Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?
Дэлхийн бөмбөрцгийн хаана ч явсан ноцтой асуудал, аймшигт явдлын тухай өдөр тутам сонсогдох болжээ! Энэ бүхэн ямар учиртай вэ?
АЮУЛГҮЙ БАЙДАЛ. Зах дээр бөмбөг дэлбэрчээ. Багш сурагчдыг сургууль дээр нь бууджээ. Эцэг эхийг эргэж харах хооронд хүүхдийг нь шүүрээд зугтжээ. Охид эмэгтэйчүүд, өвгөд хөгшдийг гэгээн цагаан өдрөөр дээрэмджээ.
ШАШНЫ БАЙДАЛ. Шашин дайны сөргөлдөгч талуудыг дэмжиж байна. Шашны удирдагчид хүмүүсийг аймаглан устгасан хэрэгт буруутгагдав. Лам хуврагууд хүүхдийг садар самуунд уруу татаж, сүм хийд бусармаг явдлын нуувч болжээ. Сүмд очдог хүмүүсийн тоо буурч, сүмийн барилгыг зарав.
БАЙГАЛЬ ОРЧИН. Мод огтолж бизнес хийжээ. Түлээ түлшгүй болсон ядуус ойг юу ч үгүй хяргажээ. Хөрсний ус бохирдож, уух аргагүй болжээ. Үйлдвэрийн хаягдал, загас агнуурын сүүлийн үеийн арга загасыг устаж үгүй болох аюулд оруулж байна. Агаар бохирдож, амьсгал давчдах боллоо.
АМИН ЗУУЛГА. Африкийн Сахарын цөлийн өмнөд нутагт хүмүүс ядуугийн туйлд хүрчээ. Шунахай захирлуудын гайгаар байгууллагууд үүдээ барьж, олон мянган хүн ажилгүй хоцорлоо. Хөрөнгө оруулагчид луйварчдад залилуулан, насаараа цуглуулсан хөрөнгөө алджээ.
ХООЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛ. Дэлхий дахинд 800 000 000 орчим хүн хоосон ходоодтой хоног төөрүүлж байна.
ДАЙН. ХХ зуунд дайны уршгаар 100 000 000 гаруй хүн амиа алджээ. Цөмийн зэвсгийн нөөц хүн төрөлхтнийг тэр чигээр нь хэдэнтээ устгахад ч хүрэхээр байна. Иргэний дайн гарсаар байна. Терроризмын аюул дэлхий нийтийг нөмрөв.
ТАХАЛ БОЛОН БУСАД ӨВЧИН. 1918 онд дэгдсэн «испани томуу» 21 000 000 хүний амийг авч оджээ. ДОХ «хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн хөнөөлт тахал» болоод байна. Хорт хавдар, зүрх судасны өвчний улмаас дэлхий эмгэнэн гашуудаж байна.
Эдгээр мэдээ баримт цаанаа юу хэлээд байгааг сайтар бодож үзэгтүн. Энэ бүхэн санамсаргүй болоод байна уу? Эсвэл дэлхий дахиныг хамарсан, нарийн учиртай үйл явдлууд уу?
[5-р хуудасны хавсралт/зураг]
Бурхан бидэнд үнэхээр санаа тавьдаг уу?
Аймшигт явдлын тухай дуулаад эсвэл дотнын хүнээ юм уу үнэт зүйлээ алдаад зовж шаналсан олон хүн, Бурхан яагаад ийм золгүй явдлыг таслан зогсоож, хөндлөнгөөс оролцдоггүй юм бэ гэж гайхдаг.
Бурхан үнэхээр санаа тавьдаг. Бурхан биднийг ухаалгаар удирдаж, жинхэнэ ёсоор тайвшруулдаг (Матай 11:28—30; 2 Тимот 3:16, 17). Тэрбээр хүчирхийлэл, өвчин эмгэг, үхлийг бүрмөсөн дуусгавар болгох үндсийг тавьчихаад байгаа билээ. Ийнхүү ганцхан үндэстэнд бус, бүх үндэстэн, овог, хэлтэнд санаа тавьдаг гэдгээ үйл хэргээрээ баталдаг (Үйлс 10:34, 35).
Бид Бурхныг хэр зэрэг анхаардаг вэ? Тэнгэр газрыг хэн бүтээснийг та мэдэх үү? Нэрийг нь хэн гэдэг бол? Санаа зорилго нь юу юм бол? Эдгээр асуултад Библи гэдэг ном хариулдаг. Хүчирхийлэл, өвчин эмгэг, үхлийг бүрмөсөн дуусгавар болгохын тулд ямар алхам хийж байгаагаа Бүтээгч Бурхан Библиэр уламжлан өөрөө мэдэгддэг. Тэгвэл, тэр арга хэмжээнийх нь ач тусыг хүртэхийн тулд бид ямар шаардлага хангавал зохих вэ? Бурхны болоод санаа зорилгынх нь тухай мэдэх хэрэгтэй. Бурханд итгэдэггүй атлаа арга хэмжээнээс нь ач тус хүртэнэ хэмээн хүлээж яахин болох билээ? (Иохан 3:16; Еврей 11:6). Түүнээс гадна, тушаалуудыг нь дуулгавартай сахих хэрэгтэй (1 Иохан 5:3). Та Бурхны шаардлагыг хангахын тулд чин сэтгэлээсээ анхаардаг уу?
Бурхан ямар учраас өнөөгийн нийгмийг энэ чигээр нь байлгаад байгааг ойлгохын тулд нэг чухал асуудлын учрыг олох нь зүйтэй. Энэ тухай Библид бичсэн байдаг. Эл товхимлын 15-р хуудаснаа тэр асуудлыг дэлгэрэнгүй тайлбарласан буй.