Skip to content

Гарчиг руу орох

«Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла»

«Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла»

«Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла»

«Бүх юмны төгсгөл ойр ирчихээд байна. [...] Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла» (1 ПЕТР 4:7, 8).

ЕСҮСИЙН хувьд элч нартайгаа хамт өнгөрүүлэх сүүлийн хэдэн цаг их үнэтэй байлаа. Тэдэнд юу тохиолдохыг Есүс мэдэж байжээ. Тэд их ажил амжуулах ёстой ч, яг л өөр шиг нь үзэн ядалт, хавчлагын бай болох байв (Иохан 15:18—20). Сүүлчийн удаа хамт байхдаа Есүс тэдэнд «бие биеэ хайрлагтун» хэмээн нэг бус удаа захисан (Иохан 13:34, 35; 15:12, 13, 17).

2 Тэр үдэш Есүстэй хамт байсан элч Петр уг захиасын чухлыг ойлгожээ. Олон жилийн дараа Иерусалимыг устгахаас өмнөхөн тэрбээр хайрын чухлыг онцлон тэмдэглэж: «Бүх юмны төгсгөл ойр ирчихээд байна. [...] Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла» хэмээн христиануудад зөвлөжээ (1 Петр 4:7, 8). Петрийн үг эд юмсын өнөөгийн тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа хүмүүсийн хувьд их гүнзгий утгатай (2 Тимот 3:1). «Халуунаар хайрлах» гэж юу гэсэн үг вэ? Бие биеэ тийн хайрлах нь ямар учраас чухал бэ? Хайраа хэрхэн харуулж болох вэ?

«Халуунаар хайрлах» гэж юу гэсэн үг вэ?

3 Олон хүн хайрыг аяндаа бий болдог мэдрэмж гэж боддог. Харин Петр хайрын тухай ерөнхийд нь биш, хамгийн дээд хэлбэрийнх нь тухай хэлсэн. 1 Петр 4:8-д «хайр» гэж орчуулсан үг нь грек хэлний агапе гэдэг үг юм. Зарчимд тулгуурладаг, амин хувиа хичээдэггүй хайрыг энэ үгээр хэлдэг. Нэгэн лавлах бичигт: «Агапе хайр нь зүгээр нэг сэтгэлийн хөдлөл биш, гол нь үйл хийх хүслээс төрөн гардаг шийдвэр учир тушаалд захирагдах чадвартай» гэж тэмдэглэжээ. Бидэнд амиа бодох төрөлхийн хандлага байдаг тул Бурхны хуулийн дагуу бие биеэ хайрлаж байх сануулга гарцаагүй хэрэг болдог (Эхлэл 8:21; Ром 5:12).

4 Гэхдээ хайрла гэсэн тушаалтай учраас л хайрлана гэсэн үг биш ээ. Агапе бол хүйтэн цэвдэг, хиймэл хайр биш. Петр биднийг «бие биеэ халуунаар хайрлах» ёстой хэмээсэн. * Үүний тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. «Халуун» гэж буулгасан грек үгийн тухай нэгэн судлаач: «Энэ үг, барианд орохын тулд эцсийн хүчээ шавхаж буй тамирчныг санагдуулдаг» гэж хэлжээ.

5 Тэгэхлээр, бид сэтгэлийг маань татдаг хүнийг, эсвэл цөөн хэдхэн хүнийг сонгож хайрлах ёсгүй байх нь ээ. Христиан ёсоор бусдыг хайрлахын тулд зүрхээ «өргөнөөр нээж», хайрлахад хэцүү үед ч хайрлах учиртай (2 Коринт 6:11—13). Тамирчин хүн ур чадвараа сайжруулахын тулд хичээн чармайж, дасгал сургууль хийх ёстойн адилаар бид ч ийм хайрыг хөгжүүлж, илэрхийлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бие биеэ тийм хайраар хайрлах нь амин чухал юм. Яагаад гэдгийг хамгийн энгийн гурван шалтгаанаар тайлбарлая.

Бие биеэ хайрлах ёстойн учир юу вэ?

6 Нэгдүгээрт, «хайр бол Бурхнаас ирдэг» (1 Иохан 4:7). Энэхүү эрхэм чанарын Эх булаг Ехова өөрөө эхэлж биднийг хайрласан. Элч Иохан: «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурхны хайр бидэнд илэрхийлэгдсэн юм» гэж хэлжээ (1 Иохан 4:9). Ехова Бурхны илгээсэн Хүү нь хүн болон төрж, Эцгээсээ авсан даалгавраа гүйцээгээд, шонд хадуулж үхсэн. Энэ бүхнийг хийсний учир нь «биднийг амьд байлгахын тулд юм». Бурхны энэ агуу хайрыг бид хэрхэн хариулах вэ? Иохан: «Хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой» хэмээн бичжээ (1 Иохан 4:11). «Хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол...» гэж бичихдээ зөвхөн таныг гээгүй, биднийг гэсэн байгааг анхаарна уу. Бурхан итгэл нэгтнүүдийг маань хайрладаг юм бол бид ч бас тэднийгээ хайрлах учиртай.

7 Хоёрдугаарт, «бүх юмны төгсгөл ойр ирчихээд байгаа» учир гачигдалтай итгэл нэгтнүүддээ туслан, тэднийгээ хайрлах нь одоо хэзээ хэзээнээс илүү чухал болжээ (1 Петр 4:7). Бид «хэцүү цагт» амьдарч байгаа билээ (2 Тимот 3:1). Дэлхийн нөхцөл байдал, байгалийн гамшиг, эсэргүүцэл хавчлага зэргээс болж бид бэрхшээлтэй тулгардаг. Хүнд бэрх энэ л цагт бие биедээ улам дотно байх хэрэгтэй. «Халуун хайр» биднийг нэгтгэж, «бие биедээ... халамжтай байх» хүсэл төрүүлнэ (1 Коринт 12:25, 26).

8 Гуравдугаарт, бид «диаволд байр өгч», элэг бариулахыг хүсдэггүй (Ефес 4:27). Сатан итгэл нэгтнүүдийн маань төгс бус байдал буюу сул тал, алдаа дутагдлаар далимдуулан, бидэнд саад хийхийг оролддог. Хэн нэгний бодлогогүй үг, болчимгүй явдлаас болоод хурлаасаа хөндийрөх гэж үү? (Сургаалт үгс 12:18). Хэрэв бие биеэ халуунаар хайрладаг бол тэгэх учиргүй! Тийм хайрын ачаар бид өөр зуураа эв эеэ хадгалж, Бурхандаа «мөр зэрэгцэн» үйлчилдэг (Зефаниа 3:9).

Бусдыг хайрладгаа харуулах нь

9 Хайр гэр бүлээс эхэлдэг. Есүс жинхэнэ дагалдагчдыг нь бие биеэ хайрлах хайраар нь таньж болно гэж хэлсэн (Иохан 13:34, 35). Хайр христиан хуралд төдийгүй гэр бүл буюу ханилж суусан хос, эцэг эх үр хүүхдийн хооронд ч илэрхий байх ёстой. Хайрыг зүрхэндээ далд хадгалах биш, ил харуулах хэрэгтэй.

10 Нөхөр эхнэр хоёр бие биеэ хэрхэн хайрлаж болох вэ? Эхнэртээ үнэнхүү хайртай нөхөр түүнийг эрхэмлэн хайрладгаа олны өмнө ч, өөрт нь ч үг яриа, үйл хэргээрээ мэдүүлдэг. Эхнэрээ хүнийх нь хувьд хүндэтгэж, үзэл бодол, санаа сэтгэлийг нь харгалзан үздэг (1 Петр 3:7). Хүсэл сонирхлыг нь өөрийнхөөсөө дээгүүр тавьж, материаллаг, сүнслэг, сэтгэл санааных нь хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийдэг (Ефес 5:25, 28). Нөхөртөө үнэн сэтгэлээсээ хайртай эхнэр бол санасанд нь хүрэхгүй байхад ч нөхрөө «хүндэтгэдэг» (Ефес 5:22, 33, ШГ). Ханиа дэмжиж, захирагдаж, хэрээс нь хэтэрсэн юм нэхэж шаардалгүй, сүнслэг зүйлийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг хамтдаа хичээдэг (Эхлэл 2:18; Матай 6:33).

11 Эцэг эхчүүд ээ, та нар үр хүүхдээ хайрладгаа хэрхэн харуулж болох вэ? Үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөхөд бэлэн байна гэдэг бол таны хайрын баталгаа мөн (1 Тимот 5:8). Гэхдээ хоол хүнс, хувцас хунар, орон байрнаас илүү хэрэгтэй юм бий. Энэ нь үр хүүхдээ жинхэнэ Бурхныг хайрладаг, түүнд үйлчилдэг болгон хүмүүжүүлэх явдал бөгөөд үүний тулд сүнслэг сургалт шаардлагатай (Сургаалт үгс 22:6). Өөрөөр хэлбэл, гэр бүлээрээ Библи судалж, дэлгэрүүлэх ажилд оролцон, цуглаанд явах цаг гаргана гэсэн үг (Дэд хууль 6:4—7). Эдгээрийг тогтмолжуулахын тулд зарим зүйлийг тодорхой хэмжээгээр золиослох шаардлага гардаг. Ялангуяа, өнөөгийн хэцүү цагт ийм шаардлага бүр ч хурцаар тавигдаж байна. Үр хүүхдийнхээ сүнслэг хэрэгцээг хангахын тулд хүчин чармайлт гаргах нь хайрын илрэл мөн. Учир нь та тэднийгээ үүрд сайн сайхан явуулахыг хичээж байгаа хэрэг шүү дээ (Иохан 17:3).

12 Түүнээс гадна, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санааны хэрэгцээг ханган хайраа харуулж байх нь амин чухал. Хүүхэд гэдэг эмзэгхэн амьтан бөгөөд тэдний балчир зүрхэнд эцэг эхийнх нь хайр хэрэгтэй. Тиймээс, тэдэнд хайртай гэдгээ хэлж, үргэлж энхрийлж байгаарай. Учир нь хүүхэд тийм харьцаанаас эцэг эхийнхээ хайрыг мэдэрч, үнэтэй гэдгээ ойлгодог. Чин сэтгэлийн халуун дулаан магтаалын үг хэлж байвал хүүхэд эцэг эх нь өөрийг нь анхаарч, хүчин чармайлтыг нь үнэлдэг болохыг мэдэж авдаг. Сахилга батын арга хэмжээ авахдаа ч хайртай гэдгээ харуулж байгаарай. Хүүхдийг засаж залруулах нь ямар хүн болон төлөвшиж байгаад нь санаа тавьж байгаа хэрэг юм (Ефес 6:4). Хайраа ийн ухаалгаар илэрхийлдэг айл гэр жаргалтай амьдарч, эцэг эх үр хүүхдийн харьцаа дотносож, өнөөгийн эцсийн өдрүүдийн бэрхшээлийг амжилттай давах бэлтгэлээ хангадаг.

13 Хайр бусдаас өө эрдэггүй. Петр захидлыг нь унших хүмүүст: «Бие биеэ халуунаар хайрла» хэмээн аминчлан захиад, захиас нь ямар учраас чухал болохыг бас тайлбарлаж, «Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм» гэж бичсэн (1 Петр 4:8). Нүглийг «далдлах» гэдэг нь ноцтой нүглийг нуун дарагдуулна гэсэн үг биш ээ. Тийм асуудлыг хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүст мэдэгдэх нь зүйтэй (Левит 5:1; Сургаалт үгс 29:24). Гэмших сэтгэлгүй нүгэлтнүүдээс болж гэмгүй хүмүүсийн хохирч, шаналж байхыг хараад зүгээр өнгөрөх нь харгис явдал бөгөөд Библийн зарчимд үл нийцнэ (1 Коринт 5:9—13).

14 Итгэл нэгтнүүдийн маань алдаа дутагдал ихэнхдээ шалихгүй юм байдаг. Бид бүгдээрээ л үг яриа, үйл хэрэг дээрээ «бүдэрч», бие биеэ гонсойлгох, тэр бүү хэл, гомдоох үе байдаг шүү дээ (Иаков 3:2). Бусдын дутагдлыг тэр дор нь нийтэд зарлан мэдэгдээд байх нь зөв үү? Ингэвэл хурал дотор хагарал гарах аюултай (Ефес 4:1—3). Хэрэв бид хайрандаа хөтлөгддөг бол итгэл нэгтнүүдийнхээ алдааг «дахин дахин яриад» байхгүй. Будаг, шохой ханын өөг далдалдаг шиг хайр бусдын өөг далдалдаг (Сургаалт үгс 10:12; 17:9).

15 Бид хайрандаа хөтлөгдөж, гачигдалтай хүмүүст тусалдаг. Эцсийн өдрүүдэд нөхцөл байдал дордохын хэрээр зарим итгэл нэгтэнд маань материаллаг болон бусад тусламж хэрэгтэй болж магадгүй (1 Иохан 3:17, 18). Жишээ нь, хурлын хэн нэг гишүүн санхүүгийн бэрхшээлтэй тулгарах юм уу ажилгүй болсон байж болох юм. Тийм үед нь бид боломжийнхоо хэрээр материаллаг тусламж үзүүлж болно (Сургаалт үгс 3:27, 28; Иаков 2:14—17). Эсвэл нас дээр гарсан, бэлэвсэн эмэгтэйн гэрт засвар хийх хэрэгтэй байна гэж бодъё. Санаачлага гаргаж, засварын ажлын хагас хугаст нь ч болов тусалж болно шүү дээ (Иаков 1:27).

16 Хайрлах гэдэг нь хажуудаа байгаа хүнийг л халамжилна гэсэн үг биш ээ. Заримдаа бусад орны итгэл нэгтнүүд маань хүчтэй салхи, газар хөдлөлт юм уу эмх замбараагүй явдлын золиос болж байгаа нь дуулддаг. Тэд хоол хүнс, хувцас хунар болон бусад шаардлагатай зүйлээр дутаж болох юм. Бид «ахан дүүсийн барилдлагад» байдаг хүн нэг бүрийг арьсны өнгө, угсаа гарлаар нь ялгаварлахгүй хайрладаг (1 Петр 2:17). Тиймээс, І зууны христиануудын жишээгээр тусламж үзүүлэх ажил зохион байгуулж, дуртайяа тусалдаг (Үйлс 11:27—30; Ром 15:26). Ийм хайр өнөөгийн эцсийн өдрүүдэд бидний холбоог улам бэхжүүлдэг (Колоссай 3:14).

17 Бид хайрандаа хөтлөгдөж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүмүүст хүргэдэг. Есүсийн жишээг авч үзье. Есүс ямар учраас сайн мэдээ дэлгэрүүлж, Бурхны тухай заадаг байсан бэ? Тэрбээр хүмүүсийг сүнслэг талаараа ядуу зүдүү байгааг хараад өрөвддөг байсан (Марк 6:34). Шашны удирдагч гэгдэх хүмүүс ард олонд Библийн үнэнийг зааж, найдвар өгөх ёстой атлаа тэднийг төөрөлдүүлж, үл ойшоодог байжээ. Тийм учраас, Есүс олон түмнийг чин сэтгэлээсээ хайрлан өрөвдөж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээгээр тайвшруулж байв (Лук 4:16—21, 43).

18 Өнөөдөр ч гэсэн олон хүн сүнслэгээр төөрөлдөж, дорд үзэгдэн, найдвар тасарч яваа. Хэрэв бид Есүсийн адилаар, жинхэнэ Бурхныг танин мэдэж хараахан амжаагүй хүмүүсийн сүнслэг хэрэгцээний тухай сайтар бодож үзвэл, хайр болон өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн тэдэнд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ хүргэнэ (Матай 6:9, 10; 24:14). Цаг бага үлдсэн өнөө үед авралын энэ сайн мэдээг дэлгэрүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал байна (1 Тимот 4:16).

«Бүх юмны төгсгөл ойр ирчихээд байна»

19 Петр бие биеэ хайрлахыг зөвлөхөөсөө өмнө: «Бүх юмны төгсгөл ойр ирчихээд байна» гэж бичсэнийг санацгаая (1 Петр 4:7). Удахгүй Бурхны зөв шударга шинэ ертөнц энэ ёс бус ертөнцийг хална (2 Петр 3:13). Тэгэхлээр, одоо бол цалгар назгай байх цаг биш ээ. Есүс: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ» хэмээн сэрэмжлүүлсэн (Лук 21:34).

20 Иймээс, ямар цаг үед амьдарч байгаагаа соргог мэдэрч, сонор сэрэмжтэй байхыг хамаг хүчээрээ чармайцгаая (Матай 24:42). Анхаарлыг маань сарниулж болох хорхой хүргэм алив зүйлээс өөрсдийгөө хамгаалцгаая. Бусдыг үргэлж хайрлаж, хүйтэн цэвдэг, харгис ширүүн ертөнцөөс ангид байя. Хамгийн гол нь, Мессиагийн Хаанчлалаар дамжуулан дэлхийн талаарх гайхамшигт санаа зорилгоо удахгүй биелүүлэх жинхэнэ Бурхан Еховадаа улам ойртоцгооё (Илчлэлт 21:4, 5).

[Зүүлт]

^ д/м 4 Библийн зарим орчуулгад 1 Петр 4:8-ыг бие биеэ «үнэн сэтгэлээсээ», «оргилуунаар» хайрлах гэх зэргээр буулгасан байдаг.

АСУУЛТ

• Есүс шавь нартайгаа сүүлчийн удаа хамт байхдаа юу захисан бэ? Петр уг захиасыг ойлгосон нь юунаас харагддаг вэ? (1, 2-р догол мөр).

• «Халуунаар хайрлах» гэж юу гэсэн үг вэ? (3—5-р догол мөр).

• Бие биеэ хайрлах ёстойн учир юу вэ? (6—8-р догол мөр).

• Бусдыг хайрладгаа хэрхэн харуулж болох вэ? (9—18-р догол мөр).

• Одоо ямар учраас цалгар назгай байж болохгүй вэ? Юунд шийдвэр төгс байх ёстой вэ? (19, 20-р догол мөр).

[29-р хуудасны зураг]

Дотно харьцаатай гэр бүл өнөөгийн эцсийн өдрүүдийн бэрхшээлийг амжилттай давах бэлтгэлээ хангадаг

[30-р хуудасны зураг]

Бид хайрандаа хөтлөгдөж, гачигдалтай хүмүүст тусалдаг

[31-р хуудасны зураг]

Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бусдад хүргэх нь хайрын үйлс юм