БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
«Би нийгмийг өөрчлөх тухай бодохоо больсон»
ТӨРСӨН ОН: 1966
УЛС: ФИНЛАНД
ӨМНӨ НЬ: НИЙГМИЙН ИДЭВХТЭН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би хүүхэд байхын л байгальд дуртай байсан юм. Манайх Төв Финланд мужийн Ювэскүла хотын айл. Бид хэд хотынхоо эргэн тойронд байдаг үзэсгэлэнт ой мод, нуур цөөрөм рүү үргэлж явдаг байв. Би бас амьтанд хайртай. Харсан муур нохой болгоноо тэврэхийг хүсдэг хүүхэд байж билээ! Өсөж томрохын хэрээр, хүмүүсийг амьтантай зүй бус харьцдагт сэтгэл өвддөг болов. Яваандаа амьтны эрхийг хамгаалах байгууллагад элсэж, амьтанд хайртай хүмүүстэй нэгдэв.
Бид амьтны эрхийг хамгаалахын төлөө мөн ч их явсан даа. Үслэг эдлэл зардаг газрууд, амьтан дээр туршилт хийдэг лабораториудыг буруутгасан мэдээлэл тарааж, бослого хөдөлгөөн өрнүүлж, уриа лоозон бариад явдаг байв. Бүр амьтдыг хамгаалах шинэ байгууллага үүсгэн байгуулсан. Тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авснаасаа болоод эрх мэдэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарах болов. Тэгээд би хэд хэдэн удаа баривчлагдаж, шүүхэд дуудагдсан.
Би зөвхөн амьтдын төлөө биш, дэлхий дахины тулгамдсан асуудлуудад бас санаа зовдог болов. Тэгээд олон байгууллагад, түүний дотор Эмнести Интернэшнл, Гринпис зэрэг олон улсын байгууллагад элсэн оров. Тэр байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжихийн төлөө бүх хүчээ дайчилдаг байлаа. Ядуу, өлсгөлөн, эмзэг бүлгийн хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг байв.
Яваандаа би дэлхийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээ ойлгосон юм. Тэр байгууллагууд цөөн хэдэн жижиг асуудлыг шийдэж чадсан ч том асуудлууд улам л газар авч байв. Дэлхий даяараа муу муухай явдалд идэгдэж хэн ч анхаарал хандуулахаа больсон юм шиг санагдаж байлаа. Энэ бүх асуудлын өмнө би хүчин мөхөстсөн юм.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Би яаж ч чадахгүйгээ ойлгоод Бурхны тухай, бас Библийн тухай бодох болсон. Өмнө нь Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байсан юм. Тэд надад санаа тавьж, сайхан сэтгэлээр ханддаг байсан ч тухайн үед би амьдралын хэв маягаа өөрчлөхөд бэлэн биш байв. Харин энэ удаа бол өөр болсон байлаа.
Би Библиэ аваад уншиж эхэллээ. Яг л шархыг минь аниулах тос мэт байсан. Библид амьтдыг хайрлаж байхыг олон удаа бичсэн байдгийг анзаарсан юм. Жишээ нь Сургаалт үгс 12:10-т «Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг» гэж байдаг. Бас хүмүүст тулгардаг зовлон бэрхшээлийг Бурхан учруулдаггүйг мэдэж авсан. Харин ихэнх хүн Бурхны удирдлага зааврыг дагадаггүйгээс болоод нөхцөл байдал улам дордож байгааг ойлгосон юм. Би Еховаг хайрын сэтгэлтэй, тэвчээртэй Бурхан гэдгийг мэдээд сэтгэл их хөдөлж билээ (Дуулал 103:8–14).
Тэр үед би «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номыг захиалах хуудас олоод бөглөөд явуулчихав. Удалгүй Еховагийн Гэрч хос манайд ирж Библи судлах санал тавихад би зөвшөөрсөн юм. Бас Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очиж цуглаанд суудаг болов. Тэгээд Библиэс сурснаа үнэлж эрхэмлэдэг болсон.
Библийн ачаар би их өөрчлөгдсөн. Тамхиа хаяж, хэтрүүлж уухаа больсон. Гадаад байдлаа анхаарч, муухай үг хэлдгээ больсон. Эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх үзэл бодлоо зассан юм (Ром 13:1). Бас дур зоргоороо, ёс журамгүй амьдардгаа ч больсон.
Миний хувьд хүний болон амьтны эрхийг хамгаалдаг байгууллагуудын талаар зөв үзэлтэй болох хамгийн хэцүү байв. Хугацаа хэрэгтэй байсан. Анхандаа, тэр байгууллагуудаас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэнэ гэхээр яг урваж байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ яваандаа Бурхны Хаант төр л дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудыг шийднэ гэдгийг ухаарсан. Тийм учраас энэ Хаант төрийг дэмжихийн тулд, бас хүмүүст мэдүүлэхийн тулд хамаг хүчээ дайчлахаар шийдсэн (Матай 6:33).
ОДОО:
Би нийгмийн идэвхтэн байсныхаа хувьд хүмүүсийг сайн муу гэсэн хоёр бүлэгт ангилчихдаг байв. Муу гэж үзсэн хүмүүстэйгээ яаж л бол яаж харьцахад бэлэн байв. Харин Библи судалсныхаа ачаар бусдыг үзэн ядахаа бүрмөсөн больж, Христийн дагалдагчийн ёсоор бүх хүнийг хайрлахыг хичээдэг болсон (Матай 5:44). Ялангуяа Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг хүмүүст дуулгаж хайраа илэрхийлдэг. Сайн дурын энэ ажлын ачаар хүмүүс амар тайван, аз жаргалтай, ирээдүйдээ итгэх итгэлтэй болж байгааг харах ямар сайхан байдаг гээч!
Би Еховагийн мутарт бүхнээ даатгаад сэтгэл амар болсон. Ехова Бүтээгч учраас хүн, амьтны эрх хөндөгдөж байгааг удаан тэвчихгүй. Бас үзэсгэлэнт дэлхийг маань устгагдаж сүйрэхийг яасан ч зөвшөөрөхгүй гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Бурхан тун удахгүй Хаант төрөөрөө хүн төрөлхтний амсдаг бүх хор хохирлыг арилгана (Исаиа 11:1–9). Би энэ бүхнийг мэдээд бас хүмүүст мэдэхэд нь туслаад асар их баяр баясгалан эдэлдэг. Би нийгмийг өөрчлөх тухай бодохоо больсон.