Skip to content

Удирдах Зөвлөлийн захидал—2017

Удирдах Зөвлөлийн захидал—2017

Эрхэм хүндэт ах дүү нар аа!

МЭӨ VII зуунд зөнч Езекиел, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний жолоодон буй, нүсэр том тэнгэрийн тэргийг гайхамшгаар үзжээ. Тэрхүү тэрэг хэрхэн хөдөлж байгаа нь сэтгэл хөдөлгөм байв. Хурдаа сааруулалгүй зүг чигээ өөрчлөн, ухралгүйгээр асар хурдтай давхих ажээ (Езе. 1:4, 9, 12, 14, 16–27).

Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийн үйл ажиллагаа байнга эрчимтэй явагддаг нь эндээс тодорхой харагдаж байна. Харин дэлхий дэх хэсгийнх нь тухай юу хэлж болох вэ? Өнгөрсөн жил, Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг гайхалтай хурдан өөрчлөгдсөн.

АНУ дахь Бетелийн гэр бүлийнхэн маань Брүүклинээс, Уорвикт шинээр баригдсан байгууллагын төв рүү нүүх гээд завгүй байлаа. Зарим бетелчин өөр газар очиж, зарим нь Бетелээс гарч үйлчлэх болсон. Бас зарим оронд салбарууд барилга барих, шинэчлэн засварлах, нэгтгэх, шинэ газар луу нүүх ажил зохион байгуулсан. Та нарын тухайд юу хэлж болох вэ? Нүүдэл суудал болоогүй ч зүгээр суугаагүй биз ээ.

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхах гээд урьд урьдынхаасаа ч илүүгээр хөдөлмөрлөж байгаа та бүхнийг хараад бид их урамшсан. Итгэл нэгт олон ах дүүс маань хэрэгцээ ихтэй газар очсон. Зарим маань гадаад хэлний хэсэгт үйлчлэхээр болсон. Бас олон хүн дэлгэрүүлэх цоо шинэ аргыг туршсан. Зарим маань өөр аргаар үйлчлэлээ өргөжүүлсэн. Өндөр настай, өвчин хуучтай гэлтгүй, үнэнч бүх ах дүүс маань амийн замаар тууштай гүйсээр байна. Тэд Еховадаа идэвх зүтгэлтэй үйлчилж, Сатаны худалчийг баталж байна (1 Кор. 9:24).

Чин сэтгэлийг тань Ехова үргэлж анзаардагт итгээрэй (Евр. 6:10). Та бүхний илэрхийлдэг сэтгэл бидэнд Абрахам Сара хоёрыг санагдуулж байна. Абрахам 70 гаруй настайдаа гэрийнхнийгээ аваад Халдеин Ур хотоос гарч, алс холын Канаан нутгийг зорьсон. Тэнд үлдсэн он жилүүдээ майханд амьдран өнгөрөөсөн. Абрахам Сара хоёр ямар сайхан жишээ үлдээгээ вэ! (Эх. 11:31; Үйлс 7:2, 3).

Та бүхэн тэднийг дуурайдаг уу? «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ» гэсэн Есүсийн тушаалыг та нар өнөөгийн хэцүү цагт үнэнчээр, тэвчээртэй биелүүлж байгаа билээ (Мат. 28:19).

«Явж» гэж хэлснийг нь бодвол, идэвх зүтгэлтэй байх ёстой гэсэн үг. Христийн дагалдагч та бид өнгөрсөн жил, шаргуу хөдөлмөрлөсөн нь үнэхээр бахдалтай! Бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглах ажлыг маань Ехова ивээсэн нь дамжиггүй (Марк 13:10).

Олон хүн сайн мэдээг хүлээн авчээ. Өнгөрсөн онд дэлгэрүүлэгчдийн нийт тоо 8 340 847-д хүрсэн. Сард дунджаар 10 115 264 хүн Библийн хичээл заалгасан байна. Та бүхэн асар хурдан давхиж буй тэнгэрийн тэргийг дагасан нь харагдаж байна. Авралд хүргэх үүдээ Ехова тун удахгүй хаана. Үлдсэн энэ богинохон хугацаанд сайныг үйлдсээр байцгаая.

«[Еховад] итгэж, сайныг үйлд» гэсэн үгийг 2017 оны уриа болгосон нь үнэхээр цагаа олжээ (Дуу. 37:3)! Энэ үгийг хэрэгжүүлж, Еховад үйлчлэн сайныг үйлдэж байгаа тань, түүнд итгэдгээ харуулж байгаа хэрэг юм. Ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай. Есүс «харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлснээ биелүүлсээр байгаа (Мат. 28:20).

Үйлчлэлийг тань Ехова ивээсээр байна гэдэгт итгэлтэй байгаарай. Еховад зөв хандлагаар, хамгийн сайныгаа зориулан өгсөн хандив тань жижиг ч бай, том ч бай үнэ цэнтэй. Ийм сэтгэлээр өгсөн бүх бэлэг түүний таалалд нийцдэг (2 Кор. 9:6, 7). Тэгэхлээр тогтмол залбирч, Библиэ судалж, цуглаанд сууж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож хайр халамжит тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносоцгооё.

Өөрт нь «богинохон хугацаа» үлдсэн учраас Диавол үнэнч байдлыг тань эвдэн бусниулахын тулд чадах бүхнээ хийнэ (Илч. 12:12). Еховатай дотно байсан цагт Диавол та бүхэнд хор хүргэж чадахгүй (Дуу. 16:8). Бид та бүхэнд маш их хайртайг, эцсийн энэ хэцүү цагт байгууллагад оруулж буй хувь нэмрийг тань өндөр үнэлдгийг санаарай.

Ах дүү нар тань,

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл