Skip to content

Гарчиг руу орох

Таныг аз жаргалтай ирээдүй хүлээж байна!

Таныг аз жаргалтай ирээдүй хүлээж байна!

Бүлэг 1

Таныг аз жаргалтай ирээдүй хүлээж байна!

1, 2. Таны тухайд Бүтээгчийн хүсэл юу вэ?

 ХАЙРТАЙ дотно хүнтэйгээ элгэмсэг халуунаар тэврэлдэх; найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, инээж наргин, амтат хоол зооглох; хүүхэд багачуудын өхөөрдөм хөөрхнөөр тоглон наадахыг харж, сэтгэл баясах зэрэг сайхан мөчүүд амьдралын маань аз жаргалтай нэгээхэн хэсэг. Харамсалтай нь, хүний амьдралд элдэв янзын бэрхшээлтэй асуудлууд бишгүй тохиолддог. Хэрэв танд тийм юм тохиолдвол итгэл тань бүү алдраг.

2 Бурхан таныг гайхамшигтай сайхан орчин нөхцөлд өнө удаанаар аз жаргалтай амьдруулахыг хүсдэг. Энэ нь зөвхөн мөрөөдөл төдий зүйл биш, харин Бурхан тийм аз жаргалтай ирээдүйд хүргэх түлхүүрийг танд санал болгодог. Энэхүү түлхүүр бол мэдлэг юм.

3. Ямар мэдлэг аз жаргалд хүргэх түлхүүр болдог вэ? Тийм мэдлэгийг Бурхан өгнө гэдэгт бид ямар учраас итгэлтэй байж болох вэ?

3 Хүний мэргэн ухаанаас асар давуу, өвөрмөц мэдлэгийн тухай бид ярьж байна. Энэ бол «Бурхны тухай мэдлэг» юм (Сургаалт үгс 2:5, ШЕ). 2 000 орчим жилийн тэртээ Библийн нэгэн бичээч: «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» гэж хэлжээ (Еврей 3:4). Зөвхөн бүхнийг Бүтээгчийн мэдэх ёстой тийм мэдлэгийн тухай бодоод үз дээ! Бурхан бүх оддыг тоолдог ба нэрлэдэг гэж Библид байдаг. Ганцхан манай галактикт гэхэд л олон зуун тэрбум од байдаг хийгээд одон орон судлаачид зуун тэрбум орчим галактик байдаг хэмээн нотолдгийг бодоод үзэхэд үнэхээр гайхмаар! (Дуулал 147:4). Түүнчлэн, Бурхан бидний тухай бүгдийг мэддэг байтал, амин чухал асуудлуудад маань бүрэн дүүрэн хариулт өгч чадах түүнээс өөр хэн байх билээ? (Матай 10:30).

4. Бурхан бидэнд амьдралдаа мөрдөх заавар өгөх ёстой гэж үзэхийн учир юу вэ? Тэр шаардлагыг ямар ном хангадаг вэ?

4 Машинаа засаж буй хоёр хүнийг төсөөлөөд үзье. Эвдрэлийг засаж чадаагүй нэг нь цөхрөнгөө бараад багаж түлхүүрээ чулуудчихав. Нөгөөдөх нь машинаа яаралгүйхэн засчихаад, түлхүүрээ түлхмэгц хөдөлгүүр асан, саадгүй ажиллахад нь баярлан инээмсэглэв. Тэр хоёрын хэн нь үйлдвэрээс гаргасан машин ашиглах заавартай байсныг таахад түвэггүй ээ. Тэгвэл, амьдралдаа бидний мөрдөж явах ёстой зааврыг Бурхан өгдөг гэвэл зүйд нийцэхгүй гэж үү? Библи бол Бүтээгчээс бидэнд өгсөн удирдамж, заавар бөгөөд Бурхны тухай мэдлэг олгоход зориулсан ном гэдгийг Библи өөрөө тодорхой хэлдгийг та мэддэг байж болох юм (2 Тимот 3:16).

5. Библид агуулагдаж байгаа мэдлэг аль хир үнэтэй вэ?

5 Хэрэв, Библийн энэ мэдэгдэл үнэн бол уг ном мэдлэгийн ямар их эрдэнэс агуулах ёстойг бодоод үз дээ! Сургаалт үгс 2:1—5-д мэргэн ухааныг нуугдмал эрдэнэ малтах адил хайхыг, тэгэхдээ хүний үзэл бодлын «хөрснөөс» бус, харин Бурхны өөрийнх нь Үгнээс хайхыг биднээс шаарддаг. Эндээс хайвал бид «Бурхны тухай мэдлэгийг олж авна» (ШЕ). Бурхан бидний хязгаарлагдмал боломж, хэрэгцээг мэддэг болохоор тайван амгалан, аз жаргалтай аж төрөхөд хэрэгтэй зааврыг зөвхөн тэр л өгдөг (Дуулал 103:14; Исаиа 48:17). Түүнээс гадна, Бурхны тухай мэдлэг бидэнд сэтгэл хөдлөм сайхан мэдээ дуулгадаг.

МӨНХИЙН АМЬ!

6. Бурхны тухай мэдлэгийн талаар Есүс Христ юу хэлсэн бэ?

6 Түүхэн чухал хүн гэдгийг нь түмэн олноороо андахаа байсан Есүс Христ, Бурхны тухай мэдлэг ямар учраас чухал болохыг тодорхойлж: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» хэмээн хэлжээ (Иохан 17:3). Чухам энэ л мэдлэг мөнхийн амь уруу хөтөлдөг гэдгийг бодоорой!

7. Бурхан биднийг үхээсэй гэж хүсдэггүйг нотлох ямар баримт байдаг вэ?

7 Мөнхийн амь гэдэг чинь зүгээр л нэг мөрөөдөл шүү дээ гэж эсэргүүцэн маргахаа бүү яар. Үүнийхээ оронд, хүний биеийн бүтэц, зохион байгуулалтад анхаарлаа хандуул. Хүний биеийг амтлах, сонсох, үнэрлэх, харах, мэдрэх зэрэг чадвартайгаар гайхалтай сайхан бүтээжээ. Бид мэдрэхүйн эрхтнүүдийнхээ ачаар амтат хоол, шувуудын уянгалаг жиргээ, цэцэгсийн анхилам үнэр, үзэсгэлэнтэй сайхан байгаль, нөхөрсөг дотно харьцаа гэх мэт энэ дэлхийн түмэн сайхныг мэдрэн жаргадаг бус уу! Харин, дээд зэргийн ямар ч компьютерийг бараадуулахгүй, гайхамшигтай уураг тархи маань энэ бүхнийг хүлээн авч, баясан таашаах боломжийг бидэнд олгодог. Бүтээгч маань биднийг үхээд, энэ бүхнийгээ алдчихаасай хэмээн хүсдэг гэж та бодох уу? Тэрбээр биднийг аз жаргалтай, мөнх амьдруулахыг хүсдэг гэж дүгнэвэл хэтэрхий ухаалаг бус зүйлд тооцогдохгүй биз дээ? Бурхны тухай мэдлэг таны хувьд юу гэсэн үг болохыг одоо үзэцгээе.

ДИВААЖИН ДАХЬ АМЬДРАЛ

8. Библид хүн төрөлхтний ирээдүйн тухай юу гэж бичсэн байдаг вэ?

8 Дэлхий болон хүн төрөлхтний ирээдүйн талаар Библид юу гэж бичсэн бэ? гэсэн асуултад «Диваажин» гэдэг ганцхан үгээр хариулж болох юм! Есүс Христ үхэж буй нэгэн хүнд хандан: «Чи Надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлэхдээ энэ утгыг илэрхийлжээ (Лук 23:43). Тийнхүү Диваажингийн тухай дурссан нь тэр хүнд бидний өвөг дээдэс болох Адам Ева хоёрын аз жаргалтай амьдарч байсан нутаг орныг санагдуулсан нь эргэлзээгүй. Бурхан тэднийг төгс төгөлдөр бүтээсэн бөгөөд өөрийнхөө байгуулсан, цэцэрлэгт хүрээлэн лугаа адил нутагт суулгажээ. Тэр нутгийг «жаргалан» гэсэн утга бүхий Еден цэцэрлэг гэж нэрлэсэн нь тун оносон байлаа.

9. Анхны Диваажинд амьдрал ямар байсан бэ?

9 Энэ цэцэрлэг хэчнээн сайхан байсан гэж санана! Ёстой л жинхэнэ Диваажин байв. Түүний үзэсгэлэнтэй сайхан моддын дунд арааны шүлс асгаруулам амтат жимсний модод ургадаг байлаа. Адам Ева хоёр эзэмшил нутгаа судлан арчилж, цэвэр тунгалаг ус ууж, жимс ногоогоо хураан, айх аюулгүй, амар жимэр амьдарч байв. Бурхан, Адам Ева хоёрт бүх адгуусыг хайрлан захирах даалгавар өгсөн учраас араатан амьтад ч тэр хоёрт аюул занал учруулдаггүй байлаа. Түүнээс гадна, анхны хүмүүн хосын бие эв эрүүл байв. Бурхны үгнээс л гарахгүй бол тэд мөнхөд аз жаргалтай амьдрах боломжтой байсан юм. Тэр хоёр гайхалтай сайхан диваажин гэрээ арчлан тордох сонирхол татсан ажилтай байв. Мөн, Бурхан «газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш» гэсэн даалгаврыг Адам Ева хоёрт өгчээ. Тэр хоёр болон тэдний үр сад дэлхийгээ бүхэлд нь аз жаргалангийн үзэсгэлэнт сайхан нутаг болтол нь Диваажингийн хил хязгаарыг тэлэн өргөжүүлэх ёстой байлаа (Эхлэл 1:28).

10. Есүс Диваажингийн тухай хэлэхдээ ямар санаа илэрхийлсэн бэ?

10 Гэвч, Есүс үхэж байгаа хүнд Диваажингийн тухай дурсахдаа аль эрт өнгөрөн одсон үеийг эргэн сануулах гээгүй юм. Есүс ирээдүйн тухай хэлжээ! Дэлхий маань бүхлээрээ Диваажин болно гэдгийг тэрбээр мэдэж байв. Хүн төрөлхтөн хийгээд дэлхийн талаарх анхны санаа зорилгоо Бурхан биелүүлнэ (Исаиа 55:10, 11). Тийм ээ, Диваажинг дахин сэргээнэ! Харин тэр нь ямар байх бол оо? Энэ асуултад Бурхны Үг, Библи хэрхэн хариулдгийг үзье.

СЭРГЭЭСЭН ДИВААЖИН ДАХЬ АМЬДРАЛ

11. Сэргээсэн Диваажинд өвчин эмгэг, хөгшрөл, үхэл яах вэ?

11 Өвчин эмгэг, хөгшрөл, үхэл үгүй болно. «Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна» (Исаиа 35:5, 6). «Бурхан Өөрөө тэдний [хүмүүсийн] дунд байна... Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:3, 4).

12. Ирээдүйн Диваажинд гэмт хэрэг, хүчирхийлэл болон ёс бус явдал байхгүй байна гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

12 Гэмт хэрэг, хүчирхийлэл хийгээд ёс бус байдал үүрд устана. «Бузар мууг үйлдэгчид таслагдана... Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ...Тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөнө» (Дуулал 37:9—11). «Хар санаатан газраас тастагдаж, итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана» (Сургаалт үгс 2:22).

13. Бурхан амар тайвныг хэрхэн тогтоох вэ?

13 Даян дэлхийд амар тайван дэлгэрнэ. «Тэрээр [Бурхан] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг» (Дуулал 46:9). «Зөв шударга хүн цэцэглэг. Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг» (Дуулал 72:7).

14, 15. Сэргээсэн Диваажинд орон сууц, ажил хөдөлмөр, хоол хүнс ямар байх талаар Библи юу хэлдэг вэ?

14 Тохилог орон сууц, сэтгэлд нийцсэн ажил хөдөлмөртэй болно. «Тэд гэр барьж, түүн дотроо сууна... Харин тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ. Харин Миний ард түмний амьдрах хугацаа модных шиг болох бөгөөд, Миний сонгож авсан хүмүүс өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана. Тэд дэмий хоосон хөдөлмөр үл хийж, зовлонтой байхаар хүүхэд үл төрүүлнэ» (Исаиа 65:21—23, МБОХ, 1998).

15 Шим тэжээл сайтай, элбэг дэлбэг хоол хүнстэй байна. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байна» (Дуулал 72:16). «Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг» (Дуулал 67:6).

16. Диваажингийн амьдрал баяр жаргалтай байхын учир юу вэ?

16 Диваажин дэлхийд мөнхийн амьдрал баяр жаргалтай байна. «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29). «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

МЭДЛЭГ БА ТАНЫ ИРЭЭДҮЙ

17. а) Хэрэв та Диваажинд амьдрахыг хүсвэл яах хэрэгтэй вэ? б) Бурхан дэлхийг үндсээр нь өөрчлөх гэж байгааг бид хаанаас мэдэж болох вэ?

17 Хэрэв та Диваажинд амьдрахыг хүсэж л байгаа бол Бурхны тухай мэдлэгтэй болоход танд юу ч саад болж чадахгүй. Бурхан хүмүүст хайртай бөгөөд дэлхийг Диваажин болгох шаардлагатай бүхнийг хийнэ. Хэрэв та дэлхийд ноёлж байгаа зовлон зүдүүр, шударга бус явдлыг устгах чадалтай байсансан бол үүнийг хийхгүй гэж үү? Тэгвэл, Бурхан үүнийг хийхийг хүсдэггүй гэж үзэх учир бидэнд байна уу? Үнэндээ, мөргөлдөөн хямралд автсан энэ тогтолцоог устган, төгс төгөлдөр, шударга засаглал тогтоох Бурхны цаг хугацааг Библи тов тодорхой хэлдэг (Даниел 2:44). Библи зөвхөн энэ тухай хэлээд зогсохгүй, Бурхны амласан шинэ ертөнцөд хэрхэн эсэн мэнд хүрч болохыг бидэнд зааж өгдөг (2 Петр 3:13; 1 Иохан 2:17).

18. Бурхны тухай мэдлэг өнөөдөр ч гэсэн таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

18 Бурхны тухай мэдлэг өнөөдөр ч гэсэн танд маш их ач холбогдолтой. Амьдралын маань хамгийн гүн гүнзгий, сэтгэл зовоосон асуултуудын хариу Библид байдаг. Хэрэв та түүний заавар зөвлөгөөг мөрдөн дагах аваас Бурхантай тогтоосон анд нөхрийн холбоогоо хөгжүүлэхэд тань тусална. Энэ бол туйлын нэр төрийн хэрэг! Үүний ачаар та зөвхөн Бурхны л өгч чадах амар тайвныг эдлэн жаргах болно (Ром 15:13, 33). Энэхүү амин чухал мэдлэгийг зөв ойлгож эхэлбэл та амьдралынхаа хамгийн чухал юмнаас барьж авлаа гэсэн үг. Мөнхийн амь уруу хөтлөх Бурхны тухай мэдлэгтэй болсондоо та хэзээ ч харамсахгүй.

19. Дараагийн бүлэгт бид юуны тухай үзэх вэ?

19 Библи нь Бурхны тухай мэдлэгийг агуулж байдаг ном учраас бид түүнийг судалдаг. Гэвч, энэ ном хүнийхээс асар давуу мэргэн ухаанаар бичигдсэн гэдгийг хаанаас мэдэж болох вэ? Энэ тухай дараагийн бүлэгт үзнэ.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Бурхны тухай мэдлэг таныг мөнхийн аз жаргалд хүргэхийн учир юу вэ?

Ирээдүйн Диваажинд амьдрал ямар байх вэ?

Бурхны тухай мэдлэг танд өнөөдөр ч гэсэн ач тустай байхын учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]