Сэрэмжлүүлгийг хүлээн авсан нь эсэн мэнд үлдсэн
Сэрэмжлүүлгийг хүлээн авсан нь эсэн мэнд үлдсэн
ЕСҮС ХРИСТ Иерусалим дахь сүмд төвлөрч байсан иудейчүүдийн эд юмсын тогтолцоо төгсөхийг урьдчилан сануулжээ. Энэ явдал хэзээ болохыг он сар өдрөөр нь товлоогүй ч сүйрлийн өмнө юу болохыг тодорхойлон хэлсэн. Тэрбээр шавь нараа сонор сэрэмжтэй байж, аюултай бүсийг орхиж явахыг захисан байдаг.
Есүс шавь нартаа: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно» хэмээн сэрэмжлүүлж, «Хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал... Иудейд байгсад нь уул уруу зугтааг» хэмээжээ. Мөн өмч хөрөнгөнийхөө хойноос эргэж буцахгүй байхыг захиж хэлсэн. Амиа аваръя л гэвэл даруй зугтах шаардлагатай байв (Лук 21:20, 21; Матай 24:15, 16).
Удаан үргэлжилсэн иудейчүүдийн бослогыг дарах зорилгоор МЭ 66 онд Цести Галл Ромын цэргийг удирдан, Иерусалим уруу хөдөлжээ. Тэрбээр хот уруу нэвтрэн орж, сүмийг бүслэн авсан байна. Хот бүхэлдээ үймээн самуунд автаж, сонор сэрэмжтэй байсан хүмүүс аюул нүүрлэж байгааг ойлгожээ. Гэхдээ зугтах боломж байсан болов уу? Санаандгүй байтал, Цести Галл цэргээ татаж, бослогод оролцогч иудейчүүд тэднийг мөшгөн хөөжээ. Иерусалим болон Иудейн бүх нутгаас зугтах цаг үнэхээр болсон байлаа!
Дараа жил нь Ромын цэргүүд Веспасиан болон түүний хүү Титийн удирдлага дор буцаж иржээ. Ийнхүү улс орон тэр аяараа дайны хөлд нэрвэгдсэн байна. МЭ 70 оны эхээр ромчууд Иерусалимыг тойруулан, шовх үзүүртэй модоор бэхлэлт барьж, хотоос гарах бүх замыг хаав (Лук 19:43, 44). Хот дотор байсан бүлэглэлүүд хоорондоо дайсагналцан бие биеэ хөнөөж, амьд үлдсэн хүмүүсийн зарим нь ромчуудын гарт амь үрэгдэж, зарим нь олзлогдон явжээ. Эзлэн түрэмгийлэгчид хотыг сүмийнх нь хамтаар үнсэн товрог болгов. І зууны иудейн түүхч Иосефын тэмдэглэснээр, сая гаруй хүн тарчлан үхжээ. Тэр үед устгасан сүмийг дахиж хэзээ ч сэргээн бариагүй юм.
Хэрэв христианууд МЭ 70 онд Иерусалимд үлдсэн бол амиа алдах юм уу тэнд байсан хүмүүсийн хамт олзлогдох байв. Гэхдээ эртний түүхчдийн мэдэгдсэнээр,
христианууд Бурхны сануулгыг анхаарч, Иерусалимыг төдийгүй Иудейн нутгийг орхиж, Иордан голын зүүнтэйх уул уруу зугтжээ. Зарим нь Пер мужийн Пеллад суурьшсан аж. Тэд Иудейг орхин явснаасаа хойш буцаж очоогүй бөгөөд Есүсийн сэрэмжлүүлгийг хүлээн авснаар амьд үлдсэн юм.Баттай эх сурвалжийн сэрэмжлүүлгийг та хүлээж авдаг уу?
Хүмүүс олон янзын сэрэмжлүүлэг сонсдог ч, аюул учрахгүй байгааг хараад бүр дөжирчихдөг. Гэхдээ сэрэмжлүүлгийг хүлээн авбал амиа аварна шүү дээ.
Жишээ нь, 1975 онд Хятадад газар хөдөлж болзошгүй байгааг ард иргэдэд сануулжээ. Эрх баригчид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, иргэд ч олноор хамрагджээ. Үүний ачаар олон мянган хүний амь аврагджээ.
Уулын оройгоос уур савсаж, үнс цацарч байгаа тухай мэдээ 1991 оны дөрөвдүгээр сард Филиппиний Пинатубо уулын бэл дэх тосгоны оршин суугчдаас иржээ. Филиппиний Галт уул, газар хөдлөлтийг судлах хүрээлэн уг үзэгдлийг хоёр сар ажиглан судалсны эцэст байгалийн гамшиг болох гэж байгааг тогтоож, ард иргэдэд сэрэмжлүүлсэн аж. Тэр даруй олон арван мянган хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Зургадугаар сарын 15-ны өглөө эрт хүчтэй дэлбэрэлт болж, олон тэрбум тонн үнс нурам уулнаас тэнгэр өөд оргилж, улмаар тэр хавийн нутгийг нэлэнхүйд нь хучжээ. Сэрэмжлүүлгийг хүлээн авсан олон мянган хүн эсэн мэнд үлджээ.
Библи эд юмсын өнөөгийн тогтолцоо төгсөх тухай ч сануулан хэлдэг. Эдүгээ бид уг тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч байгаа билээ. Төгсгөл ойртсон өнөө үед та сонор сэрэмжтэй байна уу? Аюултай бүсийг орхин явах арга хэмжээ авч байгаа юу? Чухал цаг үед амьдарч байгаагаа ухамсарлан, бусдыг ч бас аюулаас сэрэмжлүүлж байна уу?
[20-р хуудасны зураг]
Пинатубо уулыг үнс нурмаа цацахад сэрэмжлүүлгийг хүлээн авсан олон хүний амь аврагдсан
[21-р хуудасны зураг]
МЭ 70 онд Иерусалимыг сүйрэхэд Есүсийн сэрэмжлүүлэн захисныг анхаарсан христианууд эсэн мэнд үлдсэн