Таны амьдрал хаашаа явж байна вэ?
Таны амьдрал хаашаа явж байна вэ?
• Өдөр тутмын явдал суудалд автаад амьдрал нь хаашаа явж байгааг ч бодох сөхөөгүй хүн олон байдаг.
• Биднийг хэчнээн сайхан ирээдүй хүлээж буйг Библид бичсэн байдаг. Түүнчлэн, хүний нийгмийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх гэж байгааг ч анхааруулдаг. Энэ тухай Библиэс мэдсэнийхээ ач тусыг хүртэж, болох гэж буй гамшигт өртөхгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ даруй авах шаардлагатай.
• Библид юуны тухай бичсэнийг мэддэг, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг ч өдөр тутмын бэрхшээлээс болж зөв замаа алддаг хүмүүс бий.
• Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Ямар нэг юм хийхээр төлөвлөхдөө хэтийн зорилгод тань хэрхэн нөлөөлөхийг нь бодож үздэг үү?
[9-р хуудасны хавсралт/зураг]
Таны хувьд юу хамгийн чухал бэ?
Та дараах зүйлсийг хэрхэн үнэлэх вэ? Чухал гэж үзсэнийхээ дагуу дугаарлана уу.
Эдгээр зүйл амьдралд тодорхой хэмжээний орон зай эзэлдэг. Гэхдээ гарцаагүй сонгох хэрэг гарвал хамгийн түрүүнд алийг сонгох вэ? Удаах нь, гуравдугаарх нь юу байх вэ гэх мэтээр сонгоно уу.
․․․ Зугаа цэнгэл, амралт
․․․ Ажил алба
․․․ Эрүүл мэнд
․․․ Хувийн жаргал
․․․ Амьдралын хань
․․․ Эцэг эх
․․․ Үр хүүхэд
․․․ Сайн байшин, сайхан хувцас
․․․ Бусдаас илүү байхыг хичээх
․․․ Бурхныг шүтэх
[10, 11-р хуудасны хавсралт]
Та хүссэнээ үнэхээр зөв сонгож чаддаг уу?
ДАРААХ АСУУЛТ ТУС БҮРИЙГ БОДОЖ ҮЗНЭ ҮҮ
ЗУГАА ЦЭНГЭЛ, АМРАЛТ. Би үнэхээр алжаалаа тайлахаар амарч чаддаг уу? Эсвэл амралтаараа эрүүл мэндэд халтай, тэр бүү хэл, насаараа эрэмдэг зэрэмдэг болж болох аюултай зүйлээр оролддог уу? Зуурдын баясал авчраад үүрдийн зовлонд унагадаг тийм «зугаа цэнгэлээр» хөөцөлддөг юм биш биз? Би хал балгүй зугаа цэнгэлийг сонгодог ч, хамаг цагаа зориулан назгайрч, илүү чухал ажлаа алддаг юм биш байгаа?
АЖИЛ АЛБА. Би амьдралаа залгуулахын тулд ажил эрхэлдэг үү эсвэл ажлынхаа төлөө морь мал мэт зүтгэдэг үү? Ажлын төлөө эрүүл мэндээ хохироож байна уу? Би илүү цагаар ажиллах дуртай юу эсвэл хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт байхыг илүүд үздэг үү? Даргын шаардсан ажил мөс чанарыг минь зовоож, сүнслэг үйл хэргийг минь үе үе завсардуулдаг ч ажлаа алдахгүйн тулд тэр шаардлагыг нь арга буюу биелүүлдэг үү?
ЭРҮҮЛ МЭНД. Би биеэ зөнд нь хаядаг уу эсвэл эрүүл мэндээ зохих ёсоор анхаардаг уу? Үргэлж эрүүл мэндийнхээ тухай ярьдаг уу? Би гэрийнхэндээ санаа тавихын тулд эрүүл мэндээ боддог уу?
ХУВИЙН ЖАРГАЛ. Би хамгийн түрүүнд хар толгойгоо бодож, хувийн жаргал хөөдөг үү? Хань ижил, гэр бүлийнхээ жаргалыг хоёрдугаарт тавьдаг уу? Хувийн жаргал хөөдөг минь жинхэнэ Бурхныг шүтдэг хүнд зохистой явдал байж таарах уу?
АМЬДРАЛЫН ХАНЬ. Таатай санагдсан үедээ л ханийнхаа үгийг тоож сонсдог уу? Ханиа хувь хүнийх нь хувьд хүндэлдэг үү? Шашин шүтлэг минь ханьтайгаа харьцахад нөлөөлдөг үү?
ЭЦЭГ ЭХ. Хэрэв та насанд хүрээгүй бол: «Би эцэг эхээ хүндэтгэн, хий гэснийг нь хийж, товлосон цагт нь гэртээ ирж, болгоомжлуулсан хүмүүсээс хол явж, болохгүй гэсэн үйл хэргээс зайлсхийж, тэдэнд дуулгавартай байдаг уу?» гэж өөрөөсөө асууж үзээрэй. Хэрэв насанд хүрсэн бол: «Би эцэг эхээ хүндэтгэн, үгийг нь сонсдог уу? Шаардлагатай үед зохих тусламж үзүүлдэг үү? Эцэг эхтэйгээ харьцахдаа ашиг хардаг уу эсвэл Бурхны Үгийн зөвлөгөөг удирдлага болгодог уу?» гэх зэргийг өөрөөсөө асуугаарай.
ҮР ХҮҮХЭД. Үр хүүхдээ ёс суртахууны зөв хэм хэмжээнд сургах үүргээ би биелүүлдэг үү эсвэл сургуульд даатгадаг уу? Хүүхдүүддээ цаг гаргадаг бил үү? Эсвэл тоглоом, зурагт, компьютерээр тэднийгээ саатуулдаг уу? Бурхны хуулийг үл хайхрахад нь сахилга батын тохирсон арга хэмжээ авдаг уу эсвэл уурласан үедээ л шийтгэдэг үү?
САЙН БАЙШИН, САЙХАН ХУВЦАС. Биеэ хэрхэн авч явж, юу эдэлж хэрэглэхээ яаж шийддэг вэ? Хүмүүст гайхуулахыг хичээдэг үү? Гэрийнхнийхээ сайн сайханд санаа тавьдаг уу? Бурхны үйлчлэгч гэдгээ бодолцож үздэг үү?
БУСДААС ИЛҮҮ БАЙХЫГ ХИЧЭЭХ. Би ажлаа сайн хийхийг чухал гэж үздэг үү? Бусдаас илүү байхыг хичээдэг үү? Хэн нэгний ажлаа сайн хийхийг хараад хор шар хөдөлдөг үү?
БУРХНЫГ ШҮТЭХ. Бурхны сайшаалыг хүлээх нь хань ижил, үр хүүхэд, эцэг эх, даргадаа таалагдахаас чухал уу? Ая тухтай амьдрахын тулд Бурханд үйлчлэх үйлчлэлээ хоёрдугаарт тавьж чадах уу?
ДАРААХ БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗНЭ ҮҮ
Бурхныг шүтэх нь таны хувьд хэр зэрэг чухал бэ?
Номлогчийн үгс 12:13: «Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна».
ӨӨРӨӨСӨӨ АСУУНА УУ. Аливаа асуудалд дээрх үгийн дагуу ханддагаа амьдрал дээр харуулдаг уу? Гэр бүлдээ болон ажил, сургууль дээрээ хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас Бурхны тушаалыг сахидаг эсэх минь харагддаг уу? Эхлээд дуртай сонирхолтой юмаа хийж, амьдралынхаа асуудлыг амжуулчихаад л Бурханд үйлчлэх цаг гаргах эсэхээ шийддэг үү?
Та Бурхантай ямар харьцаатай вэ?
Сургаалт үгс 3:5, 6: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно».
Матай 4:10: «Чи Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил».
ӨӨРӨӨСӨӨ АСУУНА УУ. Би Бурханд ингэж ханддаг уу? Өдөр тутмын ажил хэрэг болон бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаагаараа Бурханд бүх зүрхээрээ итгэж, үнэнч байдгаа харуулдаг уу?
Таны хувьд Библи уншиж, судлах хэр зэрэг чухал бэ?
Иохан 17:3: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн».
ӨӨРӨӨСӨӨ АСУУНА УУ. Би энэ үгэнд үнэхээр итгэдгээ Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодохыг чухалд үзэж байгаагаараа харуулдаг уу?
Цуглаанд очих нь таны хувьд хэр зэрэг чухал бэ?
Еврей 10:24, 25: «Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. ...Хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдрийг ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя».
Дуулал 122:1: «Тэд надад: „ЭЗЭНий өргөө уруу явцгаая“ гэхэд би баярласан».
ӨӨРӨӨСӨӨ АСУУНА УУ. Бурхны Үг ийм заавар зөвлөгөө өгдгийг би талархан хүлээж авдгаа амьдрал дээр баталдаг уу? Жишээ нь, өнгөрсөн сард би ямар нэг ажлыг илүү чухалд үзээд цуглаанаа тасалсан уу?
Бурхан болон Бурхны санаа зорилгын тухай хүмүүст ярьж, дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцдог уу?
Матай 24:14: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ... гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ».
Матай 28:19, 20: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. ...Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа».
Дуулал 96:2: «ЭЗЭНд дуулж, Түүний нэрийг магтагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун».
ӨӨРӨӨСӨӨ АСУУНА УУ. Энэ ажил миний амьдралд эзэлбэл зохих байраа эзэлдэг үү? Би чухал цаг үед амьдарч байна гэдэгт итгэдгээ энэ ажилд оролцож байгаагаараа харуулдаг уу?