Энэ бүхэн ямар учиртай вэ?
Энэ бүхэн ямар учиртай вэ?
ЕСҮС ХРИСТ «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үеийн» (ШЕ) шинж тэмдгийг дайн, өлсгөлөн, тахал, газар хөдлөлт байна гэж хэлсэн (Матай 24:1—8; Лук 21:10, 11, ШГ).
1914 оноос хойш хүн төрөлхтний амьдралд улс үндэстэн, угсаатан ястан хоорондын дайн хар мөр үлдээсээр ирсэн. Энэ нь ихэнхдээ лам хуврагууд улс төрд хутгалдан оролцсоноос болдог байв. Эдүгээ террорист халдлага дэлхийг донсолгож, амар тайван амьдралыг эвдэн бусниулж байна.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч дэлхий дахинд олон зуун сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, жил бүр сая сая хүн өлсгөлөнгөөр үхэж байна.
Тахал буюу өргөн тархацтай дэгддэг халдварт өвчин бол Есүсийн хэлсэн шинж тэмдгийн бас нэг хэсэг мөн. Дэлхийн І дайны дараа гарсан халдварт томуу 21 000 000 гаруй хүний амийг авч одсон. Үүнээс өмнө тахал бага хэмжээний газар нутгийг хамардаг байсан бол энэ удаад олон улс орны хүн амыг, тэр байтугай, алс бөглүү арлын оршин суугчдыг ч нэрвэжээ. Өнөөдөр ДОХ-ын аюул дэлхий нийтийг нөмөрч, уушгины сүрьеэ, хумхаа, халдварт шар, цусан суулга зэрэг халдварт өвчин хөгжиж буй орнуудад гарсаар байна.
Баримт сэлтээс үзвэл, жил бүр харилцан адилгүй хүчтэй газар хөдлөлт олон арван мянгаараа болдог аж. Сүүлийн үеийн багаж хэрэгсэл ашиглаж, газар хөдлөлтийг урьдчилан мэдэх арга боловсронгуй болж байгаа ч, хүн ам олноор төвлөрсөн газар энэ гамшиг ихээхэн хохирол учруулсан тухай мэдээ тасрахгүй байгаа билээ.
Түүнчлэн, Библид: «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг үгүйсгэдэг. ...Ийм хүмүүсээс зайлсхийж яв» хэмээн урьдаас сануулжээ (2 Тимот 3:1—5).
Бид «хэцүү цагт» амьдарч байна гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?
Хүмүүс өөрийгөө л хайрладаг, мөнгөнд улайран шунадаг, биеэ тоодог болсныг анзаарсан уу?
Хүслээ биелүүлэхийн тулд бусдыг шахаж шаардахаа мэддэг ч талархаж мэддэггүй, хэл амаа олоход бэрх, үнэнч бус хүмүүс захаас аваад байна гэдэгтэй хэн маргах юм бэ?
Эцэг эхдээ үл захирагдах, хэнийг ч үл хайрлах явдал ганц нэг газар бус, хаа сайгүй
эрс өссөн нь хэнд ч илэрхий биш гэж үү?Өнөөгийн нийгэм зугаа цэнгэлийг хайрлах явдалд мансуурч, сайныг үзэн яддаг болсныг та лавтай ажигласан биз ээ. «Эцсийн өдрүүдэд» хүмүүс яг л ийм ааш авиртай болохыг Библид тодорхой бичсэн байдаг.
Бидний амьдарч буй цаг үеийг тодорхойлоход өөр баримт хэрэгтэй юү? Дээрх явдлуудтай зэрэгцэн Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх тухай Есүс мөн зөгнөжээ (Матай 24:14). Тэгвэл, энэ зөгнөл биелж байна уу?
Еховагийн Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах зорилго бүхий, Библид үндэслэсэн «Харуулын цамхаг» сэтгүүлийг аль ч тогтмол хэвлэлээс илүү олон хэлээр гаргаж байна.
Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг гардан явуулж, уг ажилд жил бүр тэрбум гаруй цаг зарцуулдаг.
Тэд Библийн сургаалыг тайлбарласан ном хэвлэлээ одоогийн байдлаар 400 орчим хэлээр хэвлэн гаргаж байна. Үүний дотор алс бөглүү газар суурьшдаг болон цөөн хүн амтай үндэстэн ястны хэл ч багтдаг. Еховагийн Гэрчүүд сайн мэдээг бүх үндэстэнд хүргэж, улс төрийн үүднээс авч үзэхэд ач холбогдол багатай нутаг дэвсгэр, арал дээр ч дэлгэрүүлдэг. Тэд ихэнх улс оронд Библийн сургалт тогтмол явуулдаг.
Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг үнэхээр дэлхий дахинд дэлгэрүүлж байгаа билээ. Гэхдээ нийгэмд өөрчлөлт шинэчлэлт хийх зорилгоор бус, гэрчлэхийн тулд юм. Энэ үйл хэргийн ачаар газар газрын хүмүүс бүхнийг бүтээсэн Нэгнийг анхаарч, хууль тушаалыг нь сахин биелүүлж, бие биеэ хайрлах хайраа харуулах боломжтой болж байна (Лук 10:25—27; Илчлэлт 4:11).
Тун удахгүй Бурхны Хаанчлал дэлхийг ёс бус бүхнээс цэвэрлэж, диваажин болгоно (Лук 23:43).
[6-р хуудасны хавсралт]
Юуны «эцсийн өдрүүд» вэ?
Хүн төрөлхтний эцсийн өдрүүд биш ээ. Учир нь Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүс ирээдүйд мөнх амьдарна гэж Библид бичсэн байдаг (Иохан 3:16, 36; 1 Иохан 2:17).
Манай Дэлхийн эцсийн өдрүүд ч бас биш ээ. Хүн төрөлхтний гэр болсон дэлхий үүрд мөнх байна гэж Бурхны Үг амладаг (Дуулал 37:29; 104:5; Исаиа 45:18).
Харин хүчирхийлэл, харгис явдлаар дүүрсэн өнөөгийн ертөнц болон ертөнцийн ёс бус үйл хэргээр хөөцөлддөг хүмүүсийн эцсийн өдрүүд юм (Сургаалт үгс 2:21, 22).
[7-р хуудасны хавсралт/зураг]
Библи Бурхны Үг үнэхээр мөн үү?
Библийг бичсэн зөнчид: «ЭЗЭН [Бурхан] ийнхүү айлдаж байна» хэмээсэн нь олонтаа байдаг (Исаиа 43:14; Иеремиа 2:2). Бурхны Хүү Есүс Христ хүртэл «өөрийн санаагаар хэлээгүй» гэдгээ онцлон тэмдэглэжээ (Иохан 14:10). «Бүх үг нь Бурхны онгод оруулан бичүүлсэн үг» мөн хэмээн Библи өөрөө тодорхой мэдэгддэг (2 Тимот 3:16, ШГ).
Библийн Нэгдсэн Нийгэмлэгийн тооцоогоор, хамгийн олон буюу 2 200 гаруй хэлээр хэвлэгдсэн ном Библиэс өөр байдаггүй. Одоогийн байдлаар, дөрвөн тэрбум гаруй хувь хэвлэгдээд байгаа нь өөр ямар ч номыг дагуулахгүй ажээ. Бурхан ийм л номоор бүх хүнд үгээ хүргэнэ гэж үзэх нь зүйд нийцэхгүй гэж үү?
Библийг Бурхан онгод оруулан бичүүлсэн тухай баримт нотолгоог Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Бүх хүнд зориулсан ном» товхимлоос дэлгэрэнгүй үзнэ үү.
Та Библийг Бурхны Үг үнэхээр мөн гэж хүлээн зөвшөөрөөд, уншиж судалбал арвин их ач тус хүртэнэ.
[8-р хуудасны хавсралт/зураг]
«Бурхны Хаанчлал» гэж юу вэ?
Тэнгэр газрыг бүтээсэн жинхэнэ Бурхан Еховагийн, тэнгэрт байгуулсан тусгай засгийн газар юм (Иеремиа 10:10, 12).
Бурхан Есүс Христэд Хаанчлалын эрх мэдэл олгосныг Библид тэмдэглэжээ (Илчлэлт 11:15). Есүс Бурхнаас авсан гайхамшигтай эрх мэдэл буюу байгалийн хүчийг захирах, өвчин эмгэгийг эдгээх, тэр бүү хэл, үхсэн хүнийг дахин амилуулах эрх мэдэлтэйгээ дэлхий дээр байхдаа харуулсан билээ (Матай 9:2—8; Марк 4:37—41; Иохан 11:11—44). Бурхан Есүст «эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал» өгөхөд «бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэхийг» ч Библид зөгнөсөн байлаа (Даниел 7:13, 14). Эл засгийн газрыг тэнгэрийн Хаанчлал гэж нэрлэдэг бөгөөд эдүгээ Есүс Христ Хаанчлалын эрх мэдлээ тэнгэрээс хэрэгжүүлдэг.
[7-р хуудасны зураг]
Сайн мэдээг дэлхий дахинд дэлгэрүүлдэг