амласан бэ? б) Дахин амилсны дараа хүний ирээдүй юунаас шалтгаалах вэ?
16 «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ түүний [Есүсийн] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ» гэж Есүс Христ хэлсэн (Иохан 5:28, ШЕ, 29). Еховагийн ойд хадгалагдан үлдсэн бүх хүн дахин амилж, түүний хуульд суралцах болно. Бурхны тухай мэдлэгийн дагуу амьдрал, үйл ажиллагаагаа явуулах хүмүүсийн тухайд энэхүү дахин амилалт нь «амийн амилалт» байх болно. Харин Бурхны сургалт хийгээд удирдлагаас татгалзсан хүмүүсийн тухайд бол «ялын амилалт» болно.
17. Ямар ямар хүн амилах вэ?
17 Еховад үйлчилж, зөв шударгаар амьдрахыг хичээж байсан хүмүүс дахин амилах нь гарцаагүй. Үнэндээ, дахин амилна гэдэгт итгэх итгэл олон хүнийг үхлийн аюулаас, тэр ч байтугай хатуу харгис мөрдлөг хавчлагын үед ч айж хулчийхаас гэтэлгэсэн. Бурхан дахин амилуулна гэдгийг тэд мэдэж байсан юм (Матай 10:28). Гэвч Бурхны шударга зөв хэм хэмжээг сахихгүй байсаар насан өөд болсон олон сая хүн бий. Тэд ч мөн дахин амилна. Энэ талаарх Еховагийн санаа зорилгод бүрэн итгэлтэй байсан элч Паул: «Зөв, зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг» гэж хэлжээ (Үйлс 24:15, МБОХ, 1996).
18. а) Элч Иохан ямар үзэгдэл үзсэн бэ? б) «Галт нуурт» юу устгагдах вэ? Энэ «нуур» юуны бэлэгдэл бэ?
18 Элч Иохан Бурхны сэнтийн өмнө зогсож байгаа дахин амилсан хүмүүсийн тухай сэтгэл догдлом үзэгдэл үзжээ. Дараа нь Иохан: «Тэнгис, дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон [грекээр «хадес»] өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой» гэж бичсэн (Илчлэлт 20:12—14). Гайхамшигтай биш гэж үү! Бурхны ойд байгаа нас барсан бүх хүн «хадес» буюу «шеол» болох хүн төрөлхтний нийтийн булшнаас чөлөөлөгдөх найдвартай (Дуулал 16:10; Үйлс 2:31). Бурханд үйлчлэх хүсэлтэй эсэхээ үйл хэргээрээ харуулах боломж тэдэнд гарна. Дараа нь «үхэл болон хадес галт нуурт» хаягдах болно. «Галт нуур» болон «тамын» (грекээр «гехенна») аль аль нь бүрмөсөн устгахын бэлэгдэл юм (Лук 12:5). Дахин амилалт дуусахад хүн төрөлхтний нийтийн булш хоосорч, байхгүй болно. Бурхан хэнийг ч тарчилган зовоодоггүйг Библиэс мэдэх нь ямар сайхан бэ! (Иеремиа 7:30, 31).
ДАХИН АМИЛАГСАД ХААНА АМЬДРАХ ВЭ?
19. Зарим хүн ямар учраас тэнгэрт амьдрахаар дахин амилах вэ? Бурхан тэднийг ямар биетэй болгох вэ?
19 Тодорхой тооны эрэгтэй, эмэгтэй хүн тэнгэрт амьдрахаар дахин амилна. Тэд Есүстэй хамт хаад, тахилчдын үүрэг гүйцэтгэн, анхны хүн болох Адамаас хүн төрөлхтөнд удамшин дамжсан үхлийн үр дагаврыг устгах үйл хэрэгт оролцох болно (Ром 5:12; Илчлэлт 5:9, 10). Христийн хамт захируулахаар тэнгэр өөд Бурхан хэдэн хүнийг авах вэ? Зөвхөн 144 000 хүн авна гэж Библид бичжээ (Илчлэлт 7:4; 14:1). Тэнгэрт амьдрахад нь зориулж Ехова тэднийг сүнсэн биетэй болгоно (1 Коринт 15:35, 38, 42—45; 1 Петр 3:18).
20. Дуулгавартай хүн төрөлхтөн, мөн тэрчлэн дахин амилагсдыг ямар ирээдүй хүлээх вэ?
20 Үхэгсдийн дийлэнх олонх нь диваажин дэлхийд амьдрахаар дахин амилна (Дуулал 37:11, 29; Матай 6:10). Зарим хүн тэнгэрт амьдрахаар дахин амилахын нэг шалтгаан бол дэлхийтэй холбоотой Бурхны санаа зорилгыг биелүүлэх явдал байсан юм. Есүс Христ 144 000 хам захирагчийнхаа хамт тэнгэрээс удирдан, дуулгавартай хүмүүсийг өвөг дээдсийн маань алдсан төгс байдал уруу ягуухнаар аваачих болно. Тэрчлэн энэ нь «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж өөртэй нь зэрэгцээ шонд хадаастай үхэж байгаа хүнд хандан хэлсэн Есүсийн үгнээс харахад дахин амилсан хүмүүст ч хамаатай байх ажээ (Лук 23:42, 43).
21. Зөнч Исаиа болон элч Иоханы хэлснээр үхэл яах вэ?
21 Өнөөдөр уй гашуу тарьж байгаа үхэл диваажин дэлхийд байхгүй болно (Ром 8:19—21). Ехова Бурхан «үхлийг мөнхөд залгина» гэж зөнч Исаиа тунхагласан (Исаиа 25:8). Дуулгавартай хүмүүс өвчин хийгээд үхлээс чөлөөлөгдөж байгаа үеийн үзэгдлийг элч Иохан хүлээн авсан. Тийм ээ, «Бурхан Өөрөө тэдний дунд байна. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:1—4).
22. Дахин амилах тухай мэдэх нь танд хэрхэн нөлөөлж байна вэ?
22 Библийн ойлгомжтой сургаал нь үхэгсдийн талаарх аливаа төөрөгдлийг арилгадаг. Ариун Сударт үхэл бол «эцэст нь устгагдах дайсан» гэж тов тодорхой хэлсэн байдаг (1 Коринт 15:26). Дахин амилах найдвартайг мэдсэнээр бид хэчнээн хүч, тайвшралыг авна вэ! Бурхны ойд байгаа, нас барсан, ойр дотнын маань хүмүүс үхлийн нойрноос сэрж, Бурхан өөрт нь хайртай хүмүүст зориулж бэлтгэсэн тэр бүх зүйлийг эдлэн жаргах нь бидэнд юутай баяр бахдал бэ! (Дуулал 145:16). Ийм ивээл хишиг Бурхны Хаанчлалын ачаар боломжтой болно. Харин энэ Хаанчлалын засаглал хэзээ эхэлсэн бэ? Дараагийн бүлгээс энэ тухай үзэх болно.
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Хүний «сүнс» гэж юу вэ?
Та үхэгсдийн байдлыг хэрхэн дүрсэлж хэлэхсэн бол?
Ямар ямар хүн дахин амилах вэ?
[Догол мөрийн асуулт]
[85-р хуудасны зураг]
Есүсийг дуудахад Лазар булшнаас гараад ирсэн шиг нас барсан олон сая хүн дахин амилах болно
[86-р хуудасны зураг]
Бурхан «үхлийг мөнхөд залгихад» баяр баясгалан хязгааргүйгээр ноёлох болно