Skip to content

Гарчиг руу орох

«Шүүх цаг ирчихээд байна»

«Шүүх цаг ирчихээд байна»

«Шүүх цаг ирчихээд байна»

«ИЛЧЛЭЛТ» хэмээх Библийн сүүлчийн номд тэнгэрийн дундуур нисэж яваа нэгэн тэнгэр элчид «мөнхийн сайн мэдээ» байгаа тухай гардаг. Тэрбээр чанга дуугаар: «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл, Түүний шүүх цаг ирчихээд байна» хэмээн хэлдэг (Илчлэлт 14:6, 7). Тэрхүү «шүүх цаг» нь Бурхны шүүх ажиллагааг тунхаглах хийгээд гүйцэтгэх үе юм. Шүүх ажиллагааг гүйцэтгэх явц бидний амьдарч буй «эцсийн өдрүүдийн» оргил цэгтэй давхацна (2 Тимот 3:1).

«Шүүх цаг» бол шударга ёсыг хайрладаг хүмүүсийн хувьд сайн мэдээ юм. Энэ «цагт» Бурхан хүчирхийлэл, харгис явдлаар дүүрсэн хүний нийгмээс болж зовсон үйлчлэгчдээ аварна.

Энэхүү ёс бус тогтолцоо устахад шүүх цаг дуусах бөгөөд түүнээс урьтаж бид өнөөдөр «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө» хэмээсэн тэнгэр элчийн уриалгыг хүлээн авч байна. Та энэ уриалгыг биелүүлдэг үү? Биелүүлье гэвэл «Би Бурханд итгэдэг» гэж хэлэхээс хавьгүй илүүг хийх шаардлагатай (Матай 7:21—23; Иаков 2:19, 20). Бурхнаас зүй ёсоор эмээх нь түүнийг сүсэглэн хүндэтгэж, хорон муугаас эргэх хүсэл төрүүлдэг (Сургаалт үгс 8:13). Мөн мууг үзэн ядаж, сайныг хайрлахад тусалдаг (Амос 5:14, 15). Хэрэв бид Бурхныг хүндэтгэдэг бол үгийг нь анхааралтай сонсдог болно. Түүний Үг буюу Библийг тогтмол уншихын чухлыг ухамсарлан, бусад зүйлд хэтэрхий их цаг гаргахаас зайлсхийж, хэзээд түүнд бүх зүрхээрээ итгэдэг болно (Дуулал 62:8; Сургаалт үгс 3:5, 6). Бурхныг чин сэтгэлээсээ дээдлэн хүндэтгэдэг хүмүүс түүнийг тэнгэр газрыг Бүтээгчийн хувьд орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн мөн бөгөөд амьдралыг нь удирдан залах эрхтэй хэмээн хүлээн зөвшөөрч, хайрын сэтгэлээс захирагддаг. Эдгээрийг уншаад, өөрийгөө аль нэг талаар засаж залруулах хэрэгтэй юм байна гэдгээ ойлговол даруй арга хэмжээ аваарай.

Дээр дурдсан, тэнгэр элчийн мэдэгдэж буй шүүх ажиллагааг гүйцэтгэх үеийг мөн «Еховагийн өдөр» (ШЕ) гэж нэрлэдэг. МЭӨ 607 онд эртний Иерусалим хот чухам тийм «өдрийг» үзсэн. Учир нь Иерусалимын оршин суугчид Ехова Бурхныг зөнчдөөрөө уламжлан сануулга өгөхөд анхаараагүй юм. Тэд «Еховагийн өдөр» хаа ч байсан юм хэмээн бодсоор байгаад амь насандаа аюул учруулсан. Гэтэл Ехова тэдэнд: «Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» хэмээн сануулчихаад байсан билээ (Зефаниа 1:14). Түүнчлэн, МЭӨ 539 онд эртний Вавилон ч бас «Еховагийн өдрийг» үзсэн (Исаиа 13:1, 6). Вавилончууд хана хэрэм, олон бурхандаа найдаж байсан тул Еховагийн зөнчдийн сэрэмжлүүлгийг үл тоомсорложээ. Гэтэл хүчирхэг Вавилон ганцхан шөнийн дотор Миди-Персэд эзлэгдсэн.

Өнөөдөр юу нүүрлээд байна вэ? «Бурхны өдөр» дахин нэг удаа ирж, илүү өргөн цар хүрээг хамрах учиртай (2 Петр 3:11—14). Бурхан «Агуу Вавилоныг» шүүхээ мэдэгдсэн. Илчлэлт 14:8-д бичсэнээр, тэнгэр элч: «Агуу Вавилон... нурлаа» гэж тунхагладаг. Энэ үг аль хэдийнээ биелжээ. Тиймээс, «Агуу Вавилон» Еховагийн үйлчлэгчдэд цаашид саад тотгор учруулж чадахгүй. «Агуу Вавилон» завхран гажуудаж, дайн дажинд хутгалдан оролцдог нь олонд нэгэнт илэрхий болсон. Тэгээд тун удахгүй бүрмөсөн устана. Тийм ч учраас, Библи газар газрын хүмүүст: «Та нар [Агуу Вавилоны] нүглүүдэд нь хамтрагч болж, ...түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун» хэмээн уриалж, «яагаад гэвэл, түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан» гэж тайлбарладаг (Илчлэлт 18:4, 5).

«Агуу Вавилон» гэж юу вэ? Энэ бол эртний Вавилоны эзэнт гүрний олон онцлог шинжийг тусгасан дэлхий дахины шашны тогтолцоо юм (Илчлэлт 17, 18-р бүлэг). Эртний Вавилоны эзэнт гүрэн болон «Агуу Вавилоны» хоорондох адил төстэй зарим зүйлийг авч үзье.

• Эртний Вавилонд лам хуврагууд нь улс төрийн хэрэгт ихээр хутгалдан оролцдог байсан. Өнөөдөр ч ихэнх шашны хувьд байдал адилхан байна.

• Вавилоны лам нар улсынхаа цэрэг дайны бодлогыг гол төлөв дэмжин сайшаадаг байв. Орчин үеийн шашин ч бас дайтагч талын цэргүүдийг адислах нь олонтаа.

• Эртний Вавилоны шашны сургаал, зан үйл ард олныг садар самуунд уруу татдаг байсан. Өнөөдөр ч шашны удирдагчид ёс суртахууны талаарх Библийн хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байгаагаас лам хувраг болон сүсэгтэн олны хэн хэнийх нь дунд садар самуун явдал асар их газар авчээ. Түүнчлэн, «Агуу Вавилон» энэ ертөнц болон ертөнцийн улс төрийн тогтолцоотой «завхайрдаг» учраас түүнийг «Илчлэлт» номд янхан гэж дүрсэлдэг.

• Түүнээс гадна, «Агуу Вавилоныг» «хээнцэр тансаг» амьдардаг гэж Библид хэлдэг. Эртний Вавилонд сүм хийд нь их хэмжээний газар эзэмшиж, санваартнууд нь бизнесийн салбарт нэр хүндтэй байжээ. Өнөөдөр «Агуу Вавилон» сүм хийдийн нүсэр барилга байгууламжтайн зэрэгцээ том хэмжээний бизнес эрхэлж, асар их хөрөнгө эзэмшдэг. Номлодог сургаал, тэмдэглэдэг баяр нь өөрийнх нь болон бизнесийн салбарынхны халаасыг ихээхэн зузаатгадаг.

• Эртний Вавилонд хиймэл шүтээнд мөргөж, зурхай зурж, мэргэ төлөг буулгах явдал түгээмэл байсан шиг өнөөдөр ч энэ явдал олон газар өргөн дэлгэрчээ. Үхлийг амьдралын нэг хэлбэрээс нөгөөд шилжих явц гэж үздэг байв. Вавилончууд олон бурхан шүтэж, тэдгээрт зориулан сүм дуган олныг босгодог байсан ч, Ехова Бурхныг шүтдэг хүмүүсийг эсэргүүцдэг байв. Эдүгээ «Агуу Вавилон» ч эдгээртэй адил сургаал номлол, үйл хэргээрээ өөрийгөө таниулдаг.

Эрт цагт Ехова өөрийг нь болоод хүсэл тааллыг нь байнга үл хайхардаг хүмүүсийг шийтгэхдээ улс төр болон цэрэг армийн хувьд хүчирхэг гүрнүүдийг ашигладаг байв. Тухайлбал, МЭӨ 740 онд ассиричууд Самариг устгажээ. Иерусалимыг МЭӨ 607 онд вавилончууд, МЭ 70 онд ромчууд тус тус устгаж байсан. Харин Вавилон өөрөө МЭӨ 539 онд Миди-Персэд эзлэгдсэн билээ. Өнөө үеийн тухайд гэвэл, улс төрийн хүчнүүд «янхан» уруу араатан мэт дайрч, «түүнийг... нүцгэлэх» буюу үнэн нүүр царайг нь илчлээд, бүрмөсөн устгана гэж Библид урьдчилан хэлдэг (Илчлэлт 17:16).

Энэ ертөнцийн улс төрийн хүчнүүд «Агуу Вавилоныг» үнэхээр тэгж устгах юм болов уу? Бурхан үүнийг тэдний зүрхэнд хийх тухай Библид тэмдэглэсэн байдаг (Илчлэлт 17:17). Энэ нь урьдаас мэдэхийн аргагүй, гэнэтийн, цочирдом явдал байх болно.

Та ямар алхам хийх хэрэгтэй вэ? Тэгэхлээр, та одоо өөрөөсөө: «Би „Агуу Вавилоны“ сургаалыг баримталдаг, зан үйлийг мөрддөг шашин шүтсээр байна уу?» гэж асуугаарай. Тийм шашин шүтдэггүй байлаа ч: «Надад „Агуу Вавилон“ ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?» гэж өөрийгөө шалгаж болно. Чухам яаж нөлөөлж болох билээ? Ёс суртахуунгүй явдалд хүлцэнгүй хандах, Бурхныг хайрлахаасаа илүү эд баялаг, зугаа цэнгэлийг хайрлах, шалихгүй юм шиг санагдах асуудлаар ч Еховагийн Үгийг санаатайгаар үл тоомсорлох янзтай болж болох юм. Хариултаа сайтар бодож үзээрэй.

Еховагийн сайшаалыг хүлээхийн тулд «Агуу Вавилоны» хэсэг биш гэдгээ үйл хэргээрээ ч, хүсэл эрмэлзлээрээ ч батлан харуулах хэрэгтэй. Одоо бол гар хумхин суух цаг биш ээ. Төгсгөл гэнэт ирнэ гэдгийг Библи бидэнд сануулан: «Агуу хот Вавилон ийнхүү хүчээр [«хурдан», ШЕ] доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй» гэж хэлдэг (Илчлэлт 18:21).

Гэхдээ өөр үйл явдлууд бас болно. «Шүүх цагийн» үеэр болох нэг үйл явдал бол Ехова Бурхан дэлхий дахины улс төрийн тогтолцоог удирдагчидтай нь хамт, мөн Есүс Христ тэргүүтэй тэнгэрийн Хаанчлалаар дамжин хэрэгждэг зүй ёсны эрх мэдлийг нь үл хайхардаг хэнийг ч болов хариуцлагад татах явдал юм (Илчлэлт 13:1, 2; 19:19—21). Даниел 2:20—45-д тэмдэглэсэн зөгнөлийн утга бүхий үзэгдэлд эртний Вавилоноос эхлээд өнөөг хүртэлх улс төрийн засаглалыг алт, мөнгө, хүрэл, төмөр, шавраар хийсэн асар том баримлаар бэлэгдэн дүрсэлжээ. Уг зөгнөлд өнөө үеийн тухай: «Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна» гэж бичсэн байдаг. Мөн тэр Хаанчлал Еховагийн «шүүх цагт» юу хийх талаар: «Тэр нь [хүний байгуулсан] тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн тэмдэглэжээ (Даниел 2:44).

«Ертөнцөд байгаа зүйлсийг» буюу жинхэнэ Бурхнаас хөндийрсөн өнөөгийн нийгэмд давамгайлж буй амьдралын хэв маягийг хайрлахгүй байхыг Библи Еховагийн үйлчлэгчдэд анхааруулдаг (1 Иохан 2:15—17). Та Бурхны Хаанчлалыг тууштай дэмждэгээ гаргаж буй шийдвэр, хийж буй үйл хэргээрээ харуулдаг уу? Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд үнэхээр тавьдаг уу? (Матай 6:33; Иохан 17:16, 17).

[14-р хуудасны хавсралт]

«Төгсгөл» хэзээ ирэх вэ?

«Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» (Матай 24:44).

«Соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» (Матай 25:13).

«Энэ нь хоцрохгүй» (Хабаккук 2:3).

[14-р хуудасны хавсралт]

Хэрэв та мэдэж байсан бол өөрөөр амьдрах байсан уу?

Бурхны шүүх ажиллагаа ойрын хэдэн жилд болохгүй гэдгийг та лавтай мэдэж байсан бол одоогийнхоосоо өөрөөр амьдрах байсан уу? Эсвэл энэхүү хуучин тогтолцооны төгсгөл таны бодож байснаас хоцорчихоод байгаагаас болж та Еховад үйлчлэхдээ цалгар назгай ханддаг болоогүй биз? (Еврей 10:36—38).

Төгсгөл яг хэзээ ирэхийг нарийн мэддэггүй маань Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг эсэхээ харуулах боломж олгодог. Төгсгөл ирэхийн сургаар их хичээл зүтгэл гаргалаа ч, зүрхийг хардаг Бурханд таалагдах аргагүй гэдгийг Еховаг мэддэг хүмүүс ойлгодог (Иеремиа 17:10; Еврей 4:13).

Еховаг чин зүрхнээсээ хайрладаг хүмүүс түүнийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Жинхэнэ христианууд бусдын л адил ажил хөдөлмөр эрхэлдэг. Гэхдээ хөрөнгө зоорь хураахыг зорилгоо болголгүй, харин мөр бүтэн, гэдэс цатгалан явж, гачигдалтай хүнд туслах чадалтай байхыг хичээдэг (Ефес 4:28; 1 Тимот 6:7—12). Түүнчлэн, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж, амьдралынхаа тогтсон хэвшлийг түр зуур өөрчлөн, алжаалаа тайлдаг. Гэхдээ бусдыг дуурайдаггүй (Марк 6:31; Ром 12:2). Тэд Есүс Христийг дуурайн, Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ баярладаг (Дуулал 37:4; 40:8).

Жинхэнэ христианууд Еховад үүрд үйлчилж, мөнх амьдрахыг хүсдэг. Бурхны өгөх шагналыг хүртэхийн тулд бодож байснаасаа арай удаан хүлээх ёстой болсон ч бидний хувьд мөнх амийн тэр найдвар маань үнэ цэнээ алддаггүй.

[15-р хуудасны хавсралт/зураг]

Хамгийн дээд эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал

Хүн төрөлхтөн гашуун зовлон туулж байгааг Бурхан яагаад хүлцэн зөвшөөрдгийн учрыг олохын тулд хамгийн дээд эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлыг ойлгох хэрэгтэй.

Ехова Бүтээгч учраас дэлхий болон дэлхий дээр байгаа бүхнийг захирах бүрэн эрхтэй билээ. Гэхдээ, Еховаг эрх мэдлээ шударгаар хэрэгжүүлдэг эсэхэд эргэлзээ төрүүлсэн нэг явдал хүний түүхийн эхэнд болсныг Библи тайлбарладаг. Бурхан бүтээлийнхээ эрх чөлөөг хэтэрхий боож, хуулийг нь зөрчвөл юу болох тухай анхны хүмүүст худал хэлсэн хэмээн Сатан Диавол мэтгэсэн. Түүнээс гадна, хүмүүс биеэ дааж, Бурхнаас хараат бусаар өөрсдийгөө захирвал илүү сайн сайхан явна гэж Сатан хэлжээ (Эхлэл 2, 3-р бүлэг).

Бурхан самуун дэгдээгчдийг тэр даруй устгасан бол хүчтэй гэдгээ харуулах байсан ч, ингэснээр маргаантай асуудлыг эцэслэн шийдэж чадахгүй байв. Тиймээс, Ехова уг самуун явдал ямар үр дагаварт хүргэхийг оюун ухаант бүх бүтээлдээ үзүүлэхээр шийджээ. Энэ шийдвэрийн ачаар бид зовлонтой ч гэлээ хүн болж төрөх боломжтой болсон.

Түүнээс гадна, Ехова асар их хохирол үзэж байж, хайрынхаа сэтгэлээс арга хэмжээ авсан нь Хүүгээ золих тахил болгон өгсөн явдал юм. Үүний ачаар, Бурханд дуулгавартай, Есүсийн золих тахилд итгэх хүмүүс нүгэл, үхлээс ангижирч, Диваажинд амьдрах боломжтой болсон. Ехова нас барагсдыг ч дахин амилуулж, диваажинд амьдруулна.

Маргаантай асуудлыг шийдвэрлэх цаг хугацаа олгосны ачаар үйлчлэгчид нь Еховагийн хайрыг даах чадвартайгаа харуулж, ямар ч нөхцөлд түүнд үнэнч байдгаа батлах боломжтой болсон. Еховагийн эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал болон үүнтэй холбоотой, хүн Бурханд үнэнч байж чадах эсэх асуудлыг шийдэх нь оюун ухаант бүтээлүүд орчлонт ертөнцөд хууль ёсыг хүндэтгэдэг байхад амин чухал үүрэгтэй. Эс бөгөөс жинхэнэ амар тайвныг хэзээ ч олохгүй. *

[Зүүлт]

^ д/м 36 Эдгээр маргаантай асуудлыг Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан, «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 8-р бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно.

[Зураг]

Улс төрийн засаглалын тогтолцоо удахгүй эцсээ үзнэ